• Өнөөдөр 2026-11-09

ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД

2026-11-09,   91

   Дахин дэвшиж, улиран сонгогддог хэдий ч улс эх орныхоо төлөө гавьтай ажил хийж, гайхуулах хууль санаачлаагүй зөөлөн суудалдаа “зөнөж” буй гишүүд манай УИХ-д цөөнгүй байна. Аль ч Засагт нүүртэй, амиа аваад гарчихдаг зальтай, ард түмнээ сэнхрүүлэх овтой гишүүд монголчуудын нэгэн үеийг эзэгнэж, төрийн сэнтий “зайдагнаж” байна. Тухайлбал, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар 2008 оноос хойш тасралтгүй тав дах удаагаа парламентад сууж буй. Тэднийг анх удаа УИХ-ын босгоор алхаж орох цаг үед төрсөн хүү өнөөдөр хугацаат цэргийн алба хааж байна гэсэн үг. Мөн Хөвсгөл аймгийн шүлэгч хөвгүүн Л.Энх-Амгалан 2012 онд “Манайх ам бүл 11-үүлээ, би амьдрал ойлгоно” хэмээн ярьсаар УИХ-д гарснаасаа хойш дөрөв дэх удаагаа сонгогдож, сайдын сэнтийд ч залраад амжлаа. Өөрөөр хэлбэл, “Шинэ залуу үедээ итгэл хүлээлгэе” хэмээн сэтгэж, түүний төлөө саналаа өгч байсан 50 настай Монгол Улсын иргэн өнөөдөр гавьяаныхаа амралтад сууж, тэтгэврийн хэдхэн төгрөгөөрөө амьдралаа болгохоор зүтгэж буй. Монголын парламентад дөрвөөс дээш удаа сонгогдож, ухамсарт амьдралынхаа 20 ( орчим) гаруй жилийг УИХ-ын гишүүн гэх халдашгүй дархан эрх, хаадын энтэй ямба дор өнгөрүүлсэн, энэ өндөр сэнтийг өнөөдөр ч эзэгнэн суугаа эрхмүүд хэн, хэн бэ.

ДААЦТАЙ ХИЙСЭН АЖИЛГҮЙ Ч ДАНДАА СОНГОГДДОГ Ц.ДАВААСҮРЭН

     Цэрэнпилийн Даваасүрэн нь 2008 онд УИХ-ын сонгуулийн 17-р тойрог буюу Хөвсгөл аймагт тухайн үеийн МАХН-аас нэр дэвшив. Тэрбээр 26,177 сонгогчийн санал буюу нийт сонгогчдын 45.67 хувийн саналаар УИХ-ын гишүүн болж байлаа. ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг 1989 онд, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр 1994 онд тус тус төгссөн байдаг. Мөн 1998 онд Япон Улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Түүний улс төрийн замнал тэртээ 1995 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтнээр ажилд орсноор эхэлдэг. Яам, агентлагуудад мэргэжилтэн, хэлтэс болон газрын даргаар ажилласаар 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх болон дэвшсэн. Харин 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүний эрх ямбыг эдэлж суугаа. Тэрбээр, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаас эхлээд Эрчим хүчний болон Барилга, хот байгуулалтын сайдын үүрэгт ажлыг хашиж байжээ. Тавын таван удаа, та бидний саналаар УИХ-д суусан боловч түүнээс ард иргэдээ бодсон санал санаачилга, амьдралд нэмэртэй дорвитой ажил, сонгодог жишээ болгон баримтлах хуулийн төсөл ч гарсангүй. Гэвч хоймор нутгийнхан түүнд өртэй юм шиг л итгэж, өнөө хэр өндөр сэнтийд нь залсаар буй.  

Түүний улс төрийн замнал тэртээ 1995 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтнээр ажилд орсноор эхэлдэг.

УИХ-Д ТАВАН УДАА СОНГОГДСОН УВСЫН ХҮҮ Н.АЛТАНХУЯГ

            Ардчилсан намын аваргуудын нэг, улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн бол Норовын Алтанхуяг. Биофизикч мэргэжилтэй тэрбээр их сургуулийн багшаас улс төрд орсон түүхтэй. Тэртээ 1996 онд анх удаа сонгуульд ялсан тэрбээр 2008, 2012, 2020, 2024 онд тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Тавын таван удаа их хуралд суусан Н.Алтанхуяг 1998-1999 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004-2006 онд Сангийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан түүхтэй. Үүгээр зогсохгүй Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ч томилогдон ажиллав байв. Харин өдгөө Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж буй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван удаа эдэлж, 20 жил улс төрийн тоглолт хийсэн тэрбээр залуустаа зай тавьж өгөлгүй “үзэлцсээр” байна. Н.Учралын Засгийн газрын “толгойны өвчин” буюу сөрөг хүчний толгойлогчдын эгнээнд зогсож буй түүний хийсэн ажлыг сонгогдсон жилтэй нь харьцуулж үзвэл жин дарах “хүнд туухай” байхгүй л болов уу.

Биофизикч мэргэжилтэй тэрбээр их сургуулийн багшаас улс төрд орсон түүхтэй. 

“ХОВДЫН ӨРГӨӨ” ХХК-НИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРЛААС УИХ-ЫН ДАРГА БОЛТЛОО ДЭВШСЭН С.БЯМБАЦОГТ

   Нидерланд Улсын Маастрихтын Их сургуульд Эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан С.Бямбацогт бол Ховд аймгийн Жаргалант сумын уугуул.  2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа МУИС-ийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр улс төрд ортлоо “Нью Прогресс” ХХК-ийн захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Компаниа групп болгон өргөжүүлж Ерөнхийлөгч нь болсон тэрбээр бизнесийн салбартаа бол өнгөтэй бяртай, азтай одтой нэгэн. Мөн тэрбээр үе үеийн Засгийн газрын аль нэг сайдын албан тушаалд оччихдог овжин нэгэн. Тухайлбал, 2016- 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайд, 2024-2025 онд Батлан хамгаалахын сайдаар тус ажиллаж байжээ. Мөн энэ онд УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогч 114 гишүүнээс, 87 гишүүний санал, дэмжлэгээр парламентын түүхэн дэх 15 дахь УИХ-ын дарга болсон юм.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “ЭРЛЭГ” Б.ЧОЙЖИЛСҮРЭН

     Олон жил төрд “шигдсэн” ээлжит нэгэн гишүүн бол Баттогтохын Чойжилсүрэн. Орос, англи хэлтэй гэх тэрбээр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг 1993 онд Автоматикч телемеханикч мэргэжлээр төгссөн. Хүний нутагт суралцаж төгсөхөөр зогсохгүй тухайн хотод  "СП-Каман" компаниа байгуулж хоёр жил амжилттай ажиллуулсан нэгэн. Хойд хөршөөс ирсэн жилээ буюу 1995 онд хувиараа аж ахуй эрхлэх “Хурд Ч” компаниа байгуулсан бол 1999 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Хурд Хүнс” ХХК-аа байгуулж байв. Хувийн бизнест хөл тавьж, чамгүй бэл чинээтэй болсон тэрбээр 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт “үсрэн” орж, дэд даргын алба хаших болжээ. Улмаар 2008 онд өөрийн төрсөн нутаг Увс аймгаасаа сонгуульд хүч үзсэн байдаг. Тухайн үеийн МАХН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нийт сонгогчдын 57.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн болж байв. Өөрөөр хэлбэл, түүнийг анх удаа сонгуульд өрсөлдөхөд нь 22,044 сонгогч итгэл үзүүлэн, дэмжжээ. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2008, 2012, 2016, 2020, 2024 онд сонгогдон ажилласан тэрбээр Сангийн сайд, Эрчим хүчний сайдын өндөр алба хашиж байсныг уншигч та санаж байгаа байх. Үүнээс гадна Төсвийн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргын албыг тус тус хашиж байв. Сангийн сайдын ажлаа дорвитой хийж чадаагүй түүнд эрх баригч нам нь дахин боломж олгож Эрчим хүчний сайдын суудал өгч байсан нь саяхных. Түүнийг энэ салбарыг толгойлж явахад Дорноговь аймагт хувийн компани 30 мвт хүчин чадалтай батарей хураагуур станц ашиглалтад оруулж, Төв аймагт гадаадын хөрөнгө оруулалттай компани 660 мВт цахилгаан станц барих ажил эхлүүлсэн байдаг. Мөн Дорнод аймгийн цахилгаан станцын өргөтгөл, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэргээс өөр дорвитой ажил хийгдээгүй. Монголын төрд тасралтгүй, таван удаа сонгогдсон их мээрэнгийн тухай дурсахад ийм байна.

Тухайн үеийн МАХН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нийт сонгогчдын 57.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн болж байв.

ДАВХАР ДЭЭЛЭНДЭЭ “ДАСААГҮЙ” Л.ЭНХ-АМГАЛАН

    Лувсанцэрэнгийн Энх-Амгалан бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороодын даргаас гадна УИХ-ын дэд даргын албыг хашиж байжээ.  Эрх баригч нам түүнийг бяр суусан гэж бодсон уу, эсвэл MCS-ийн захиалга байсан уу ямартай ч тэрбээр гурван ч удаа сайдын сэнтийг “зайдагнасан” байдаг. Тухайлбал,  шинэ, хуучин Боловсролын яамны аль, алийг нь тэргүүлж байв. Үүгээр зогсохгүй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ч томилогдон ажилласан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар арван жилийн сургуулийг 1987 онд төгссөн тэрбээр ЗХУ-ын Санкт-Петербургийн Их сургуулийг 1992 онд дүүргэж, сэтгүүл мэргэжил эзэмшсэн байдаг. Мөн АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгуулж байв. Харин түүний түүх 1996 оноос эхлэн MCS групптэй холбогддог. Тухайлбал, Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаалд сууж байжээ. Харин түүний улс төрийн замнал нь 2012 оноос эхтэй. Хөвсгөл аймгаасаа УИХ-д нэр дэвшиж, 24,166 хүний саналаар ялж байжээ. Энэ нь тухайн тойргийн нийт сонгогчдын 43,12 хувь байлаа. Үүнээс хойш тасралтгүй дөрвөн удаа УИХ-д сонгогдож ажилласан юм.

Эрх баригч нам түүнийг бяр суусан гэж бодсон уу, эсвэл MCS-ийн захиалга байсан уу ямартай ч тэрбээр гурван ч удаа сайдын сэнтийг “зайдагнасан” байдаг.

ТӨВИЙН БҮСЭД Ч, ГОВЬ-АЛТАЙД Ч ТӨВӨГГҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛДАГ Ж.ЭНХБАЯР

   Улаанбаатарт төрж, өссөн тэрбээр Нийслэлийн нэгдүгээр арван жилийн сургуулийг 1990 онд төгссөн. МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, Нидерландын Маастрихын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан гэдэг. Гаалийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан Ж.Энхбаяр 2008 оны УИХ-д Говь-Алтай аймгаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан байдаг. Нэр дэвшсэн тойрог бүрээсээ сонгогдоод гараад ирдэг тэрбээр намынхаа ялалтын төлөө УИХ-сонгуульд нэр дэвшихгүйгээр өнжиж байсан удаатай гэнэ. Тодруулбал, Ж.Энхбаяр нь 2008, 2012, 2016 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бол 2020 оны сонгуульд нэр дэвшихээс татгалзсан байдаг. Улмаар 2024 онд болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 5-тойрогт нэр дэвшин дахин сонгогджээ. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн сонгогчид түүнд энэ боломжийг олгосон байна. Түүнийг хамгийн олон давхар дээл нөмөрсөн гишүүдийн нэгд зүй ёсоор тооцож болно. Учир нь Монгол Улсын тэргүүн шадар сайдаас эхлээд Эдийн засаг, хөгжлийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Батлан хамгаалахын сайдаар томилогдож ажилласан улстөрч. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг ч хийж явсан өндөр албан тушаалтан. түүний сонгогдсон тойрог, ялалт байгуулсан он жилүүдийг дурдахад амархан боловч нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хийж гүйцэтгэсэн ажлыг нь тоочъё гэх нь ээ хэцүү. Харин “Хантайшир” бөхийн дэвжээг ивээн тэтгэж, тэргүүнээр нь 2008-2015 он хүртэл ажилласан нь Говь-Алтайчуудын мэдэх хамгийн том ажил гэнэ. Тэрбээр сонгуульд нэр дэвшилгүй өнждөг жилдээ өөрөө өөртөө оноо тавьж, хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун буйгаа зарласан байдаг. Тухайлбал, 2020 оны сонгуулийн үеэр хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Би нэрээ дэвшүүлэхгүй. УИХ-д 12 жил суулаа. Тавьсан зорилгодоо бүрэн хүрлээ. 100 хувь биелүүлсэн.Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ-д 3 удаа гишүүнээр сонгогдож ажилласан. Зорилгоо бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллана. Улс төрч хүн зорилготой байх ёстой. Түүндээ хүрсэн. Намайг улс төргүйгөөр төсөөлөх аргагүй. Намаа ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ. 2024 оны сонгуульд нэр дэвших эсэхээ одоо хэлэх боломжгүй.  Энэ хугацаанд итгэл хүлээлгэсэн ард, иргэд сонгогч түмэндээ баярлалаа” хэмээж байжээ. 

Харин “Хантайшир” бөхийн дэвжээг ивээн тэтгэж, тэргүүнээр нь 2008-2015 он хүртэл ажилласан нь Говь-Алтайчуудын мэдэх хамгийн том ажил гэнэ.

УВС, УЛААНГОМ, УИХ АВТОРТОЙ Л.ГАНТӨМӨР

   Дангаараа олон жил засагласан эрх баригч намын эсрэг зогсох сөрөг хүчин ч юм шиг, эгнээнд нь нэгдсэн дэмжигч ч юм шиг өдөр өдрөөр өөр харагдах гишүүн бол Лувсаннямын Гантөмөр. Хэрүүлтэй, уруултай намынхаа дарга болж, нуугдсан тамгаа авах гэж хэмлүүлж явсан үе ч түүнд бий. тэр мөн л дөрвөн удаа парламентад сонгогдсон байдаг. Япон Улсын Сэндай коллеж болон Нагаока технологийн их сургуулиудад суралцаж төгссөн тэрбээр арав гаруй жилийн өмнө аль алиных нь “Хүндэт профессор”-оор өргөмжлөгдөж байжээ. 2000 онд “Сэтгэшгүй трейд ХХК” байгуулан ажилласан байсан тэрбээр дөрвөн жилийн хугацаанд олсон ашиг, хураасан хөрөнгийнхөө ачаар 2004 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, саарал ордонд орох визээ асан байдаг. Эдийн засгийн байнгын Хорооны даргаас эхлээд Эдийн засаг, хөгжлийн сайд хүртэл түүний карьер үргэлжилнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын сэнтийгээр ч бас босож, суугаад өнгөрсөн нэгэн. Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, АН-ын дарга гэхчлэн нам дотроо байж болох бүх л албан тушаалаар дамжсан тэрбээр УИХ-ын гишүүний тангаргийг дөрөв дэх удаагаа өргөсөн. Гэвч ард иргэдийнхээ төлөө хийсэн ажил, баталсан хууль, хэрэгжүүлсэн бодлого нь өргөсөн тангараг, өгсөн амлалтынх нь хаана нь ч хүрдэггүй нь харамсалтай. 

Эдийн засгийн байнгын Хорооны даргаас эхлээд Эдийн засаг, хөгжлийн сайд хүртэл түүний карьер үргэлжилнэ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС БУУСАН Ч УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР ЭРГЭН ИРСЭН Х.БАТТУЛГА

  Ардчилсан тогтолцооны эхлэл он жилүүдэд “Женко ХХК”-аа байгуулж байсан тэрбээр энэ л нэрээрээ Монголын улс төрд томоохон тоглогч байсаар ирсэн. Тэрбээр 1990-2004 он хүртэл “Женко ХХК”, “Баянгол зочид буудал ХК”, “Мах Импекс ХК”-ны захирлаар тус тус ажилласан байдаг. Мөн бизнес хийхийн хажуугаар спортын ертөнцөд гялалзаж явсан тамирчин. Харин түүний улс төрийн замнал 2024 оноос эхлэлтэй. Анхны УИХ-даа сууснаас хойш 2008, 2012 онд дараалал сонгогдож Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албыг хашиж байсан. Замналынх нь хувьд хамгийн адармаатай байсан цаг үе нь гэвэл зам тээврийн салбарыг тэргүүлж байх үе нь гэдгийг уншигчид та бүхэн сайн мэдэх байх. Барьсан, бариагүй төмөр зам, босгосон босгоогүй шороон далан, өргөн, нарийн царигаас эхлээд шүүмжлэл, шүүх хоёрт нухчуулж явсан он жилүүд түүнд бий. 12 жилийн турш УИХ-д суухдаа тэр мөн л бусад гишүүдийн адил хангалттай ажиллаж чадаагүй. Гэвч тэрбээр  2017 оны сонгуульд ялж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болж байлаа. Үнэн хэрэгтээ монголчууд түүний улс төрд хийсэн биш спортын салбарт тэр дундаа жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь илүүтэй мэддэг нь үнэн. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчөөс буусных нь дараа ч дахин итгэл хүлээлгэж 2024 оны сонгуулиар дахин гаргасан байж мэдэх байх. Түүнд үй олон ажлыг амжуулж хийж болох асар их цаг хугацаа байсныг үүнээс харж болно. Гэвч өнөөг хүртэл түүний нэрээр нэрлэж, бусдад гайхуулчих бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалт, хуулийн төсөл даана ч алга даа. 

 

Дээрх нэр дурдсан гишүүдийн дүр төрх нь бидний нүдэнд, дуу хоолой нь чихэнд хоногшоод 20 орчим жил болжээ. Гэвч тэдэнд итгэл хүлээлгэж сонгосон ард иргэдийнх нь амьдрал эгээ хэвээрээ байна. Цахим сүлжээ хөгжөөгүй байсан цаг үед эдгээр эрхэм гишүүдийг зурагтаар үзэж, сонины нүүрэнд хэвлэсэн зургийг нь хардаг байсан хүүхдүүд өдгөө нас биед хүрсэн. Олон дахин сонгогдсон ч олигтой ажил хийгээгүй гишүүдээс одоо иргэд юу хүлээх ёстой вэ. Улиг болтлоо УИХ-д сонгогдож, парламентын танхимд "ужгирсан" дээрх гишүүдийн хэн нь, юу хийсэн бэ гэдгийг уншигч та эргэн санаж, эргэцүүлэн бодох биз ээ.

 

Ашигласан эх сурвалж: 1. https://www.sanal.mn/story/

2. https://parliament.mn/

3. https://asiafoundation.org/

 


ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188