“Нүүрсний хулгай”-н хэргээр цагдан хоригдож буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн авлигын мөнгөө угаасан оффисын барилгууд болон хаус хотхонуудыг нэгтгэн танилцуулж байна.
1. “ЭТТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН “PARK PLACE” БАРИЛГА ДАХЬ 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОФФИС
Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа сайн найз Содномцэрэнгийн Энхтөрийгөө өөрийнхөө зөвлөхөөр ажилд авсан. Улмаар Б.Ганхуяг, С.Энхтөр нар “нүүрсний хулгай”-н хэргийг хамт үйлдэж, хулгайн мөнгөө хамт “угааж”, өдгөө хамтдаа хоригдож буй.
Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөр нь “Лаки дэйс” ХХК-ийг эзэмшдэг. “Лаки дэйс” ХХК-иараа дамжуулан “Сонгдо монголиа” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Сонгдо монголиа” ХХК нь СБД-ийн 1-р хороо, Хүүхдийн паркийн баруун талд “Park place” гэх 13 давхар оффисын барилгыг барьж, өдгөө эзэмшиж байгаа.
Тэгвэл Б.Ганхуяг “Парк плэйс” гэх 13 давхар оффисын барилгын хоёр давхрыг бүхэлд нь буюу 495 м2 талбайг 2.5 тэрбум төгрөгөөр, 530 м2 талбайг 2.9 тэрбум төгрөгөөр тус тус худалдаж авсан. Тус талбайнуудаа түрээсэлж, жил хагасын дотор 1.0 тэрбум төгрөгийн ашиг олсон нь хууль хяналтынхны шалгалтаар тогтоогдсон. Одоогоор Б.Ганхуягийн “Парк плэйс” барилга дахь оффисын талбайнуудыг битүүмжлээд байгаа.
Б.Ганхуяг “нүүрсний хулгай”-н мөнгөөр оффисын талбай худалдан авч, цааш нь бусдад түрээсэлж байсан нь мөнгө угаах шалгарсан аргуудын нэг. Тухайлбал, “Парк плэйс” оффисын 1 м2 талбайн түрээсийн төлбөр нь 65 мянган төгрөг байдаг. Б.Ганхуяг 495 м2 болон 530 м2 талбайгаа нэг сар түрээслүүлэхэд 66.6 сая төгрөг, нэг жил түрээслүүлэхэд 799 сая төгрөгийн цэвэр ашиг олно гэсэн үг.
2. “ЭТТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭР П.БАДАМХАНД НЬ “REGIS PLACE” БАРИЛГЫН 2, 3, 4 ДАВХРЫН ОФФИСУУД, 13, 17, 19 ДАВХРЫН ОРОН СУУЦУУДЫГ ХУДАЛДСАН
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөрийн төрсөн ах С.Энхтүвшин нь “Саксесс райдер” ХХК-ийг эзэмшдэг. “Саксесс райдер” ХХК-иараа ХУД-ийн 15-р хороо, Тэмээтэй хөшөөний зүүн талд “Regis place” гэх 20 давхар худалдаа, үйлчилгээ, оффис, орон сууц хосолсон барилга барьж, өдгөө эзэмшиж байгаа. Тус барилгыг Б.Ганхуяг, С.Энхтөр нар “нүүрсний хулгай”-н хууль бус мөнгөөр санхүүжүүлж, хариуд нь ашиглалтад орсных нь дараа олон тооны орон сууц, оффисын талбай авч, дамлан худалдах замаар мөнгө угаасан байж болзошгүй.

Тодруулбал, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нь 2021 оны зургадугаар сарын 4-нд “Пеарл пропертиз” ХХК гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан. Улмаар П.Бадамханд “Пеарл пропертиз” ХХК-иараа “Regis place” цогцолборын 2 давхрын рестораны зориулалттай 240 м2 үйлчилгээний талбай, 3 давхрын худалдаа, үйлчилгээний зориулалттай 123 м2, 236 м2 үйлчилгээний талбай, 4 давхрын спорт, фитнес, бялдаржуулах төвийн зориулалттай болон оффисын зориулалттай талбайнуудыг түрээслэх, 13, 17, 19 давхруудад байрлах орон сууцуудыг худалдах заруудыг сошиал сүлжээнд байршуулж байсан.
Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг “нүүрсний хулгай”-н мөнгөөр худалдаж авсан оффисуудаа түрээслэх, дамлан худалдан зорилгоор эхнэр П.Бадамхандынхаа нэр дээр “Пеарл пропертиз” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан нь илэрхий харагдаж байгаа юм.
“ЭТТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭР П.БАДАМХАНД НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТЫН ХАМААРАЛТАЙ “ЖАРГАЛАНТ” ХОТХОН БОЛОН Т.АЮУРСАЙХАНЫ ХАМААРАЛТАЙ “АР ГҮНТ ВИЛЛА” ХОТХОНООС ТУС БҮР НЭГ ХАУС ХУДАЛДСАН
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн “нүүрсний хулгай”-н хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар нэр холбогдож буй. Тэгвэл Б.Ганхуяг, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын “нүүрсний хэрэг”-ийн холбоо хамаарлын хардлагыг илүү ойртуулах нэг баримт байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуу нь Богдхан уулын Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн 46 хаус бүхий “Жаргалант” гэх хотхоныг барьж худалдсан. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь Ар гүнтийн аманд тансаг зэрэглэлийн 69 хаус бүхий “Ар гүнт вилла” гэх хотхоныг барьсан, худалдаж эхлээд буй. Тэгвэл Б.Ганхуяг нь Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын хамааралтай дээрх хотхонуудаас хаус “бэлгэнд” авсан байж болзошгүй аж. Тодруулбал, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандын эзэмшдэг “Пеарл пропертиз” ХХК нь “Жаргалант хотхон”-д 211.6 м2 талбайтай хаус худалдана, “Ар гүнт вилла” хотхонд 75.1 м2 талбайтай хаус худалдана гэх заруудыг олон удаагийн давтамжтайгаар сошиал сүлжээнд байршуулж байжээ.


“ЭТТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГ, “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.ХИШИГДОРЖ НАР НҮХТИЙН АМАНД СПОРТ ЦОГЦОЛБОР, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИХААР 7.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭЭД БАЙСАН
АТГ-ынхан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдорж нарыг хамтад нь баривчилж, цагдан хорьсон. Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарыг хамтад нь барьсан нь хоёр том шалтгаантай. Нэгдүгээрт, Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Б.Хишигдоржийн “Хишиг арвин индустриал” ХХК-д хэт давуу байдал олгож, зөвхөн 2019-2021 оны хооронд 1.5 их наяд төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын тендер өгсөн. Хоёрдугаарт, Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар “нүүрсний хулгай”-н мөнгөө хамтран угааж байсан нь илэрсэн.
Тодруулбал, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн талаас түүний бэр Б.Мандчирмаа, Б.Ганхуягийн талаас Д.Болормаа, О.Дагвадорж нар хамтран “МД трейвэл” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар “МД трейвэл” ХХК-ийнхаа нэр дээр ХУД-ийн 23-р хороо буюу Нүхтийн аманд 4.6 га газар авсан. Тус газар дээрээ 2021 оноос Спортын цогцолбор, орон сууцны хотхон барьж эхэлсэн. Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар “МД трейвэл” ХХК-иар тус цогцолбор хотхоныг бариулж эхэлснээсээ хойш нийт 7.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэ мөнгөний 5.0 тэрбум орчим нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн мөнгө буюу “нүүрсний хулгай”-н мөнгө байсныг хууль хяналтынхан тогтоосон.


Одоогоор АТГ-ынхан Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын хамаарал бүхий этгээдүүдийнхээ “МД трейвэл” ХХК-ийн нэр дээр бариулж байсан Спорт цогцолбор, орон сууцны хотхоны барилгын ажлыг битүүмжлээд байна. Мөн Б.Ганхуягийн авлигын мөнгийг спорт цогцолбор, орон сууцны хотхон болгож угаах ажилд хамтрагчаар оролцсон “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадоржийг сарын хугацаатай цагдан хориод байгаа юм. Сонирхуулахад, Б.Ганхуягийн мөнгө угаах гар хөл болсон О.Дагвадоржийн бизнесийн холбоо хамаарлыг хөвөрдвөл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дээр хөтөлж очдог.
“ЭТТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН ТӨРСӨН ЭГЧ Б.НАРАНТУЯА, ХҮРГЭН АХ Д.ПҮРЭВДОРЖ НАР НЬ ЖАРГАЛАНТЫН АМАНД 22 ХАУС БАРЬЖ, НИЙТ 17 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДСАН
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, түүний нөхөр Д.Пүрэвдорж нар “нүүрсний хулгай”-н мөнгийг угаасан хэргээр АТГ-т шалгагдаж буй. Тодруулбал, Б.Нарантуяа, Д.Пүрэвдорж нар 2019 онд “Бест хаус констракшн” ХХК-ийг байгуулж, тус компанийнхаа нэр дээр Богдхан уулын Жаргалантын аманд газар авсан. Улмаар 2020 оноос тус газар дээрээ тансаг зэрэглэлийн 22 хаус бүхий “Жаргалант вилла” хотхоныг барьж, худалдсан. Тухайн 22 хаусыг нэг бүрийг нь 800 сая төгрөгөөр буюу нийт 17 орчим тэрбум төгрөгөөр худалдаж, “мөнгө угаасан”. Сонирхуулахад, Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, түүний нөхөр Д.Пүрэвдорж нар өмнө нь СХД-т хувийн цэцэрлэг ажиллуулдаг л бизнестэй байсан юм.
БАРИМТ: Б.ГАНХУЯГИЙН АВЛИГЫН МӨНГӨӨРӨӨ СПОРТ ЦОГЦОЛБОР БОЛОН ОФФИС, ХАУСУУД БАРЬЖЭЭ |
|