Буурал талын гуниг шаргалтсан намраар буцах шувуудын ганганаанд ижийнхээ зүг оджээ. “Эх орныгоо би ижийгээ гэж боддог” хэмээн хэлсэн хүү эх дэлхийн хөрсөнд шингэлээ. Нэгэн зуун жил эх орноо ижий шигээ хайрлаж, ач тусыг нь санаж явсан Монголын сүүлчийн хурандаа генерал байлаа, тэр. Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хүү Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа генерал Сономын Лувсангомбо 2026 оны арваннэгдүгээр сарын 6-нд, 102 насандаа таалал төгсөв.
Түүний намтарт орчин цагийн Монголын бүтээн байгуулалтын бүтэн зууны түүх багтжээ. Дөрвөн жилийн өмнө бид түүнийг Монголын бүтээн байгуулалтын "эцэг" хэмээн уншигч тантай уулзуулж байлаа. Төрөх эмнэлэгээс эхлээд гэрлэх ёслолын ордон их хотын амин судас болсон Төв цэвэрлэх байгууламжийн шугамын хоолойнууд, 40 мянгат буюу Их дэлгүүрийн орчмын хороолол, Дархан хот, Монгол цементийн үйлдвэр бол түүний он жилүүдийн бүтээл юм. Өнөөдөр тэр барилгуудад хүмүүс нялхсаа угтаж, ханилж, өтгөсөө үдэж, амьдрал үргэлжилсээр байна. Гэвч тэр хэзээ ч "би барьсан" гэж хэлээгүй. "Оролцсон" гэвэл үнэн болно гэж даруухан ярьдаг нэгэн байлаа.
Түүний амьдрал 1924 оны өвөл одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Улаантолгой гэдэг газраас эхэлжээ. Гурван зуун жилийн тэртээ Хатны булаг орчмоор нутаглаж асан Соном тайжийн угсааны найм дахь үе нь тэр байв. Ээж Цэрмаа нь өртөөч эмэгтэй байлаа. Хүү нь ээжийгээ дагаж өртөө хийж, жин тээж, ингэний сүүгээр угжуулж өссөн. Задгайтын хийдэд шавилагдаж, лам багшаасаа оргож байсан тэр хүү дайны жилүүдэд ноосыг тэмээн хөсгөөр долоон зуун километр алс хүргэж байжээ. Тэр насан туршдаа "Эх орон гэдэг бол ээж" гэж хэлдэг байлаа.
1941 онд арван долоон настай хүү Сулинхээрийн заставт ажлын гараагаа эхэлжээ. 1944 онд Ардын цэрэгт мордож, хуягт бригадад алба хааж, мөн оны өвөл дайны түгшүүрт автсан Тамбов хотод их бууны сургуульд суралцахаар явсан. Ялалтын өглөөг тэр тэнд угтаж, дайнд нуран сүйдсэн хотуудыг нүдээрээ үзсэн юм. Москвагийн Артиллерийн инженерийн академийг төгсөж ирээд Цэргийн ерөнхий сургуульд багшилж, их бууны дивизионд алба хаасан.
1956 онд армийг цомхотгоход тэр барилгын салбарт хуваарилагдаж, сантехникийн трестийн ерөнхий инженерээс эхлэн бүтээн байгуулагчийн замналаа эхэлжээ. Ажлынхаа хажуугаар Москвагийн Барилгын инженерийн дээд сургуулийг эчнээгээр төгсөж, мэргэжлээ шинээр эзэмшсэн. 1971 онд Ю.Цэдэнбал дарга түүнийг нийслэлийн даргаар томилсон. Хотын бохирын шугам хагарч, хаа сайгүй халиа үүссэн тэр үед шинэ дарга есөн километр шугамын хоолой дотор нь өөрөө орж шалгаж, богино хугацаанд ашиглалтад оруулжээ. Улмаар бараг хоёр арван жил Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар ажиллаж, Монгол Улсыг эмнэлэгтэй, сургуультай, цэцэрлэгтэй, замтай улс болгоход нэг насаа зориулсан. 1979 онд дэслэгч генерал, 1982 онд хурандаа генерал цол хүртжээ. Энэ цол 1990-ээд оноос хойш олгогдохоо больсон тул тэр Монголын хурандаа генералуудын сүүлчийн төлөөлөгч нь байлаа.
Хилийн дэргэд төрж, заставаас ажлын гараагаа эхэлсэн говийн хүү 1982 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар томилогдож, улсын хил, отряд, заставуудыг бэхжүүлэх ажлыг удирдах болсон нь хувь заяаны нэгэн сонин эргэлт байлаа. Тэр Ю.Цэдэнбал даргын удирдлага дор арван таван жил ажиллаж, түүнийг эх орондоо гуйвалтгүй үнэнч, алсын хараатай удирдагч хэмээн насан туршдаа хүндэлж явсан. Түүнийг сайд байх үед Кремлийн шийдвэрээр Ю.Цэдэнбал албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд удирдагчаа аварч чадаагүй тэр өдрүүдийг генерал амьдралынхаа хамгийн их харамсдаг зүйл хэмээн дурсдаг байв. Үнэнч байдлынхаа төлөөсийг тэр хоёр жилийн гэрийн хорио, ээжийнхээ эцсийн мөчид дэргэд нь байж чадаагүй харуслаар төлсөн ч хэнийг ч буруутгаагүй. Харин даргынхаа намтрыг өөрийн гараар бичиж үлдээж, буурал насандаа түүний хөшөөний өмнө зогсон ёсолсон юм. 1989 оноос Москвад амьдарсан ч эх орныхоо мэдээг байнга сонирхож, 95 насандаа өөрийн байгуулсан нийслэлийнхээ 380 жилийн ойн медалиар шагнуулжээ.
Төрийн өндөрлөгт хүрсэн ч тэр говийн хүү хэвээрээ байлаа. Ээжийнхээ чанасан цайны амтыг зуу насалтлаа санагалзаж, ээжийнх нь зангидаж өгсөн сампинг хамгийн нандин зүйлээ хэмээн хадгалдаг байв. Тэтгэвэрт гарсан хойноо төрсөн бууцандаа очиж, хойд дов дээр нь овоо босгосон. Сүүлийн жилүүдэд тэр Монголын алтан мөрдөстнүүдийн дотроос хамгийн өндөр настай нь байлаа. Тэрбээр өөрөөсөө хойш дөрвөн үеэ үзэж, дуулсан, туулсан түүхээ ном болгон үр хойчдоо үлдээсэн буянтан билээ.
Энэ тухай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул МЗЭ-ийн шагналт зохиолч, түүний нагац дүү Сономын Чулуун “Амсаж яваа ус, нөмөрч байгаа нар, түшиж өндийсөн уулсын нутагтаа бид амьдын жамын заяа зургаа эдлэнэ билээ. Тийм л жамаар хорвоогийн наран дор нэгэн зуун илүү жил мэлтийсэн өртөө занги, Соном тайжийн угсаа овогтой хамгийн ахмад нагац ах минь есөн булагийн замд одлоо. Бидний нагац Задгайтийн хийдийн горломд тэвэгдэж, лам багшаас оргож, адуу малд давхиж, эмнэг сургаж, жинд явж, цэрэгт мордож, орос газар цэргийн их бууны эрдэм дүүргэж, идэр залуу наснаас улс орныхоо цэрэг, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын үйлсэд чин үнэнээр зүтгэж БНМАУ-ын засгийн газарт өндөр зэрэгтэй тамга барьж, социализмын бүтээн байгуулалтын зураг, тоосгыг өрөлцсөн цэрэг улс төрийн зүтгэлтэн явсныг эх орон нь эмгэнэн дурсаж, бахархан байхуй сэтгэлийн ачаа нимгэрнэм. Одоогоос бараг 300 жилийн тэртээ Хатны булаг орчмоо нутаглаж асан тайж Соном нь хуучин Цэдэвдорж сумаас нүүж ирсэн Өнөр ловон амбагай ламын дүү нар гурван хүүхний нэгэнтэй ханилан суугаад Аюур борлог, түүний дүүг төрүүлж, түүний охин Дуламжав, Дуламжавын охин Тамжав (1860), Тамжавын охин Дорсмоо, Дорсмоогийн охин Цэрмаа (бид бага ижий гэдэг), Цэрмаагийн том хүү нь бидний нагац байлаа. Үүнийг бичигч бид дээшээ найман үеэ нэрлэж тэрхүү Соном зангиар овоглосоор өнөө хүрчээ. Эдүгээ буурал нагац минь өөрөөсөө хойш дөрвөн илүү үеэ үзэж их буяныг хурааж үр хойчистоо үлдээлээ. Монгол түмэндээ үзсэн туулснаа дуртган ном бичиг сийлэн орхилоо. Элгэн түмэн нагацын маань тухайд эевэргүү сайнаар дурсан мэхийж хоцорлоо. Энэ арвин бүхэнд Соном овогт дөрвөн дүү нь гүн мэхийв” хэмээн бичжээ.
Эрхэм буурлын ар гэр, үр хүүхэд, ач зээ нартаа гүн эмгэнэл илэрхийлье. Эх орондоо дахин төрөх болтугай.
| ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР |
|
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
Туялзуур сэлэмний сонирхогчдын улсын аваргууд тодров
2026-11-08 18:29:54
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |