• Өнөөдөр 2024-04-27

ТЭР ҮЛ ҮЗЭГДЭГЧ ДАЛАВЧТАЙ

2021-04-11,   3576

ТЭР БҮДЭГ НАРИЙН ЗУРААС БУС, ТОДООС ТОД ЗУРААС

Би ганц л удаа түүний зургийн хальсанд өртөж байлаа. Зурганд буух дургүй би “Дараа авахуулъя” гэхэд “Зүгээр ээ, намайг үхсэний дараа би Шувуугаар зургаа даруулж байсан гэж яривал гоё биз дээ” гэж хэлж байсан юм. Одоо тэр зургийг харахаар ганц л бодогддог үг нь энэ.

Түүнтэй хотын өнцөг булан бүрт таардаг байлаа. Таарах бүрт камераа үүрэн явах агаад нүдээрээ инээмсэглэн, гараас чанга атган мэндэлнэ.

Түүний камер хотын өнгө бүхнийг буулгадаг шидтэй. Гэхдээ урьд хэний ч хараагүй өөр нэгэн өнгийг харуулдаг “шид” билээ.  

Түүний иргэний үнэмлэх дээрх нэр нь Цогтын Баттүшигт. Гэхдээ хүн бүр “Цогтын Шувуу” гэдэг нэрээр илүүтэй танина. Төрөхөд нь аав нь Шувуу гэж нэрлэсэн хэдий ч бие нь өвдөхөд “нэр нь хүндэдсэн байна” гэсэн учир нэрийг нь солиулжээ. Гэхдээ гэр бүл, найз нөхөд нь бүгд Шувуу хэмээн дуудсаар дасжээ.  

Тэрээр 1987 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр мэндэлсэн билээ. Кино найруулагч Андрей Тарковскийтой нэг өдөр төрсөндөө олзуурхдаг сан. Үнэхээр ч түүнийг гэрэл зургийг нь нэгэн зохиолч “Тарковскийн киноны кадр шиг” хэмээн үнэлж байсан гэдэг.   

Багын дуу муутай хүү 12 насандаа өвөөгийнхөө хальсны аппаратаар ганц зураг дарсан явдал бүх зүйлийн үүдэл болжээ.  Өвөө нь ганцхан хальс үлдсэн зургийн аппаратаа бариулан “За ганц л зураг дарна шүү” хэмээж. Гэрэл зургийн аппаратын шагайвчаар харсан тэр өдөр түүний амьдралыг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Тэр мөчөө Бүх гэрэл, өнгө тэр дотор орчихсон мэт гайхалтай санагдаж байсангэж байв. Ийнхүү намрын шар өнгийг анхны зургандаа буулгажээ. Анхны зургийн аппарат нь өвөөгийнх нь хальсны камер байж. Дуу муутай нэгэн хүүгийн өөрийгөө илэрхийлэх, бусадтай хамгийн сайн ойлголцож чадах хэрэгсэл нь гэрэл зураг болсон байв. Ийнхүү өөрийн аялгуу, мэдрэмжээ гэрэл зурагт буулгаж эхэлсэн юм. Үүнээс хойш амьдралынхаа хоёр жилд л камераас холдсоноос бусдаар гэрэл зурагтай амьдралаа холбожээ. 

 


 

Тэрээр математикийн ухаанд дуртай, тоондоо гавал хүүхэд байлаа. Үүгээрээ ч цаашид суралцана гэж боддог байж. Гэхдээ мэргэжлээ сонгохдоо МУИС-ийн Философийн ангид хоёр жил суралцжээ. Тэгсэн ч түүнийг үргэлж л чангаадаг байсан зүйл нь хөгжим, гэрэл зураг, өнгө дүрс, кино урлаг байсан юм.

Шувуу өөрийгөө “Ангууч” хэмээн нэрлэдэг байв. Ингэхэд тэнгэрээс ангаа хайх шувуу ямар байдаг билээ. Хамгийн түрүүнд хурц нүд хэрэгтэй. Харин тэр хурц нүд нь камерын линз нь байв. Ингээд л гэрэл зургийн анд гарна даа. Гэхдээ гуниг, баяр хөөр, тайвшрал, түүх, дурсамж агуулсан ганц хормын ангууч байлаа.

Тэрээр Миний дарсан гэрэл зургуудыг хараад хүмүүс тайвшраасай. Ертөнцөөс холдоод зураг руу орж хэсэг саатаасай хэмээн хүсдэг” гэж байв.

Үнэхээр ч түүний зураг тайвшрал хийгээд гуниг, жаргал гээд олон төрлийн мэдрэмжийг өгнө. Цэлмэг тэнгэр шиг эсвэл бүрхэг өдөртэй зүйрлэж болох ч юм шиг. Хамгийн хачирхалтай нь түүний зургаас өөрийнх нь үнэр үнэртэх шиг болдог. Тэр л үнэр түүний гуниг нь мэт санагдахыг яана.

“Гоо үзэсгэлэнгээс илүү тухайн хүний өнгөрсөн түүх илүү чухал санагддаг.Тэндээс гарах өнгө аяс, сэтгэл хөдлөл нь гоо үзэсгэлэн, баяр баясгалан, гуниг болдог учир хүнийг нь олж дарах амттай байдаг” хэмээн тэрээр ан хийх аргынхаа талаар хуучилжээ. Гэрэл зурагдаа уусан шингэснээр түүний зураг “амьтай”, дурсамжтай, түүхтэй болдог байж.

Шувуу агшин хором бүрийг мэдэрч чаддаг байсны гэрч нь ердөө гэрэл зураг. Амьдралынх нь дүрэм “Carpe Diem” гэж хэлж байсан удаатай.  Өнөөдрөөр амьдар, юунд ч битгий харамс гэж. Гэхдээ түүний зургийг харахад үргэлж л нүдээ онийлгон өөдөөс инээмсэглэнэ. Даанч хөргийг нь харах бүрт гунигтай төрхөө инээмсэглэлээр халхлах мэт жигтэй санагдана.

Тэрээр хотын өнцөг булан бүрт камераа үүрэн явна. Түүнд өөр юу ч хэрэггүй мэт. Гадагш гараад хүмүүсийн түүхийг сонсож, түүхийг нь агуулсан хормыг мөнхлөх нь түүнийг аз жаргалтай болгодог байж. Шувуугийн “урласан” зурагт хотын зөөлөн, дүнсгэр өнгө орших ч, хэзээ ч олж хараагүй дүр төрхийг мөн агуулдаг. Хэний ч хараагүй дүрсийг бусдад үзүүлэх нь түүний хүсэл байсан мэт. Гэрэл зураг нь түүний хорвоог хардаг нүд гэлтэй.

 

Хаврын налгар нэгэн өдөр гудамжинд таараад “Улаанбаатарын хүмүүс буланд орооч” хэмээн миний зургийг авах санал тавихдаа дээр дурдсан үгийг хэлж байв. Тухайн үед “ГЭРЭГ” сэтгүүлд “Humans of Ulaanbaatar” буланг хариуцаж, таних, танихгүй хүмүүстэй учирч түүхийг нь сонсдог байлаа. “Би өнөөдөр ажилдаа очсонгүй. Манай ажил нэг минутын 500 төгрөг хасдаг. Гэхдээ өдөр бүр л 11 гэж очдог доо” хэмээн ярьж байхдаа хүмүүсийн зургийг авах нь л сайхан санагддаг байж л дээ. Шувуу зургийн маань дарчихаад ажил руугаа явахдаа Өнөөдөр миний цалин бууна. Орой сууж, хамт хоол идье. Би даая” гэж хэлж билээ. Тэр орой нь хамт хооллоогүй ч хаа нэгтээ таарах бүртээ “Би хоолонд даах хэвээрээ шүү” гэдэг байж билээ.

Одоо бодоход хүсэл нь түүнд халгайтай байсан мэт. Түүний ганц хүсэл нь Германд кино найруулагчаар суралцаж ирээд, “Жинхэнэ кино бүтээх” байлаа. Германы Мюнхений сургуулийг сонирхож эхэлсэн цагаасаа л сургуулийнх нь сайт руу өөрийн “болсон болоогүй” /өөрийнх нь хэллэгээр/ зураг, бичлэгийг явуулахад “Хэрэв Герман хэл сурвал манайд суралцах боломжтой” гэсэн хариу хэлж байсан гэдэг. Одоо бодоход тэр зургуудаасаа “ичмээр” гэж нэмж билээ. Түүний дараа хүслээ биелүүлэн Герман явсан ч, удалгүй “Монголд богино хэмжээний кино хийнэ” хэмээн буцаад хүрч ирж билээ.

-Би тэнд, тэр өдрөөс хойш амьдарч эхэлнэ-

Энэ л үед нь анх удаа түүний шаналсан царайг харж байсан юм. Манай найз бид гурав “Битлз”-ийн хөшөөний хажуу дахь “Xanadu”-д хэсэг суухдаа түүний шаналсан царайг харсан юм. Тэр шаналал нь зөвхөн “Хэрхэн кино хийх вэ” гэсэн шаналал байсан. Бусад хүнээс уран бүтээлийн төлөө “шаналсан” тийм төрхийг ахиж харж байгаагүй мэт санагддаг. Ийнхүү тэрээр олон жилийн хүсэл, мөрөөдөл болсон ХБНГУ-ыг зорьж, хүссэн сургуульдаа суралцахаар хилийн чанад руу хөдөлсөн юм. Явахдаа “Сурч ирээд, кино хийгээд, Каннын кино наадмаас шагнал хүртэнэ” хэмээн инээсээр явсан юм.

Түүний бичсэн “Хоёр дахь өдрийн өглөө” хэмээх ном бий. “Энэ номоосоо ичдэг” хэмээн хэлж байсан удаатай. Гэвч түүнтэй танилцсаны дараа  номыг нь уншсан нэгэн “Үнэхээр Шувуу бичсэн юм уу” гэж асуумаар. Инээсэн, цайлган төрхний ард буй уйтгар гуниг, шаналал, эмзэглэлээ уг номдоо тусгасан учраас л тэр.

Тэр номон дээрх “Би нарийхан урт зураас байхыг хүсэхгүй.

Би тод богино зураас байхыг хүснэ” хэмээх мөр тодоос тод үлдсэн.  

Хүн бүр л хүүхэд байхдаа далавчтай байдагсан. Харин тэр далавчийг хүмүүс олж хардаггүй болохоор нэг л өдөр бид далавчтай байснаа мартдаг. Шувуу өөрийн далавчаа олонд харуулж чадсан нэгэн юм. Тэрээр нэг удаа өвөрмөц дуу хоолой, өнгийг олж хардаг хэмээн ярьж байсан юм. Сонсоход итгэмээргүй мэт боловч түүний зураг үүний гэрч билээ.  

2017 оны өвлийн нэгэн хүйтэн өдөр. Бид сайн найзынхаа төрсөн өдрийн бэлгийн цуглуулан явж байхдаа “Шувуу өөд болчихож” гэдэг мэдээг сонсож билээ. Эхний өдөр итгээгүй, хоёр дахь өдөр итгээгүй. Хэн ч энэ мэдээнд итгээгүй биз. Учир нь түүний тэр их хүслийг үхэл дийлээд аваад явчихсан гэдэгт л итгээгүй юм. Тэр хүмүүсийн дунд амьдардаг, үл үзэгдэх далавчтай нэгэн мэт. Гэвч далавчаа дэвээд нэг л өдөр нисчихсэн дээ.

Хүний биелээгүй хүсэл гэдэг дэндүү харамсмаар. Магадгүй эл тэмдэглэлийг бичих хүсэл ч түүний биелээгүй хүсэлтэй холбоотой биз. Хэн нэгний хийж дуусгаагүй зүйл, биелүүлээгүй хүсэл бидэнд харамсал авчихдаг аж. Зохиолч Жагдалын Лхагва “Жамуха”-ийн тухай роман бичиж байсан гэдэг. Удаан хугацаанд бичиж байсан зохиолоо дуусгаадгүйд харамсах хүн даанч олон. Магадгүй хэн нэгний гүйцээгээгүй хүсэл хэтэрхий харамсам байдаг байж мэднэ.

Шувуу хамгийн сүүлийн инстаграмдаа байршуулсан зургандаа “Германд ирээд 16 кг турсан Шувуутай танилц” гэсэн байв. Хэзээний жижигхэн биетэй тэрээр дөрөвхөн сарын дотор 16 кг турсан гэхэд итгэмээргүй. Гэвч хурдны зам түүний амийг авч явсан нь бүр итгэмээргүй байсан.

“Намайг үхсэний дараах тэр нэгэн өдрөөс”

Түүний номонд ийм нэртэй нэгэн өгүүллэг бий. “Дахиж сэрэхгүйгээр нэг л өдөр би унтана. Тэр үед шөнө байхгүй өдөр байна. Нар урьдынхаараа мандчихсан, гудамжны цэвэрлэгч өвөө зам дагуух хогийг шүүрдэж, хүмүүс замаар алхаж, хаа хүрэхээ мэдэхгүй гэлдэрч байх болно” хэмээн эхэлдэг.

“Гэхдээ би өөрийгөө хардаг энэ ертөнцөө цаг хугацаа гэх том оршихуйд хэсэгхэн ч болов үлдээж чадвал, ээ тэгвэл би тайван амарна даа...Гэхдээ би нэг нууц хэлье. Тэр миний нэртэй чулуун дээр, чимээгүй хөгцөрч буй цогцсон дотор би байхгүй. Би өдөр бүр намайг ундаалдаг байсан аяганыхаа дотор, хайртай аав ээжийнхээ, эгч дүү нарынхаа зүрхэнд, анд найзуудынхаа зүрхэн дотор, бичсэн бүх дэвтэр бүрийнхээ дотор, хоног хугацаа, өдөр бүрийн мэдрэмждээ би амьдарна. Би зөвхөн тэнд л байна. Тэнд л би юмаа бичээд, зургаа аваад, кофегоо уугаад сууж байх болно. Би тэнд тэр өдрөөс хойш амьдарч эхэлнэ”  гэж бичжээ.

“YELLOWBIRD”  хэмээх түүний гэрэл зурагт хаягт 175 зураг байна. Түүний үлдээсэн гэрэл зургийг харж суухад үнэхээр л тэр өдрөөс хойш гэрэл зургандаа амьдарч эхэлж дээ гэмээр. Түүний үнэр үнэртэж, мэндлэхдээ гараас чанга атгаж, атгасан гар нь үл мэдэг чийгтсэн байх шиг санагдах хачин мэдрэмж. Тэрээр амьдарч байсан цаг хугацаанд, зурганд, дурсамждаа одоо ч амьдарсаар буй.

ТЭР ҮЛ ҮЗЭГДЭГЧ ДАЛАВЧТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-21 16:29:01
    Кена: Шувуугийн оюутан байхдаа өгсөн яриа дуу хураагуурт минь одоо ч бий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-15 20:57:59
    .: Маш их баярлалаа!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 21:08:24
    Жавзан: Их сайн ярилцлага-хөрөг нийтлэл болсон байна. Энэ залууг танихгүй мөртлөө энэ ярилцлага -хөрөгийг уншсаны дараа сайн таньдаг мэддэг хүнтэйгээ уулзсан юм шиг л байлаа . Эргэлт.мн сайтынханд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-11 16:35:41
    Х: Энэ ergelt mn сайт сэтгүүлчид нь мэргэжлийн ур чадвар их сайн юм байна. Мэдээ, нийтлэлүүд нь сайн юм аа. Мэдээ мэдээлэл нь шуурхай, сонирхолтой, бусад сайтууд шиг нэгнээ хуулж давтахгүй, сэтгэгдэл боож хаахгүй, сэтгэгдэл бичсэн хүнийг тоогоор кодлохгүй их менежмент сайтай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-11 15:59:17
    Цотан : Тэр нисчихсэн, гэхдээ тэнгэр лүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-11 10:59:05
    Иргэн: Зургуудыг нь үзэх юмсан. Найзууд нь ном ч юм уу сэтгүүл байдлаар гаргачихвал бүр ч олон хүний зүрх сэтгэлд хүрнэ дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 18:34:51
    Харцага: /Ц.Шувуу/
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 18:34:09
    Харцага: Найзыг минь дурссанд баярлалаа. "Би өөрийгөө урлагийн төлөө, түүнийг хамгаалахын төлөө төрсөн хүн гэж боддог".
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 17:01:45
    G: arai l ert niseed ywchlaaaadaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 15:39:29
    Н: Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 14:47:46
    .: Yag l iim hun bsanda. Zarimda urlagig martaad iluu engin bhig songson bol odoo ch bh bsan um shig sanagddag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 14:40:03
    м: Шувуутай санамсаргүй тааралдаад номыг нь цүнхээдээ хийсэн тэр чигээрээ надад үлдсэн байдаг. надад бичсэн юмаа уншиж өгч ярилцдаг байж билээ. өөрийнх нь номноос илүү номон дээрээ нэмж бичсэн тэмдэглэлүүдийг нь унших сонирхолтой байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 14:24:27
    Номи: Сэтгэлд хүрлээ. Хүсээд ч хүрч чаддаггүй түүнийг минь санууллаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 14:20:20
    Degi: Bayrlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 14:04:13
    odko: bayrlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 12:46:52
    ..: Сайха нийтлэл байна~!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188