-Сайн байна уу. Цас бударч, жавар тажигнасан энэ өдөр тантай дахин хөөрөлдөх гэж буй даа баяртай байна. Холын цэнхэр ховд нутгаар сонин сайхан юу байна?
-Манай нутгаар тайван сайхан байна. Их Алтай нутаг маань тэнүүн сайхан, өвс ургамал элбэгтэй өвлөө угтан авч байна даа. Ер нь хүн малын зоо тэнгэр, сэтгэл сайн өөдрөг л байна.
-Та энэ жилийн улсын баяр наадмаа хот орж үзэв үү, нутагтаа зурагтаар үзэв үү?
-Ах нь жил улсын баяр наадмаар хот орж амжаагүй ээ. Тиймээс ханьтайгаа цэнхэр дэлгэцээр үзсэн. Бөхийн барилдааныг нэгийн даваанаас авахуулаад нүд салгахгүй үзэж суулаа. Манай гэр бүлийн хувьд энэ жилийн баяр наадам сайхан болж хүү минь цолоо ахиулж, зүлэг ногоон дэвжээндээ урамтай сайхан барилдаж түмэн олныхоо хүлээлтэд хүрлээ. Хүүгээрээ бахархаж, омогшсон сайхан мөч байлаа.
-Нутгийн зон олон нь хэрхэн баярласан бэ?
-Манай сумынхан энэ жилийн баяр наадмыг Соёлын төвдөө цуглараад том дэлгэцээр үзсэн юм билээ. Хүүг маань найм давсны дараа бүгд манайд ороод ирсэн. Хань бид хоёрт баяр хүргээд сайхан байсан даа. Ер нь манай нутгийнхан гэлтгүй монгол даяараа хүүг минь арслан цол хүртсэнд баяртай байна шүү дээ. Энэ бол хүүгийн минь олон жилийн хөдөлмөр, тууштай зангийн үр дүн. Мөн монгол бөхөө чин үнэнчээр хүндэтгэн хайрласны шагнал байх.
-Хүү нь даван ес даван төрийн есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж байхад танд мэдрэмж төрж байсан бэ?
-Үгээр хэлэмгүй торгон мөч байлаа. Хань минь баярласан даа уйлж, уул хангайдаа залбирч, сааль сүүнийхээ дээжийг өргөж байсан. Гэрт байсан хүмүүс хүүгээр минь бахархаж, хань бид хоёрт баяр хүргээд л ай мөн ч сайхан байсан шүү.
Монголын дархан аварга Н.Батсуурь есийн даваанд элэг бүсээ хүүд нь тайлж өгөхийг цэнхэр дэлгэцээр хараад танд юу бодогдож байв?
-Дархан аварга хүүд минь элэг бүсээ тайлж өгсөн нь хүндэтгэл гэж ойлгож байна. Аваргын энэхүү нүнжигтэй үйлдэлд манай гэр бүлийнхэн төдийгүй монгол ард түмэн баярлаж, омогшиж чадлаа. Энэ бол аварга хүний бөхөө гэсэн зүрх, сэтгэл байх. Дархан аварга Н.Батсуурьт маш их баярлаж бас хүндэтгэж байна. Үүнээс гадна, Бат-Өлзийг маань арслан цолонд хүрнэ гэсэн ард түмний хүлээлт үнэхээр агуу юм байна гэдгийг ойлгосон. Найм, есийн даваанд цэнгэлдэх даяараа уухайлж хүүг минь дэмжиж байсан. Ард түмний уухайн дунд миний хүү сайхан барилдсан даа. Дархан аварга хүүд минь элэг бүсээ тайлж өгөхөд өөрийн эрхгүй уйлсан. Аав хүний хувьд жил болгон л хүүгээ харж суудаг. Өнгөрсөн жил хүүгээ сайн барилдан гэж харж байсан. Яах аргүй түрүү бөхөд өвдөг шороодсон. Түрүүлэх хүн гэдэг өөр байдаг юм билээ.
-Хүү нь ойрын жилүүдэд дархан аварга А.Сүхбатад шавь орж, бэлтгэлээ хийж байна. Та энэ талаар яриа дэлгээч?
-Тиймээ, хүү маань Дархан аварга А.Сүхбаттай хамт бэлтгэлээ хийж байгаа. Дархан аварга бол үнэндээ л хүнийг өөрчилж, ур чадварыг нь сайжруулж чаддаг юм билээ. Монгол бөхийн дархан аварга гэдэг хүн цаанаа л өөр юм байна. Саяхан хүүгийн маань цолны найр Улаанбаатар хотод сайхан болж өндөрлөлөө. Би эхнэртэйгээ хамт очсон. Олон зочидтой өргөн, дэлгэр сайхан ёслол боллоо. Энэ үеэр хүүгийн маань багш дархан аварга А.Сүхбат “Би Ховд нутгийн зон олон та бүхний Бат-Өлзийг аварга цолтой бөх болгоно гэдгээ амлаж байна” гэж хэлсэн. Багш шавь хоёр удахгүй зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Багш шавь хоёр удахгүй зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Зарим тохиолдолд муу хүүгээ уурганы хувиар ороолгодог байсан. Үүнээс гадна хүү минь жавар тажигнасан өвлийн хүйтэнд өндөр уулын оройд хонь хариулаад таваргаж явдаг байлаа
-Ханьтайгаа 1991 онд танилцаж, нэг гэрт ороод 33 жил болжээ. Хамтдаа мал маллаж, амьдралынхаа жаргал, зовлонгоо хуваалцаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоо ч хань бид хоёр нэг хүн шиг болсон гэхэд хол зөрөхгүй болов уу. Хоёр сайхан хүү, хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн хань минь миний тулга, түшгүүр шүү дээ.
-Хүү нь багасаа л барилддаг байв уу?
-Хүү минь хүүхэд байхын л хүнд ястай байлаа. Дөрвөн настай хонины морь унаж сураад, таван настайгаасаа хурдан морь унасан. Гэтэл ердөө л хоёр жил хурдан морь унаад л хүнддээд хасагдаж байв. Үүнээс гадна Бат-Өлзий хүүхэд байхдаа барилдах тун дуртай байсан. Тухайн үед ямар ч шинэ жинсэн өмд байсан өмсөөд л явна. Орой гэртээ ирэхдээ урчихаад л ирнэ. “Яагаад өмдөө урчихав” гэхээр “Барилдаад урчихлаа” гэнэ. Сүүлдээ ээжээсээ эмээгээд айлд очиж, өмднийхөө уранхайг оёж байсан тохиолдол цөөнгүй бий.
-Хүү нь багадаа сум орон нутагтаа барилдаж, олон түрүүлж байсан байх?
-Манай Зэрэг суманд “Уурхайн ойн” барилдаан болсон. Тухайн барилдаанд явахад нь Ээж нь хүүгээ зодоод явуулж байв. Хүү маань түрүүлж ирээд “Ээжээ та хүүгээ дахиад нэг сайн зодоод өгөөч хүү нь танд зодуулаад түрүүлчихлээ. Танд зодуулбал дараагийн наадамд түрүүлэх байх” гэж байсан шүү. Бараг л ээжээсээ зодоод өг гуйж байсан даа.
Бат-Өлзий хүүхэд байхдаа барилдах тун дуртай байсан
-Хүүгийнхээ анх сумын заан цол хүртэй байсан түүхийг манай уншигчид хуваалцаж болох уу?
-Манай сумын барилддаг залуучууд хүүг маань аваад барилдаанд явсан. Тухайн үед хүү минь 16 настай л байсан болов уу. Хань бид хоёр ч хүүгээ барилдах дуртай болохоор ах нарыг нь дагуулаад явуулсан. Гэтэл нэг их удалгүй ээжийнх нь утас дуугарсан. Аваад ярьтал “Хүү чинь сумын заан цол хүртлээ” гэдэг баярт мэдээ дуулдсан даа. Барилдаанд дуусаж хүү маань гэртээ ирлээ. Гэтэл хөөрхий минь дүүрэн шохой ачсан пругон машин дотроос буугаад ирсэн. Ээж нь хүүгээ ойр ойрхон татаж, үнсээд мөн ч их баярласан даа. Тухайн үед шохой ачсан замын пругон автомашинд дайгдаад ирж байгаа сумын заан хүүгээ улсын заан цолонд хүрнэ чинээ төсөөлж байгаагүй дээ.
-Таны хүү АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын заан цол хүртсэн тор агшинг хараад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Ёстой сайхан мэдрэмж байдаг юм билээ. Хамаг биеийн шар үс босоод, өмссөн хувцас биеэс хөндийрөх шиг л болсон. Хүү маань улсын харцага цол хүртэхэд би дэргэдээс нь үзээд сууж байв. Хүүгээ давахад нь уухайлаад боссон. Тухайн үед нутгийн ах намайг хүмүүст “Бат-Өлзийгийн аав” гэж танилцуулсан. Гэтэл хүмүүс надад баяр хүргээд сайхан байсан шүү.
-Монгол Улсын хүчит арслан хэмээн нэр алдраа цуурайтуулсан Бат-Өлзий таны том хүү. Ир бяр нь жигдэрч, урамтай сайхан барилдаан үзүүлж байгаа хүүгийнхээ барилдааныг харахад танд юу бодогддог вэ?
-Би хүүгийнхээ барилдааныг алгасахгүй үзээд суучихдаг хүн дээ. Харин миний хань хүүгийнхээ барилдааныг огт үзэж чаддаггүй. Яагаад юм бүү мэд. Тиймээс би хүүгийнхээ барилдааныг эхнэртээ дамжуулж өгдөг. Хань минь зуны дулаан цагт гэрийнхээ гадаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, өвөл нөгөө өрөөндөө ороод суучихна. Би хүү минь давлаа гээд бараг л хашхирах шахам л дамжуулна. Хань миний хэлэхийг сонсоод баярын нулимс дусаан уул хангайдаа залбирдаг.
Би өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Зэрэг сумандаа амьдран суугаа хүн. Тиймээс хүүгийнхээ барилдааныг бөхийн өргөөнд суугаад үзэх боломж тэр бүр тохиохгүй. Ихэнхдээ л зурагтаар үзэж, давахад нь баярлаж, унахад хамт унан суудаг даа. Хүү минь нутаг усаа дуудуулан дэвэн дэвсээр зүлэг ногоон дэвжээн гарахыг харах юутай ч зүйрлэмгүй сайхан мөч. Давахаар нь баярлана гэж жигтэйхэн, үгээр хэлэхийн аргагүй байсан мэдрэмж байдаг даа.
| БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |