• Өнөөдөр 2026-04-08

П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД

2026-04-08,   73

   “Манай байр Америк” уран сайхны киноны “пункер” Баатараагын дүрийг бүтээсэн жүжигчин П.Одсүрэнг энэ удаагийн “Залуус” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр “Бамбүү” хүүхдийн театрт ес дэх ажиллаж байгаа билээ.

-Сайн байна уу. Таны тоглосон “Манай байр Америк” уран сайхны кино үзэгчдийн сайшаалыг хүртсээр байна. Киноныхоо талаар яриа дэлгэх үү?

         -Би 2015 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага дорж төгссөн. Одоогийн байдлаар “Bamboo” хүүхдийн театрт ажиллаж байна. Сая “Манай байр Америк” уран сайхны кинонд анхны дэлгэцийн дүрээ бүтээсэн.  “Пункер” Баатараа гэх байрны хоёрдугаар атамааны дүрд ажилласан. “Пункер”  гэхээр хог түүдэг хүн гэж шууд ойлгож магадгүй. Гэхдээ бид эерэг талаас нь харуулахыг зорьсон. Сургуулиа төгссөн цагаасаа хойш дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй болохоор алдаа эндэгдэл гаргахгүй гэж хичээсэн.

-Театрын тайз дэлгэц хоёр тэс ондоо шүү дээ. Энэ удаагийн уран бүтээл танд шинэ туршлага болсон байх?

       -Надад дүрийн санал тавьсан “АНБУ” продакшны Анхаа, Буянаа хоёр найздаа баярлалаа. Бид оюутан ангийн найзууд л даа. Кино багын хувьд маш хөдөлмөрч залуус ажилласан. Зураг авалтын өмнө төлөвлөгөө, бэлтгээ сайн базааж байгааг нь хараад найзуудаараа их бахархаж байлаа. Хэдий мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч гэлээ дэлгэцийн уран бүтээлтэй шинэ жүжигчнээр танилцаж, суралцсан хугацаа байлаа.

-Киноныхоо талаар яриа дэлгэвэл?

              -Бидний хүүхэд нас яг л “Манай байр Америк” кино шиг л өрнөсөн шүү дээ. Энд тэндхийн содон хочтой атамуудтай. Атамаан нь дотроо том, жижгээрээ өөр өөр байдаг. Орцонд дуулж, бүжиглэдэг. Бас дүү нартаа хатуу хандсан ч дотроо хайрладаг байсан үе шүү дээ.

-“Бамбүү” хүүхэд, залуучуудын теарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

      -Ангийхантайгаа төгсөх жилдээ “Саарал чонын паян” хүүхдийн жүжгийн бүтээж, би гол дүрд нь тоглож байсан юм.  Тэр үеэс хүүхдийн уран бүтээлийг сонирхож, дурлаж эхэлсэн.  “Бамбүү” хүүхэд, залуучуудын театр 2017 онд үүсгэн байгуулагдсан. Анхны хөшгөө нээсэн цагаас нь хойш ажиллаж байна.  Манай театр олон улсын театртай хамтран “Wanderlust” наадмын хүрээнд энэ сарын 12-25-ны өдрүүдэд Орхон, Эрдэнэт аймагт жүжгээ толилуулж, хүүхэд багачуудтайгаа уулзахаах бэлтгэлээ базааж байна. Найман улсын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид ирж байгаа. Харин манай улсаас нийслэл болон орон нутгийн найман театр оролцоно.

-“Wanderlust” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

          -“Wanderlust” наадам нь Монголын хүүхэд, залуучуудад зориулсан чанартай тайзны урлагийн хүртээмжийг тэлэх зайлшгүй хэрэгцээнээс үүдэн бий болсон төсөл. Монгол Улсын хэмжээнд 1.3 сая хүүхдийн 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь өөрсдөд нь зориулагдсан мэргэжлийн театрын уран бүтээлийг үзэх боломж маш хомс өсч байна. Улсын хэмжээнд хүүхэд, залуучуудад зориулсан уран бүтээл туурвидаг театр болон мэргэжлийн байгууллагууд маш цөөхөн бөгөөд ялангуяа хөдөө орон нутагт энэ нь хүүхдийн хөгжил, урлагийн боловсрол, соёлын оролцооноос холдуулж байна. Энэ нөхцөл байдлыг ойлгож ASSITEJ Монгол санаачлан хөдөө, алслагдсан бүсийн хүүхдүүдэд зориулсан театрын урлагийг хүртээмжтэйгээр хүргэх, уран бүтээлчдийг энэ чухал салбар руу анхаарч ажиллах, театрын урлагийн хүүхдүүдэд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг харуулах зорилготой энэ төслийг бичсэн. Олон Улсын хүүхэд, залуучуудад зориулсан тайз, театрын урлагийн холбоо (ASSITEJ International)-оос зарласан “Бүсийн хамтын ажиллагааны хөтөлбөр” зарлагдах үед Индонези, Непал улсуудад санал тавьж энэхүү санаачлагаа Ази бүсийн гурван улсдаа хийхээр төслөө явуулж, шилдэг төслөөр шалгарч, санхүүжилтийнхээ эхний хэсгийг амжилттай босгож чадсан. Энэхүү төсөл Монгол Улсаас эхлэн хэрэгжиж, 2026–2027 онд Индонези, Непалд үргэлжлэхээр төлөвлөгдсөн бөгөөд хил дамнасан түншлэл, уран бүтээлийн солилцоо, соёлын олон янз байдлыг хөгжүүлэх чухал алхам гэж харж байна.

-Театрынхаа жүжгүүдээс онцол гэвэл?

              -Бид хог хаягдал, усны хомсдол, байгаль орчны бохирдол зэрэг сэдвийг хөндөж “Хогон мангас”, “Бидний эрхэм анд ус” зэрэг жүжгүүдийг бүтээсэн. Хүүхдүүдийг багаас нь байгалиа хайрлах сэтгэлтэй хүн болж өсөөсэй гэж хүсдэг. Онцлох жүжиг гэвэл 0-4 насны хүүхдэд зориулсан “Ус”, “Анхны цас”, “Намар” зэрэг танин мэдэхүйн жүжгүүд бий. Дийлэнх хүмүүс 0-4 насны хүүхдийг “Энэ жоохон юм жүжиг ойлгохгүй” гэдэг. Гэхдээ тэд хүн л  болсон хойно юмыг мэдэрч, ойлгоно шүү дээ. Энэ төрлийн жүжиг хэт нүүр хувиргал хийхгүй яг аав, ээж, ах, эгч шиг нь харилцаж, хамт тоглож байгаа юм шиг байдаг. Хамгийн үнэн, гэгээн үзэгч бол хүүхэд тэд хамгийн чин сэтгэлээсээ хүлээж авдаг болохоор хүүхдийн жүжигт тоглох дуртай байдаг.

-Хүүхдийн жүжгийн дүрээдээс нь хамгийн хайртай дүрээ нэрлэ гэвэл?

              -Дүр гэхээсээ илүү 0-4 насны хүүхдэд зориулсан “BABY” жүжгийн дүрүүддээ илүү хайртай. Чанга дугарах, эвгүй хөдөлгөөн гаргах юм бол айх, уйлах тохиолдол гарч магадгүй. Тиймээс надаас хамгийн их мэдрэмж шаарддаг.

-Та унаган Улаанбаатарын хүүхэд үү?

              -Би Хэнтий аймгийн Мөрөн сумын хүүхэд. Багадаа монгол бүжиг бүжиглэдэг, нийтэч, нийгмийн идэвхтэй байсан.  “Яргуй” наадамд байнга оролцдог байлаа.

-Бүжигчин болох гэж байсан хүүхэд яагаад жүжигчний анги руу орчихсон юм бэ?

              -Соёл Урлагийн Их Сургуулийн бүжигчин, жүжигчний хоёр ангид хоёуланд нь шалгалт өгсөн. Манай аймаг урлагийн ангийн хуваарь бага ирдэг. Бүжигчний шалгалтандаа хоёрт жагссан. Гэхдээ нэгхэн хуваарь ирсэн учраас орж чадаагүй. Тэгээд жүжигчний анги руу орж байсан.

-Жүжигчний ангид орсондоо харамсаж байсан уу?

              -Жүжигчний ангид тэр тусмаа Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн шавь болж, ангийнхантайгаа танилцсандаа маш их баярлаж явдаг.  Анх учраа олохгүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам сонирхолтой санагдаж, мэргэжилдээ дурлаж эхэлсэн. Манай ангийнхан яг л гэр бүл шиг хамт олон байсан. Дийлэнх нь урлагийн салбартаа ажиллаад явж байна. Багш минь биднийг маш сайн нэгтгэж чадсан гэж боддог. Оюутан нас бол хүний амьдралын хамгийн нандин үе шүү дээ. Энэ кинонд тоглосон Г.Жанчив, Б.Буянтогтох, Л.Анхсүх бид дөрөв нэг ангийн найзууд л даа. Найзуудыгаа уран бүтээлдээ өсөн дэвжиж, төлөвлөгөөтэй, хурдтай ажиллаж байгааг нь харах сайхан байлаа.

-Эргээд хүүхдийн театрын тухай ярилцах уу. Манай улсад энэ төрлийн театрын хөгжил хэр хэмжээнд байна гэж та хардаг вэ?

              -Аливаа зүйлийг хийж байгаа цагт ихээр биш ч урагшилж, хөгжиж байдаг. Нийслэлд Хүүхэлдэйн театр, Хүүхэд, залуучуудын театр байна. Орон нутгийн театрууд жилдээ 1-2 уран бүтээл хийдэг. Хувийн театр гэвэл манай “Бамбүү” театр, “Про” театр уран бүтээлээ хийж байна. Бид хаа хаанаа ёстой нэгээ эрвийх дэрвийхээрээ гэдэг шиг жүжгээ тоглож, хөгжиж явж байгаа. Хүүхэлдэйн театр маш гоё урлаглаг бүтээл хийж байна. Хүүхэд, залуучуудын театр маань шинэлэг жүжгүүдээ туурвиж байгаа.

-Театрт хүүхдээ дагуулж очих хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна уу, буурч байна уу?

              -Нэг үеэ бодвол хүүхдийн театрт хайртай, ойлгодог хүний тоо нэмэгдэж байгаа. Ер нь эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ аль болох урлагаар хөгжүүлээсэй гэж хүсдэг. Театр болгонд очоод үзсэн. Урлаг ойлгодог, мэдэрдэг болж өссөн хүүхэд арай ондоо байдаг шүү. Дээрээс нь бид хүүхдийн жүжгээрээ хүмүүжил олгох, танин мэдэхүйн мэдлэгийг нь нэмэхийг ямагт хичээдэг. Сүүлийн үеийн хүүхдүүд бидний үеийг бодвол илүү хөгжил хурдан, сайн ойлгодог.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох “Wanderlust” наадамд нь амжилт хүсье. Тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр эргэн уулзая.

              -Баярлалаа.

 


П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188