• Өнөөдөр 2026-11-10

Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА

    “Тонжоо” дуутай говийн хоёр залуугийн нийтийн бүжиг сүүлийн хэд хоног хамгийн их үзэлттэй бичлэг болоод байгаа. Цахим ертөнцөд од болж байгаа тэдний хөдөлгөөн, хэмнэл, бие биеэ мэдэрч байгаа мэдрэмж бүр нь цахим ертөнцийн мянга мянган үзэгчийг баясгаж, үзсэн хүн бүрийн ярианы сэдэв болж байгаа билээ. Бусдын сэтгэлийг баяраар дүүргэж, дурсамжаар хөглөж, сумын клубтээ очиж бүжиглэмээр санагдтал нь бүжиглэсэн Е.Амарбаясгалантай ярилцлаа. 

-Дундговь аймгийн Хулд суманд болсон “Морьтой монголжин” цэнгүүний үеэр бүжиглэсэн бүжиг нь олон нийтийн сүлжээнд цацагдаж, олон хүнийг хөгжөөн цэнгүүлж чадлаа. Үзэгчид та хоёрыг “Ус мэт урсаж, үүл мэт хөвж байгаа юм шиг бүжиглэж байна” гэж бичсэн байсан. Анх удаа бүжиглэж олны анхааралд өртөв үү. Өмнө нь бүжиглэдэг байсан уу?

      -Би бүжиглэх сонирхолтой. Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг арга хэмжээ болон сум орон нутгийн тэмцээн, уралдаанд ордог болоод гурван жил болж байгаа. Хулд суманд “Морьтой монголжин” тэмцээний дараа нийтийн бүжгийн цэнгүүн болсон юм. Тэр үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат сумын алдарт уяач О.Баттулга ах “Би энэ бор гуталтай залууг өмнө нь бүжиглэж байхыг хараад уйлмаар санагдаад байсан юм. Өнөөдөр бортнертойгоо бүжиглээд өгөөч хүсэж байна. Ах нь чамд 100 мянган төгрөг өөрийнхөө си-дитэйгээ өгмөөр байна” гэсэн юм. Тэгээд би “Морьтой монголжин” тэмцээнд нэг баг болж орсон Т.Тогоо эгчтэйгээ хамт “Тонжоо” дууны аяыг тавиад бүжиглэсэн нь тэр. Бид хоёрыг бүжиглэж байхад хүмүүс бичлэг хийгээд, алга ташаад л байсан. Харин тийм олон хүн үзнэ гэж ёстой бодоогүй. Тэгээд Т.Тогоо эгчтэй хамт бүжиглэж, хүмүүсийг хөгжөөгөөд “Хоёр тонжоо” гэдэг нэр авсан. 

-Та хоёрыг олон хүн үзэж, шэйрлэсэн байхыг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

      -Хүмүүсийг жаахан ч гэсэн хөгжөөж, залуу насыг нь санагдуулж, эерэг энерги бэлэглэсэн болов уу гэж бодож байна. Би бүжгээрээ хүмүүсийг аз жаргалтай зүйл рүү хөтлөё гэж боддог. Тэр утгаараа биднийг үзэж, магтаалын сайхан үг хайрласан хүн бүхэнд баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна.

-Та хоёр “Морьтой монголжин”, “Агтан хүрээт” тэмцээний дараах цэнгүүн дээр бүжиглэхээс гадна хүүхдийн сэвлэг үргээх ёслол дээр бүжиглэсэн байсан. Та хоёрыг хүмүүс бүжиглүүлэхээр их урьж байна уу?

     -Т.Тогоо эгчийн хамаатных нь хүүхдийн сэвлэг үргээх ёслолд очтол хүмүүс бид хоёрыг “Бүжиглээд өг” гээд гуйгаад байсан юм. Тэгээд бид бүжиглэж өгсөн. Бид хоёрын бүжиглэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдснаас хойш “Манай арга хэмжээнд ирж бүжиглэж өгөөч ээ” гээд хүмүүс их урих болсон. Бид хөдөө мал малладаг болохоор урьсан болгон дээр очиж бүжиглэх боломжгүй болчихоод байгаа. 

-“Морьтой монголжин”, “Агтан хүрээт” тэмцээнд ямар амжилт гаргасан бэ?

     -Дундговь аймгийн Хулд суманд болсон “Морьтой монголжин” тэмцээнд +45 төрөлд оролцоод гуравдугаар байрт шалгарсан. Харин Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богдод болсон тэмцээнд амжилт үзүүлж чадаагүй. Ширээн дээрээс шагай шүүрэх, буухай хоёрт оролцсон. 

-Чи бүжигчнээрээ суралцсан уу?

     -Би 2022 онд сургуулиа төгсөөд малчин болсон. Тэгээд морь уях арга ухаанд суралцаж байгаад сүүлийн хоёр жил сумынхаа наадамд морь уяж байгаа. Би эцэг, эхээс тавуулаа. Миний ах над шиг сонирхлоороо бүжиглэх дуртай. 

Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчин Т.Тогоотой холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа. 

-Е.Амарбаясгалан та хоёрын бүжиг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, тонжоо тонжих гэдэг нэршил гарсан байна. Өөрийнхөө бүжиглэж байгааг олон нийтийн сүлжээнээс үзэх ямар санагдсан бэ?

       -Гоё санагдаад байгаа мөртлөө заримдаа ичээд байгаа. Амка бид хоёрыг хүмүүс эгч дүү хоёр, эхнэр нөхөр хоёр гээд янз бүрээр бичсэн байна лээ. Амка бол манайд өнгөрсөн зургадугаар сараас хойш туслах малчнаар ажиллаж байгаа миний хуурай дүү байгаа юм. Би дөрвөн хүүхэдтэй нэг зээ охинтой. Амка бол миний гурав дахь хүүхдээс жаахан хүү байгаа юм. Бидний сонирхол нэг болохоор хамт бүжиглээд байгаа. Амка бол бортнероо их гоё авч явдаг, мэдрэмжтэй хүү байгаа юм. Бас хөөрхөн ааштай, ажилд сайн. Цаашид манайд амьдарна гээд байгаа юм. 

-Та залуудаа бүжгээр хичээллэж байв уу?

      -Би 1998 онд аймгийнхаа театрт дуучнаар орсон юм. Гэтэл бүжгийн ангийн багш нь намайг “Энэ их гоё биетэй хүүхэд байна. Чи бүжгийн ангид орвол яасан юм бэ” гэснээр би бүжгийн анги руу арванхоёрдугаар сард шилсэн юм. Тэгээд дасгал хөдөлгөөн ихэдсэн үү, буруу хийсэн үү гэнэт л унаж татдаг болсон. Тэгээд 1999 онд эмнэлгээр явж байгаад 2000 оноос мал малладаг болсон юм. 

-Тэгвэр та их сайхан дуулдаг, бүжиглэдэг байх нь ээ?

     -Ээж минь их сайхан бүжиглэдэг хүн байсан юм. Хүүхэд байхдаа ээж шигээ бүжиглэдэг болох юм сан гэж боддог байж билээ. 

-Та “Малчид дуулж байна” тэмцээнд орж байв уу?

    -“Малчид дуулж байна” тэмцээнд оролцож байсан. Харин сүүлийн үед “Тонжоо” дууг дуулсан залуутай хамт дуулж үзэх юм сан гэж бодоод байгаа. “Тонжоо” гэдэг нь онцгой гэсэн захчин үг юм билээ. 

 

Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188