Цас орсон хаврын бүүдгэр өдрөөр хавар шиг хүмүүсээ дурсъя. Тэр дээрээс үйрэх цас газар буугаад төдхөнөө хайлна. Цас хайлах богинохон хугацаандаа хүмүүний сэтгэлд тодоос тод мөр үлдээгээд буцна. Тийн буцсан цасны адил хүмүүний сэтгэлд зурайсан зам гаргаад одсон хаврын тэнгэр шиг монголчуудаа дурслаа.
Цас бударч, манан хөшиглөсөн хаврын өдрөөр Ардын эрхийн гудамж хэчнээн сайхан гэж санана. Байшингуудын дээвэр дээр орсон цас хайлж, доош бөнжгөнөн дуслах. Түүнийг харсан хүүхдүүд гараа тосох нь ирэх зуныг угтах мэт санагдана. Чилийн нэрт яруу найрагч, Нобелийн шагналт Пабло Неруда “Ертөнцийн бүх цэцгийг таславч, хавар ирэхийг зогсоож чадахгүй” гэсэн байдаг даа. Тэгвэл бүхнийг сэрээж, шинэ амьдрал бэлэглэх хавар цагаар хүмүүний сэтгэлд төрөх мэдрэмжийг зогсоож чадахгүй аж.
Яруу найрагч Ц.Гончигийн бичсэний адил дээврээс нь хавар дуслах мэт санагдах Ардын эрхийн гудамжнаас МУИС тийш гарч явлаа. Саяхан бударч байсан цас үе үе хүмүүсийн ороолт, малгайг “аваад шидчих” нь холгүй хуйсганах. МУИС-ийн хичээлийн III байрны замын эсрэг талд хүрч ирэв. Явган хүний замтай наалдуулан шахуу барьсан энэ хоёр давхар цагаан барилгуудын олонх нь доод давхартаа паб, ресторантай. Тэдний нэг нь хаалганыхаа дэргэд томоо цэлгэр цонхтой, сараалжин төмрөөр хаалгаа дарсан байх ба “R.B house” гэх. Уг газарт нэрт билгүүн номч Бямбын Ринчений ажлын талбар байсан гэдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө “Гэгээн Муза”, “Алтан-Өд”-ийн шагналт зохиолч, яруу найрагч Я.Баяраа ахтай явж байхад энэ газрыг агуу хүмүүний ажлын газар байсныг нь хэлж байв. Тэгэхдээ гараа чиглүүлэн “Яг тэнд нэрт Б.Ринчен суугаад ажлаа хийж байв шүү дээ” хэмээн заасан цонхны дэргэдэх ширээнд очиж суулаа.
Нэгэн цагт нэрт билгүүн номч Б.Ринченийг улс төрийн эсэргүү гэж үзэж байсан болоод ч тэр үү, түүний амьдрал ахуй, үйлс хэргийн талаарх мэдээлэл дэлгэрэнгүй бус, олдоц муу байдаг юм билээ. Харин түүний охин Р.Индра гуайн хэвлэлд өгч байсан ярилцлагад нэрт Б.Ринчен дөлгөөн харц, тайвуу хөдөлгөөнтэй байсан гэдэг. Нэг суухаараа яаруу босохгүй. Харин үе үе тамхи асаан суудаг байсан аж. Ийн бодон сууж байтал гаднаас хоёр залуу ороод ирэв. Халамцуу бололтой нэгнээ сугадаад “Найз нь жаахан согтчихжээ, сорри” гэхэд нөгөө нь “Зүгээр шүү дээ, бро” гэхчлэн ярьж явсаар нөгөө булангийн ширээнд очиж суух. Удалгүй зөөгч эмэгтэй нөгөө хоёр дээр очтол хатуу юм захиалаад буцааж байна шүү. Зөөгчийг эргэхэд нь би “Танай ресторан өмнө нь Б.Ринчен гуайн ажлын өрөө байсан юм билээ, мэдэх үү” гэтэл толгой сэгсэрч байна. Үргэлжлүүлээд хэзээ энэ ресторан байгуулсан, ажлын газрыг нь хэрхэн сольж байсан талаар асуутал ер мэдэх юм алга. Тэгээд “Даргаасаа асууж үзье” гээд утсаа гаргаад цааш явлаа. Нэлээн удаан суугаад гарахаасаа өмнө очиж асуутал мэдэхгүй гэв.
2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар “Гудамж зам, талбай, байгууллагын нэр хаягийг монгол хэлээр бичих”-ийг хуульчилсан байдаг. Уг хууль хэрэгжиж эхэлсэн ч одоог хүртэл нэр, хаягаа монгол хэлээр бичиж, солиогүй олон газар бий. Тэдэн дунд
“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь єв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би” хэмээн бичиж байсан монгол хэл, үндэстний төлөө амьдралаа зориулсан билгүүн номч Б.Ринчен гуай нэгэн цагт ажиллаж, хоёр дахь гэр нь болж байсан уг газар ч багтаж байгаа нь эмгэнэлтэй санагдаж байлаа. ХХ зууны манлай монголч эрдэмтэн, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт билгүүн номч Б.Ринчений ажлын өрөө өдгөө монгол хэлээрээ ч дутуу дулимаг ярих залуусын архи эргүүлдэх уушийн газар болсон нь энэ.
Оюутан байхдаа МУИС, МУБИС орчмоор их алхдаг байлаа. Яг ингэж цас бударсан өдөр яруу найрагч Ц.Доржсэмбэ агсны “Цас, бороо” шүлгээс
“Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч цас орсоор л байна” гээд уншаад алхах бүр ч сайхан. “R.B house”-аас гараад бударсан цасан дунд алхсаар МУБИС-ийн дэргэд ирлээ. Оюутан байхдаа МУБИС-ийн утга зохиолын нэгдэлд очоогүй тасласан, мартсан өдөр гэж үгүй. Тэр дундаа утга зохиолын Р.Чүлтэмсүрэн, С.Энхбаяр, Г.Батсуурь багш ирсэн өдөр нэгдлээ тасална гэж байхгүй. МУБИС-ийн утга зохиолын нэгдэл анх 1965 онд байгуулагдсанаас хойш Төрийн шагналт зохиолч Ш.Гүрбазар, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Х.Ичинхорлоо, бүр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын цугладаг газар болж байв. 2018 оны намар МУБИС-ийн утга зохиолын нэгдлийн нээлт шинэ улирлын болоход хүүхдийн зохиолч О.Сундуй, ардчиллын “Алтан хараацай” нарын нэг Д.Сүхбаатар нар ирсэн. Нэгдлийн нээлтийн үеэр МУБИС-д Маршал Х.Чойбалсангийн ажлын өрөө байдаг талаар Р.Чүлтэмсүрэн багш хэлж байв. Тэр нь одоогийн МУБИС-ийн төв байрны хоёрдугаар давхрын 204 тоот. Нэгэнт МУБИС-д ирснийх маршалын ажлын өрөө байсан 204-ийг үзэхээр төв байр руу орлоо. Хичээлийн завсарлагаатай таарсан бололтой нэгдүгээр давхраар оюутнууд холхиод хөл хөдөлгөөн ихтэй. Хоёрдугаар давхар руу гараад зүүн гар тал руугаа харвал 204 тоот өрөө байх аж.
БНМАУ-ын төрийн тэргүүн, Маршал Х.Чойбалсан сууж, эх орон, төрийн шийдвэр гаргаж байсан уг газар өдгөө хичээл, номын газар болжээ. Хоёрдугаар давхрын 204 тоотын үүдэнд зогсож байхад дэргэдүүр оюутан, залуус гүйлдээд баяр цэнгэлтэй. Харин Маршалын үед энэ газар төрийн хамаг том шийдвэр гарч, цэрэг, арми жагссан, хатуу сахилга баттай газар байсан гэдэг. Өмнө минь байх хаалганы цаана нэгэнтээ Маршал Х.Чойбалсан төрийн эрхийг барьж, шийдвэрээ гарган, Дорнодоос найзтайгаа зугтаж ирж байсан тухайгаа, “Анхны долоо”-гийн нэг болж, Эрхүүгээс тусламж гуйх гэж явж байснаа дурсан санаж байсан байх даа. Бүр энэ хаалганы цаана Монголын түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдсэн хэлмэгдүүлэлтийн үеийн шийдвэр гарч байснаараа түүхэн газар болж байгаа юм.
Би ч хаалганых өмнө удаан зогсож, дотор нь хичээл орж байгаа юм болов уу эсвэл оюутнууд сууж таарах юм болов уу гээд гаднаас сонсвол чимээ алга. Хаалгыг нь татаж үзвэл цоожтой байх. Яг тэр үед хажуугаар зөрж өнгөрсөн багшаас асуувал “Маршал Х.Чойбалсангийн ажлын өрөө байсан 204 тоот өрөө өдгөө МУБИС-ийн захирлынх болсон” гэв. Маршалын өрөөг зорьж үзэхээр орж ирсэн ч захирал байхгүй, хаалга цоожтой тул буцахаас өөр аргагүйд хүрсэн юм.
МУБИС-ийн урд хаалгаар гараад хэдэн тийш харвал, харагдсан зүйлс дундаас их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө анхаарал татах. Гартаа цаас, харандаа барин бүтээл туурвиж буйгаар дүрсэлсэн тэр хөшөө цас бударсан энэ бүүдгэр өдрөөр шүлэг бичих шиг харагдана. Улаанбаатар зочид буудлын урд байх их зохиолчийн хөшөөг 1966 онд Л.Махбалын зураг төсөл, Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд бүтээж, 2013 онд Лениний хөшөө байсан суурин дээр шилжүүлэн суулгасан гэдэг. Магад тэр цагаас хойш ч илүү олон хүн аранжин зэсээр цутгасан их зохиолчийн хөшөөг харж, хөшөөний сууринд тэмдэглэсэн “Миний нутаг” шүлгийн хэсгийг харж, эх орон, тал нутгаараа бахархдаг байх. Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд ирсэн утга зохиол шимтэгч, уншигчид тайвширдаг гэлцэх юм билээ. Харин зохиолч, яруу найрагчид ирэхээрээ шүлэг бичдэг гэнэ. Тэдэн дундаас Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном
“Олон удаа би, тэр хөшөөний дэргэд
Очиж, толгой гудайн зогссон.
Хөөрхийлөх сэтгэлдээ дийлдэж
Хөшөө юм даа гэлгүй шүүрс алдсан...
...Өнгөний хорвоод, ид залуудаа
Өнхөрч унасан тэр шүлэгч
Мөнгөний хорвоод ийм дүрээр
Мөнхөрч үлдсэн байна, хөөрхий” хэмээн бичсэн нь бий.
Их зохиолч Д.Нацагдорж гэхээр хүмүүсийн санаанд “Учиртай гурван толгой”, “Харанхуй хад”, “Ламбугайн нулимс”, “Хуучин хүү” өгүүллэг, “Миний нутаг” шүлэг зэрэг уран бүтээл нь орж ирэхээс гадна нэрт зохиолчийн амьдралын учир битүүлэг төгсгөлийн талаарх бодол, таамаг орж ирдэг болов уу. Яг энэ үед уран зохиол шүүмжлэгч, судлаач Х.Чойдогжамцын манай сайтад нийтлүүлж байсан “Д.Нацагдоржийн амьдралын төгсгөлд холбогдох гурван хууч, гурван зохиол” нэртэй өгүүлэл санаанд орсон юм.
Олонх түүхийн эх сурвалж их зохиолчийг сэтгэл зүйн байдлаасаа болж нас барсан гэж үздэг юм билээ. Харин Х.Чойдогжамц энэ олон хүнтэй уулзаж, асуудлыг ухаж, Р.Чойномын бичсэн Д.Нацагдоржийн сүүлчийн өдрийн тухай “Последный день”, зохиолч Д.Намдагийн “Нэг амьтны хоёр үхэл” өгүүллэг, яруу найрагч О.Содномпил, Ш.Бадарч, найруулагч Н.Болд нарын хууч ярианаас жишээ аван уялдуулж бичсэн байдаг. Тэгэхдээ их зохиолч Д.Нацагдорж амьдарч байсан байрныхаа гадаа боомилуулсан байдалтай олдсон нь илүү үнэмшилтэй болохыг таамаглажээ. Гэсэн ч одоо их зохиолчийн амьдралын сүүлчийн мөчийг яг тав таамаглах аргагүй л дээ. Таалал төгссөнөөс нь хойш ч “Д.Нацагдорж Германд амьд сэрүүн явж байхыг харсан хүн байна лээ” гэж олон зохиолч, яруу найрагч ярьдаг юм билээ.
Ийн бодолхийлж суусаар их зохиолчийн хөшөөний дэргэд цаг гаруй суув. Их зохиолчийн хөшөөнөөс явах замыг нэвсийсэн их цас даржээ. Цас будраад л, их зохиолч шүлгээ бичиж дуусаагүй л...
Аав, ээжийгээ хөтлөн явсан хүүхдүүд гарыг нь тавьчихаад цас ханзлан гүйж, бөөн инээд хөөр болохтой таарлаа. Нийслэл хотдоо гэр бүл, залуус ийн хөөрөлдөн инээж гүйлдэхийг харах тоотой хэдэн газар байдгийн нэг нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн цэцэрлэг. Б.Явуухулангийн цэцэрлэгт очсон хүмүүс цаанаа л нэг баяр жаргалтай харагддаг нь сайхан. Хэдэн жилийн өмнө зуны халуун эхэлчихсэн байх үеэр бага ангийн сурагч болов уу гэмээр нэг жаахан охин аавтайгаа ярьж байгаад Б.Явуухулангийн хөшөөний дэргэд очиж суун, ярилцаад, тэвэрч байх нь харж байлаа. Магад энэ хөшөө хүний хэлбэртэй бүтсэн болоод ч тэр үү, хүмүүстэй илүү “дотно” байх шиг санагддаг.
Саяхан даа, их Явуугийн хөшөөнд чихэвч зүүлгэсэн зураг цахим сүлжээнд явж байсан. Тухайн үедээ хүмүүс учир, утгыг ойлгоогүй хараад л өнгөрөөсөн ч “Монос хүнс” ХХК-аас зохион байгуулж байгаа “Хэнэгтэй монгол эрэгтэй хүн” төслийн хүрээнд зүүлгэсэн юм билээ л дээ. “Хэрэгтэй монгол эрэгтэй хүн” төсөл нь эрчүүдийг хэнэгтэй байж, эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарахыг уриалж, зөвлөсөн зорилготой гэнэ. Харин дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн зэрэг хөшөөнд чихэвч зүүлгэснийг тэр бүр хүмүүс сайнаар хүлээж аваагүй. Гэхдээ надад яг голыг нь оносон санагдсан.
ХХ зууны манлай найрагч гэгддэг Б.Явуухулан Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сурч ирснийхээ дараа Монголын яруу найрагт шинэ салхи авчирсан гэдэг. Тэгэхдээ цаг ямагт л шинийг сэтгэдэг байж. Тиймээс л шинийг сэтгэгч их Явуугийн хөшөөнд чихэвч зүүсэн нь шинэлэг хэрнээ түүнд “зохисон” санагдаж байв. Б.Явуухулан амьдран буй цаг хугацаандаа үгийн урлагийн авьяастан, шинийн эрэгч байсан төдийгүй их марзан хүн байсныг олон хүн дурссаныг санаж байна. Тэдэн дундаас богино өгүүллэгийн нэрт мастер Ж.Лхагва “Дутуу зурсан хөрөг” буюу зохиолчдын паян” номдоо дорнын их яруу найрагч Б.Явуухулан Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа буруу шүлгэн дээр батлах тамга дарчихаад, нөгөө хүн нь эргэж ирээд түүнийг нь хэлтэл “Сайн бичсэн түлээний баримт хүртэл шүлэг болдог юм даа” гэсэн гэдэг. Энэ мэтчилэн дорнын их найрагч Б.Явуухулангийн тухай хошин түүх, дурсамж бишгүй л байдаг. Тэр бүрийг санан Б.Явуухулантай нэг сандал дээр сууж байхдаа “Амьд уулзаад ингэж ярьсан бол намайг дооглоод сүйд болох байх” гэж бодогдож байлаа.
Нэг мэдэхэд нар хэвийж, Улсын их дэлгүүрийн цаагуур оржээ. Гадаа ч хүйтрээд Б.Явуухулангийн цэцэрлэгт цугласан хүмүүс цугаараа гэр гэртээ орохоор яарцгаана. Би ч тэдний адил гэрийн зүг явахаар Баруун салаа-Халдварт чиглэлийн Ч:41 автобусанд орсон юм. Гэтэл өглөөнөөс хойш цас будран бударснаа малгайлан орж, сэтгэлд гүн мэдрэмж үлдээсэн энэ өдөр автобусанд суугаад л дуусчихсангүй. Үнэхээр хувь тохиол уу эсвэл өдөр, автобус нь ингэж таарсан уу, мэдэхгүй юм. Халдвартын автобусанд “Шилдэг шүлгийн цомог” нэртэй яруу найрагчдын шүлгээ өөрийн хоолойгоор уншсан цомог явж байх. Тэгээд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Ичинхорлоогийн “Чамдаа” шүлгээс эхлээд яруу найрагч Ц.Хулан “Ганцхан ээждээ унших шүлэг”-ээ уншиж байна. Гэтэл тэдний дараа яруу найрагчийг нь шүлэгтэй хамт зарлахаас л автобусан доторх хүмүүс анхааралтай чагнаж, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны хоолой
“Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь” хэмээхэд автобусан дотор бараг бүх хүн зэрэг уншиж байлаа. Жаахан сурагч хүүхдүүд мөрийг нь тодхон хэлж, настайвтар эр автобусны хөгжим тоглуулагчийн зүг харчихаад амандаа уншиж байсан юм. Ард түмэнд дээдлэгдсэн яруу найрагчийн ард түмэн хүндэлсэн шүлэг ямар байдгийг тэгж харж чадлаа, алмайрлаа.
Билгүүн номч Б.Ринчен, Маршал Х.Чойбалсаны ажлын өрөө, их зохиолч Д.Нацагдорж, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөшөөнд очиж, “уулзсан” өдрөө ард түмний хайртай яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны монгол түмэн хүндэлсэн шүлгээр төгсгөж буйдаа өөрөө ч итгээгүй юм. Намайг энэ тэмдэглэлийг бичиж суухад ч хаа нэгтээ шугамын автобусанд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг эгшиглэж явааг санахад ямар сайхныг байсныг уншигч танд мэдрүүлж чадахгүй нь харамсалтай.
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС... |
|
2024-10-15 17:06:17
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |