• Өнөөдөр 2026-11-10

С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна

2026-11-10,   158

            Монгол бахархлын энэ өдрөөр Шинжлэх ухааны академид тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртээлээ.

           Энэ үеэр Шинжлэх ухааны академын ерөнхийлөгч С.Дэмбэрэл "Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, эрхэм зочид эрдэмтэн судлаач, Чингисийн Монголын нийт ард иргэд ээ. Монголын эрдэм оюуны их өргөө Шинжлэх ухааны академын үе үеийн эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, нөр их хүч хөдөлмөр, эх орныхоо хөгжилд оруулсан гавьяат үйлсийг Монголын төр өндрөөр үнэлж, Монгол Улсын тэргүүн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээж байгаа явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч, нийт ард түмэн, эрдэмтэн  судлаачид, эрдмийн хамт олноо төлөөлөн чин сэтгэлийн гүн талархал өргөн дэвшүүлье. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч, дэлхий дахинд амар амгаланг тогтоогч, их Монгол Улсыг үндэслэн байгуулагч их эзэн Чингис хааны алдраар нэрлэсэн энэхүү шагнал хүндэтгэл нь түүний ач хүү Хубилай цэцэн хааны байгуулсан улсын судрын хүрээлэнгээс эхтэй, орчин цагийн Монгол Улсын эрдэм судлалын тэргүүлэх байгууллага Шинжлэх ухааны академын бүтээсэн оюуны өв, судалгааны цар хүрээ, эрдэмтдийн уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үнэлэлт, ирээдүйд хийж бүтээх их үйлсэд үзүүлж буй итгэлийн илэрхийлэл хэмээн үзэж байна. Өнөөдрийн энэхүү түүхэн өдөрт нэгэн зууны тэртээгээс түүчээлсэн эрдмийн их үйлс, түүнийг бүтээсэн эрхэм хүмүүсийн гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд тодорч байна. 1921 онд ардын хувьсгал, тусгаар тогтнолын үйл хэрэгтэй зэрэгцэн орчин үеийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн тулгын чулуугаа тавьсан нь шинэ мандсан Монголын төр эрдэм мэдлэгийг хөгжил дэвшлийн тулгуур болгон сонгосон алсын хараатай шийдвэр байлаа. Улс орноо төвхнүүлэх амаргүй цагт өвөг дээдсийнхээ судар номыг цуглуулан, их түүхээ судалж, дэлхий дахины эрдэм ухааныг эх орондоо хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бичгийн мэргэдийн залгамж халаа, залуу хойч үеийг эрдэм судлалд сургах үйл хэргийг эхлүүлснээр монголчуудын оюуны сэргэн мандалтын үр соёолсон юм. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамъян, эрдэмтэн Жамсран, Цэвээн, А.Амар, Л.Дэндэв тэргүүтэй бичгийн мэргэдийн асаасан эрдмийн оч өнөөдөр Монголын шинжлэх ухааны их гал голомт болон бадран дүрэлзсээр, бүс нутагтаа төдийгүй дэлхийн шинжлэх ухааны олон салбарт хүлээн зөвшөөрөгдсөөр байна. Судар бичгийн хүрээлэнгийн санаачлан хэрэгжүүлсэн хуучин ном судрыг эрэн сурвалжлах, түүх соёлын дурсгалыг бүртгэн хамгаалах, хадгалан өвлүүлэх, судлан шинжлэх их үйлсийн үр дүнд хожмын үндэсний номын сан, улсын архив, музей байгуулсан агаад энэ нь үндэсний бахархал, ой санамжийг хадгалан үлдээхэд байгуулсан түүхэн гавьяа байлаа" гэв. 


С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188