• Өнөөдөр 2026-04-10

МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ

2026-04-10,   106

       Урин хавар, уянгатай ийм л өдрүүдээр Маргаз, сурагтын нутагтаа очмоор болох юм. Бор толгод, бов борхон хөндий, өвөөгийн минь хаваржаа, Холбоо нуур, элсэт ахуй минь эрхгүй үгүйлэгдэж, ирж яваа цагийн эхэнд энхрий бага нас, элгэн нутгаа л хүн хамгийн ихээр санадаг бололтой юм. Ингээд бичихээр магад уншигч танд овоохон настай нэгэн шиг ойлгогдож байж ч мэднэ. Гэхдээ хорь гаруйхан насанд ч хаа нэг тийш тэмүүлэх, тэр нь халуун зүрхнийх нь нэгээхэн хэсэгт ямагт цохилж, дандаа өөртөө урин дууддаг юм шүү дээ. 

      Хүн зоны тасралтгүй урсгал дунд бодож, мөрөөдөж, хайрлаж, дурлаж, юунд ч юм зорин саатаж явсаар сар жил хөвөрч, үргэлж хурдны зам дээр гүйж байгаа мэт  хурдалж байхдаа хаа нэг зогсож, сууж, бүгдээс чөлөөлөгдмөөр болох үед өсөж төрсөн нутаг ус, өндийлгөсөн ачит аав, ээжээ л хүн түшдэг шиг. Тиймдээ ч цагийн эхэн болох яг л ийм үесээр зорьж нэг очиж, золгож бүгдтэй нь уулзаад ирмээр санагддаг. Нутгаас гараад бараг 10 гаруй жил болсон ч одоогоос хоёр жилийн орчим 100 жилийнхээ баярт очоод ирсэн болохоор бас ч гэж ойр.

       Аймагт шинэ зам тавьж, гэрэлт гудамжтай болж, сумын төв харин хойшоогоо нэлээд сунаж, хүнээсээ олон машинтай болсон байна лээ. Элс судаг бүхнээр нь гүйн тоглодог байсан үе хэдийн өнгөрч хүүхдүүд гүйлдэж харагдаагүй. Харин хөдөөдөө очиход, бүх  зүйл урьдын хэвээр байх бөгөөд холоос санаж, үгүйлж, хааяахан гүйчихмээр санагддаг сэтгэл минь харин нэг л хөндий болсон байсан. Хүн ерөөс хүсэн хүлээсэн зүйлээ ойртоод ирэхэд нь үл анзаарч, холоос дүүрдэг мэт. Босоод борог ахуйг тойруулан нэг харлаа. Балчир нүдэндээ хардаг байсан уулс, дов толгод, энгэр бэл өнөө л янзаар байх бөгөөд өөдөөс минь “Таньж байна уу” хэмээн хараад ч байх шиг.
 
   Тэр дундаа манай суманд их, бага хоёр маргаз нэртэй уул бий. Ах дүү хоёр уул гэдгийг багад аавынхаа ярианаас тогтоож авснаас өөр түүхийг нь мэдэхгүй. Дэргэдүүр нь өнгөрөх бүртээ л тэр хоёрыг ээлжлэн харж, яагаад ч юм ах бид хоёр шиг санагддаг юм. Намайг очиход ч тэр хоёр минь эгэл янзаараа. Тал дундуур би тоодгор дээл, жижиг хээтэй монгол гуталтай, хоёр салаа гэзэгтэй жаахан охин гүйж, өссөн. Харин энгэрт нь аргал хормойлж зогсоогоор өөрийгөө дүрсэлж, дотор минь нуугдчихаад, түүнээсээ би сэм  ургах танихгүй мөртөө танил мэт хүүхэд насаа олж харж байв.
 
     Ингэхдээ би хүй цөглөсөн нутаг минь надад ойр мөртлөө хол, хол мөртлөө ойр болсныг ойлгосоор сэтгэл хоргодох ч үгүй нэг л хөндийрч гайхсаар буцсан сан. Магад хүн жинхэнэ өөрийгөө өссөн газраасаа л олж хардаг байх. Одоо харин очоод нэг ирмээр бодол үе үе төрж, ном дэвтэр, бичиг, тэмдэглэлийнхээ араас өндийн босоод л гараад давхичихмаар санагдана.
 
     Нутаг гэдэг ийм шидтэй, шийдэмгий бодлыг хүнд тээлгэж, үргэлж гол дүр байлгаж, соронз мэт хаа нэгтэйгээс биднийг татаж байдаг аж. “Халуун элгэн нутаг” дууны шүлэгт,
“Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг мишээдэг…” гэж гардаг шиг үнэхээр цэнгэлийн хавар. Ийм л цагаар мөрөн гол, мөнх цаст оргилууд, газрын хөрс, хөндий толгод, нуур тойром цөм хөгжин баясаж, гэгэлзэн дуулж, сэргэн төлждөг шиг. Тэгэхээр бүгдийн хувьд урин хавар цэнгэл мөн. Уярал хөглөдөг учрал хөтөлдөг гэгээнээс гэгээн, догдлуунаас догдлуун улирал мөн. Надад бол нутаг бодогдуулдаг цэнгэлийн хавар юм даа. 
 
        Униартан хөхрөх тэнгэрийг баганадсан өвгөн уулс. Энгэрт нь шовойх хэдэн бор гэр. Аргамжаатай морьд, голын эрэг дээрх хөх чулууд, цагийн эрхээр өнгөө хувиргах дэрс, дов сондуул. Талын дээгүүр дураар мишээх нар. Оройн сэрүүнд гэрийн тооноор униартах хөх утаа. Цэлмэг мөртлөө үдээс хойш бүрхэх тэнгэр. Дэргэд буух мэт аянгын цахилгаан, борооны дараах солонгын өнгө. Өглөө эртийн шүүдэр. Саахалтын хэрд байрлах чулуун гэр. Бор толгодын оройд дуран тавих бараан морьтон. Алсаас харахад алган дээрээ буулгам ийм л ахуйд хүн болж өндийсөн сөн. Хүй цөглөсөн нутгийнхаа тухай санахаар яруу найрагч Т.Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлэг оччихсон мэт ойртуулж, тэртээд элс, дов толгодоор нь гүйх бага настай минь уулзуулдаг юм. Миний бага нас тэнд одоо ч гүйж “яваа”…

МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188