• Өнөөдөр 2026-04-09

Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА

2026-04-09,   177

ЭЭЖ МИНЬ ЗУНЫ ХАЛУУНД ХОНЬ СААЖ БАЙХДАА НАМАЙГ МӨРӨН ДЭЭРЭЭ СУУЛГАЖ ЭРХЛҮҮЛДЭГ БАЙСАН ГЭДЭГ

     “...Би сайхан ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж араг савартай хөшөө урлаж, Улаанбаатараас Сүхбаатар орох замд сүндэрлүүлсэн юм. Ээж  минь намайг сургуульд явсан дөрвөн жилд ч тэр, цэрэгт татагдсан гурван жилд ч ялгаагүй их санаж, аргал түүгээд явж байхдаа юм уу, хаа явсан газраа төв зам руу харуулдаад л зогсдог байсан гэдэг. Ээж минь намайг цэрэгт байхад “Ээж нь хүүгээ их санах юм даа. Хэчнээн  хугацаа өнгөрчихөөд байхад хүүгээс минь ямар ч сураг чимээ гарахгүй юм. Үүнд ээжийнх нь санаа зовж байна” гэсэн утгатай захидал ирүүлж байсан юм. Хүүгээ гэсэн ээжийн минь чин сэтгэлийн тэрхүү үг одоо ч миний зүрхэнд байдаг учраас хөшөөн дээрээ ээжийнхээ сэтгэлийн үгийг давхар мөнхөлсөн юм аа” гэх энэ хүнийг Ч.Эрдэнэбилэг гэдэг. Тэрбээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Чойнзон, Лхамсүрэн нарын бага хүү болон мэндэлжээ. 96 насласан ачтай ээжийнхээ гэгээн дурсгалд зориулсан түүний ээжийн хөшөөнд олон хүн саатаж, идээ будааныхаа дээжийг өргөж, хөшөөнд нь сүслэн залбирдаг болоод зургаа дахь жилээ болж байна. Уран барималч Ч.Эрдэнбилэгтэй ээжийнх нь тухай болон хөшөөг хэрхэн бүтээсэн талаар ярилцлаа. 

-Та ээжийгээ бодох, дурсан санах үедээ ямар дурсамжаа илүүтэй үгүйлдэг вэ. Ээжийнхээ хөшөөг араг савартай урласан нь ямар нэгэн дурсамжтай нь холбоотой юу?

     -Миний өнөөдрийг хүртэл ээжийгээ гэж боддог, ээжээ гэж дуудаж өссөн Лхамсүрэн гэдэг хүн бол миний эмээ юм. Харин миний биеийг төрүүлж өгсөн  ээж минь намайг нялх байхад бурхан болчихсон юм билээ. Тэгээд би эмээ, өвөө хоёрынхоо ачаар хүн болсон түүхтэй. Өвөөгийнх хэдий олон хүүхэдтэй ч гэлээ намайг өөрсдийнхөө хүүхдүүдээс илүү хайрлаж, эрхлүүлж, намайг гэдэс цатгалан, мөр бүтэн, хайраар дутаалгүй өсгөсөн юм. Би ч аав, ээж хоёрыгоо сэтгэлдээ үргэлж хайрлан, хүндэлж явдаг. Миний аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сайхан, жаргалтай үе бол мэдээж хүүхэд нас. Ээжийгээ аргал түүгээд завгүй байхад нь хүртэл хормойдоод л гүйдэг байсан. Тэр үе ээж бид хоёрын хувьд хамгийн жаргалтай, мартагдашгүй сайхан үе байсан гэж боддог. Мэдээж би цагийн эрхээр өсөж том болж аав, ээжийнхээ өврөөс гарч, сургууль соёлд явж, цэрэгт татагдсан. Тэр үеүдэд зөвхөн ээж, аав минь намайг санадаг байсан гэлтгүй би ч бас аав, ээжийгээ их л санадаг байж дээ. Ээжийгээ санахаар аргаа үүрээд явж байгаа нь л юу юунаас илүү сэтгэлд тод, ойрхон бас сайхан санагддаг сан. Одоо ч гэсэн ээж минь аргал түүгээд л би хажууд нь шилбүүр унаад гүйдэг байсан гэгээн өдрүүд л санаанаас гардаггүй юм. Энэ дурсамж надад хамгийн сайхан учраас би ээжийнхээ хөшөөг араг савартай урласан юм.

-Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулсан хөшөөн дээр нь “Ээж нь хүүгээ их л санах юм даа” гэсэн үг байдаг юм билээ.  Тэр үгийг анх уншихад Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч гуайн “Эхийн сэтгэл” шүлэг санаанд орсон?

    -Олон хүн тэгж хэлдэг юм. Би Дүрслэх урлагийн сургуульд дөрвөн жил сурчихаад аймагтаа нэг жил ажилласан юм. Тэгээд удалгүй гурван жилийн цэрэгт татагдсан. Тэр үед ээж минь намайг их санаж, уйлж байсан гэж ах, дүү, нутгийнхан ярьдаг. Тухайн үеийн малчид бичиг үсэг төдийлөн тайлагдаагүй байсан үе. Ээж минь нэг удаа хүнээр захиа бичүүлэхдээ “Ээж нь хүүгээ их санах юм. Өчнөөн хугацаа өнгөрчихөөд байхад чамаас ямар ч хариу, сураг алга байна. Үүнд ээж нь их санаа зовох юм” гэсэн утгатай захидал ирж байсныг би санадаг бас түүнийг нь огт мартдаггүй. Тийм болохоор би ээжийнхээ надад бичиж байсан, миний төлөө зовж, шаналж, намайг хайрлаж байсан сэтгэлийг нь мөнхжүүлэхээр хөшөө дээрээ тэр үгийг бичсэн. Бас “Бүх сайхан бурхан ижий нартаа зориулав” гэж бичсэн байгаа. Хорвоогийн бүх сайхан ээж үрийнхээ төлөө л тийм ихээр санаа нь зовдог, санадаг юм шүү дээ.

-Тийм ихээр санадаг байсан аав, ээж нь таныг гурван жил цэргийн алба хаачихаад ирэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ?

    -Ээж минь намайг байн байн үнсээд их л уйлж байсан юм. Санасан сэтгэл нь л тэр шүү дээ. Тухайн үеийн хүмүүс одоогийнх шиг хайртай, дуртай, санасан барьсан гэдгээ шууд хэлчихдэггүй дотогшоогоо хүмүүс байсан юм.

-Таны хувьд ээжтэй нь холбоотой хамгийн сайхан дурсамжуудын нэг нь цэрэгт байхад нь ирүүлсэн захидал юм байна шүү дээ. Та ээжийнхээ захидлыг хадгалсан уу?

    -Би тэр захидлыг хадгалж чадаагүй. Харин ээжийн минь энгэртээ байнга зүүж явдаг байсан төмөр гуутай Ногоон дарь эх бурхан, хүрд хоёр нь надад үлдсэн. Түүнийг нь би гэртээ хадгалдаг. Бурхны гууны дөрвөн булан нь элэгдээд цоорчихсон байдаг юм.

-Цэргээс ирснээсээ хойш ээжтэйгээ ойр дотно байсан уу. Та сүүлчийн жилүүдэд ээжийгээ асарч, ачилж чадсан уу?

     -Би аав, ээжийнхээ ачийг хариулж, олон удаа баярлуулж байгаагүй ч чихийг нь халууцуулж, хэрэг төвөг тарьж байгаагүй. Цэргээс ирчихээд гэр бүлтэй болж, тусдаа амьдарсан. Төдийлөн ээжтэйгээ хамт, ойр байгаагүй.

-Та багадаа их эрх хүүхэд байсан гэлээ. Аав, ээж нь таныг яаж эрхлүүлдэг байв?

    -Намайг бага байхад аав, ээж минь нэгдлийн олон хоньтой байсан юм. Зуны халуунд хонь холбож саадаг байсан үе шүү дээ. Ээжийгээ хонь сааж байхад нь мөрөн дээр нь л сууж байдаг тийм л эрх дураараа хүүхэд байсан гэж ярьдаг юм. Тийм халуунд хонь саахын хажуугаар намайг мөрөн дээрээ тоглуулж байдаг ямар ч их тэсвэр тэвчээртэй, амгалан, тайван хүн байсан юм бэ дээ, ээж минь. Уг нь намайг уйлсан ч хамаагүй буулгачихаж болно шүү дээ. Гэтэл тийм зөөлөн уяруу, сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан даа, миний ээж. Аав минь ч ялгаагүй эрхлүүлдэг, надад барагтай л бол үг хэлдэггүй тийм л хүн байсан юм.

-Та ээждээ зориулсан хөшөө урлахаасаа өмнө эх үрийн сэдэвтэй хөшөө, дурсгал хийж байв уу. Та ихэвчлэн ямар бүтээлүүд хийдэг вэ?

    -Би өмнө нь эх үрийн сэдэвтэй холбоотой бүтээл хийж байгаагүй. Хүмүүсийн сайн мэдэх Сансарын Эвтэй дөрвөн амьтны хөшөө, Баянзүрхийн арслантай тойргийг хийж байсан. Мөн яруу найраг Д.Нямсүрэнгийн хөшөөг найз Ж.Дүүрэнтөгсийн хамт бүтээж байлаа. Үүнээс гадна орон нутгуудад дурсгалтай олон хөшөө дурсгал хийж байсан. Сүүлийн үед ээжийн хөшөө хүмүүст их танигдаж байна.

-Ээжийнхээ дурсгалд зориулсан хөшөөг ямар материалаар хэдий хэмжээтэй хийсэн бэ?

     -Би ээжийнхээ дурсгалд зориулсан хөшөөг ус, чийг үзэх тусам улам бэхждэг материалаар 4.5 метрийн өндөртэйгөөр хийсэн. Би залуудаа ээжид “Хүү нь ээждээ зориулж хөшөө хийж өгнө” гэж байсан юм. Гэтэл ээж “Тэгвэл одоохон хийчихээч” гэж билээ. Би ээждээ хэлсэн ёсоороо нутагтаа хөшөөг нь урласан. Энэхүү хөшөөнд манай дүү тусласан. Ээжийн минь хөшөөнд олон хүн идээ, будааныхаа дээжийг өргөдөг болсон байна лээ. Мөн тэрхүү хөшөөнөөс сэдэвлэсэн хоёр ч дуу гарсан гэж сонссон.


Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188