• Өнөөдөр 2026-10-26

ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР

2026-10-26,   62

АНИР ЧИМЭЭГҮЙН ДУНДААС АНИРДАХУЙ...

     "Анир гүм дундуур" номыг дэлгэхэд чимээгүй дунд чичрэх нэгэн навч уншигч таныг угтана. Түүний энэ номд багтсан шүлгүүд сүүлийн арав гаруй жилийн турш бичигджээ. Цас лавсаж, манан хөшиглөж, бороо шивэрч, салхи сийгэж, сар гийж, навчис хийсэж буй үзэгдлүүдийг яруу найрагчийн зүрхээр мэдэрчээ. Гэвч эдгээр нь зөвхөн байгалийн үзэгдэл бус, харин хүний сэтгэлийн улирлыг зурагласан мэт санагдана.

         Тэр яруу найргийн амин сүнсээ хүлээлт, гуниг, ганцаардал гэсэн үгсээр илэрхийлжээ. Хайртай хүнээ хүлээх, өнгөрсөн цагаа эргэн санах, хэлж чадаагүй үгээ дотроо тээх, дурсамжаа уудлах зэрэг хүн бүрийн туулдаг агшнууд энд бий. Гэвч энэ мэдрэмжийг онож олох, ойлгон тунгаах, анирдаж мэдрэх, өөртөө тогтоон шүлэг болгон бичих нь хэд л бол.

Яруу найрагч, визуал артист Д.Майцэцэгийн “Анир гүм дундуур” түүвэр уншигчдын гарт хүрлээ. Энэ бол 2015 онд хэвлүүлсэн “Навчисын хэлээр шүлэг бичнэ” анхны түүврийнх нь дараах хоёр дахь ном юм. Зохиолч энэ номоо аав, ээждээ зориулжээ.

    Д.Майцэцэг МУИС-ийг сэтгүүлзүйн мэргэжлээр төгссөн. Дараа нь Ирландын TU Dublin-ийн Бүтээлч урлагийн сургуульд дүрслэх урлаг ба шүүмж судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Телевизийн сэтгүүл зүйд арав орчим жил ажилласан бөгөөд олон улсын кино бүтээлд жүжигчнээр тоглосон байна. Тиймээс камерын ард, зотон даавууны өмнө өнгөрүүлсэн тэр жилүүд түүний шүлгээс тод мэдрэгдэнэ. Зохиолчийн визуал артистын мэдрэмжийг номоос харж болно. Зарим шүлгийн мөрийг хуудсан дээр шат шиг байрлуулж, зарим нь гуравхан мөр хайку шүлэг хуудасны голд байрлаж, зарим мөрийг баруун, зүүн тийш нь шахаж байрлуулах нь хүртэл өөрийн гэсэн агуулга илэрхийлжээ. Түүний хувьд хоосон үлдээсэн зай уншигчийн хувьд дүүрэн мэт санагдана.

    Чимээ шуугиантай өдрүүдийн дунд өөрийн дотоод чимээг анирдах боломж энэ номд буй. Мөн гуниглаж суугаад хэн нэгнийг харуулдан хүлээх, хайртай хүнээ санах нь мартах шиг уйтай санагдана. “Анир гүм дундуур” шүлэг нь түүний номын хамгийн сүүлчийн шүлэг. Цаг хугацаа урсах эрэг дээр үсээ самнан суух эмэгтэй, хөөцөлдөн шунганах загаснууд анир гүм дундуур одох шиг...

Ингээд эл номоос онцлох 10 шүлгийг уншигч танд хүргэж байна.

 

Аниргүйн дайдад

Нэгэн навч дэрвэгнэнэ.

Хэзээ, хэний бичсэн шүлэг билээ,

Хэн үүнийг тайлж уншаа билээ.

 

  * * *

 ГЭРЭЛТ ЦАСНЫ ДУУЛЬ

Манан хөшиглөсөн бүүдэгрхэн өглөө

Миний амраг холоо явсан!

“Энхрий нүдэн минь, удахгүй дээ...”

 Эргэн эргэн харсаар

 Хүдэнд шингээд алдарсан...

 Эргээд ирэхэд чинь би

 Энгэрт чинь тэврүүлээд,

 Энд хичнээн цасан ширхэг унасныг

 Эндүүрэлгүй хэлж өгч чадна.

 Энэлэнт исгэрэнт хоолойгоор

 Эвийлж намайг аргадсан

 Эмгэн салхины дуулийг ч

 Эхнээс нь би чамд

 Заавал ярьж өгнө.

 Гялбасан их цасан дундаас

 Намайг чи таниад,

 Гэзгийг минь илбэн

 Нүдэн дээр минь үнсэнэ!

 Манан цаанаас гэвч

 Манан л ургаад байх юм.

 Миний зүүдэн алсад ч...

2016.03

 

 * * *

ГЭРТЭЭ ХАРИХУЙ

Хуучирсан бошинзны

Сэмэрсэн эмжээрт

Зөөлөн дотно.

Хууч саран

Хундагатай дарс шиг,

Шөнө юутай урт.

2017.07

 

* * *

  НУУЦАТ УЧРАЛ

Диваажинд хоносон шөнөөр

Дээврээс гэрэл дусалж,

Дэрсэн хөлтэй

Дүнзэн байшингийн цонхоор

Янагийн гэгээ цацарна.

Дэргэдэх нуур

Долгиогоо хаялан мэлтэлзэж,

Даян хөх огторгуйд

Дээрхийн жим

Зурайна.

Энд зунаараа, модод нь гоёхноороо,

Дэн дун анивалзах

Одот хавцлын гүмд

Дэлхий манасан сар

Анир чагнаархан жингүйднэ.

- Гарцаагүй хэн нэгэн энд иржээ!

Гараа хүргэхүйд салхи нь бүлээн!

2017.07

 

    * * *

        НАВЧ

Алганаасаа чамайг

хайгаад, хайгаад олсонгүй.

            ЦАС

Ертөнцийн өнгө гундаад,

хар турлиах цагаан цаснаас бишид нь

бүдгэрэн арилжээ.

Зүүд минь л бодол гийгүүлнэ.

Туяаран гийх солонгын гоо бие адил

оргүй хоосныг нь мэдрэвч,

шинэхэн цасны сэнгэнэсэн үнэр анхилна.

Гагцхүү мөнөөх турлиах

энгэр цасан дээгүүр бэдэрнэ.

Бас ч гэж хоёул юм даа.

2017

 

 * * *

     ХАВАРТ ШИВНЭХҮЙ

Хаврын сэлүүхэн агаар уу даа чи,

миний мөнөөхөн танил мөн үү?

Автаад ханаагүй

ариун сэтгэлийн минь охь.

Аяа,

яасан их гуниглаа вэ.

Анир гүмд хувилаа вэ.

Алсаас чимээ чагнаархан,

арай чиг илүү жаргалтайгаар

амрагийн дуу аялахсан.

Ахиад

шунан шаналан

дурлахсан.

     

* * *

   ГАНЦААРДАЛ

        Цас,

  манан,

үүл,

бороон дунд,

Цаггүй,

хязгааргүй,

тэнгэр,

газрын савслага дунд,

Чамламаар,

тосмоор,

чиг зүггүй

уй дотор,

Чамгүй,

надгүй,

төөрөг тавилангийн

будан дунд

Бэдэрмүй.

 

         * * *

Дөрвөн өнгөний дуу

Би бодол дундуураа дүүлж яваад

Бяцхан оддын гэгээнд зогтусав.

(Хөөх, ер бишийн ухаа хонгор өнгө!)

Чих дүнгэнэх нь,

Үгсийн амьсгал анирдан

Үзгээ хэмлэх...

Өө, энэ чинь яруу найрагчийн л өнгө бай

Далайн гүн рүү орвол

Давчдах минь арилах болов уу...

(Ер бусын сувдан цагаан өнгө...)

Баруун хөх чинэх нь,

Бядан явж зүдэрч,

Бэтгэрч нэгэнтээ таньсан

Будант гунигийн л өнгө байж шүү дээ!

             

* * *

       ГУНИГАА ИЛБЭХҮЙ

Задгай их усны эрэгт

Хормой дүрэн

Зангуу мэт зогсов.

Халуурч цөхсөн

Ядруухан сар

Өврөөс цойлж,

Хөлөрч цонхийсон огторгуй

Хурын хэвнэгээ тайлав.

Хөхрөнхөн тунгалагшиж

Ертөнц цэлмэн гийв.

Хөрмөг бүрийн дороос

Мөнгөн навч гэрэлтэв.

 

* * *

    УХААРАХУЙ

Одсон цаг хугацааг

Элсний ширхэг имрэх мэт

Эргэн харахуй,

Дуугүйхэн шимшрэл

Бүрэнхийг гийгүүлнэ.

 

    * * *

АНИР ГҮМ ДУНДУУР

Анир гүм дундуур

Гагц цаг хугацаа л урсана.

Эрэг дээр нь би үсээ самнан сууна.

Энгэрийн толионд

Эр эм загас хөөцөлдөнхөн,

Эцэс үгүйн ёроолд шунгана.

Эрэг дээр нь би үсээ самнан сууна.

Гагц цаг хугацаа л урсана.

Анир гүм дундуур

2018


ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188