• Өнөөдөр 2026-11-09

КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ

2026-11-09,   191

КАМЕРЫН ХЯНАЛТТАЙ ХОТОД ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД АЛГА БОЛСООР БАЙНА 

     Улаанбаатар хотоор дүүрэн хяналтын камер. Гэвч охид, эмэгтэйчүүд сураггүй алга болж, өндөр настнууд төөрч, өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан хүн эргэж ирээгүй ноцтой хэргүүд ар араасаа гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг дуучин эмэгтэй сураггүй алга болоод 10 гаруй хонож байгаа ч одоог хүртэл олоогүй. Ар гэрийнхэн нь түүний явсан гудамж, орж, гарсан газар бүрийг камераар шүүгээд тусыг олоогүй. Хотын гудамж талбай, уулзвар бүрд камер байгаад ч алга болсон хүнийг олох боломж тун хомс гэдгийг дээрх жишээнээс харж болно. Яг үнэндээ хүн олох, хэрэг илрүүлэх болохоор хяналтын камер тус нэмэр болж байгаа юм алга. Хэчнээн камерын бичлэг шүүгээд ч хайртай охиноо, өндөр настай аав, ээжийгээ хаашаа явсан, хаанаас эрж хайхаа мэдэхгүй иргэд хотоор дүүрэн байна. 

     Харин замын хөдөлгөөний хяналтын камерууд жолоочийн хурд, дүрэм зөрчлийг бүртгэж, торгууль ногдуулахад сайн ажилладаг. Иргэд ч камерын өмнө дүрэм зөрчвөл торгуулна гэдгээ сайн мэддэг болсон. Мэдээж замын хөдөлгөөний хяналт хэрэгтэй. Хурд хэтрүүлэлт, осол аваараас урьдчилан сэргийлэх нь хүний амь нас хамгаалж байгаа нь үнэн. Гэхдээ камераар хэдэн зуун торгууль илрүүлснээр бус, нэг гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, нэг сураггүй болсон хүнийг гэр бүлд нь эсэн мэнд олж өгөхөд хувь нэмэр оруулснаар хэмжигдэх учиртай. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн мөрийг илрүүлдэг, сураггүй болсон хүнийг олоход тусалдаг, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалдаг байх ёстой. Технологийн дэвшлийг торгуулийн орлогоор бус, хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж чадсан үр дүнгээр нь хэмждэг болмоор байна. Уг нь орчин үеийн хяналтын камерын системийг зөвхөн замын хөдөлгөөний зөрчил бүртгэхэд бус, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад ашигладаг болмоор байна. Үүний тулд камерын мэдээллийн нэгдсэн сан, шуурхай хандалтын зохицуулалт, цагдаа болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай.  Хотын хаана ямар машин хөдөлгөөнд оролцож, ямар дүрэм зөрчсөнийг тогтоох чадвартай  бол гэмт хэргийн хохирогчийг олоход, сураггүй болсон хүний мөрийг мөшгөхөд, гэмт этгээдийг илрүүлэхэд ч хяналтын камер нэмэр болж чадна. Эцсийн дүндээ Улаанбаатар хотын энэ олон камераар жолооч нарыг торгохоос илүүтэй гэмт хэрэг илрүүлэхэд нэмэр болгож ашигламаар байна. 

AI КАМЕРААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, ТОРГУУЛЬ НОГДУУЛААД ЖИЛ БОЛЖ БАЙНА

     Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн билээ. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажил өнгөрсөн оноос хэрэгжүүлээд байгаа. Хамгийн гол нь хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулдаг. Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэх бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримт бий" гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдсэн.

Камерын хяналтын ухаалаг системээр: 

-Тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх,

-Гэрэл дохио зөрчих,

-Нэгдүгээр эгнээгээр зорчих,

-Эгнээ байр буруу эзлэх,

-Автобусны буудал дээр зогсох,

-Агшин зуурын хурд хэтрүүлэх,

-Дундаж хурд хэтрүүлэх,

-"Зогс" шугам давах,

-Түр буюу удаан хугацаагаар зогсох,

явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зэрэг 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулах юм байна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛӨӨР ОНОГДУУЛСАН ТОРГУУЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

      Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлийн улмаас оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах хүрээнд холбогдох хууль тогтоомжид тодорхой зохицуулалтыг тусгасан байдаг.

1. Автомат камер, техник хэрэгслээр илрүүлсэн зөрчлийн хариуцлага

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглан тус хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг, дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хуульд заасан шийтгэл оногдуулна.

2. Торгох шийтгэлийг сайн дураар биелүүлэх хугацаа

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй.

Иймд иргэн, хуулийн этгээд өөрт оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлэх шаардлагатай.

3. Торгох шийтгэлийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэлийг зохицуулсан. Тус зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зохицуулалттай.

Мөн торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг Улсын ерөнхий прокурор болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар хуульчилсан.

4. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дараах эрхийг хязгаарлах зохицуулалттай.

5. Торгох шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцахаар заасан.

Мөн тус зүйлийн 8 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хуульд заасан харьяаллын дагуу шүүхэд гаргахаар зохицуулсан.

Үүнд:

• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах;

• Жолоодох эрхийн ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах;

• Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх.

Түүнчлэн торгох шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч болно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд иргэн, жолооч та замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, өөрт оногдуулсан торгох шийтгэл болон холбогдох төлбөрийг хуульд заасан хугацаанд биелүүлж, цаашид үүсэж болзошгүй эрхийн хязгаарлалт болон хуульд заасан бусад арга хэмжээнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВИЙГ ОЛГОНО

      Урамшууллын тухайд Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 200,000 төгрөг хүрэхгүй учраас ихэвчлэн 10 хувийн урамшуулал бодогдоно. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний урамшуулал олгогдоно.

   Тухайлбал иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлнэ. Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10 хувь нэмэгддэг тул таван сарын туршид торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай. Энэ тохиолдолд оношилгоонд орох, жолооны ангилал нэмэх үед торгуулийг заавал төлүүлж, хугацаа хэтэрч төлүүлсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл жолооч тухайн зөрчлийн торгуулийг хугацаанд нь төлөхгүй явсаар 30,000 болгож төлсөн бол иргэнд 20 хувь буюу 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох юм. Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна.

 

 

 

КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188