• Өнөөдөр 2026-04-09

“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН

2026-04-09,   310

        “Бодь”-ийн босс Д.Баясгалан оффтейк гэрээнд нь оролцсон улстөрчдөд 110 сая ам.доллар бэлэг болгож бэлнээр тараасан, түүнээсээ 1.3 сая ам.долларыг нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын халаасанд хийсэн хэрэгт холбогдоод буй. Хэдийгээр Д.Баясгалан “Мэдэхгүй, танихгүй, хамаагүй” гэж гүрийж байгаа ч Хотын дарга асан Д.Сумъяабазар, Шанхайд “орогнож” буй А.Амундра нар эл авлигын хэрүүдийг нь гэрчлэхэд бэлэн гэдгээ илэрхийлчихсэн. Өөрөөр бол, “Бодь”-ийн босс Д.Баясгалан АТГ-ынханд хоёр дахь удаагаа ачигдах эсэх нь цаг хугацааны л асуудал болчихоод байна. 
 
“Бодь”-ийн босс Д.Баясгалан Тавантолгой-Гашуунсухайт болон Богдхан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх эрхийг хэнээс авсан, хэчнээн сая ам.долларын оффтейк гэрээ байгуулсан, нүүрсний ханшийн зөрүүгээр хэрхэн хагартлаа хөлжсөн гэх мэт асуудлууд нь өнгөрсөн дөрвөн жил улиг болтлоо яригдсан тул нэмж нурших илүүц байх. Харин илүү сонирхолтой, бүр ноцтой баримтууд байна. 
 
        Тодруулбал, 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж “амташсан” Д.Баясгалан дахиад 2.2 тэрбум ам.долларын өртөгтэй Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын төслийн концессын эрхийг авчихсан байна. Ингэхдээ өөрийн “Санзай вилла” хотхоныхоо хөршүүдийн нэр дээр авчээ. 
 
Д.БАЯСГАЛАНГИЙН “САНЗАЙ” ХЭМЭЭХ БҮЛЭГЛЭЛ 
 
       “Бодь”-ийн босс Д.Баясгалан Санзайн аманд хэдэн арван тансаг хаус бүхий “Санзай вилла” хэмээх хотхонтой. Харуул хамгаалалт чангатай, ой модон дундуур алхаж л ордоггүй юм бол гадны хүн нэвтрүүлдэггүй. Д.Баясгалан өөрөө “Санзай вилла”-гийнхаа зүүн захад, ойн чөлөөнд тансаг харштай, хотхоныхоо хаан нь гэсэн шиг ялгарч харагддаг. Түүний “Санзай вилла”-д Бельги дэх Элчин сайд Лу.Болд, түүний эгч Л.Сарангэрэл, ЗТ-ийн сайд асан М.Зоригт, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан Б.Батбаяр буюу Баабарынх гэх мэтээр улс төр, бизнесийн томчууд л амьдардаг. Сонирхуулахад, нэр бүхий нэгэн “эрхэм”-ийн дөрвийн дөрвөн хаус энэ хотхонд бий. 
 
Гол нь, “Бодь”-ийн босс Д.Баясгалан өөрийн үнэнч “цэрэг”-үүдэд буюу “Голомт банк” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-иудынхаа үе үеийн гүйцэтгэх захирал, газрын захирлуудад “Санзай вилла”-даа нэг, нэг хаус өгч өмчлүүлээд амьдруулж буй ажээ. “Санзай вилла”-д хэн хүссэн нь хаус авчихдаггүй, зөвхөн Д.Баясгалангийн үнэнч “цэрэг”-үүд, үүрдийн хамтрагчид л амьдрах эрхтэй юм байна. Товчхондоо, Д.Баясгалан тендерүүд, төмөр замын том төслүүдийг хэнээр дамжуулж, хэний нэр дээр хэрхэн яаж авахаа хуралдаж, хуйвалддаг “Санзай” хэмээх бүлэглэл байгуулчихсан юм байна.  
 
2.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН 426 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРИХ КОНЦЕССЫГ “САНЗАЙ ВИЛЛА”-ГИЙН "ИЙСТ КОРРИДОР РЭЙЛРӨҮД" ХХК АВЧЭЭ
 
        Д.Баясгалангийн эзэмшдэг Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Чингүн нь эхнэр Б.Жаргалынхаа нэр дээр “Санзай вилла”-д тансаг хаустай. Эхнэр Б.Жаргал нь мөн л Д.Баясгалангийн “Бодь групп” ХХК-ийн Стратеги, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. 
Д.Баясгалангийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батнягт нь “Санзай вилла”-д тансаг хаустай. Тэгээд болоогүй, Д.Баясгалангийн тансаг харшны хажууханд байдаг. 
Мөн Х.Бүрэн-Эрдэнэ гэх залуу Д.Баясгалангийн “Санзай вилла”-д хоёрын хоёр хаустай. 
        Тэгвэл “Санзай вилла”-д тус бүр хаустай, Д.Баясгалангийн “цэрэг”-үүд болох М.Чингүн, Б.Батнягт, Х.Бүрэн-Эрдэнэ гурав "Ийст Корридор Рэйлрөүд" ХХК-ийг хамтран эзэмшдэг. 
 
Хамгийн ноцтой нь, "Ийст Корридор Рэйлрөүд" ХХК нь 2023 оны хоёрдугаар сард 2.2 тэрбум ам.долларын өртөгтэй Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замыг барих концесс эзэмшигчээр шалгарчээ. Улмаар "Ийст Корридор Рэйлрөүд" ХХК нь 2023 оны долдугаар сард Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын төслийн захиалагч тал болох "Монголын төмөр зам" ТӨХК-тай "Чойбалсан-Хөөт-Бичигт" ХХК-ийг хамтран байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ажээ. 
 
         Тэгээд болоогүй, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагааны тайланд “Ажлын хэсгийнхэн “Ийст корридор рейлрөүд” ХХК-тай хэлэлцээр хийх үед Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын төслийг “Бодь интернэшнл” ХХК-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлт гаргасан. “Ийст корридор рейлрөүд” ХХК-ийн энэ хүсэлтийг нь ЗТЯ-нд уламжилсан” гэж дурджээ. 
 
Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг 1.3 тэрбум ам.доллараар, тэгэхдээ нууцын тамгатай оффтейк гэрээгээр барьж “амташсан” Д.Баясгалан “Санзай вилла”-д амьдардаг Х.Бүрэн-Эрдэнэ, Б.Батнягт, М.Чингүн гэх гурван үнэнч “цэрэг”-ийнхээ нэр дээрх "Ийст Корридор Рэйлрөүд" ХХК-иар дамжуулж Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын концессыг авчихсан, тэгээд болоогүй өөрийн  нэр дээрх “Бодь интернэшнл” ХХК-ийг хамтрагчаар оруулчихсан гэсэн үг. 
         Сонирхуулахад, хэд хоногийн өмнө ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан говийн аймгуудад ажиллах үеэрээ “Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлж эхэлнэ” гэж ярьжээ. Тэгэхээр “Бодь”-ийн босс Д.Баясгалан тун удахгүй ээлжит төмөр замын ажилдаа орох нь бололтой. 
 
“САНЗАЙ ВИЛЛА”-Д ТАНСАГ ХАУСТАЙ, “БОДЬ”-ИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН С.ЭНХТҮВШИН ОФФТЕЙК ГЭРЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙХ ҮЕЭР 20 ДАВХАР БАРИЛГА БАРЬСАН БОЛ ТӨРСӨН ДҮҮ НЬ 13 ДАВХАР БАРИЛГА БАРЬСАН
 
        “Бодь интернэйшнл” ХХК-ийн Бизнесийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан, өдгөө “Голомт банк” ХХК-ийн охин компани болох “Ричхэйвэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Энхтүвшин “Санзай вилла”-гийн голд хоёр давхар тансаг хаустай. 
Тэгвэл С.Энхтүвшин нь оффтейк гэрээ ид хэрэгжиж, нүүрсний хулгай яг явагдаж байх үед 120-ын Тэмээтэй хөшөөний зүүн талд “Regis place” гэх 20 давхар орон сууц, оффисын барилга барьсан. Тэгээд болоогүй, С.Энхтүвшингийн төрсөн дүү С.Энхтөр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан дотнын найз нь бөгөөд мөн л оффтейк гэрээ ид хэрэгжиж, нүүрсний хулгай яг явагдаж байх үед Хүүхдийн паркийн баруун талд “Park place” гэх 13 давхар оффисын шилэн барилга барьсан байдаг. Өөрөөр хэлбэл, оффтейк гэрээний ид үеэр төрсөн ах дүүс болох С.Энхтүвшин, С.Энхтөр хоёр “Regis place”, “Park place” гэх шилэн барилгуудтай болсон гэсэн үг. 
 
Ноцтой нь, С.Энхтүвшингийн “Regis place” гэх орон сууц, оффисын барилгад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэд хэдэн орон сууц, оффисын талбай эзэмшдэг мэдээлэл бий. Харин С.Энхтөрийн “Park place” барилгын 2-р давхрыг бүхэлд нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг эзэмшдэг бол үлдсэн давхруудад нь Д.Баясгалангийн “Голомт капитал” ХХК-ийн төв оффис байрладаг. 
 
        Тэгэхээр Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийг хамтарч хэрэгжүүлсэн “Бодь”-ийн босс Д.Баясгалан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хоёр оффтейк гэрээний мөнгөөр “Regis place”, “Park place” гэх барилгуудыг санхүүжүүлж, С.Энхтүвшин, С.Энхтөр хоёроор халхавчлан бариулсан байж болзошгүй схем гарч ирж байгаа юм. 
 
ОФФТЕЙК ГЭРЭЭНД “БОДЬ”-ИЙГ ТӨЛӨӨЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН А.АМУНДРА “САНЗАЙ ВИЛЛА”-Д ТАНСАГ ХАУСТАЙ
 
       Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг гүйцэтгэх гэрээ болон оффтейк гэрээнд гарын үсэг зурсан гол хүн нь “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж асан А.Амундра. Тэгвэл А.Амундра Д.Баясгалангийн “Санзай вилла”-д өөрийн нэр дээр нэг хаустай. Тэгээд болоогүй, А.Амундрагийн саяхан салсан экс эхнэрийг нь Б.Саран гэдэг. Гэтэл “Санзай вилла”-д Б.Саран гэх нэр дээр нэг тансаг хаус байна. Мөн Б.Сарангийн авга эгчийг С.Оюун гэдэг. Гэтэл мөн л “Санзай вилла”-д С.Оюун гэх нэр дээр нэг тансаг хаус байх бөгөөд төрсөн он нь яг цав таарч байх юм. Тэгэхээр Д.Баясгалан буюу “Бодь”-ийг төлөөлж оффтейк гэрээнд гарын үсэг зурсан А.Амундра “Санзай вилла”-д өөрийнхөө нэр дээр лавтай нэг, хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр хоёр, нийт гурван тансаг хаустай байж болох нь. 
 
Цаашилбал, Д.Баясгалангийн “Санзай вилла”-д Хөгжлийн банкнаас 80 гаруй тэрбум төгрөг зээллээд, эргэж төлөхгүй найдваргүй зээлдэгч болчихсон төрсөн эгч, дүүс тус бүрдээ нэг буюу хоёр хаустай. Гэтэл эгчийнх нь нөхөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нутгийнх нь тун дотнын найз байх жишээтэй. 
 
Бид дараагийн дугаартаа “Бодь”-ийн босс Д.Баясгалангийн “Санзай вилла”-гийнхнийг дэлгэрэнгүй танилцуулж, цаашлаад түүний төрөөс авсан тендерүүд, эзэн суусан өмчүүдийнх нь жагсаалтыг дэлгэх болно. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188