• Өнөөдөр 2026-11-10

ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эргэлт.мн мэдээллийн сайт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн дуу хоолойг УИХ, Засгийн газарт хүргэх зорилгоор олон талын эх сурвалжит панел хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

   Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын уурхай, тус аймгийн Баян-Өндөр сумын Тэгш талын  уурхайн нүүрсний зам нь дархан цаазат амьтдын өлгий, дэлхийн шим мандлын нөөц Тост, Тосонбумбын нуруу, Монгол хээр талын гайхамшиг Говь-Гурвансайханы нутгийг дайран өнгөрч буй нь тухайн бүс нутагт орших зэрлэг амьтдын нүүдлийн замыг хааж, тус амьтдын шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж буй. Мөн “Сэкер ресурс монголиа” компани нь удаа дараа шороон далангаар нүүрс тээвэрлэхийг оролдсон бол “Алтаргана хайрхан” компани говийн баянбүрд, загийн төглийг дайруулан замын трассаа тавьсан бөгөөд их хэмжээний заг мод булгалж хаясан нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Мөн тухайн замын ажил хийх явцад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Улмаар нутгийн иргэд өөрсдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө өнгөрсөн жилээс хойш тэмцэж байгаа юм. Гэвч тэдний тэмцэл тодорхой хэмжээний үр дүнд хүрээгүйгээс гадна нэр бүхий компани хуулийн зөвлөхөө ашиглан дуугарсан иргэдийг хууль, шүүхийн байгууллагад өгдөг хүнд нөхцөл байдалтай тулгараад байгаа аж. Иймээс Эргэлт.мн мэдээллийн сайт олон талын эх сурвалж, салбар бүрийн төлөөллийг урьж, оролцуулан үнэн бодит мэдээ мэдээлэл хүргэхийг зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Нүүдлийн зам уу, нүүрсний зам уу” хэлэлцүүлгийн эхний хэсэгт байгаль, зэрлэг ан амьтан хамгаалах чиглэлээ ажилладаг Олон улсын байгууллагын төлөөлөл болон эрдэмтэд дараах сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

  1. МУИС-ийн багш, дэд профессор Ө.Баярсайхан  “Холбоос, коридор нутгийн ач холбогдол, нөхцөл”
  2. WCS-ийн Ахлах экологич, доктор Б. Бүүвэйбаатар “Хулангийн орон зайн ашиглалтад замаас үзүүлэх нөлөөлөл”
  3. Сэтгүүлч Г.Батзориг “Тусгай хамгаалалттай газар нутгаар дайрч буй авто замын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”
  4. "Ирвэс хамгаалах сан" ТББ-ын биологич Ө.Тэмүүлэн “Тост, Тосон бумбын байгалийн нөөц газарт тулгарч буй аюул дарамт болон Хавтгай, Ирвэс, Хар сүүлт зээрийн тухай”

    Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа, АҮЭБЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын референт Б.Энхгэрэл, , "Дэ Нэйче Консерванси" (TNC) байгууллагын Монгол дахь Байгаль хамгааллын захирал Ю.Баяржаргал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) ахлах экологич, доктор Б.Гантулга нар панелистээр оролцов. Тэд нутгийн иргэд болон хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөлтэй сэдвийн хүрээнд холбогдох мэдээ мэдээллийг өгч, санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн н.Сүрэнхүү "Би та бүхэнд дуу хоолойгоо хүргэх гэж 1000 гаруй километрийн цаанаас зорьж ирлээ. Манай суманд маш олон уул, уурхай компани үйл ажиллагаа явуулдаг. Тоосжилт маш ихтэй газар. Гурвантэс суманд ан амьтан амьдрах нь битгий хэл, хүн амьдрахад хүртэл үнэхээр хэцүү болсон. Бид нүүрсний замыг хааж боогоогүй, явуулахгүй гээгүй. Хамгийн гол нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах нь чухал байна. “Алтаргана хайрхан” компани анх иргэдтэй уулзсан учир бид бас нутаг орны хөгжил, хөрөнгө оруулалтаа бодож зам тавихыг зөвшөөрсөн. Харин “Сэкер Ресурс Монголиа” компани бол огт иргэдтэй уулзаагүй. Хүлээж ч авдаггүй. Энэ талаар нь дуугарсан болгоныг тэдгээр уул уурхайн компани шүүхэд өгчихдөг. Тэд мөнгөтэй төгрөгтэй, хуулийн зөвлөхтэй байдаг юм байна. Нутгийн иргэд бидэнд юу байх вэ. Бидний хэчнээн жил тэмцэж, тусгай хамгаалалтад оруулсан байгалийн нөөц газар болох Тост, Тосон бумбын нурууны яг хоёр талаар дээрх компаниудын зам дайрч өнгөрч байгаа. Манай нутагт мазаалай, хавтгай, хулан ч байсан. Гэтэл цахилгаан шугам бий болсноос хойш үзэгдэхээ больсон. Одоо дархан цаазат амьтад бүр л ховордох нь" гэв.

 

Мөн хэлэлцүүлэгч оролцогч хуульч, өмгөөлөгч Д.Дашдэмбэрэл “Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Сэкер Ресурс Монголиа”, “Алтаргана хайрхан” гэх хоёр компанийн тусгай зориулалтын авто замын асуудалтай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч байгаа. Тус компаниудын замын маршрут, трасс, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь 3-4 жилийн өмнө батлагдсан байсан. Тухайлбал, “Сэкер Ресурс Монголиа” компанийн замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2024 оны арваннэгдүгээр сард олгогдсон байдаг. Харин “Алтаргана хайрхан” компанийн 244 километр тусгай зориулалтын авто замын зөвшөөрөл өнгөрсөн дөрөвдүгээр сард олгогдсон байдаг. Хамгийн анхаарал татдаг зүйл нь эдгээр зөвшөөрлийг Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Замын ашиглалт, засварын хэлтсийн даргын гарын үсэгтэй олгосон. Өнгөц харахад Авто замын тухай хуулиар энэ зөвшөөрөл ямар байдлаар олгогдсон, гэрээ байгуулсан эсэхийг харахад Зам, тээврийн яамтай зам барих, ашиглах гэрээгээ байгуулсан, зөвшөөрлийг нь олгосон. Авто замын барилга байгууламж барих энэ зөвшөөрөл нь Амьтны тухай хуулийг хөндөж байгааг цохон дурдах ёстой болов уу.

Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хуулийн 7.1-д нэн ховор амьтанд мазаалай баавгай, хавтгай, тахь адуу, цоохор ирвэс зэрэг амьтан багтана гэж заасан. Эдгээр амьтдын амьдрах орчин руу шууд дайрч өнгөрч буй энэ зам эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагуудын тавьсан илтгэл дээр энэ замын байгууламж хэчнээн эдийн засгийн ач холбогдолтой ч зэрлэг амьтдад ямар их хор хөнөөлтэй болохыг дурдсан. Амьтны тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.4-т зааснаар нэн ховор амьтны амьдрах нутагт хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ. Энэ бол гарцаагүй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь үндэслэж Засгийн газар дээр шийдвэрлэх ёстой асуудал байхад Зам, тээврийн яамны бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүн гарын үсэг зураад зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэж харж байгаа. Бид тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Зам тээврийн сайдад хүсэлт гаргасан боловч одоогоор хариу ирээгүй. Угтаа төрийн байгууллагын албан тушаалтан өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаа нэг сар байдаг. Гэтэл есдүгээр сарын 30-нд гаргасан гомдлын маань хуулийн хугацаа өнгөрчихсөн байна. Зам, тээврийн яам өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаараагүй асуудлаар зөвшөөрөл олгосон учраас илт хууль бус захиргааны акт гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж тогтоолгох нөхцөл байдал үүсээд байгаа" хэмээв.

 

            Бид олон талын эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор дээрх нэр бүхий компаниуд болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сум, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ болон ИТХ-д албан бичиг хүргүүлсэн боловч хэлэлцүүлэгт тухайн байгууллагуудаас ямар нэгэн төлөөлөл ирээгүй юм. Хэлэлцүүлэгт оролцсон нутгийн иргэд болон хуульч, өмгөөлөгчид, панелистуудын ярилцлагын үр дүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд дээрх асуудлыг хэлэлцүүлэх, улмаар УИХ-ын намрын чуулган дуусахаас өмнө чуулганы хуралдаанд хэлэлцэх санал оруулах боломж бүрдсэн юм.

 

 

 


ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188