• Өнөөдөр 2026-11-09

ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ

2026-11-09,   339

Польш Улсын Краков хотын төв талбайд галт зэвсэгтэй этгээд халдаж, гэгээн цагаан өдөр зургаан хүний аминд хүрсэн сэтгэл сэртхийлгэм хэрэг өнгөрсөн өдөр гарсан. Хэдийгээр хэргийн газар ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нар зэвсэгт этгээдийг буудан шархдуулж, баривчлаад байгаа ч гэрээс нь дахин гурван хүний цогцос олдсонтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа нь улам өргөжиж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Краковын буудалцааны хэрэг болон зэвсэгт этгээдийг сөрж тэмцсэн, дэлхий дахинаа “Баатар цагдаа” гэж дуудуулаад буй офицерийн талаар тоймлон хүргэе.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7

15:00 цаг – Краковын төв талбайд буудалцаан эхлэв

Буудалцаан орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн 15:00 цаг орчим эхэлжээ. Тодруулбал, Польшийн цагдаагийн байгууллагад ирсэн анхны мэдээллээр “Зэвсэглэсэн этгээд автомашин дотроосоо гал нээж, ойр орчимд байсан хүмүүс рүү халдаж эхэлсэн” байна. Халдлага тус хотын төв талбайн дэргэдэх Славковска гудамжинд эхэлсэн бөгөөд амралтын өдөр таарч, хөл хөдөлгөөн ихтэй байсан учир буудалцааны чимээнээр хүмүүс сандарч, ойролцоох барилга, үйлчилгээний газрууд руу гүйцгээжээ.

15:05 цаг – Цагдаа нар ирэв

Цагдаагийн байгууллагад зэвсэгт халдлагын талаарх дуудлага хүрснээс хойш гурван минутын дотор шуурхай хүчнийхэн яаралтайгаар очиж, зэвсэгт этгээдтэй нүүр тулсан байдаг. Улмаар зэвсэгт этгээд болон цагдаагийнхны дунд буудалцаан болж, үүний улмаас хоёр цагдаагийн алба хаагч бэртсэн бөгөөд нэг нь ноцтой гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Польшийн Дотоод хэргийн сайд Марчин Кервиньски “Цагдаагийн алба хаагч нарын шуурхай ажиллагаагаар илүү олон хүний амь эрсдэхээс сэргийлж чадсан” хэмээн мэдэгдсэн байна.

15:15 цагт – Халдлага трамвайн замд хүрэв

Краковын төв талбай гарсан буудалцаан зөвхөн талбайгаар хязгаарлагдаагүй гэнэ. Тус улсын Нийтийн тээврийн төвийн мэдээлснээр “Зэвсэгт этгээд Гэгээнтнүүдийн талбайн орчимд явж байсан трамвай руу буудсан аж. Трамвайн жолоочийн бүхээгийн цонх хагарсан ч жолооч болон зорчигчид ямар нэгэн гэмтэл, бэртэлгүй үлдсэн байна.

15:30 цаг – Зэвсэгт этгээдийг баривчлав

Буудалцаан үргэлжилсээр цагдаагийн алба хаагч нар зэвсэгт этгээдийг Дитла болон Страдомска гудамжны хоёр талаас бүсэлж, буудан шархдуулаад баривчилсан байдаг. Улмаар сэжигтнийг цагдаагийн бие бүрэлдэхүүн эмнэлэгт хүргэхээр хөдөлсөн бөгөөд зэвсэгт этгээдийг хэн болохыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Тухайн үед албаныхан халдагчийг Польшийн иргэн гэдгийг батлан зарласан ч хэн гэдгийг нь мэдэгдээгүй байдаг.

17:11 цаг – Зургаан хүн амиа алдсан нь батлагдав

“Reuters” агентлагийн мэдээллээр орон нутгийн эрх баригчид 17:11 цагт мэдээлэл хийж, Краковын төв талбайд болсон буудалцааны үеэр зургаан хүн амиа алдаж. 15 хүн шархадсан талаар мэдээлжээ. Амиа алдагсдын дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй байв. Шархдагсдын дунд хоёр цагдаагийн алба хаагч ч багтсан бөгөөд нэг гадаадын жуулчин шархадсан байна.

21:45 цаг – Хотын захиргаа гашуудал зарлав

Төв талбайд нь болсон сэтгэл сэртхийлгэм буудалцааны дараа Краков хотын дарга Лукаш Гибала хотын хэмжээнд албан ёсны гашуудал зарлаж, иргэдэд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр тус “Хотын төв талбайг иргэдэд дахин нээлттэй, аюулгүй орон зай болгохын төлөө ажиллана” гэдгээ мэдэгдсэн бөгөөд тухайн цагаас цагдаа болон хүчнийхэн Краков хотын төв талбай, ойролцоох гудамжуудыг хамгаалалтад авч, иргэдийг хөдөлгөөнийг хязгаарлав.

22:16 цаг – Сэжигтний гэрээс гурван хүний цогцос олдов

Буудалцаанаас хэдэн цагийн дараа Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мэдэгдэл хийсэн. Ингэхдээ тэрбээр сэжигтний гэрээс гурван хүний цогцос олдсон талаар мэдээлсэн бөгөөд урьдчилсан байдлаар гэр бүлийнх нь гишүүд байх магадлалтай гэж үзсэн байдаг. Тодруулбал, сэжигтэн нь Краков хотод бус Польшийн Островец-Швентокшиски хотод амьдардаг аж. Зэвсэгт этгээдийн мөрдөн шалгах ажиллагааны үеэр хүчний байгууллага гэрийг нь нэгжихэд ийн дахин гурван хүний цогцос олдсон байна. Улмаар цагдаа, прокурынхон сэжигтэнд Краковын буудалцаанаас гадна дахин өөр нэгэн гэмт хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлсэн.

22:39 цаг – Буудалцааныг терроризмын шинжтэй гэж үзэв

Краков хотын төв талбайд буудалцаан болсон өдрийн орой Польшийн Ерөнхий сайд Дональд Туск тус хотод очиж, орон нутгийн эрх баригчидтай шуурхай уулзалт хийсэн. Энэ үеэр тэрбээр буудалцаан эхлүүлсэн этгээдийг терроризмын шинжтэй халдлага үйлдсэн хэмээн тодорхойлж, Польшид урьд өмнө нь энэ төрлийн халдлага гарч байгаагүйг хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Улмаар халдлагын бүх нөхцөлийг нарийвчлан шалгахыг холбогдох байгууллагуудад үүрэгдэж, улс төрийн намууд болон улстөрчдийг эмгэнэлт явдлыг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг уриалжээ.

22:58 цаг – Цагдаагийнхан албан ёсны мэдээлэл өгөв

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск болон тус улсын Цагдаагийн ерөнхий байцаагч Марек Борон нар мэдэгдэл хийжээ. Ингэхдээ буудалцааны үеэр шархадсан цагдаа нарын баатарлаг үйлс хийснийг тодотгож, хохирогчдын ар гэрт эмгэнэлт илэрхийлсэн байна.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8

00:00 цаг – Үндэсний хэмжээнд гашуудал зарлав

Арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Польш Улс даяар хоёр өдрийн турш үндэсний хэмжээнд гашуудал зарласан. Орон даяар үзвэр үйлчилгээ, зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг цуцалж, төрийн далбаагаа бөхийлгөхийг үүрэг болгосон байдаг. Түүнчлэн нийслэл Варшав хотын аялал жуулчлалын болон олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад хамгаалалт гарч, зарим гудамж, талбайд хашлага байрлуулжээ.

07:00 цаг – Сэжигтний гэрээс олдсон цогцсуудыг таниулав

Арваннэгдүгээр сарын 8-ны өглөө цагдаагийн байгууллагаас сэжигтний Островец-Швентокшиски хот дахь гэрээс олдсон гурван хүний цогцсыг таниулсан талаараа мэдэгджээ. Тодруулбал, тэдгээр нь сэжигтний 53 настай эцэг, 52 настай ээж, 21 настай эмэгтэй дүү нар байсан аж. Цагдаагийнхан тус хэргийг Краковын халдлагатай холбон шалгаж байгаа бөгөөд илүү нарийвчлан тогтооход хугацаа шаардлагатай талаар мэдэгдэв.

08:00 цаг – Халдлагыг хэт үндсэрхэг үзэлтэй холбон тайлбарлав

Польшийн Дотоод хэргийн сайд Марчин Кервиньски сэжигтэн хэт барууны болон хэт үндсэрхэг үзэл санаанд автсан байж болзошгүй талаар мэдээлэв. Уг мэдэгдэл нь олон нийтийн анхаарлыг татсан ч эрх баригчид халдлагын сэдэл, сэжигтний үзэл суртлын байр суурь, түүний үйлдэлд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар цахим сүлжээнд олон талын сэтгэгдэл гарсан байна. Түүнчлэн энэ үеэр Польшийн прокурорын байгууллагаас хэргийг террорист шинжтэй гэмт хэрэг байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлж эхлэв.

09:00 цаг – Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн талаар мэдээлэв

Орон нутгийн захиргааны албан ёсны мэдээллээр халдлагын дараа эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 16 нь хэвтэн эмчлүүлжээ. Тэдний дунд сэжигтэн болон цагдаагийн хоёр алба хаагч байсан бөгөөд шархадсан хүмүүсийн биеийн байдлыг онцгойлон хянаж байгаа гэв. Мөн эрх баригчид халдлагыг нүдээр харсан гэрчүүд болон ажиллагаанд оролцсон алба хаагчдад сэтгэл зүйн тусламж үзүүлж эхлэх талаар мэдэгджээ.

12:00 цаг — Гэгээн Мариягийн сүмийн бүрээг зогсоов

Халдлага болсон төв талбай болон ойр орчмын гудамжуудыг цагдаагийн хамгаалалтад авсны дараа иргэд цэцэг, лаа өргөжээ. Түүнчлэн гашуудалтай холбоотойгоор Краковын Гэгээн Мариягийн сүмийн цамхгаас цаг тутамд эгшиглэдэг уламжлалт бүрээний аялгууг хохирогчдыг хүндэтгэн 12 цагийн турш зогсоосон байна. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа болсон үйл явдал гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байдаг.

БААТАР ЦАГДАА

Краковын халдлагын үеэр зэвсэгт этгээдтэй шууд тулгарч, түүнийг зогсоох ажиллагаанд оролцсон цагдаа нарын нэг болох Якуб Куликийн гэрэл зураг цахим сүлжээнд цацагдаж, олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд орсон байдаг. Тэрбээр өмнө нь Польшийн Зэвсэгт хүчний агаарын десантын бригадын бүрэлдэхүүнд алба хааж байсан бөгөөд цагдаагийн ажилтай зэрэгцэн сайн дурын гал сөнөөгчөөр ажилладаг нэгэн гэнэ.

Якуб Кулик нь Краков хотын буудалцааны үеэр Кулик гурван удаа буудуулж, хүнд шархадсан ч зэвсэгт этгээдийг сөрж буудсаар ухрахад хүргэн олон хүний амийг аварснаар “Баатар цагдаа” хэмээн нэрлэгдэж байна. Буудалцааны үеэр шархадсан Якуб Кулик болон түүний хамтрагч Артур Мораньскиг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараа эмнэлгээс биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдэгдэхэд орон даяар түүнийг “Краковын баатар” гэж цоллож, хэдэн мянган хүнд цусны донорын аян өрнүүлж эхэлсэн байна. Түүнчлэн Польшийн Ерөнхий сайд Дональд Туск ч түүнийг болон хамтрагчийг нь мэдэгдлийнхээ үеэр “Баатарлаг үйлс байгуулсан баатрууд” хэмээсэн нь зэвсэгт этгээдийг сөрж тэмцсэн цагдаагийнхан жинхэнэ баатар цол авахад ойртсон талаар зарим олон улсын хэвлэл эерэг мэдээ түгээгээд байгаа юм.

 


ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188