• Өнөөдөр 2026-11-10

“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ

       Дөрвөн настай хүүдээ аав нь ер бусын сайхан дуутай эгшигт хайрцаг бэлэглэжээ. Дуу хөгжим гэгч чухам юу болохыг мэдэхгүй ч хачин сонин энэ зүйлийн анхны мэдэгдэхүүнийг аав нь түүнд олгож, харин хэдхэн хормын өмнөөс өөрт нь дотно санагдаад буй мөнөөх хөгжим болох аккордион түүнийг урлаг хэмээх далайд насан туршид нь хөтөлсөн түүхтэй.

        Аккордион тэдний анхны уулзалтаас хойш хэдийнэ хэдэн он улирч, хөгжмийн эзэн Г.Пүрэвдорж Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид элслээ. Төгөлдөр хуурыг тавдугаар анги хүртлээ сураад, дунд анги руу шилжихдээ хөгжмийн зохиолчийн ангид орж, Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа гуайн шавь боллоо. “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны дуу” тэргүүтэй ард түмний хайртай дуунуудаас гадна хөгжмийн олон төрлөөр гарамгай бүтээл туурвилтай суут хөгжмийн зохиолчтой тэр нэгэн насанд багш шавь болсон он цаг эндээс эхлэлтэй байна. Багшийнхаа тухай ч их ярьна. Дурсан хайрлах, бахдан баярлах Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж гуайн ярих дуртай юмсын нэгт гарцаагүй тэр агуу хөгжмийн хүмүүн ямагт багтдаг.

     Тэдгээрээс  “Ноотноос өөр юугаа ч мэдэхгүй мангар бацааныг С.Гончигсумлаа багш маань аялгуу эгшиг зохиодог хөгжмийн зохиолч болоход гол чиглүүлэгч болсонд хүн болсон заяаныхаа хамгийн дээд баярт үйл явдал гэж хэлнэ дээ” хэмээснийг нь онцлоход л тэрхүү уран бүтээлчийн амьдралд ямар нөлөө тусгалтай, орон зайтай нэгэн болох нь илэрхий.

      1975 он. Түүний хүмүүний насанд тохиох баяр хөөр, боломжийн дотроос онцгой нь багш нь байсныг дээрх хэсэгт өгүүлсэн бол одоо хоёр дахь содон нэгэн үйл явдлынх нь талаар энд өгүүлэх юм. Тэр бол ЗХУ-ын Уралын Хөгжмийн дээд сургуулийн оюутан Г.Пүрэвдоржийн тухай. Үргэлж сонирхлыг нь татах, дуу аялгуугаараа уяраан хөглөх хөгжим хэмээх эд зүйлийн гүнд нь шумбаж, утга начирыг нь олж, эзэмших, хөгжим бүтээж, өөрийн мэдрэмж, авьяасаас төрөх тэр л аялгууг олохын тулд, бусдад сонсгохын их хүслэнг өрдөж, өдөөж, бүр эргэлт буцалтгүйгээр энэ замд алхуулсан таван он бол яах аргагүй Орост сурсан үе нь.

Эндээс тэр эрч хүч, урам зориг, дүүрэн их хүсэл тэмүүлэл, хязгааргүй их мөрөөдөл өвөртөлж, түүнээс хойших он цагт бүтээлүүдээ төрүүлж эхэлсэн.

“УЛААНБААТАРЫН ҮДЭШ”-ЭЭР БҮТЭЭЛЭЭ ЭХЛЭВ

       1980 онд харин эх орондоо ирээд өөрийн суралцаж байсан Хөгжим бүжгийн коллеждоо багшаар очлоо. Багшлахын зэрэгцээ дуунуудынхаа аялгууг ч хийсэн, завгүй гэхдээ жаргалтай, эрэл хайгуул дүүрэн цаг хугацаа үргэлжилнэ. Уран бүтээлийн уйгагүй хөдөлмөрийн энэхүү урт он цагийн эхлэлд буюу 1985 онд тэр алдарт “Улаанбаатарын үдэш”-ийнхээ аялгууг зохиож, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав гэж хүний шүлэгт амилуулсныг Б.Бадрууган агсан дуулж сонсгосноор монголчууд өнөөдрийг дуулсаар байна. Аялах бүрд сэтгэлд цаанаа нэг дулаан авчрах тэрхүү бүтээл хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж гуайн гол нэрийн хуудас. Мэдээж өөр бидний мэдэх олон сайхан дууны хөгжмийг зохиосон л доо. Гэхдээ тэдгээрийн эхэнд гарцаагүй “Улаанбаатарын үдэш”-ийг нэрлэдэг. Аядуу, намуухан тэрхүү дууны аялгуу яг тийм намуухан хүнээс л төрдөг гэмээр. Тэрбээр энэхүү дууныхаа тухай “Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм.

Миний зохиосон аялгуу соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулж байна” гэсэн байдаг. Монголчуудын зүрхэнд ойрхон эгшиглэдэг энэ л бүтээл өнөд ч эгшиглэж, эгшиглэх бүрдээ биднийг аргадан тайвшруулж, намуун зөөлөнд урин дуудсаар байх биз ээ.

“ИНЭЭМСЭГЛЭЛ”, “ХӨХ ТЭНГЭР”  ХАМТЛАГИЙН ГИШҮҮН

       “Инээмсэглэл” хамтлагийн дуу, бүтээлийг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржоос салгаж ойлгох аргагүй. Аяс намуун, аргадангуй зөөлөн, хайр, уярал дүүрэн тэдний халуун зүрхний дуунууд бидний он цаг, дурсамжийг мөнхлөн эгшиглэж, санах, бодох, хайрлах мэдрэмжийн алинд ч хамт байдаг. Хитүүдээ зохиочихоод “Инээмсэглэл” хамтлаг завсарласан. Уран бүтээлчид ч зав чөлөөгүй бүтээлээ хийдгээрээ л хийж, “Хөх тэнгэр” хамтлагтай Г.Пүрэвдорж гуай бүтээлээ үргэлжлүүлсэн байдаг. Багаасаа рок попын хөгжим сонсдог байсан тэр мөн рок попын анхны цомог болох Б.Сарантуяа, Н.Ганхуяг хоёрын “Зүүдний говь” хоёрыг хамтран гаргасан нь “Хөх тэнгэр” хамтлагт байх үеийнх нь онцгой бүтээлүүд юм билээ. Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Сэрчмаа гээд Монголын рок попын эмэгтэй дуучид болон киноны хит дуунуудын жагсаалтад гарцаагүй түүний аялгууг нь бичсэн бүтээл багтсан байх бөгөөд цөм хит, сонсогчдын сэтгэл зүрхэнд байнгын эгшиглэгч бүтээлүүд.

Сонсох бүрд эрх хонгор сэтгэлээс зөвхөн хайрандаа үлдэж, бүгдийг нь эцэст нь мартаж, эгшин тасрахгүй амьдралд нандин бүхнийг ухааруулж, мөнхүү уяраан хөглөх нь хэзээд ч дотно.

“ТАВТАЙ НОЙРСООРОЙ”, “ШИНЭ ӨГЛӨӨ” ТЭРГҮҮТЭЙ ХҮҮХДИЙН ДУУНД АЯЛГУУ ХИЙСЭН

      Бидний сайн мэдэх, хүүхэд бүрийн хайртай дуу болох “Тавтай нойрсоорой”, “Шинэ өглөө” тэргүүтэй хүүхдийн дууны аялгууг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж гуай бичсэнийг хүмүүс андахгүй байх. Тэр бидний сэтгэлд, амьдрал оршихуйд ойрхон дуунуудын аялгууг зохиохоос гадна хамгийн гэгээн хүүхэд насны он цагийг хөглөсөн хүүхдийн дууны аялгууг ч зохиосноороо хүүхэд багачуудын сайн “найз”. Хэн бүхэн л “Шинэ өглөө”-гөөр сэрж, “Тавтай нойрсоорой”-гоор унтаж, “Түүдэг гал”-ыг дуулдаг. Харин түүний хүүхдийн бүтээлүүд дотор жин дарах нэгэн бүтээл нь Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог гуайн зохиолоор бүтсэн “Дэлхий ээжийн төрсөн өдөр”  хүүхдийн дуурь байгааг ч энд дурдах нь зүйтэй.

      Гэсэржав гэж тэр энгийн атлаа ховорхон хүмүүн дуу хуур, хөгжимд дуртай байснаар хүүдээ нөлөөлж, мөнхүү дөрвөн настайд нь аккордион хөгжимтэй нөхөрлүүлж, дараа нь мөн л хөгжмийн сургуульд замыг нь чиглүүлснээр Монголын урлагт нэгэн сайхан авьяас билэгтэй хүмүүн өөрийн бүтээлүүдийг төрүүлж, тэдгээр нь хэн бүхний сэтгэлийн орон зайг дүүргэн дулаацуулсаар байна.


“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188