• Өнөөдөр 2026-10-26

"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ

         Сүхбаатар аймгийн Уулбаян суманд "Монгол морь–2026" яруу найргийн наадам боллоо. Наадмын тэргүүн байрыг Дундговь аймгийн Хулд сумын малчин, яруу найрагч Д.Энхбаяр хүртлээ. Түүний тус наадамд уншиж түрүүлсэн шүлгийг уншигч танд хүргэж байна.
 
БИ УНААТАЙ Л ХҮН ДЭЭ
 
Явуулын буурал дэлхий дээр би хүн болж ирээд
Явган явж үзээгүй унаатай л өссөн хүн дээ
Цурав нялхаасаа өндийж хөлд орохын цагт
Чулуун морьтой чавхдаж унаатай л явсан хүн дээ
Ээжийн хормойноос зүүгдэн мөөм үглэхээ болиод
Эцгийн өвөр дээр эрхэлсэн шаврай балчир насандаа
Хув чихтэй чулуун морио юүлж
Хуйвтай шилбүүр унан хурганы амаар цахилсаан
Би унаатай л хүн дээ
 
Уяа нь шивхэрсэн хүлэг шон дээр хайрцаглан зогсож
Уртын дууны шуранхай дагаж гийнгоон дуунаар эвэлсэн
Цовоохон насныхаа хойморт би хурдан морьтой гүүглэж
Цолмон сартай зээрдээр наадмын дэнж хотолзуулсан
Би унаатай л хүн дээ
 
Идэрхэн залуугийн цог жавхланг эмээл дээр элээж
Исгэрэх дуунаар гөхөл сэвэн ухасхийдэг
Уургач хүрэнгийн дөрөө зуран эргэх чөлөөнд
Унаагаа юүлэхдээ толгой алдаж үзээгүй хийморьтой л явлаа
Салхинаас өөрийг хүргээгүй эмнэг хангалын нуруун дээр туг шиг дэрвэж
Самбай дэлтэй борыг булгихад дуу аялан шавхарч
Шагшсан олны дунд чамайг уулга алдуулсан
Би унаатай л хүн дээ
 
Төрөхөөсөө өдий хүртэл явган яваагүй миний
Төөрөг заяаг ивээж адуунаасаа холдоогүй л явна
Хорж элэгддэг амьдрал дунд хань нөхөр шиг болсон
Хонины хээрээ давирсаар одоо ч морьтойгоо л харьж яваа
Би унаатай л хүн дээ
Би морьтой хүн
 
      Наадмыг Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар, "Орлойн түмэн эх" уяачдын холбоо, сумын Соёлын төв хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтэд сумын Засаг дарга Х.Цогтбаатар, "Ярууслын чуулган"-ы тэргүүн, яруу найрагч Х.Эрдэв, Соёлын төвийн дарга Г.Гүнсэн нар үг хэлэв. Наадмын дэд байрт "Ярууслын чуулган"-ы гишүүн О.Сарангэрэл, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Анхбаатар нар шалгарлаа.

"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188