• Өнөөдөр 2024-03-19

Цар тахлын эргэн тойронд: Вакцинжуулалт, бүх нийтийн хөл хорио

2020-11-11,   2695

 
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр дэлхий даяар 50 сая хүн коронавирусийн халдвар авсан. Цар тахлын эргэн тойронд юу болж байгааг тоймлон хүргэж байна. 
 
Их Британи: Вакцинжуулалт эхэлнэ 
 
Их Британийн арванхоёрдугаар сараас бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж 150 сая фунт төсөвлөөд буй. Дотоод хэргийн сайд Мэтт Хэнкок энэ талаар онцлохдоо коронавирусийн халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй гэгдэж буй  “Pfizer” вакцины 40 сая тунг захиалсан гэжээ. Вирусийн халдвараас найдвартай хамгаалахын тулд хоёр тунг хийх шаардлагатай бөгөөд Их Британи эхний ээлжинд 20 сая хүнийг вакцинжуулалтад хамруулна гэсэн үг. Одоогоор 11 вакциныг эмнэл зүйн гуравдугаар шатанд туршиж байна. 
 
Бразил: Хятад вакцины туршилтыг зогсоолоо 
Хятадын компанийн гарган авсан “Coronavac” вакциныг туршсан хүнд сөрөг нөлөө илэрсэн тул туршилтыг зогсоож буйгаа Бразилийн эрх баригчид мэдэгдлээ. Туршилтын явцад чухам юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга. 
 
Ливан: Хөл хорих шийдвэр гаргав 
Ливанд коронавирусийн халдвар нэмэгдсээр байгаа тул хоёр долоо хоногийн хугацаагаар хөл хорих шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Хасан Диабын хэлж буйгаар улсын болон хувийн эмнэлгийн ачаалал хэтэрч, өвчтнүүдийг хүлээн авахад хүндрэл үүсэн тул тусгаарлалтын дэглэмийг чангатгаж, хөл хорио тогтоож буй аж. 
 
Хятад: Хөлдөөсөн бүтээгдэхүүнүүдийг ариутгана 
БНХАУ импортын, хөлдөөсөн бүтээгдэхүүнүүдийг ариутгалд оруулж байна. Бүтээгдэхүүнийг ачсан, зөөсөн ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул ийм арга хэмжээ авч эхэлжээ. Ингэхдээ бүтээгдэхүүний савлагаа, ачиж тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Энэтхэгээс оруулж ирсэн загасны савлагаанаас коронавирус илэрсэн тохиолдол Шаньси мужид гарсан байна. 
 
Дани: Булга устгах шийдвэр буруу байсан уу 
Данийн булга үржүүлэх фермийн амьтдаас мутацид орсон коронавирус илэрсний дараа 15 сая булгыг устгах шийдвэр гаргасан билээ. Гэхдээ амьтдыг ийнхүү устгалд оруулах эрх Засгийн газарт байгаагүй гэж хуульчид үзэж байна. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен “Хэдийгээр бид яаруу шийдвэр гаргасан ч хүн ардынхаа эрүүл мэндийг бодож ингэхээс өөр арга байгаагүй. Үржүлж буй амьтдыг устгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдээгүй нь үнэн. Энэ талаар уучлалт хүсэж байна” гэж мэдэгдлээ. 

Цар тахлын эргэн тойронд: Вакцинжуулалт, бүх нийтийн хөл хорио
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188