• Өнөөдөр 2026-11-09

Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ

2026-11-09,   203

         Өндөр гэгээн Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд ороход ширээн дээр олон ном, сонин, зурагт хуудас эгнүүлэн өржээ. Хаалгаар ормогц бурхны шашны өвөрмөц аялгуу эгшиглэх бөгөөд эхний заалд лам хуврагуудын олноороо авахуулсан гэрэл зургууд байрлажээ. Харин дунд заалнаас эхлээд хоймрын заал хүртэл догшин ширүүн, этгээд төрхтэй бурхдын зургууд үй олноор заларсан байна. Ёслолын жижиг тайзны ард таван бурхны зураг байрлуулсан бөгөөд голын бурхан нь бусдаасаа нэлээд том хэмжээтэй агаад илүү тод дүрслэгдсэн байв. Тэр бол өнөөдрийн үзэсгэлэнгийн эзэн дүр Жийдаан Богд ажээ.

Жийдаан Богд ханьсашгүй дээд бодь сэтгэлийг, хувиршгүй тамирын хүчээр зоричуулж, мятрашгүй бодьсадын явдлаар энх цогцуулж явсан явсан гэгддэг. Жийдаан Богд тэргүүтэй хоёр зуу гаруй бурхны зургийг бүтээсэн эрхэм бол "Соёлын тэргүүний ажилтан", "Алтан гадас" одонт Тамирын Дүгэр (Доди) юм. Тэрбээр Архангай аймгийн Булган суманд төрсөн. 1975–1983 онд Ажилчин районы 10 жилийн долооугаар дунд сургуулийг, 1983–1989 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн багш Ч. Нармандахын удирдлага дор монгол зургийн мэргэжлээр төгссөн. 1994–1997 онд БНХАУ-ын Чинхай мужийн Гүнбум хийдийн урлахуйн ухааны сургуульд лам Жамъяан багшийн урланд шавь сууж, тиг зургийн уламжлалт ухаанаар бурхан урладаг болжээ.

Бурхан урлаач Дүгэрийн үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс суудалдаа тухлав. Хуурын эгшиг хангинах үед хөтлөгч зочдын амар мэндийг эрж, Жийдаан Богдын тухай учирлан ярьж, Дүгэр ламтныг магтан сайшаав. Түүнийг уран бүтээлээрээ хүндлэгдсэн нэгэн гэдгийг ирсэн зочдоос нь ч анзаарч болохоор байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Энхтүвшин, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г. Мөнхцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваасүрэн тэргүүтэй эрхмүүд үг хэлж, баяр хүргэлээ.

МУСГЗ Г. Мөнхцэцэг "Монгол Улсын соёл, шашны түүхэнд цоо шинэ хуудас нээсэн гайхалтай бүтээл боллоо. Манай улсад бүтээгдсэн олон бурхны дундаас Дүгэрийн бүтээл хамгийн амь сүнстэй санагддаг. Түүний бүтээсэн бурхад бүгд өөрийн гэсэн онцгой мэлмийтэй. Бурхны шашны талаас нь харвал манай Дүгэр Шамбалын мэлмий нээгч, тусгайлан төрсөн хүн. Жийдаан Богдын намтрын гар бичмэлийг 2008 онд анх кирилл үсэгт буулгаж хэвлүүлсэн. Домогт өгүүлснээр Хутагт цагаан сарын битүүний урьд өдөр шавь нартаа Жийдаан Богдын намтрыг дуудуулж, жилийн засал хийдэг байжээ.

XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн өв соёлыг хадгалан хамгаалж буй Говийн ноён хутагтын музейн захирал С.Үржинбадам "Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Яагаад заавал Жийдаан Богд вэ гэвэл, тэрээр Өмнөд Сүн улсын үед амьдарч байсан түүхэн хувилгаан хүн. Жийдаан Богдын тухай ам дамжсан яриа олон бий. Тэрээр Монголын зах хязгаарт хүрч ирээд "Өргөн уудам газартай, цөөн хүн амтай нутаг байна. Энэ нутагт урьд олон төрөлдөө хүн болон хүнээс дээд төрлийг олж байсан буянтай, заяатай хүмүүс төрдөг юм байна" хэмээн айлдаад буцсан гэж хэлцдэг.

Төвд судлаач Г.Ням-Очир "1990 оноос хойш Монголд бурхны шашны урлахуйн ухаан сэргэн хөгжсөн. Би Дүгэртэйгээ гуч гаруй жил нөхөрлөсөн. Энэ хугацаанд тэр уран бүтээлдээ хэрхэн ханддаг байсныг бид өнөөдөр түүний анхны үзэсгэлэнгээс харж сууна. Тэр маш ичимхий, таван үг холбож хэлэх гэж ээрч муурдаг хүн болохоор найз нөхдийнх нь тусламж их байсан биз ээ. Тиймээс энэ завшааныг ашиглан найз нөхдөд нь талархал илэрхийлье. Миний бодлоор Дүгэрийн хамгийн том уран бүтээл бол Зүүн хүрээний Бурхан багшийн сүмийн ханан зураг. Ийм том ханан зураг зурахад уран бүтээлчээс асар их туршлага, нөр их хөдөлмөр шаардагддаг. Урлаачийн дотоод мэдрэмж, мэлмий бүхэн зурагт нь шингэдэг юм.

Дүгэр ламтны ойр дотны хүмүүс, анд нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн нь цөм цугларч баяр хүргэцгээв. Түүний 87 настай ээж ч ирж, хүүгийнхээ буян номын үйлсийг ихэд бэлгэшээж буйгаа хэлээд алд цагаан хадаг, аяганд мэлтэлзэх сүүний хамт хүндэтгэл үзүүллээ. Амьдралынхаа гуч гаруй жилийг бурхан урлахад зориулсан түүний их үйлсийн танилцуулга болох энэхүү үзэсгэлэн Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Б. Наранцолмон


Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188