• Өнөөдөр 2024-07-25

БУЛГИЙН ЭХИЙГ ХАМГААЛЖ, БӨХӨНГИЙН НУТГИЙГ УСТАЙ БОЛГОСОН ДАРВИ СУМЫН СУРАГЧДЫН ГЭГЭЭН ТҮҮХ

2023-06-04,   1371

         ...Хэрэв тэд байгаагүй бол Аръяагийн усны эх малын хөлд үрэгдэж, ширгээд, бөхөнгийн гол нутаг усгүй болох байсан болов уу гэх айдас үе үе төрнө. Гэхдээ ямар азаар тэд байсан юм бол доо гэж эрхгүй баярлана. Тэд гэдэг нь Говь-Алтай аймгийн Дарив сумын эко клубийн сурагчид, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан, Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргааныхан юм л даа.

           Говийн нүдэн булаг шоржигнотол урсаад, ан амьтдыг ундаалж, мал, малчдын зоог тэнийлгэж байгааг сурвалжлахаар бид Говь-Алтай аймгийн Дарив сумын Аръяагийн усны эхэнд ирээд байгаа нь энэ. Тус сумын эко клубийн сурагчид хашсан булгийнхаа ойр орчмыг цэвэрлэж, ундарга нь татарч, ширгэсэн байсан булаг нь хэдий хэр урсаж, хэчнээн ан амьтныг ундаалж байгааг судлахаар иржээ. Аръяагийн усны эхийг зургаан жилийн өмнө хашиж, хамгаалжээ. Дарив сумын эко клубийн сурагчид булгийн эхийг хаших санаачилгыг гаргаж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дэмжин хашиж өгсөн байна. Хашсан булаг өдгөө километр орчим урсаж, эхээс нь Хужирт багийн малчид, гол хэсгээс нь мал, амьтад, адгаас нь нэн ховор бөхөн ундаалдаг болжээ.

           Биднийг очихоос ердөө хэдхэн цагийн өмнө Аръяагийн усны адгаас бөхөнгийн сүрэг ус уугаад гарчээ. Хүний бараа, машины чимээгээр хэнхдэг цээжээ савчуулаад, толгойгоо бөхийлгөөд мэнэрсэн их талын зэрэглээ рүү бараа сураггүй нисэлдчихсэн гэнэ. Мялзан өвчний хар шуурганд өртөж, хэдэн мянгаараа устаж, мөхлийн ирмэгт тулсан Монгол бөхөнгийн тоо толгой нэмэгдсэн гэдгийг Говь-Алтай аймгийн БОАЖ-ын газрын хэлтсийн дарга Д.Батмагнай дуулгасаар бид Аръяагийн усны эхэнд хүрлээ. Хужирт багийн малчин Н.Түмэндэлгэр гуай ундны усаа авахаар Аръяагийн булгийн эх рүү шогшуулж байна. Дарив сумын эко клубийн сурагчид Аръяагийн усны эхийн ойр орчмын хогийг цэвэрлэж, 10 гаруй шуудайтай хогоо машиныхаа ард аччихсан байлаа. Булгийн өдрийг тохиолдуулж хашсан булгаа урсаж байгааг харах, судалгаа хийх тэдний хувьд хаврын хамгийн гоё зугаалга нь. Хавар, намартаа булгийн өдрөөр агаарт гарч, хашсан булгийнхаа эхийг эргэж, судалгаа хийх нь хүүхдүүдийн хувьд хүсэн хүлээдэг өдөр нь гэнэ.

           Хэдхэн жилийн өмнө Аръяагийн ус малын хөлд дарагдаж, усны ундарга нь татарч, хогонд дарагдсан байжээ. Уух усгүй болж зэрлэг амьтад дайжин, мал цуцаж эхэлсэн учир эко клубийн сурагчид булгийн эхийг хаших ажлыг санаачилсан байна. Тэдний санаачилсан ажил үр дүнд хүрч, хүүхдүүд урам дүүрэн байна.

            Булаг шандын эхийг хашиж хамгаалах ажилд хамгийн идэвхтэй ажиллаж байгаа байгууллага бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Булгийн эхийг хашиж хамгаалснаар ундарга нэмэгдэх, урсац задгайрч урсах тусам мал, зэрлэг амьтдын усан хангамж сайжрах нөхцөл бүрдэж байгаа ажээ. Тэдний санаачилгыг Говь-Алтай аймгийн удирдлага, иргэд дэмжин хамтран ажиллаж байна. Дэмжин ажиллаж байгаа хүмүүсийн төлөөлөл нь Дарив сумын эко клубийн сурагчид юм.  

ЭКО КЛУБИЙН БАГШ Н.ХИШИГДАЛАЙ: ШИРГЭЖ БАЙСАН ГОВИЙН НҮДЭН БУЛАГ ГОЛ БОЛОН УРСАЖ БАЙГААГ ХАРАХ САЙХАН

         Дарив сумын гадаад хэл, эко клубийн удирдагч багш Н.Хишигдалай хүүхдүүдийнхээ ээж нь. “Тэр хогоо түүгээрэй, булгийнхаа усыг хэмжээрэй, дүүдээ тайлбарлаж өгөөрэй, хоолоо идээрэй, булгийн эхний хашааны хаалгаа хаагаарай, урсцаа үзээрэй” гээд л хүүхдүүддээ чиглэл өгч байгаа харагдана. Тэгээд ухасхийгээд хүүхдүүдийнхээ хоол, цайг бэлтгэж гардаг юм байна. Ер нь л түүнд чөлөө зөв гэж байхгүй бололтой.

             Тэрбээр “Манай эко клубийн хүүхдүүд байгаль хамгаалах ажил үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ нэгтгэж, оролцдог. Анх 2016 онд Аръяагийн усыг ширгээд дуусаж байгаа гэдэг яриаг сонссон. Тухайн үедээ нүдээрээ хараагүй учраас итгээгүй ч сэтгэл эмзэглэж байлаа. Говийн бидэнд ус ямар чухал билээ дээ. Говь ч гэлтгүй хүн төрөлхтөн, мал, амьтан, ургамал, өвс усгүй бол амьдрахгүй шүү дээ. Тэгээд 2016 онд хүүхдүүдтэйгээ хамтраад судалгаа хийсэн. Биднийг судалгаа хийхэд урсац гэж байхгүй. Зөвхөн шавартай жаахан ус л үлдсэн байсан. Тухайн үедээ Аръяагийн уснаас мал гэлтгүй зэрлэг ан амьтад ундаалдаг гэдгийг мэдсэн. Тийм учраас бид энэ усны эхийг хамгаалах ёстой гэж ойлгож холбогдох хүмүүст хандсан. Тэгээд ан амьтан хамгаалдаг, тэр дундаа монгол бөхөнгийн төлөө байгаа бүхнээ зориулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газарт итгэл тээж, хандсан. Булгийг эхийг хашиж, хамгаалах шаардлагатай байгаагаа уламжлахад саналыг минь уриалгахан хүлээж авсан. Тэгээд 2017 онд булгийн эхийг хашиж, өнөөдрийн үр дүнд хүрсэн. Одоогийн байдлаар нэг км орчим урсаж, малчид уух устай болсон. хүүхдүүдтэйгээ хамтарч байгаль эх дэлхий, ан амьтдын төлөө хийсэн ажил минь бодит үр дүнд хүрсэнд бид туйлын баяртай байдаг. Биднийг үргэлж дэмжиж ажилладаг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ынхан, Дарив сумын удирдлагууд, малчид, иргэдэд талархаж байна. Бидний ажил илүүр дүнд хүрч, хашаалсан булаг минь баянбүрд болгох болтугай. Бид үүний төлөө хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Хүүхдүүд маань үр дүн гарсан Аръяагийн усандаа ирэх их дуртай. Эндээс урам аваад, эх дэлхийгээ хайрлаж сурч байгаа. Ширгэж байсан говийн нүдэн булгийг гол болон урсаж байгааг л харах хамгийн сайхан. Энэнээс илүү үр дүн, сайхан зүйл гэж байхгүй байх” гэлээ.

         Хүүхдүүд булаг орчмын ургамлын төрөл зүйлийг бүртгэж, усны чанарт шинжилгээ хийдэг гэнэ. Мөн ургамлын ургалтыг хэмжин тэмдэглэж, бие биедээ тайлагнадаг байна. Энэ нь ус дагаж байгаль орчин хэрхэн сэргэх боломжтой болоод бөхөнгийн идэш тэжээлийн төрөл зүйлийг тодорхойлох нэгэн төрлийн судалгаа болдог байх нь. Хүүхдүүдийн тэмдэглэлээс харахад Аръяагийн ус булгийн урсгал, эхийг хашиж хамгаалахаас өмнө 2017 онд урсацгүй байсан бол 2023 онд ундарга нь нэмэгдэн урсгал нь задгайрснаар 950 метр урт урсах болжээ. Мөн нэг минутад гарах усны хэмжээг судлахад секундэд 1.7 литр ус болж нэмэгдсэн байна.

ДАРИВ СУМЫН ЭКО КЛУБИЙН СУРАГЧ Н.АНХЗАЯА: АРЪЯАГИЙН УСАА ОЙН ШУГУЙ БОЛГОХЫГ МӨРӨӨДДӨГ

             Дарив сумын эко клубийн удирдлага дор 90 гаруй хүүхэд байдаг гэнэ. Тэд зургадугаар ангиас эко клубт элсэж, байгаль орчныг хайрлан хамгаалахад суралдаг ажээ.

             Дарив сумын эко клубийн сурагч Н.Анхзаяа “Хужирт багийн малчид Аръяагийн усаа хамгаалж, хайрлаж байгаа нь бидэнд таалагддаг. Булгийн эхийг хашсан хашаа нурчихвал, шон унавал гагнуур хийгээд янзлаад тавьчихдаг. Бидэнтэй хамтарч ажиллах харилцаа холбоо нь сайжирч, байгаль дэлхийдээ хайртай болж байгаа нь мэдрэгддэг. Бид ирэх болгондоо Аръяагийн усныхаа ойр орчмын хог, шавар шавхайг нь цэвэрлэж өгдөг. Аръяагийн усыг анх хашиж байхад амны ус хийж болдоггүй байлаа. Жил ирэх тусам урсац нь сайжраад, эх цэвэршиж байгаа. Ийм учраас малчдын гол амны ус нь болсон. Манай эко клубийн хүүхдүүд хавар болгон Аръяагийн ус руугаа яарч ирдэг. Заримдаа сумын төвд байхдаа “Булаг маань яаж байгаа бол. Хашаа нь эвдэрчхээгүй байгаа даа. Бөхөн ус ууж байгаа болов уу” гээд боддог. Ирэх болгонд урсац нь сайжраад, өнгө орж байгаа нь сайхан байна. Нэн ховор эмийн ургамлууд ургадаг болсон шүү дээ. Тун удахгүй хашсан булгийнхаа эхэнд мод тарих юм шиг байна лээ. Хэрэв мод таривал ойн шугуй болох байх аа. Ойн шугуй болгохыг мөрөөдөж байна” гэлээ. 

        Булаг хаших ажлыг үр дүнд хүргэхийн тулд Говь-Алтай аймаг нэгдсэн журам боловсруулжээ. Учир нь, санхүүжилт гаргаж байгаа байгууллагууд өөрсдийн арга барил, мөнгө санхүүгийн байдалд тохируулан янз бүрийн материал, хэлбэр хийц ашиглаж байгаа нь сайн муу янз бүр, мөн булгийн нэвчих талбайгаас гадуур дотуур хамгаалах нь цаашлаад илүү олон жил ашиглагдахгүй болох зэргээр асуудал дагуулдаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор говь хээрийн бүс нутагт булаг шандын эхийг хашиж хамгаалах аргачлал, заавар, жишиг зураг, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторингийн дэвтрийн загварыг нэгдсэн журмаар боловсруулан аймгийн Засаг даргын 2023 оны А/72 дугаар захирамжаар батлуулан мөрдөн ажиллаж байгаад нутгийн иргэд баярлаж байна.


 


БУЛГИЙН ЭХИЙГ ХАМГААЛЖ, БӨХӨНГИЙН НУТГИЙГ УСТАЙ БОЛГОСОН ДАРВИ СУМЫН СУРАГЧДЫН ГЭГЭЭН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-05 17:32:35
    Жаамаа : Их буянтай үйлс бүтээсэн байна бүгдэд нь талархлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-04 19:41:50
    Зочин: Маш сайн байна, гайхалтай сайн үйлс санаачилж хэрэгжүүлсэн хүүхдүүд, аймаг орон нутгийнханд талархал дэвшүүлэе, амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188