Өмгөөлөгч Л.Санжаасүрэн хуулийн байгууллагад ажилласан бүхий л цаг хугацаандаа зөвхөн үнэний төлөө тэмцсэн. Үнэн худалд ялагдаж байсан цаг үеүдэд тэр хэнд ч, юунд ч бууж өгөлгүй тэмцсээр байсныг нь түүний хийж бүтээсэн ажил, он цаг гэрчлэх биз ээ. Тухайлбал, шоронгийн хоригдлууд тураал, өлсгөлөнгөөр олноороо үхэж байсан хүнд хэцүү цаг үед Засан хүмүүжүүлэх колонийн даргаар түүнийг томилсноор амь наана там цаана байсан хоригдлуудын идэх хоол, байр, савыг засан сайжруулж, өвчин зовлондоо дийлдээд босох ч тэнхэлгүй эвхрээд хэвтэж байсан хоригдлуудыг эмчлүүлж, хүний дайтай болгосон байдаг. Тэр өдөр, шөнөгүй тураалаар үхэж байсан хоригдлуудын ахуй орчин, хоол хүнснийг сайжруулахаас гадна өөрсдийг нь хоног тоолон хүлээж байсан хайртай хүмүүстээ амьд мэнд очих хүсэл эрмэлзлэлийг төрүүлж, сэтгэлийг нь дэмнэж чадсан байдаг. Тэр утгаараа Л.Санжаасүрэн тухайн цаг үедээ ажлын хамт олон төдийгүй хоригдлууд дунд “Загалмайлсан эцэг” хэмээн нэрлэгдэх болсон юм. Тураалаар үхэж байсан хоригдлуудын асуудлыг хэрхэн цэгцэлж, яаж ном журамд нь оруулсан талаар Сөрөг тагнуулын газрын дарга, ШШГЕГ-ын дарга асан хуульч, өмгөөлөгч Л.Санжаасүрэнтэй ярилцлаа.
-Та Засан хүмүүжүүлэх колонийн даргаар хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Таныг очиход хоригдлуудын нөхцөл байдал ямар байв?
-Би 1985 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуулийг төгсөж ирээд НАХЯ-нд ажиллаж байлаа. Хамт ажиллаж байсан нөхөд маань намайг “Чи коммунист намын сургууль төгсөөд улаан коммунист болоод ирсэн байна” гэж хэл, үг болсоор байгаад ажлаас чөлөөлөгдөхөд хүргэсэн. Тухайн үед намайг байцааж байгаа нэрийдлээр 45 хоног хорьсон. Анх намайг “Улсын нууц задруулсан” гэж шийтгэсэн нь тэр. Тэгэхэд би Улсын аюулгүй байдлыг хангах Ерөнхий газарт ажиллаж байсан юм. Өмч хувьчлал болж, улсын бүх хөрөнгийг МАХН-ынхан болон шинэ төрийнхөн хувьдаа ашиглаж, хээл хахууль, хүнд суртлын сүлжээ бий болж эхэлсэн үе л дээ. Биднийг тэдэнтэй тэмцэж эхлэнгүүт БНМАУ-ын тогтоол ашиглаж, намайг улсын нууц задруулсан гэж ялласан. Намайг суллагдаад 20-оод хонож байтал Л.Гарамжил генерал “Чиний үед Засан хүмүүжүүлэх колонийнхон сайн ажиллаж байсан. Чамайг ажилд чинь буцаан томилохоор болсон” гээд тушаал гаргасан. Намайг 45 хоногийн баривчилгаанаас гарч ирэхэд хоригдлууд тураалаар үхдэг, хорих ангийн байранд хүн байхын эцэсгүй болчихсон байсан нь үнэн. Хоол унд, байр савыг нь засаж сайжруулах хүртэл хоригдлууд өлсгөлөнгөөр бурхан болсоор байсан. Улсын нууц гээд нас барсан хоригдлуудын тоог тухайн үед зарлаагүй. Намайг ажилдаа эргэн очиход хоригдлууд “Дахиад явчих вий” гэсэн шиг тойрон хамгаалж байсан нь одоо ч сайхан санагддаг.
-Тухайн үед та ямар аргаар хорих ангийнхны нөхцөл байдлыг дээрдүүлсэн юм бэ?
-Тухайн үед би хоригдлуудыг хоол, ундаа хамт идэж, уудаг, хоорондоо ярьж, хөөрцгөөдөг болгож, байрыг нь засаж, өвчтэй хоригдлуудад эмнэлгийн тусламж тухай бүрд нь үзүүлж эхэлсэн. Энэ бүхнийг би Засан хүмүүжүүлэх колонийн даргаар буцаж томилогдсоныхоо маргаашаас л эхлүүлсэн. Хоригдлуудад “Хэн ч оргож болохгүй” гэдгийг сануулж, тэдэнд итгэл найдвар төрүүлж, хийх ёстой ажлыг нь даалгасан. Тэнд зоригтой, сэргэлэн, авхаалжтай, гарын дүйтэй хүн олон болохоор байр засах төдийхнийг дор нь хийсэн. Байрыг нь өөрсдөөр нь засаж, янзлуулаад зогсохгүй, өөрсдөөр нь хоолыг нь хийлгэж бага багаар идүүлж дасгасан. Өлсгөлөн хүмүүс нэг дор их идвэл газар дээрээ мажийдаг. Тухайн үед Монголын ихэнх шорон өлсгөлөн, тураалд нэрвэгдээд байсан болохоор намайг шорон болгонд очиж сургалт хийж, “Нөхцөл байдлыг нь сайжруулах чиглэл өг” гэж явуулдаг байсан.
-Тухайн үед таны баримталдаг зарчим юу байв?
-Би хүмүүсээс хэн нь, хэзээ, юу хийж бэлэн болгох тухай амлалт авдаг байсан. Тэд юуг, яаж хийхийг өөрсдөө мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг байхыг шаарддаг байсан гэсэн үг. Хийнэ, бүтээнэ, чадна гэж ярихаасаа илүү хийсэн, бүтээсэн, чадсан байх нь чухал байдаг юм. Энэ л миний үндсэн зарчим байсан.
-Л.Гарамжил генералтай гар нийлж ажиллаж байсныхаа хувьд түүнийг хэрхэн дурсах вэ?
-Л.Гарамжил генерал ажлаа сайн хийдэг, мундаг хүн байсан. Түүний ачаар шоронгийн нөхцөл байдал дээрдсэн гэхэд болно. Цагдаагийн хүн болохоор бүхнийг дэг журамтай, яг таг баримталдаг, сайхан хүн байлаа. Харилцаж, нөхөрлөхөд ч элдэв зангүй байсан нь бидний ажил урагшлахад их дэм болсон доо.
-Та насаараа Үндэсний аюулгүй байдлыг хангах, Засан хүмүүжүүлэх байгууллагыг удирдсан. Ажил мэргэжлээрээ хэрхэн бахархдаг вэ?
-19 настайгаасаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын төлөө ажилласан. Энэ бол миний бахархал мөн. Хууль, шүүхийн байгууллагад өөрийнхөө мэдлэг чадварыг зориулж, чин үнэнчээр ажилласан минь үнэн учир өөртөө сэтгэл дүүрэн явдаг. Түүний минь үр шим улс эх оронд минь тодорхой хэмжээнд ирсэн болов уу гэж боддог.
-Хуулийн хүн болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Би Архангай аймгийн Хашаат суманд 1947 онд төрсөн. Дөрөвдүгээр ангиа төгсчихөөд Улаанбаатарт ирж, Нэгдүгээр сургуульд сэхээтнүүдийн хүүхдүүдтэй хамт сурч байлаа. Би нэг удаа сахилгагүйтэж байгаад Увс аймгийн хүүхдэд “Дөрвөд хүн хүн биш. Дөрвөн шийр мах биш” гээд хэлчихсэн юм. Гэтэл багш “Чи хүүхдүүдийг ингэж доромжилж болохгүй. Чамайг Төмөр замын Политехникумд оруулна” гээд өргөдөл өгчихсөн байсан. 1964 онд Политехникумаа төгсөх гэж байтал Аюулаас хамгаалах яамны ажилтан сургууль дээр ирээд “Манай салбар эрэгтэй хүүхдийн хомсдолд орсон. Чамайг онц дүнтэй төгсөх юм бол НАХЯ-нд ажилд авна” гэсэн. Би 1966 онд сургуулиа онц дүнтэй төгсөөд, НАХЯ-нд бага дэслэгч цолтой ажиллаж эхэлсэн. Удалгүй хурандаа нарыг дагаад хилийн байдалтай танилцаж, хөдөөгүүр хэсэг явсан. 1970 онд Оросын НАХЯ-ны сургуульд яваад, 1975 онд Монголдоо ирсэн. Намайг сургуулиа төгсөөд иртэл Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст НАХЯ-ын төлөөлөгчөөр томилсон. Удалгүй хот руу буцаж, НАХЯ-ны Б.Дэжид генералын ажлын хэсэгт ажиллаж байгаад, 1982 онд Дархан-Уул аймгийн НАХЯ-ны даргаар томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй салбартаа ажилласан даа. Манайх гурван хүүтэй. Бага хүү минь ШШГЕГ-т ажилладаг.
-Таныг хоёр удаа улсын нууц задруулсан гэх үндэслэлээр барьж, хорьсон байдаг. Сүүлийнх нь С.Зоригийн хэрэгт холбогдсон Д.Энхбатыг өмгөөлж байхдаа улсын нууц задруулсан хэрэгт орж байсан. Таны нэр, төрийг улсаас цагаатгаж өгсөн үү?
-Эхнийх нь дээрх 1994 онд болсон 45 хоногийн баривчилгаа байсан. Сүүлийнх нь С.Зоригийн хэргээр шалгагдаж байсан Д.Энхбатыг өмгөөлөөд 1.7 жилийн ял сонссон. Үүнийхээ найман сарыг эдэлсэн. Түүнээс хойш өмгөөллийн ажил хийгээгүй. Төр засгаас нэр, төрийг минь ч цагаатгаж өгөөгүй. Уг нь, зовж, зүдэрсэн хүмүүст чадлаараа туслая гэж хичээдэг байсан. Д.Энхбат ч бусдын адил надаар өмгөөлүүлэх хүсэлтээ өгсөн. Сонгууль бүрийн өмнө С.Зоригийн хэрэг яригддаг нь нууц биш. Үнэндээ тэр хэргийг илрүүлэх, нуух хоёрын завсар байлгасаар өдийг хүрсэн. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн ажлаа хийж байгаад ял сонсож байсан болохоор дэлгэрэнгүй ярихаас эмээдэг болоод байгаа. Мөн л улсын нууц задруулсан гээд эхэлбэл нас дээр гарсан хүн яах билээ.
Түүний эхнэрийг Р.Оролзодмаа гэдэг. Тэрбээр ханийнхаа тухай ярихдаа “Манай хөгшин уг нь их зөөлөн, сайхан ааштай хүн. Ажил, мэргэжлийн шаардлагаар ааштай хүн шиг болчихсон. Тэр ажилтайгаа холбоотой зүйлээ та нарт ярих нь битгий хэл надад “Улсын нууц” гэчихээд ярилгүй өдийг хүрсэн. Бид 20-хон настайдаа ханилж, гэр бүл болцгоогоод өнөөг хүртэл элэг бүтэн сайхан амьдарч байна” гэсэн юм.
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |