• Өнөөдөр 2026-04-03

Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА

2026-04-03,   32

Урлаг, соёлын шилдгүүдийг тодруулах “Мөнгөн мод 2025” наадмын шилдэг дуучнаар шалгарсан ОХУ-ын Марийнскийн театрын уран бүтээлч Д.Дагвадоржтой ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотод төрж өссөн бөгөөд дуурийн дуулаачийн чиглэлээр суралцаж, энэ салбарт тууштай ажиллаж байгаа нэгэн юм. Олон улсын болон дотоодын уралдаан, төсөл хөтөлбөрүүдэд оролцдог тэрбээр Монголынхоо нэрийг их урлагийн тайзнаа гаргахыг зорин ажиллаж байгаа уран бүтээлч билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Мөнгөн мод-2025” наадмын шилдэг дуучнаар шалгарсан танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Баярлалаа, “Мөнгөн мод-2025” наадмын шилдэг дуучнаар шалгарсан нь миний хувьд маш том хүндэтгэл, урам зориг өгсөн үйл явдал боллоо. Энэ шагнал бол намайг дэмжиж ирсэн, үргэлж дэмждэг миний гэх хүн бүхний итгэл гэж бодож байна. Цаашид илүү их хичээж, уран бүтээлээрээ үзэгч олондоо хүрч, Монголын тенор хоолойг  дэлхийд таниулахын төлөө ажиллана гэсэн чин хүсэл төрж байна.

-Тухайн жилдээ онцлох амжилт гаргасан уран бүтээлчдийг онцолж өгдөг шагнал шүү дээ. Өнгөрсөн жил таны хувьд уран бүтээлийн олз омог ихтэй жил байв уу?

                -Тийм ээ, тухайн жил миний хувьд уран бүтээлийн олз омог арвин, онцлох амжилтуудаар дүүрэн жил байлаа. Дотоод, гадаадын хэд хэдэн уралдаан, төсөл хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, өөрийгөө сорьж, туршлага хуримтлуулах боломж олдсон. Мөн шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж, тайзны бүтээлүүдэд оролцсон нь уран бүтээлийн хувьд ч, хувь хүний хөгжлийн хувьд ч том алхам болсон гэж бодож байна. Иймээс энэ шагнал тухайн жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлсэн сайхан урам гэж хүлээж авч байгаа.

-“Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүлсэн шүү дээ. Тухайн үед юу бодогдсон бэ. Тус тэмцээнийхээ талаар яриач?

                -“Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүлсэн тэр мөч миний хувьд мартагдашгүй, маш онцгой дурсамж болсон. Тайзан дээр ялагчийн нэрийг зарлах үед олон орны чадварлаг дуучидтай өрсөлдөж, тэдний дундаас шалгарна гэдэг нэр төрийн хэрэг. Оролцогч бүр өөрийн онцлог, ур чадвараа харуулсан өрсөлдөөн ихтэй тэмцээн болсон. Миний хувьд репертуар сонголт, тайзны бэлтгэл, сэтгэлзүйн төвлөрөл маш чухал байсан гэж бодож байна. Энэ ялалт надад олон улсын тавцанд өөрийгөө илүү итгэлтэйгээр сорих, цаашдын уран бүтээлийн замналдаа шинэ боломжуудыг нээх том алхам болсон.

-Сонгодог урлаг уран бүтээлчээс олон цагийн хөдөлмөр шаарддаг төрөл. Олон өдрийн бэлтгэл хийж тайзнаа дуулдаг шүү дээ?

                -Тийм ээ, сонгодог урлаг үнэхээр их хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Тайзны ард олон өдрийн бэлтгэл, давталт, сэтгэлзүйн төвлөрөл байдаг. Үзэгчдэд, сайхан, гоё дуулалтыг сонсгох тэр агшны төлөө маш их цаг, хичээл зүтгэл зарцуулдаг даа.

-Тайзан дээр дуулаад зогсож байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ. Тэр мөчийг юутай зүйрлэх бол?

                -Тайзан дээр дуулах мөч бол миний хувьд хамгийн эрх чөлөөтэй, хамгийн үнэн мэдрэмжээ илэрхийлж чаддаг агшин байдаг.

-Анхны тайзан дээр гарсан тоглолт болон анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Хоёулаа догдлол, баяр баясал авчирсан урт хугацааны хөдөлмөрийн үр шим байсан байх?

                -Тийм ээ, миний хувьд мартагдашгүй дурсамж байдаг. Анх тайзан дээр гарахад догдлол, бага зэрэг айдас байсан ч дуулах мөчид бүх зүйл мартагдаж, зөвхөн хөгжим, мэдрэмж хоёр л үлддэг байсан. Харин анхны уран бүтээл бол олон хоног, саруудын хөдөлмөрийн үр шим байсан учраас илүү үнэ цэнтэй санагддаг.

-ОХУ-ын Марийнскийн театрын дуучин шүү дээ. Тус театрт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ, энэхүү театрыг сонгож ажилласан шалтгаан бий юү?

                -ОХУ-ын Марийнскийн театрт ажиллаж байгаа нь мэдээж нэр төрийн хэрэг гэж боддог. Би энэхүү театртай уран бүтээлийн хүрээнд хамтран ажиллаж эхэлснээс хойш өөрийгөө мэргэжлийн өндөр түвшинд сорих, хөгжүүлэх маш том боломжууд нээгдсэн. Тиймээс энэ театрыг сонгож ажиллах болсон гол шалтгаан нь өөрийгөө илүү дайчлах, олон улсын түвшинд өсөж хөгжих хүсэл байсан гэж хэлж болно.

-Эх орондоо уран бүтээл, тоглолт хийх бодол бий юү?

                -Мэдээж бий, эх орондоо уран бүтээл хийж, үзэгчидтэйгээ уулзах нь уран бүтээлч хүний хувьд маш чухал зүйл гэж боддог. Магадгүй өөрийн сурч, хуримтлуулсан туршлагаа, эх орондоо хуваалцаж, Монголынхоо урлагт хувь нэмрээ оруулах юм сан гэсэн бодол тээж  яваа.

-Дуурийн дуучин байхад тухайн хүнээс ямар ур чадвар, тэвчээр шаарддаг вэ. Ямар уран бүтээлч дуурийн дуучин болж чаддаг бол?

                -Дуурийн дуучин болохын тулд хоолойны ур чадвар, амьсгаа, техник, хэлний мэдлэгээс гадна тэвчээр, тууштай хөдөлмөр, тайзны мэдрэмж маш чухал. Дуурийн дуучин болохыг хүсвэл өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, бэлтгэлд цаг зав гаргаж чаддаг, үзэгчдэд мэдрэмжээ дамжуулах чадвартай болох хэрэгтэй.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Миний дараагийн зорилго ур чадвараа улам хөгжүүлж, Монгол тенор хоолойг дэлхийд таниулахыг зорьж байна.

 


Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188