• Өнөөдөр 2024-12-13

УУЛЫН ХҮМҮҮС, ХАНХЫН ЖАВРААС ҮЛДСЭН ТЭМДЭГЛЭЛ

2024-02-11,   5380

               Том том ширхэгтэй цас малгайлан бударсан Хатгал сумын гудамжаар  хоёр жаал хөөцөлдөн гүйх аж. Нэгнийхээ малгайг шүүрч аваад л зугтаах нөгөөх нь “Хөөш, чи малгай өг. Яах гээд байдаг юм бэ” гээд л хөөх юм. Тэгснээ төд удалгүй цасан дээр барилдаад эхлэх аж. Зөөлөн бударсан цасан дундуур явсаар Хөлөг онгоцны зогсоол дээр ирлээ. Сүхбаатар, Ургац тэргүүтэй усан онгоцнууд зогссон байв. Зүтгүүрийн болон ачааны усан онгоцны олонх нь мөнхийн зогсоолдоо  үзмэр болоод уджээ. Хөдөлдөг нь он залуу “Сүхбаатар” онгоц юм. Зундаа гадаад, дотоодын жуулчид суулгаж аваад Хатгалаас гарч, 10 километр давхиад Жанхайн давааны наад талын Хүслийн овоог тойроод буцдаг билээ. Нуурын ёроолд живээд  30 гаруй жил болсон  “Бор” нэртэй анхны “Сүхбаатар” онгоц бусдаас  сонин содон харагдана. Зэвэндээ “баригдсан” хуучны хөлөг онгоцыг одоогоос гурван жилийн өмнө нуурын ёроолоос татаж гаргасан байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирэх дотоодын жуулчид сүүлийн үед энэ онгоцон дээр ирж, зураг хөргөө татуулдаг болоод байгаа. Эндээс бид чанх хойшоо нуурын толигор мөсөн дээгүүр 170 километр давхисаар Ханх суманд очно.

             Мөсөн дээгүүр явахад эхлээд ямар нэгэн саадгүй байлаа. Замын дундаас  эхлээд хөлдүү мөс тас няс хийн хуваагдаж, усны хоржигнох чимээ сонсогдож эхлэв. Хаана мөс хуваагдаж, ус хоржигнож байгааг олж харах санаатай харж явтал машин маань хэдэнтэй эргээд явчихлаа. Буугаад хартал тохой өндөртэй болор чулуу тэрүүгээр нэг цацсан мэт гялалзсан мөсөн угтав. Нутгийн хүмүүсийн яриад байсан далайн босго гэдэг энэ бололтой. Тас няс хийх овойж, хөрлөсөн энэхүү мөсөнд бид машиныхаа дугуйг зад цохижээ. Яг л болор мэт гялтганах далайн босгын хормойд цасан хунгарласан нь гайхалтай. Байгаль гэдэг өөрийнхөө урлагийг ийнхүү бүтээдэг гэлтэй. Хажуухан талд мөс хоёр тийшээ хуваагдаж, заадлаар нь ус мэлтэлзэж байна. Үүнийг харин хар хил гэдэг ажээ. Бид хар хилийг тойрон, далайн босго дээгүүр овон товон, тас няс хийн явлаа. Гэтэл модод сүндэрлэсэн далайн захаар хана, хэрэм мэт эгнэсэн өндөр өндөр мөсөн угтав. Энэхүү байгалийн өвөрмөц тогтцыг цагаан хил гэдэг байна. Далай хөлдөх үеэр эрэг рүүгээ давалгаалах их усан хөлдөөд цагаан хил бий болдог аж. Энэ нь машин явахад ямар нэгэн саад үл болно. Цагаан хил дээрээс жихүүн өвлийн хүйтэнд ойн амьтад нуураа тольдож зогсдог гэнэ. Далай захлан байх энэхүү байгалийн үзэсгэлэнг бишрэн явтал бугын сүрэг нуруу нь хотолзсоор модны зах руу орлоо. Тэнгэрт аргамжсан нарны туяа далайн ёроолоос гялалзаад салхинд найгах моддын үзүүрээс цас унаж харагдана. Хадан эмжээртэй өндөр уулс хүдэн манан татуулж, хонин цагаан үүлс зулайг нь илбэн байна.

          Далайн босго, хар хил явахад багагүй бэрхшээлтэй. Гэвч далайн мандал дээгүүр давхихад юутай ч зүйрлэшгүй сэрүүн цэнгэг агаар сэнгэнэн хачин ер бусын үнэр хамар цоргих нь таатай. Цасанд дарагдсан модод мөчрөө сэгсрээд эрэг дагуу биесээ налан налайна. Цагаан сарын өмнөхөн Ханхыг зорьсон бид захгүй далайн хүйтэн жаварт цохиулж, байгалийн сайхныг биширч явлаа. Хөвсгөл далай дээгүүр 170 гаруй километр аялна гэдэг юутай ч зүйрлэшгүй бөгөөд замд Хадан хүй, Модон хүй арлууд таарна. Үүнээс гадна битүү цан цохисон морин чаргатай нутгийн иргэд өвс, гурил, будаа ачаад хаа сайгүй давхилдана. Тэдний ярьж буйгаар морин чарга далайн хамгийн аюулгүй тээвэр гэнэ. Учир нь, дан ганц далай дээгүүр явалгүй уул сархиагаар явахад саад тулгардаггүй бөгөөд өдөртөө хоёроос гурван тээвэр хийдэг байна. Нутгийн иргэдтэй хол ойрын сонин сайхан хуучилж зогсоход дүнсэн тамхины үнэр дотно танил санагдана. Цог шиг улаан нар баруун уулын оройд аргамжих ахуйд бид цааш хөдөллөө. Машины хөгжмөөр

“Даян дээрхийн шүтээндээ мэргэн бөөгийн сахиустай

 Далай ээжийн давалгаандаа “Дэлтэй цэнхэр”-ийн түрлэгтэй” хэмээн хоймор нутгийн дуу хангинана. Дуу шигээ сүрлэг энэ нутгийн гоо үзэсгэлэнг алмайран биширч явтал хоёр хүн майхан бариад утаа савсуулан байгаа харагдав. Бараг л загасны хулгайчид байх хэмээн бодоод зэвүүцэх, гайхахын хооронд яаран явж очлоо. Гэтэл хоёр гадаад “Ханх, Ханх” хэмээн газрын зураг харуулав. Мөсний чарга сурталчлахаар Хатгалаас Ханхыг зорьж, 10 хоногийн турш явган аялж яваа Франц Улсын иргэд гэнэ. Өвлийн майхан ачсан хоёр чарганаас өөр юмгүй тэдний хайруу өвлийн хүйтэнд Ханхыг зорьж буй зоригийг нь бахадмаар. Биднийг явах болоход франц эр сархад гаргаж ирэн “Энэ хүйтэнд архи л дотор дулаацуулж байна” гэхэд гэргий нь аяны газан плитка дээр хоол хийхээр ус үйгээд, биднийг элэгсэг дотноор тэврэн үдээд, майхандаа орцгоосон билээ.

            Цэлийсэн тал нутаг шиг мөсөн дээгүүр давхисаар, Хөвсгөл аймгийн Ханх сум руу дөхсөөр. Далайн эрэг, уулсын хярд нам гүмхэн харагдах тус сумын айлуудын яндангаас тунгалаг цэнхэр утаа тэнгэр өөдөө сүмбэрлэн байх авай. Хөвсгөл далайн мөс цасанд цоохортож, нарны улаан туяа ойн гялалзана. Бид далайн босго, цагаан хилийн арга эвийг нь олж явсаар наран хэвийх үед ажин түжин харагдах сумын төвд дөхөн ирсэн юм. Уулс хярлан сарлагийн сүрэг бэлчиж, манан будан хадан цохион эмжээртэй өндөр уулсыг халхлан байв. Их далайн мөсөнд цооног гаргаж, морь, мотоцикл, автомашинаар ус зөөгөөд сумын төвийнхний ахуй амьдрал эд өрнөж буй бололтой. Цооногийн дэргэд иргэд ус ховоодохын зэрэгцээ сархад тойруулан ууцгаана. Зарим нь дуулж, мөсөн дээр гулгаж буйг харахад найр хавтгайрах шинжтэй. Гэвч нэг л мэдэхэд энд, тэндгүй машин, мотоцикл паржигнан асаж, хүмүүс үргэсэн мэт гэр гэрийн зүг одоцгоов.  Бүрэнхан уулын хормойд эрхлэн хургах Хөвсгөл далайн зулай хэсэг. Далайн захыг эмжин орших буриад хийц маягийн модон байшингуудаас бүрдсэн Ханх сум.

          Бүрэнхан уул цав цагаан манан татуулж, “нүүр”-ээ халхлаад, баруун уулын оройд аргамжаатай өнжсөн нар жаргалаа. Ханхыг харанхуй нөмрөв. Мянга, мянган од огторгуйд анивчиж, хонин цагаан үүл сар өлгийдөн байна. Ноход дуугаа аван хуцалдаж, хичээлээ тарсан хүүхдүүд сарны гэрэлд бүртэлзэн гэрээдээ гүйнэ. Өндөр уулсын амыг даган хүйтэн жавар тачигнах нь эгээ л ая дуугаар угтан авч буй мэт. Хэсэг хугацааны дараа сумын гэрэл унтарч, нам гүм ноёллоо. Аниргүйн дайд сумын дээр мянган од чуулаад, туяа нь далайн мөсөнд гялалзан байх авай. Биднийг зам уруудан явж байтал “Мустанг 5” загварын хятад мотоцикл унасан дээлийнх нь энгэр задгай эр давхиж өнгөрлөө. Араас нь явж очвол мань эр халамцуу явна. Биднийг хаана хоноглох боломжтойг хэлж өгөөд цас чахруулан давхиж одов. Түүний ярьж буйгаар сумын төвд орчин үеийн тоосгон байшин ердөө гурав байдаг гэнэ. Элдэв хэрэг төвөг гараад байдаггүй бөгөөд сүүлийн үед оросууд олноор ирж буй аж. Өглөө эрт Ханхад оросууд ирж, загас барьж, ууланд авирч, харзны усанд ороод оройдоо буцаад хил давдаг байна. Ай, аниргүй орших Ханх сумын тэнгэрт сар үүлэнд өлгийдүүлэн мэлтийгээд даанч сайхан шөнө, хэргүй цагаан цас бургиад л...

             ...Үүлгүй цэнхэр тэнгэрт алтан наран хөөрөөд сэвэлзүүр салхин үлээнэ. Бүрэнхан уулнаас нутгийн иргэд сарлагийн сүргээ буулган ирж байна. сүртэй юм аа, сүртэй юм. Далайн цооногоос хүмүүс ус авч, цүнхэндээ даруулчих вий гэмээр жаахан хүүхдүүд сургуулийнхаа зүг харайлгаж харагдана. Сурагчдын дотуур байр, сургууль, ИТХ-ын байр нь орчин үеийн стандартад нийцсэн барилга аж. Гэвч газар хөдлөлтөөс болж, цууралт үүсэж, хэд хэдэн хананд нь ан цав гарсан байна. Харин нутгийн эмнэлгийг 2012 онд барьжээ. Гэвч тус эмнэлэг өвлийн улиралд хэчнээн галласан ч дотор тасаг, өвчтөн хэвтэж буй өрөөндөө хасах 7-8 градус байдаг гэнэ. Мөн эмнэлэг, дотуур байр, сургууль, ИХТ-ын байрыг дулаан байлгахын тулд жилд 13-14 мянган машин мод татдаг аж. Тиймээс ч энд тэндгүй хөрөөний дуу сонсогдож, том оврын автомашинууд пажигнатал нормалдаж байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар цар тахлын үед тус сумын олон залуу архинд хордож үхжээ. Үүнийг гадаад иргэд, уул, ус бузарласнаас болсон хэмээн ярих хүмүүс ч байлаа. Одоо ч ганц, нэг хүн иймэрхүү ойлголттой үлдсэн бөгөөд гадаад хүн харахаараа л хонь харсан чоно шиг болдог аж. Үүнээс гадна нутгийн малчдын олонх нь оторт явсан бөгөөд хүүхдүүд нь дотуур байр, хамаатан саднынхандаа амьдарч байна. Хашаанаасаа өндөр болтол түлээ модоо бэлдэж, өрсөн Ханх сумын айлууд дор бүрнээ тэжээлийн малтай. Тэдэндээ өвс өгч, гэрийнхээ ойролцоо хариулдаг гэнэ. Зарим айлын хашаанд турж, эцсэн өргүүл мал ч харагдана. Ханх сумын хувьд сүүлийн үед аялал жуулчлал хөгжих болсон нь нүд алдам байгалийн сайхантай нь холбоотойг хүн бүхэн ярьж байв. Олны хөл тасрахаа больж буй энэ сумынхаа үүх түүхийг гарын таван хуруу шигээ мэддэг Х.Баатар гуайтай сарлагаа хариулж явахад таарлаа. Тэрбээр духлуулсан үнэгэн лоовуузаа засангаа “Манай энэ суурин сум болох хувьтай байсан юм билээ. Хоёр удаа татан буугдаж, гурав дахь дээрээ оршин тогтносон түүхтэй. Намайг залуу байхад урлагийн тоглолт их болдог байсан. Тэр дундаа орой бүр л жүжиг болно шүү дээ. Би багш мэргэжилтэй хүн. Сумынхаа сургуульд олон ч жил багшилсан. Намайг багшилж байхад залуучууд их сургуульд сураад буцаад сумандаа ирж ажиллаж, хөдөлмөрлөдөг байв. Одоо харин залуусгүй л сум болж байх шиг. Аяллын ид саруудад аялагчдад настай хүмүүс л үйлчилгээ үзүүлж байна. Залуучууд нь хот руу явсан, яваад ирдэггүй. Энэ нутгийн хамгийн сайхан нь өвлийн улирал. Дархад болохоор тэгж санагддаг байж магад. Идэр есийн хүйтэнд уул бүрийн амнаас л дархад дуу минь эгшиглэдэг байлаа. Одоо дархад дуу эгшиглэх нь бүү хэл сум тэр аяараа соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаа больсон. Урлаггүй газар залуучууд тогтохгүй л дээ. Урлагаа амилуулж, залуучуудаа татах юм бодохгүй бол сумд эзгүйрлээ дээ. Үүнд л санаа их зовних юм” хэмээгээд гэрийн зүг сарлагаа туун явж одлоо.

             Энэ нутгийн иргэд хасах 40 градуст жиндэнэ гэж үгүй. Энгэр задгай, хацар нь цантчихсан л явна. Тэд ёстой л хүйтэнд жавхаажиж, хийморь сүлд нь сэргэдэг гэлтэй. Энэ нутагт халх, дөрвөд, буриад, дархад ястнууд амьдардаг бөгөөд аливаа баярыг орос маягаар тэмдэглэдэг гэнэ.

 “ИЛҮҮ САРТАЙ ЗУН”-ТАЙ ХАНХ

             Ханх суманд очсон хэн бүхэнд “Илүү сартай зун” Монголын уран сайхны кино бодогддог гэхэд хилсдэхгүй биз ээ. С.Жаргалсайхан, Б.Балжинням нарын зохиол, Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн энэ бүтээлд Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Б.Шарав агсан хөгжим бичиж, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, Д.Сосорбарам, О.Оюун нар гол дүрд нь тоглосон билээ. Зохиолч С.Жаргалсайхан Хөвсгөл нутгийн хүн гэдгийг урлаг сонирхогчид андахгүй биз. Тиймээс ч киноны үйл явдал Хөвсгөл нуур, Мөстийн рашааны орчимд болж өрнөдөг. 1987 онд нийгэм тэр чигээрээ “дүлий” байсан үе. Ардчилсан хувьсгалыг үнэндээ зохиолч, сэтгүүлчид эхлүүлж, эрх чөлөөний бамбар асааж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж байсны жишээ нь “Илүү сартай зун” гэж болно. Гэхдээ өдгөө энэхүү киноны зургийг авсан газруудад тэр чигт нь амралтын баазууд байрлажээ. Энэ талаар тус сумын Засаг дарга Л.Даваабаяр “Хуучин манай сум эдийн засгийн том бүс байлаа. Усан тээвэр хөгжсөн болохоор үүнийг дагаад урлаг, спорт хөгжиж байсан. Манай суманд “Илүү сартай зун”, Би чамд хайртай-2” зэрэг киноны зураг авалт болж байлаа. Эдгээр бүтээл бидний өмнөө барих урлагийн брэнд бүтээгдэхүүн мөн. Манайх сумынхаа ерөнхий бүтцийг өөрчилж, Шинэ Ханх төсөл хэрэгжүүлж байна. Төсөв батлагдвал 2026 онд гэхэд Шинэ Ханх сумын бүтээн байгуулалт дуусна. Аялал, жуулчлалын томоохон бүс нутаг болгохоор ажиллаж байна. Тийм боломж бүрэн бий. Хэдийгээр хуучны кино зураг авалт хийж байсан газрууд амралтын газар болсон ч үүнээс илүү жуулчдын сонирхлыг татах үзэсгэлэнт газар олон бий. Засаг даргын хувьд Соёлын төв, эмнэлэг зэргийг шинээр барихаар дээш уламжилсан байгаа. Орчин үеийн шийдэл бүхий Соёлын төв, эмнэлэгтэй болчихвол иргэдэд маань мөн ч хэрэгтэй. Үүнээс гадна нэг харамсмаар зүйл бол төрийн үйлчилгээний байгууллага болон айл өрхүүд нийтдээ жилд 25-30 мянган машин мод татаж байна. Бид нүүрсээр галлах ямар ч боломж байхгүй. Нааш нь тээвэрлэх, зам харгуй байхгүй. Мөрөн хоттой холбосон засмал зам тавина гэдэг сураг гарч байгаа. Үнэхээр засмалтай болбол олон боломж нээгдэнэ” гэлээ.

Хуучин цагт далайн тээвэр хийж, улс эх орныхоо эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг байсан Ханхын түүхийн талаар өгүүлье.

ХАНХ СУМЫН ҮНЭН ТҮҮХ

           Ханх сум нь 1920 онд Хөвсгөл далай, Дэлгэрхан хошууны харьяат байжээ. 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдах үеэр таван багийн 300 гаруй өрхтэй сум болон байгуулагдсан байна. Улмаар 1955 онд Ханх сумыг татан буулгаж, зарим хэсгийг нь Чандмань-Өндөр суманд нэгтгэж, үлдсэнийг нь Түрт хороо нэртэйгээр  зохион байгуулалтад оруулсан байна. Үүний дараа 1959 онд Ханх сумыг сэргээн байгуулсан боловч 1979 онд хоёр дахь удаагаа татан буулгаж, Ренчинлхүмбэ сумтай нэгтгэжээ. Ийн байсаар 1992 онд Үндсэн хуулийг шинэчлэн баталж, Засаг захиргааны хууль өөрчлөгдсөний дараа 1994 онд дахин сумын статустай байгуулжээ. Улаанбаатар хотоос 1030, Хөвсгөл аймгаас 290 гаруй километр алслагдсан зайд 5500 кв нутгийг эзлэн, Монгол, Оросыг хиллэдэг Ханх Мондийн боомтоос 22 километр зайд оршдог. Ханх сумын иргэд улсын тусгай хамгаалалтай нутагт аж төрөн амьдарч буйгаараа онцлогтой.

           Аглаг зэлүүд, онгон дагшин байгалийн үзэсгэлэн бүрэлдсэн энэ нутгаар Хойд мөсөн далайн хүйтэн жавар дайрч өнгөрдөг байна. Энэ талаар нутгийн ахмад настан Н.Авирзэд “Манай нутаг бол цэвэр, цэлмэг агаартай, байнга цэнгэг ус ундарч байдаг газар. Түүгээр нь хүн, малгүй ундаалан аж төрж байдаг учраас экологийн цэвэр бүтээгдэхүүн их байдаг. Өндөр уулсын бүсэд оршдог сайхан нутаг. Тийм ч учраас энд тариа, ногоо ургаад байхгүй. Нэг хэцүү зүйл нь бараа бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй. Алслагдмал сум болоод тэр байх. Гэхдээ Оросоос оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн боломжийн үнэ ханштай байдаг. Харин Улаанбаатар хотоос тээвэрлэж ирсэн барааны үнэ өндөр. Дээрээс нь чанар, хугацаа нь дуусаж, хадгалалтын горим алдагдах магадлал өндөр байдаг. Энэ нутагт насаараа амьдарч байгаа хүний хувьд хэлэхэд хөгжил маш удаашралтай байна. Социализмын үед их сайхан хөгжиж байгаад буцаад унасан. Гэвч энэ нутагт хамгийн сайхан сэтгэлтэй, өлчир чийрэг хүмүүс амьдардаг. Идэр есийн хүйтэнд хэд хэдэн уул давахаас төвөгшөөлгүй бусдад тусалдаг улс шүү, бид” гэлээ. Үнэхээр л жавар тачигнасан идэр есийн хүйтэнд морьтой шогшуулж, зудад нэрвэгдсэн иргэддээ тусламжийн бараа хүргэсэн тохиол олон байдаг аж. Тэд үнэхээр л уул, мөсний хүйтэн жаварт зохицон амьдрах хувь тавилантай төрсөн мэт. Нүүр, нүдгүй цасан шуурганаар энгэр задгай, уур савсуулж, цан хүүрэг болсон хүмүүс л явдаг гэнэ лээ. 

          Үүнээс гадна Хотгойдын Шадар ван Б.Чингүнжав энэ нутагт Манжийн цэргүүдэд баригдсан хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн байдаг. Түүний гэрэлт хөшөө сумын төвөөс холгүй байдаг байна. Энэ жил цас их унасны улмаас тэнд очих зам харгуй боогджээ. Шадар ван Б.Чингүнжавын тухай энд дэлгэрүүлэн өгүүлэх нь илүүц биз ээ. Түүний алдар, гавьяаг мэдэхгүй хүн үгүй. Харин энэ нутагт өнөөдөр түүх өгүүлэх мэт уулс нь сүндэрлэж, жавар нь тачигнаж байна.

            Бүрэнхан уулынхаа хормойд, далай ээжийн захад нүд алдам байгалийн үзэсгэлэнгээр чимсэн сумын төвийн үүсэл хөгжил усан тээвэртэй шууд холбоотой. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө энэ сумаар дамжин нефть, хүнс, бараа бүтээгдэхүүн, барилгын материал оруулж ирдэг байсан нь өдгөө түүх болжээ. Буйдын буйд, аглагийн аглагт ийм нэгэн сум түүхээ хадгалан байна. Хөх тэнгэр одтойгоо далай ээжийнд хоноглодог Ханх сумын иргэд ийн тайван амгалан амьдарч байна.

 


УУЛЫН ХҮМҮҮС, ХАНХЫН ЖАВРААС ҮЛДСЭН ТЭМДЭГЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 20:33:35
    Зочин : Сайхан нутаг хүн ард нь цайлган хөгжилтэй, Усан тээвэр хувьсгалаас өмнө явж байсан юм билээ. Цагаан хил шахалтаас үүссэн мөсөн овоолог сүртэй гоё. Уран дөш уулыг Бүрэнхаан уул гэжээ хоёр өөр уул, Сайхан нутаг минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-06 23:19:41
    Болд: Нүдэнд харагдаж, мэдрэгдтэл сайхан бичжээ. Үнэхээр сайхан нутаг Далай Ээж мину
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-03 09:57:38
    Цэцэгмаа: Үзэсгэлэн төгс үнэхээр сайхан байгаль үлгэрийн орон бахадмаар тансаг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-03 08:23:02
    Х: Нүдэнд харагдаж бдаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-28 20:18:18
    Нэк: Гое өгүүлэг болжээ. Далайн босго биш. Цагаан хил гэдэг юм. дөрвөд биш. Халх Урианхай Буриад Дархад. Ястангууд амьдардаг. Бусдаар бол зүгээр болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-28 11:23:37
    zochin: goe bichijee bayrlalaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-28 11:17:15
    Yndonjamts: ok
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188