...Би урьд насандаа монгол хүн байсан байж мэднэ. Эсвэл удмын маань хэн нэгэн монгол байсан ч байж болно. Ямарч л байсан би өөрийгөө Монголтой салшгүй холбоотой хүн гэдгээ мэдэрдэг. Би ээжийгээ алдаад удаагүй байсан юм. Гэхдээ яаж гашуудах учраа олоогүй юм уу, эсвэл уйлж, сэтгэлээ онгойлгох орон зай, газар надад олдохгүй байсан ч байж мэднэ. Бүр уйлтал минь аргадаад өгөх хүн байгаагүй ч юм бил үү. Ямар ч л байсан хүнд хэцүү өдрүүд удаан үргэлжилж байгааг би маш сайн мэдэж байгаа ч яаж ч чадахгүй байсан юм даг. Нэг өдөр манай эндэхийн тусгай сургуулийн багш нарын хамтарсан баг Монгол руу явж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдрах орчинд судалгаа хийнэ гээд надад хамт явах санал тавьсан. Насаараа хийсэн ажил минь учраас нэг ч гэсэн хүүхдэд тус болчих юм сан гээд явсан. 1999 оны зун юм шүү дээ. Бид очоод үнэлгээ хийгээд, судалгаа аваад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, аавуудтай уулзаад яваад л байсан. Нэг оройн хүлээн авалтын үеэр биднийг хоол идэж байтал хэн нэгэн хөгжим тоглож эхэлсэн. Миний нулимс аяндаа асгараад, би хажууд сууж байсан хүмүүсээсээ санаа зовоод бушуухан гарсан ч тэр аялгуу сонсогдоод л байсан. Сонсогдох тусам нь нулимс минь эрхгүй урсаад л байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Монголын тэнгэр, шөнийн одод нь яасан сайхан юм бэ, цээж дүүрэн амьсгалахад агаар нь ямар цэнгэг юм бэ гэж мэдэрч байгаа юм. Очоод долоо хоночихсон хэрнээ мэдээгүй явсан гэсэн үг шүү дээ. Өнөөх аялгуу дуусахтай нь зэрэг явж ороод “Энэ юу гэдэг хөгжим бэ. Ямар аялгуу тоглосон бэ” гэж асуулаа. “Морин хуур гэдэг хөгжим” гэж байна. Тэр хөгжимчнөөс дахин нэг аялгуу тоглож өгөөч гэж гуйлаа.
Ингэж би морин хууртай учирсан юм. Өөрөөр хэлбэл, ээжийгээ алдсан багтралыг минь морин хуур тайлж, чөлөөлж өгч, намайг аргадсан гэх үү дээ. Хэчнээн ч удаан тэгж үнэн сэтгэлээсээ инээгээгүй, тийм үнэнээрээ уйлаагүй байсан юм бүү мэд. Би дахин төрсөн юм шиг л аз жаргалтай болсон. Үүнийгээ би гэртээ, Япондоо ирээд бүр илүү мэдэж, мэдэрч байгаа юм. Тэгээд морин хуур гэж хөгжмийн тухай мэдээлэл цуглуулж, аялгуунуудыг нь сонсож, гайхан биширч эхэлсэн. Морин хуур сурахыг чин сэтгэлээсээ хүсэж, дараа жил нь Монгол руу явсан. Тэгж очихдоо А.Бат-Очир багшид шавь орлоо. Зөвхөн морин хуур сурахын тулд би Монголд 40 хоног байж, арай чүү ганц нэгхэн аялгуу хагас дутуу тоглодог болсон. Гэтэл нэг өдөр мориноос унаж, хөлөө гэмтээсэн. Ингээд гэр рүүгээ буцлаа. Хүүхдүүд маань “Дахиж Монгол руу явахгүй шүү. Мэнд байхаа бод” гэсэн. Хөлөө эмчлэх зуураа миний бодож олсон арга бол Японд сурч, амьдардаг соёл урлагийнхантай ойр байвал морин хуураа заалгаж, тоглож чадна гэх бодол. Бодоод үз дээ, би 2007 онд Японд амьдардаг монголчуудын “Хаврын баяр”-т морин хуураа тоглож оролцсон. Дараа жилийнх нь Олон улсын морин хуурчдын улсын уралдаанд оролцсон. Энэ бол миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн жаргалтай мэдрэмж. Морин хуурын аялгуу миний биед хүрдэг. Бүр миний эд эсийг сэргээж, намайг эдгээдэг. Чавхдас нь миний тархинд ирэхдээ мартах өвчнөөс урьдчилан сэргийлж байгааг нь би мэдэрдэг. Морин хуурын аялгуу сонсохоор би өөр ертөнцөд очсон мэт баяр жаргалаар дүүрч, тайвширдаг. Эгч нь энэ жил 83 нас хүрсэн. Морин хуураа тоглож байхдаа би өөрийгөө 23-тай бүсгүйгээр мэдэрдэг. Би дандаа сайн хүмүүстэй, ялангуяа Монголын хамгийн сайн хүмүүстэй учирч, нөхөрлөдөг. Үүнийгээ би морин хуурын минь ач, увидас гэж итгэдэг. Одоо би морин хуурын аялгуунаас нэг өдөр ч холдож чаддаггүй. Надад морин хуур янз янзаараа бий. Хүмүүс бэлэглэнэ, өөрөө захина. Алийг нь ч тоглоход бэлэн. Ер нь Монголоос, монголчуудаас би холддоггүй. Манайд ирдэг монголчууд намайг “Өндөр ээж” гэж дууддаг юм. Монголд очихоороо “Мандухай цэцэн хатан”, “Өндөр ээж” гэж киног үзнэ. “Жаран цагаан хонь” дууг Монголд болох олон улсын богинын дуу дуулаачдын уралдаанд оролцохоор сурч байгаа юм. Тэр тэмцээнд түрүүлнэ үү, хожигдоно уу хамаагүй. Монгол руу очих нь л надад сайхан байна. Энэ дууг яагаад сонгосон бэ гэвэл дайны дараах гунигийн мэдрэмжийг надад дахин хүчтэй өгсөн. Намайг таван настай байхад манай оронд дайн дууссан. Миний зүрх сэтгэлд байдаг тэр дайны өдөр хоногууд, хор уршгийн гунигийг энэ дуу сэргээсэн. Тийм болохоор би эрхгүй дуулахыг хүссэн ч байж мэднэ. Бас богино дууны гайхамшгийг хүмүүст ялангуяа япон хүмүүст мэдрүүлэхийг хүсэж байна” гэв ээ.
Тэрбээр “Жаран цагаан хонь” дууг сурахын тулд цагаан толгойн үсэгтэй элемент дэвтэр Монголоос захиж авчраад, түүн дээрээ крилл үсгийг чадах чинээгээрээ дуурайлган бичжээ.
... Би хоёр хүүтэй. Хөвгүүд минь гэр бүл зохиогоод тус бүрдээ сайхан амьдарч яваа. Намайг эхэндээ “Таны морин хуур сурах гэж юу байх вэ. Гэртээ битгий хүмүүс цуглуулаад бай” гэдэг байсан бол одоо эсрэгээрээ дэмждэг болсон. Нөхөр маань ээжээс минь өмнөхөн бурхан болсон. Бид жаргалтай гэр бүл байсан. Мэргэжлийн хувьд би тусгай сургуулийн багшаар 35 жил ажилласан. Оюуны бэрхшээлтэй болон эдгэрэшгүй хүнд өвчтэй хүүхдүүдэд амьдралынхаа 35 жилийг зориулсан гэсэн үг. Нэг талаар хүнд ажил, нөгөө талаар хамгийн зөв газраа би ажилласан. Энгийн л багш байж болох байсан ч би миний тусламж, хайр хэрэгтэй хүүхдүүдэд тусалж, яг дэргэд нь байж, асарсан. Энэ ч утгаараа Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, тэдний ээж, аавуудын хөдөлмөрийг хөнгөвчлөх хөтөлбөр хэрэгжүүлэхээр бодож, төлөвлөөд байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ирээдүйд хэн байх вэ гэдгийг нь тодорхойлохгүйгээр нэгдсэн нэг сургалтын системээр хичээл заадаг юм билээ. Өмд, гутлаа зөв өмсөж чадахгүй байгаа хүүхдийг нэрийг нь бичүүлж сургана гээд танхимд аваачаад суулгаад байгаа эцэг эх, багш нарын ойлголтыг өөрчлөх цаг нь болсон. Эсрэгээрээ тэр хүүхдийг өмд, гутлаа өмсөж сурахад туслах хэрэгтэй шүү дээ. Харин бичиг үсэг сурах боломжтойд нь бичиг үсэг заах хэрэгтэй” гэснээ инээмсэглэн одоо миний мөрөөдөл энэ болсон гэсэн юм.
Он гараад 84 нас хүрэх Норико Мицуи гуай ирээдүйн 20 жилийнхээ төлөвлөгөөний нэгээр “Монголын оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх” хэмээн тэмдэглэсэн дэвтрээ үзүүлэнгээ Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Даваахүүгийн “Талд унасан жавар” дууг хөгжим дээрээ чангалан “Даваахүү бол миний хувьд ардын богино дууны жинхэнэ мастер” гэсэн билээ.
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ” |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |