• Өнөөдөр 2026-11-09

С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ

АН-ын генсек С.Баярцогт хилийн чанадад ажилтай явах хойгуур намынхан нь хуралдаад албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргачихдаг юм байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн, Засгийн газарт нь суудал авах асуудал яригдаж байх энэ үед сөрөг хүчин болох ёстой АН-ын дотоод “зодоон” нь дахиад үргэлжилж, энэ удаа Ерөнхий нарийн бичгийн даргаа унагачихлаа...

С.БАЯРЦОГТЫН АЛБАН ТУШААЛААС НЬ БУУЛГАСАН АН-ЫН ХЕХ-Н ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

          Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын нийслэл Сөүл хотод болж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд оролцоод ирсэн. Гэтэл генсекээ эзгүй хойгуур АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 6 буюу өнгөрсөн баасан гарагийн 23:00 цаг орчимд Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо намынхаа байрны гадна мэдэгдэл хийж, С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаас нь буулгаж байгаа тухай мэдэгдсэн. Ингэхдээ “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу Ерөнхий нарийн бичгийн даргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно” гэж тайлбарласан. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор АН-ын генсек С.Баярцогт ч намын Ерөнхий нарийн бичгийн даргын болон намын дотоод дахь бүх шатны сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэдий одоогоор С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр хүчинтэй эсэх дээр АН-ын гишүүд дотроо “зодолдож”, маргаантай байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа ч үргэлжлүүлэн С.Баярцогт өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол сөрөг хүчний удирдлага, дотоод зохион байгуулалтад ямар өөрчлөлт орох вэ гэдэг сэдэв улс төрийн анхаарлын төв болж байгаа юм.

          Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх шийдвэрийг баталсан АН-ын Хяналтын ерөнхий хороо нь 15 гишүүнтэй. Тус хороог З.Энхболд даргалж, дэд даргаар нь Ш.Түвдэндорж ажилладаг. Тэгэхдээ генсекээ “гусах” санааг анх гаргасан нь Ш.Түвдэндорж гэх бөгөөд тэрбээр “С.Баярцогт нь АН-ын гишүүдийн гомдол, саналыг удаа дараа биелүүлэхгүй байгаа тул Хяналтын ерөнхий хорооноос түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан” гэж мэдэгдээд байгаа. Түүнчлэн 15 гишүүнтэй тус хороо генсекээ унагах шийдвэр гаргах шуурхай хуралдаанд 13 гишүүн нь оролцож, 100 хувийн саналаар дэмжсэн аж. Улмаар АН-ын ХЕХ-ны дарга З.Энхболд, Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг тэргүүтэй тус хорооны гишүүд “Залуус” зочид буудлын гадаа мэдэгдэл хийгээд Ерөнхий нарийн бичгийн даргаа огцруулж, дараагийн хүнийг томилох шийдвэр гаргачихаж байгаа юм. Хяналтын ерөнхий хороо сахилгын зөрчил тогтоож, дүрэмд заасан шийтгэл ногдуулах эрхтэй. Гэсэн ч энэ тохиолдол тус хороонд Ерөнхий нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх эрхийг тусгайлан олгосон эсэх асуудал яригдаж байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор С.Баярцогтыг намаасаа “хөөсөн” шийдвэрийг гаргасан, гаргахад чухал нөлөө үзүүлсэн АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг танилцуулъя.

УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛД

АН-ын ХЕХ-ны даргаар ажиллаж байгаа З.Энхболдын хувьд УИХ-ын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын даргын зөвлөх, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж байсан гээд албан тушаалын “архив” зузаан нэгэн. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсноос хойш Х.Баттулга ойр холбоотой, нэг фракцынх гэдгээр таньсан гэж болно. Харин З.Энхболд АН-ын генсекээс буух тушаалыг нь гаргасан С.Баярцогттой нэг нутгийнх гэдэг ч нэгэндээ ясны дургүй, муудалцаж явдаг нь нууц биш. Тухайлбал, 2015 онд тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт хоёр муудсанаас болж Тавантолгойн төсөл унасан талаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан мэдээлж байв. Түүнээс хойш ч 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр З.Энхболд “Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан. Гэтэл С.Баярцогт "Чи намайг дэвшүүлэхгүй бол чиний ҮЗХ-г ирцгүй болгоод Ардчилсан нам ерөөсөө сонгуульд оролцохгүй болно шүү гэж айлгасан. ҮЗХ-д С.Баярцогтыг дагадаг фракц байдаг. Тэд гараад явчих юм бол Ардчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай байсан. Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой” хэмээн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ярьсан байдаг. Бас түүний дараа жил буюу 2017 онд С.Баярцогт, З.Энхболд хоёр чуулганы танхимд үг зөрүүлсэн бөгөөд тэр талаар С.Баярцогт "З.Энхболд над руу яагаад дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг “MCS”-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон” гэсэн байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ш.ТҮВДЭНДОРЖ

АН-ын генсек С.Баярцогтыг албан тушаалаас нь буулгах анхны санаачилгыг гаргасан тус намын ХЕХ-ны дэд дарга Ш.Түвдэндоржийн хувьд МОАХ-ны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, МОАХ-ны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Батлан хамгаалахын сайдын албыг тус тус хашиж байсан АН-ын ахмад гишүүдийн нэг. Мөн тэрбээр Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд МоАХ-аас гаралтай түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн фракцаас АН-ын дэд даргад нэр дэвшүүлсэн гэдэг.  Харин Ш.Түвдэндорж, С.Баярцогт хоёр нэг нам хэдий ч хоёр талд салсан нь 2015 оны явдал гэж болно. Тухайлбал, 2015 оны хоёрдугаар сард хэвлэлүүд АН дотор фракцын бүтцэд өөрчлөлт орж, С.Баярцогт “Алтан гадас” фракцаас гарч, “Соёмбо” нэртэй бүлэглэл байгуулах болсон талаар мэдээлж байв. Харин Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Л.Болд нар “Жи МОАХ” фракц байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, АН доторх фракцуудын “зодоон”-д С.Баярцогт, Ш.Түвдэндорж хоёр ч хоорондоо эвтэй байгаагүй гэж болно.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, УУЛ УУРХАЙН САЙД АСАН Д.ГАНХУЯГ

Харин “Бридж” группийг үүсгэн байгуулж, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байснаараа “Бриджийн” гэдгээрээ танигдсан Д.Ганхуягийн хувьд 2004, 2008 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдож, 2004-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар томилогдон ажилласан нэгэн. Тэрбээр бизнесийн салбараас улс төрд орж ирсэн карьертаа С.Баярцогттой ил цагаан муудалцаж байсан түүхгүй ч генсек болохоос нь өмнө Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныг нь хүчингүй болгоход оролцож явсан түүхтэй. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд С.Баярцогтыг АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоны дараа буюу тавдугаар сарын 4-нд тус намын Хяналтын ерөнхий хороо Улс төрийн зөвлөл байгуулах тухай өмнөх шийдвэрээ хүчингүй болгосноор С.Баярцогтын томилгоо хүчингүй болж байв. Тус шийдвэрийг хүчингүй болгоход мөн л З.Энхболд, Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг нар багтсан байдаг нь хачирхалтай.

 

 


С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188