• Өнөөдөр 2024-05-04

С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН

2024-03-15,   2779

  -116 МЕТР ӨНДӨР ХАДАН ХАВЦЛААС МАШИНТАЙ УНАХДАА 80 МЕТРИЙГ НЬ АГААРТ, ҮЛДСЭНИЙГ НЬ ХАД АСГААР “ТУУЛЖ”, АМЬД ГАРЧЭЭ-

     С.Баярмагнай “Хилийн цэргийн амьдрал, цэрэг жолооч байсан үеэ сүүлийн үед их санах болжээ. Тэр үеийн амжилт, ололт, алдаа, дурсамж бүхэн минь сэтгэл дүүргээд сайхан байх юм. Өөрийгөө ямар азаар хилийн цэрэгт алба хаасан юм бэ гэж боддог” хэмээн залуу насныхаа гэгээн дурсамж, мартагдашгүй мөчүүдээ ярив.Нэгдлийн 800 гаруй адуу хариулж байсан түүнийг 18 нас хүрсэн даруйд нь Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэрэгт сонгон хуваарилж, хилийнхэн түүнийг цэрэг жолооч болгон хүмүүжүүлжээ. Тэр залуухан цэрэг жолооч явахдаа хүн итгэхэд бэрх гурван ослоос амьд гарч, жолоодлогын гарамгай чадвар, эр зоригоороо өөрийгөө болон бусдыг аварсан гавьяатай нэгэн юм. Түүний зориг, чадварыг биширсэн хилийн цэргийн нөхөд нь “Нисдэг Магнай” хэмээн нэрлэх болжээ. Бусдад “Нөгөө нисдэг” болтлоо танигдаж, залуу насны зоримог зангаараа хилийнхэн дунд “нисэж” явсан түүний домог шиг түүхийг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Мөн түүнийг алмас судлаач Р.Равжирын жолооч гэдгээр нутгийнхан нь анддаггүй билээ.

      Говь-Алтай аймгийн Алтай заставынхан 1975 онд шинэ жилээ нижгэр сайхан тэмдэглэхээр болж, сүрлэг мод засахаар төлөвлөжээ. Тухайн үед цэрэг жолооч байсан С.Баярмагнай арванхоёрдугаар сарын 27-нд заставын дарга, хоёр цэргийн хамт Хавтагийн нуруунаас шинэ жилээр засах арц мод аваад буцаж явахдаа Хавтагийн нурууны ар болох Эргүү харын хударга гэх өгсүүр хөтлийн 116 метр өндөртэй хавцал руу “ниссэн” байдаг. Хавцлын оройгоос доош найман метр хадан дээр унахад машиных нь гэрэл унтарч, гэрэлгүй болсон гэдэг. Харин 16 метр хадан дээр дахин ойж, тар, няр болоход мотор нь салж, бардак нь задарч, ард сууж явсан Баян-Өлгий аймгийн цэрэг шидэгджээ. Түүнээс доош 54 метрт унахаар агаарт “нисэж” явахдаа С.Баярмагнай сэхээ авч, орчноо ажиглахад заставын дарга н.Мянгаджав урд талын бариулаас бариад босчихсон, ард сууж явсан Увсын Б.Батсүх гэх цэрэг урд талынхаа хоёр суудлын бариулаас тас зуурчихсан “Ээ, хөх тэнгэр минь өршөө” хэмээн бархирч байсан гэдэг. Харин Баян-Өлгий аймгийн цэрэг дуугараагүй болохоор байгаа үгүйг нь мэдээгүй өнгөрчээ. Тэгээд С.Баярмагнай жолоогоо алдаж болохгүй гэдгээ ухаарч, гараа жолооноосоо тас зуурсан байна. Ийнхүү доошилсоор газраас 16 метр өндөр хадан хошууны оройг машинтайгаа сэт мөргөхөд урд талын зүүн гар талаас нь хоёр дугуй зад үсэрч, Баярмагнай жолоогоо алдаж, машинаас шидэгдэн хайрган дээр суугаагаараа буусан аж. Нөгөө хоёр нь түүнээс доош найман метр “унаад” жалганд машинтайгаа тогтож, эсэн мэнд бууцгаажээ.

       Заставын дарга Т.Мянгаджав, Увсын цэрэг Б.Батсүх нар С.Баярмагнайг очиход  шоконд орчихсон, Б.Батсүх нь түүнийг тэврээд уйлсан бол заставын дарга юу ч дуугарч чадахгүй болтлоо айсан байсан гэх. Тэд Баян-Өлгийн цэргийг байхгүйг мэдээд, нэрээр нь дуудтал тэднээс нэлээн дээр муухан дуу гарсан байна. Тэднийг ослоос ийн амьд үлдээд уулзалдаж байтал машинд байсан савтай шатахуун нь асгарч, машин шатаж, Буу, зэвсэг, нэг тахаа зэргийг самбаачлан авч амжжээ. Баян-Өлгийн цэргийн хөл хугарсан байсан тул С.Баярмагнай хамт үлдэж, заставын дарга, Увсын цэрэг хоёр 30 километр орчим зайтай Зээгийн застав руу явсан байна. Уг застав дээр Ховдын Үенч сумын эмч дуудлагаар ирчихсэн байсан учир хөл нь хугарсан цэрэгт анхан шатны тусламж үзүүлэх хэрэгтэй гэж тооцоолоод ийн явсан хэрэг. Ийнхүү 116 метрийн өндөр хавцлаас машинтайгаа унасан ч дөрвүүлээ амьд, мэнд үлдснээс үүдэн С.Баярмагнайг “Нисдэг Магнай” хэмээн хочилж, төвөөс ирсэн дарга нар, хилийнхэн томилолтоор явахдаа “Танай нисдэгтэй явъя” гэдэг болсон түүхтэй аж. Тэр үед С.Баярмагнай 20 настай байсан гэдэг. 

БАЯРМАГНАЙГ БАГА ТҮРҮҮЧ ЦОЛООР ШАГНАЖЭЭ

        Б.Цэдэн-Иш генерал дээрх ослын талаар сонсоод “Тийм аймаар ослоос машинаа зөв жолоодож, бусдынхаа болон өөрийнхөө амийг аварсан цэрэг жолоочийг шагна, шагна” гэжээ. Улмаар нэгэн хурлын үеэр бага түрүүч цолоор шагнахаар нэрийг нь дуудсан гэдэг. “Нисдэг” Магнай ч “Осол гаргасан намайг шагнана гэж байхгүй. Хүн андуурсан байх” гэж бодоод гараагүй.  Заставтаа иртэл  салаан дарга нь “Чамайг шагнахаар дуудаад байхад яагаад гарч ирээгүй юм бэ” гээд шагналыг нь нэр төртэйгөөр зүүж өгсөн аж. Тэр осол дээр олон байцаагч ажиллаж, дүгнэлт гаргажээ. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын автотехникийн байцаагч н.Даваажав С.Баярмагнайгийн осолд дүн шинжилгээ хийхдээ “Жолооч үүнээс илүү ямар арга хэмжээ авч, ур чадвар гаргах вэ дээ” хэмээн түүнийг өмгөөлж байсан гэдэг. Осол гаргасан тухайгаа аав, ээжийнхээ санааг зовоочихно гээд хэлж чадахгүй, дуулгахгүйг хичээж байсан С.Баярмагнайд энэ үг тухайн үедээ их сайхан санагдаж байсан гэдэг. Мөн Ш.Самбуудорж дарга түүний гаргасан ослыг “80 гаруй метрийг нь агаарт, 36 метрийг нь газраар туулсан” хэмээн нарийвчлан тогтоосон байдаг.

ШАТАХУУНЫ ЁМКОСТЬ ДЭЭРЭЭС ДАХИН “НИССЭН” НЬ

         С.Баярмагнай нэг удаа тууврын мал услах шаардлагатай болж, шатахуун зөөвөрлөдөг байсан ёмкостийг усны сав болгохоор гагнаж байтал шатахууны үлдэгдэл нь ууршиж, дэлбэрчээ. Дээр нь сууж байсан С.Баярмагнай ч дэлбэрэлтийн улмаас агаарт шидэгджээ. Нэг мэдэхэд л толгой нь эргэж газар, тэнгэр хоёр ээлжлэн харагдаж байсан гэдэг. Тэр ийнхүү “нисэж” явахдаа өөрийгөө тэрүүхэнд хураалттай байсан банзан дээр унаж байна гэж бодтол хажууд нь унаж, гараа гэмтээжээ. Түүнийг ийн нисээд, газардах хооронд гагнуур хийж байсан машин нь дэлбэрч бас л авах юмгүй болсон байж. Тэр ослын дараа түүнийг “Амьд үлдсэн тул ангийн даргын жолооч болго хэмээн тушаал дэвшүүлжээ.

ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ОСЛООС АМЬД ГАРСАН НЬ

       Үүгээр зогсохгүй түүнд бас нэг сонин үйл явдал тохиолдож байв. Түүнийг Намын дээд сургуульд сурч байхад нь улс төр, эдийн засгийн ухааны н.Жаргалсайхан гэх багш нь нэг удаа “Хэдүүлээ өнөөдрийн хичээлийг тасалчихъя. Сайхан юм яръя” гээд ширээ тойрч суугаад элдвийг ярьж гарч. Гэтэл багш нь гэнэт шавь нарынхаа алгыг харж, хувь заяаг нь хэлж өгье гэж.                                                         

      Ийн нэг нэгээр нь хэлж байснаа С.Баярмагнайгийн алгыг хараад “Чамд гэнэтийн  олон осол тохиолдож байсан юм байна. Гэхдээ чи ослоос ямар азтай гардаг юм бэ. Одоо чамд нэг осол яг тулчихсан байна. Түүнээс амьд гарах юм бол чи 80 хүртлээ чулуугаар цохисон ч алзахгүй” гэжээ. С.Баярмагнайгийн азтай, ховор түүхийг ангийнхан нь мэддэг байсан болохоор багшийгаа “Та сайн мэдэж байна. Танд алгаа харуулахгүй” гэцгээгээд больж гэнэ. С.Баярмагнай түүнээс удалгүй хилийн цэргийнхэнтэй хил рүү явжээ. Өвөрхангай аймгийн наахна машины цуваа зогсож, аяны чилээ гаргатал хамт явсан машины жолооч нь С.Баярмагнайг “Чи миний машинд сууж, жаахан юм ярь л даа, ярих юм байна” гээд машиндаа сууж явсан нэг хүнээр С.Баярмагнайгийн машиныг бариулаад хөдөлж. Ийн солигдоод 10 минут ч болоогүй байтал яг өмнө нь явж байсан машины жолооч үүрэглэж, ачаатай машины араас мөргөөд, С.Баярмагнайтай солигдож суусан хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ.

АЛМАС СУДЛААЧИЙН ЖОЛООЧ БОЛСОН НЬ

        Р.Равжир гэх судлаач Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын заагт орших Сайрын уулнаас 1973 онд алмасны мөр олж, түүнийгээ сонинд хэвлүүлж, Шинжлэх ухааны акедами болон нэрт зохиолч Б.Ренчин рүү илгээсэн гэдэг. Б.Ренчин гуайгаас түүнд “Та эрэлд гарсан эхний өдрөө алмасны мөр, үс, ноосыг олсон байна. Энэ нь алмасыг амьдаар нь барих сайхан үйлсийн эхлэл биз ээ” гэснээр Р.Равжир судлаач судалгаагаа бүр лавшруулахаар шийдсэн байдаг. Тухайн үед С.Баярмагнай Р.Равжир гуайн жолоочоор нь томилогдон явсан аж. Тэдний олон хоногоор явах Мөнххайрхан, Эрдэнэхайрхан ууланд “ГАЗ-66”-аас өөр машин явдаггүй, бас баргийн жолооч туулж барахгүй тул түүнийг сонгосон хэрэг. Р.Равжир гуай Мөнххайрхан, Эрдэнэхайрханаар нутгийн хөгшчүүлтэй 10-аад хоног хууч хөөрч, цөөнгүй өдөр өндөрлөг газраас уул, хад руу өдөржин дурандаж, юм тэмдэглэж явсан аж. Тэд сарын томилолттой явсан ч 14 хоноод буцсан гэдэг. Түүнийг ийнхүү судлаач Р.Равжиртай томилолтоор яваад иртэл найзууд нь “Нисдэг Магнай алмас судлаачийн жолооч болсон гэсэн үү. Та хоёрт юу олдсон бэ. Юутай таарав” гэх мэтээр шоглож эхэлсэн байна. Ингэж өөрийгөө алмас судлаачтай алмасын эрэлд явснаа мэдэж байсан гэдэг.

ЖОЛООЧ ЦЭРЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГА БОЛСОН НЬ

       С.Баярмагнай Говь-Алтай аймгийн Шарга суманд 1955 төрсөн айлын том хүү. Долдугаар ангиа төгсөөд мал маллаж байгаад Алтай сумын хилийн цэрэгт алба хаахаар татагдсан аж. Хилийн цэрэгт жолооч ховор байсан болохоор түүнийг Ардын армийн авто жолоочийн 107 дугаар сургуульд хуваарилж, Ховдын Булган суманд заставын жолоочоор ажиллаж байгаад отрядын төвд татагдаж, дарга нарын жолооч болж байжээ. Тэр үед С.Баярсайхан дарга нарын жолооч байсан учраас гурав, дөрвөн машин ээлжилж унадаг байсан гэнэ.

       Тэрбээр энэ тухайгаа “Би нэг машинаа авчирч тавиад, нөгөөг нь унаад л гардаг баян жолооч байлаа. Дандаа дарга нартай хол замд явдаг байсан болохоор мэдээлэлд ойр, хязгаар нутгийн амьдралын тухай ихийг сонсож, цэргийн гурван жилээ өнгөрүүлсэн. Халагдах болоход намайг улирааж, ахлах жолооч болгосон. Улирсан жилээсээ хойш хилийн отрядын даргын жолоочоор найман жил ажиллаж офицер болсон. Ингээд Тахийн шар нурууны Заставын улс төрийн орлогчоор томилогдон хоёр жил ажиллаад, Намын дээд сургуулийг 1990 онд төгссөн дөө. Сургуулиа төгсчихөөд Алтай отрядад Зэвсэглэл, техник хариуцсан даргаар томилогдож, найман жил ажиллаад 1998 онд чөлөөндөө гарсан. Гэтэл хилийн байдал хурцдаж, хулгайгаар спирт оруулж ирэх дарга нарын хуйвалдаан гаарч, байдал хэцүүдэх үеэр шинээр томилогдсон дарга нар намайг буцаан ажилд маань томилж, би 2000 оноос хойш дөрвөн жил ажилласан. Эхнэр минь надтай хамт заставт нярав, нягтлан, тогооч гээд арын албаны бүх л ажлыг хийсэн дээ. Түүнийхээ хажуугаар таван хүүхдээ эрүүл саруул, сайхан өсгөж, хүмүүжүүлсэн. Ингэж явсаар би иргэдийн хүсэлтээр Алтай сумын Засаг даргаар томилогдон, найман жил ажилласан. Ямар ч гэсэн муу нэр дуулалгүй ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед “Дарга нар мөнгө, төсөв идлээ” гэх асуудал гардаггүй, иргэдээсээ хандив гуйдаг хамгийн ядуу үе байлаа шүү дээ. Улстөрчид ч орон нутгийн удирдлагуудад дэмжлэг үзүүлж, сайхан ажилладаг байсан. Алтай бол Монголын алслагдсан сум. Аймгийн төвөөс 360 километр, сумын айлууд нь сумын төвөөсөө 200 гаруй километр зайтай. Алтай сумын хамгийн захын айл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын захын айлтай 800 километр зайтай, дунд нь нэг ч айл байдаггүй. Хилийнхэн хилээрээ, дархан газрынхан булаг, усаараа л тойрдог. Манай сумынхан жирэмсэн эмэгтэйг 500 километр зайтай аймагт хүргэх гэж тэвддэг байлаа. Заримдаа аймагт хүргэж амжихгүй замд ойрхон суманд, цөөнгүй нь эмнэлэг хүрэх замдаа машинд амарждаг. Иймд зам сайжруулах ажлыг нэн тэргүүнд хийсэн. Үүнээс гадна сумынхан маань надад сайн байдаг шалтгаан гэвэл, тэр үед гурил байсхийгээд л тасарчихдаг байлаа. Би танил тал, найз нөхдөө шавдуулж байгаад чиргүүлтэй тэргээр гурил ачиж ирээд, сумынхандаа тараана. Тэр үед ээжүүд боорцгоо авдартаа цоожилж байгаад хүүхдүүддээ тоолж өгдөг хүндхэн цаг байсан. Тийм үед гурил үнэгүй өгнө гэдэг багагүй дэм болж байсан байх л даа. Мөн өнөөгийн хэрэглээд байгаа телевизийн антенийг би Хятадаас анх сумандаа оруулж ирж, сумаа цахилгаантай болгож, радио, телевизийг нь засаж өгснөөр сумынхантайгаа илүү дотно болсон. Хэдий би өөр сумынх ч гэлээ 30 жил амьдарчихаар нутгийн хүнээс ялгаагүй болчихож байгаа юм. Манайхан ч намайг гадных гэж ялгаж байсан удаагүй. Ийм л түүх, намтартай хүн дээ, өвгөн ах нь” хэмээснээр бидний яриа өндөрлөсөн юм.

      Тэрбээр өдгөө нөгөө л бусдын яриаг сонсох, аливааг мэдэх, сурах сониуч зандаа хөтлөгдөн Налайх дүүргийн Гордокод амьдардаг эрдэмтэн, судлаач, өндөр настнуудтай хууч хөөрөнгөө ууланд алхаж, өдөр бүрийг сонирхолтой, түүхтэй өнгөрүүлж байгаа гэнэ. Нисдэг Баярмагнай маань одоо 68 настай ч 20-той жагсаалын цэрэг шиг жавхаатай явна лээ.  

 

 


С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-17 23:36:05
    Ганболд: Бодит байдлаа үнэн зөвөөр нүдэнд харагдтал гоёл чимэггүй сайхан ярьжээ .Хамт ажиллаж амьдарч байсны хувьд сайн мэддэг дээ хамт ажиллаж байхад түшиг тулга тай мундаг ХИЛЧИН ДЭЭ .БАЯРААДАА ЭРҮҮЛ ЭНХ АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ УРТ НАСЛАХ БОЛТУГАЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-16 11:21:05
    Цэнгэл: Сайхан ахдаа хорвоогийн сайхан бүхнийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-16 00:11:04
    Б.Өлзийхишиг : Хайртай ханийн минь унаган багын найз, Баяраагийнхаа дурсамж яриаг уншаад сэтгэл ихэд хөдөллөө. Хилийн цэргийн амьд домог болсон эрхэм найздаа урт насалж удаан жаргахын ерөөл өргөе.Та нартаа хайртай шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 14:32:30
    Шоовон Буяннэмэх: Үеэл ахдаа урт наслахыг хүсэн ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 14:15:39
    Del: Осол гаргахгүй жолоочыг сайн жолооч гэдэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 12:46:08
    Лхамсүрэн.р: Урт.наслаж Удаан.жаргаарай....р.лхамсүрэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 12:45:31
    Би : Агаарт шидэгдэж яваа машиныг жолоодно гэж юу байхавдээ! Харин ховорхон азтай дамшиг юмдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 12:36:36
    ШООВОН Бадамцэцэг: ♡❤❤❤
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 12:34:05
    Шоолон Бадамцэцэг: МАШ ГОЁ ТҮҮХ БИЧСЭНД БАЯРЛАА АХДАА ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ ❤
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 11:04:04
    Дайрийжав: Гүнжиддээ баяр хүргэе. Хөөрхөн хөөрхөн нийтлэлүүдийг нь уншаад бахархаад л байдаг даа. Бас аавын минь эрхэм найз, бас дарга Баярмагнай ахдаа эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188