• Өнөөдөр 2026-04-10

“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА

        Урьд нь улсаараа ХХБ-ны “сахал” хочит Д.Эрдэнэбилэг хэмээх “хаан”-тай байлаа. “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөл цемент”, “Монголросцветмет”, “Багануур” гээд бүгдэд эзэн сууж хаанчилсан. Хэтийдсэн хаанчлал нь АТГ-ын хаалга татсанаар төгсөж, Сингапур “дүрвээд” сураг алдарсан түүхтэй. 
 
Одоо бид “Бодь”-ийн Д.Баясгалан хэмээх бүгдийг босс, хамгийн “хаан”-тай болчихсон. Оффтейк гэрээ байгуулсан ч Д.Баясгалан, онгоцны хоол хийсэн ч Д.Баясгалан, төмөр зам барьсан ч Д.Баясгалан, талбай тохижуулсан ч Д.Баясгалан, станц барьсан ч Д.Баясгалан, соёлын төв барьсан ч Д.Баясгалан. Ерөөс оролдохгүй төсөл, оролцохгүй тендер, орооцолдоогүй улстөрч гэж Д.Баясгаланд байхаа больчихсон. Улс төрчдөд цүнх, цүнхээр нь мөнгө тараах хэмжээнд цадигаа алдсан, Хууль зүйн сайдын халаасанд авлига хийх хэмжээнд айж ичихээ больсон асуудал нь АТГ-т баримттайгаа оччихоод байхад мань эр Спортын төв ордонд тэмцээн зохиосон нээсэн шигээ тоосон шинжгүй таахалзаж яваа. Ийм байхад түүнийг “хаан” гэхгүй яах вэ. 
 
       “Бодь”-ийн Д.Баясгалангийн мэдэлд төсөл халаасалдаг, тендер хамдаг олон компани бий. Зах зухаас нь энэ удаад танилцуулъя. 
 
“Бодь рэйл” ХХК
 
- Өнгөрөгч 2025 оны дөрөвдүгээр сард “Улаанбаатар төмөр зам” ХНН-т Ачааны галт тэрэгний зүтгүүр түрээслэх 4.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. 
 
“Рэд рок катеринг” ХХК
 
- “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Ажилчдын хоолыг хариуцах катеринг үйлчилгээний 24.8 тэрбум төгрөгийн тендер,  
 
- “МИАТ” ТӨХК-ийн Онгоцны зорчигчдын хоолыг хариуцах катеринг үйлчилгээ 9.5 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан. Уг нь Д.Баясгалан “Рэд рок катеринг” ХХК-ийг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилга угсралтын үеэр “Бодь”-ийнхоо ажилчдын хоолыг хийлгэх гэж л байгуулсан. Гэтэл энэ компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК, “МИАТ” ТӨХК-аас 34.3 тэрбум төгрөгийн тендер авчихсан. 
 
“Бодь пропертийз” ХХК
 
- Урт цагааны гудамжийг тохижуулах 44 тэрбум төгрөгийн тендер 
 
- Хавдар судлалын үндэсний төв-II төслийн зураг төслийг боловсруулах 3.0 тэрбум төгрөгийн тендер
 
- Хөвсгөл аймагт 400 хүний Соёлын төв барих 5.6 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан.
 
        “Бодь пропертийз” ХХК нь гудамж тохижуулсан, соёлын төв барьсан төдийхөн туршлагатай мөртлөө Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах 240 тэрбумын тендер, “Эрдэнэт үйлдвэр”-т Хаягдал өтгөхүүлэх технологи нэвтрүүлэх 104 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус оролцоод амжсан. Гэхдээ санаа байвч салбартаа туршлагатай компаниудыг яагаад ч дийлээгүй ялагдсан байдаг. 
 
“Цэцэнс майнин энд энержи” ХХК
 
- “Амгалан дулааны станц” ТӨХК-д Эрчим хүчний нүүрс нийлүүлэх 8.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. 
 
Мөн "Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК нь “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ыг барихдаа улсаас буюу Улаанбаатар бондоос 300 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. 
 
“Мандал даатгал” ХК
 
- “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалыг хариуцах 11.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. 
 
Мөн бага үнийн дүнтэй ИНЕГ-ын агаарын навигацийн нислэгийн удирдагчийн даатгалын 200 сая төгрөгийн тендер, “МИАТ” ТӨХК-ийн Нисэх бүрэлдэхүүний даатгалын 148 сая төгрөгийн тендер, “Эрдэнэс Монгол” ХК-ийн Эрүүл мэндийн даатгалын 96 сая төгрөгийн тендер, Монголбанк барилга байгууламжийн даатгалын 80 сая төгрөгийн тендер, “Чингис хаан” музейн барилга байгууламжийн 60.0 сая төгрөгийн тендер гэх мэт тендерүүдэд ч шалгарсан. 
 
“Бодь интернэшнл” ХХК
 
Анх 2018 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх 1.4 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байсан. 
 
        Гэтэл ганцхан жилийн дараа, 2019 оноос эхлээд төмөр замын том төслүүдийг хуу хамж эхэлсэн. Өөрөөр бол, 2018 онд 1.4 тэрбум төгрөгийн тендер төсвөөс зулгааж байсан “Бодь интернэшнл” ХХК ердөө дараа жил нь буюу 2019 онд 1.0 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэгч болж мандсан. Ингээд “Бодь интернэшнл” ХХК: 
 
- Тавантолгой нүүрс ачих логистикийн төвийн барилга байгууламжийг барих- 313 тэрбум төгрөг
 
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг барих- 1.0 тэрбум ам.доллар\Бэлнээр 110 сая ам.доллар, нүүрсээр 895.6 сая ам.доллар\
 
- Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох 21.9 км төмөр замыг барих- 218 тэрбум төгрөг
 
- Богдхан төмөр зам эстакад гүүр, туннелийн барилгын ажлыг гүйцэтгэх- 734 сая ам.долларын гэрээг тус тус байгуулсан. 
 
       Мөн “Бодь интернэшнл” ХХК нь 2024 онд “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх 181 тэрбум төгрөгийн тендерт оролцоод эхний шатанд тэнцсэн. Гэхдээ эцсийн шатанд Солонгосын 70 жилийн туршлагатай, метрогоор мэргэшсэн компанид балчирдаж, ялагдсан байдаг. Харин 2025 онд “Оюутолгой”-н ажилчдын “Өргөө” цогцолбор кемп байгуулах төслийг гүйцэтгэж эхэлсэн. “Өргөө” цогцолбор кемп нь дөрвөн блок барилгатай, нийт 1120 өрөөтэй байхаар төлөвлөсөн. Ирэх 2027 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна гэх. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
 

“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188