• Өнөөдөр 2026-04-10

СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм

      Сэтгэл зүйч Б.Аниртай төрсний дараах сэтгэл гутралын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Төрсний дараах сэтгэл гутрал байдаг гэж бид ярьдаг. Гэхдээ төдийлөн ойлголтгүй байдаг тал бий. Та мэргэжлийн хүний хувьд тайлбарлаж өгөөч?

              -Төрсний дараа ээжүүдийн сэтгэл гутралыг хоёр ангилдаг. Эхнийх нь baby blues буюу физиологийн гутрал юм. Энэ нь нийт төрсөн ээжүүдийн 90% тохиолддог. Харин нөгөөх нь postpartum depression буюу төрсний дараах сэтгэл гутрал энэ нь ойролцоогоор 30-40% тохиолддог. Шинж тэмдгүүд хоорондоо адилхан. Түгших, шалтгаангүй их уйлах, уйтгар гуниг, хоосон мэдрэмж төрөх сэтгэл санааны байдал тогтворгүй болж ууртай болох нойргүйдэх юу ч хийх идэвх сонирхолгүй болох ганцаардах шинж тэмдгүүд илэрнэ. Тэгвэл ялгаа нь юу вэ гэвэл baby blues ойролцоогоор 2-3 долоо хоног л үргэлжилдэг. Учир нь энэ нь төрсний дараах бидний дааврын өөрчлөлттэй холбоотой бие физиологиос шалтгаалдаг. Харин түүнээс удвал энэ нь төрсний дараах сэтгэл гутрал байх боломжтой. Хугацааны хувьд 1-2 жил үргэлжлэх боломжтой бөгөөд улам хурц, хүнд хэлбэрт шилжсээр байдаг.

-Өчигдөр 23 настай ээж хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон аймшигт хэрэг гарлаа. Үүнийг сэтгэл зүйчийн үүднээс тайлбарлаж өгч болох уу?

             -Сэтгэл зүйчийн өнцгөөс бол ийм үйлдлийг ганцхан шалтгаанаар тайлбарлах боломжгүй ихэвчлэн олон хүчин зүйл давхардаж, хяналт алдагдсан нөхцөлд үүсдэг. Ховор боловч илүү хүнд хэлбэр болох Postpartum psychosis /mөрсний дараах сэтгэцийн эмгэг / үед бодит байдлын мэдрэмж алдагдаж, хий бодол, төөрөгдөл үүсч, хүний үйлдэл эрс өөрчлөгдөх эрсдэлтэй болдог. Ихэнхдээ дараах сэтгэлзүйн ба орчны хүчин зүйлс давхар нөлөөлдөг:

              •            Хэт их ачаалал, нойргүйдэл

              •            Ганцаардал, дэмжлэггүй орчин

              •            Санхүү, гэр бүлийн дарамт

              •            Өмнөх сэтгэл гутрал, бага насны сэтгэл зүйн шархны(суурь траума) түүх

              •            “Би хангалттай сайн ээж байж чадахгүй байна” гэсэн хатуу дотоод шаардлага эдгээр нь нийлээд хүнийг “гарцгүй” мэт байдал рүү түлхдэг.

        Иймэрхүү тохиолдлууд бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм.

-Яагаад төрсний дараа сэтгэл зүй тогтворгүй, эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй болдог вэ. Дааврын өөрчлөлт хэр нөлөөтэй вэ?

              -Эмэгтэй хүн ээж болох үед ганц дааврын хэлбэлзлээс болж эмзэг болдоггүй. Хүний тархи маш ухаалаг ажилладаг. Төрсний дараа илүү мартамхай болдог юм шиг санагддаг уу. Яагаад вэ гэвэл жирэмсэн болох үеэс эхлэн эмэгтэй хүний тархи ээж болох бэлтгэлээ хангадаг. Хөхөнд сүү оруулахаас гадна логик тархи, ой тогтоолт, шийдвэр гаргалтын тархины хэсгийн үйл ажиллагааг багасгаж сэтгэл хөдлөлийн тархины үйл ажиллагааг нэмдэг. Ингэснээр ээж хүмүүс илүү зөөлөн сэтгэлтэй, нинжин, мэдрэмжтэй байж хүүхдээ хайрлах, хамгаалах, уйлахад нь анхаарал хандуулах, өвдөхөд нь өөрийгөө золиослон байж асрах хэрэгцээ үүсдэг. Тиймээс өөрийгөө би яагаад ийм эмзэг болчихвоо гэж битгий санаа зовоорой. Та ганцаараа биш бүр ээжүүд мэдэрдэг шүү. Харин өөрийгөө байгаагаар нь илүү их хайрлаарай.

-Тэгвэл эмэгтэй хүн төрсний эргээд хэвийн байдалдаа орох гэж хэр хугацааг зарцуулдаг вэ. Ямар эрдэс дутагдсанаар сэтгэл гутралд өртөх эрсдэл нэмэгдэх үү?

              -Амаржисны дараа цус алдалт зогсож, умай агшиж хэвэндээ ороход зургаан долоо хоног болно. Харин дархлааны систем, тархины үйл ажиллагаа сэргэхэд 3-4 сар болно. Гемоглобин буюу цусны улаан эс, төмрийн дутагдал 12 сарын дараа хэвийн хэмжээнд хүрдэг. Гемоглобин нь тархинд очих хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Хэрвээ багасвал тархи хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй сэтгэл зүй, оюуны үйл ажиллагаа өөрчлөгдөнө.

-Ээжүүдэд дээрх сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

              - Хэрвээ танд төрсний дараах сэтгэл гутралын дээрх шинжүүд илэрч байвал дараах зүйлсийг зөвлөж байна. Өөртөө цаг гаргах. Дотроо байгаа мэдрэмжүүдээ нөхөртэйгөө, ойр дотнын хүнтэйгээ ярилцаж, удаан хадгалж, сөрөг зүйлс бодолгүй тухай бүрд нь ярилцаж гадагшлуулж байгаарай. Заавал асуудал ярих ч албагүй юуны ч талаар хамаагүй ярилцаж ярих хэрэгцээгээ хангах. Энэ байдал удаан үргэлжлэхгүй гэдгийг санаарай. Та үргэлж гэртээ байхгүй, нэг л мэдэхэд хүүхдүүд тань тангүйгээр бүгдийг хийж чаддаг болно. Харин энэ бяцхан үе нь удаан үргэлжлэхгүй, буцааж болохгүй.  Тэмдэглэл хөтлөх дадалтай болох. Толгой доторх бодлуудаа гаргаж бичих, талархаж байгаа эерэг зүйлсийг олж бичих, ирээдүйн төлөвлөгөө гаргар зэрэг олог янзаар хөтөлж болно - Тэгээд эцэст нь тэгсэн ч дээрдэхгүй байвал хамгийг зөв арга мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцаж үзээрэй. Заримдаа ухаад ярих үед бүр бага насны траума, хосын харилцааны асуудал гээд өөр том шалтгаанууд байж ч болно.

-Гэр бүлийнхэн нь яаж туслах вэ?

            -Судалгаагаар хамгийн их ядраадаг, стресстэй, ажлаас халшрах хам шинжид өртөж болох ажил мэргэжлийн нэг бол гэртээ хүүхдээ асрах гэж гарсан. Гэхдээ гэр цэвэрлэх, хоол хийж, хүүхдээ хооллоод байгаадаа ядраад байгаа юм биш. Харин сэтгэл зүйн ядаргаанаас үүдэлтэй. Учир нь хүний тархи ямар нэгэн аюултай үед эсвэл аюултай байж болзошгүй үед сэрэмжтэй байх зорилгоор тархины аюулын дохиог асаадаг. Энэ үед биед стрессийн кортизол даавар ихээр ялгардаг. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээж нар маань 24/7 хүүхдэдээ анхаардаг. Өлсчихвий, өвдчихвий, уначихвий, юм залгичихвий, яагаад уйлаад байгаа юм болоо яасан болоо гэх бодлууд бид өөрөө ч мэдэлгүй ухамсарт үүсэж бидний тархины аюулын дохио үргэлж асаалттай байдаг гэсэн үг. Тэр их кортизол даавар хүний биеийг маш их ядраадаг. Тэгээд нэмээд гэрийн ажил, их уйлдаг хүүхэдтэй бол байнга тэврэх гээд бие махбодын ядралт нэмэгдэнэ. Тиймээс ээж та 24 цагийн ядаж ганцхан цагийг өөртөө зарцуулж амарч тархиа амрааж байгаарай. Аавууд маань ч бас орой ирээд хүүхдэд санаа зоволтгүй жоохон амарчих гэж тархийг нь амрааж байгаарай

-Төрсний дараах сэтгэл гутралаас хэрхэн сэргийлэх вэ?

             -Төрсний дараа та цоо шинэ хүнтэй уулздаг. Гэхдээ тэр нь таны хүүхэд биш та өөрөө. Өөрийнхөө цоо шинэ хувилбартай танилцдаг. Заримдаа таалагдахгүй үе ч байна. Энэ үед хүмүүс ихэвчлэн төрөхийн өмнөх өөрийгөө хайж их стресстдэг, хуучин амьдралыг хэв маягаа эргүүлж авах гэж хямардаг. Гэхдээ номоор зүйрлэвэл энэ ямар нэгэн муухай төгсгөл биш харин цоо шинэ бүлгийн эхлэл юм шүү. Тиймээс өөрийн амьдралын шинэ бүлэгт, шинээр өөрийгөө олж, шинэ амьдралын хэв маягуудыг тогтоож, өөрийн илүү сайн хувилбар луугаа шилжээрэй.

-Сэтгэл гутралын хамгийн хурц хэлбэрүүд хэрхэн илэрдэг вэ?

         -Зарим тохиолдолд ээжүүд “Би л байхгүй бол илүү дээр” эсвэл бүр хүндээр “Хүүхдээ энэ зовлонгоос аварч байна” гэж бодох хүртэл  сэтгэлгээ нь өөрчлөгдөж болдог. Энэ бол эрүүл логик биш, харин сэтгэцийн хямралын үед үүсдэг гажуудсан ойлголт юм. Чухал нэг зүйл бол ийм үйлдэл гаргасан хүнийг зөвтгөхгүй. Гэхдээ зөвхөн “муу хүн” гэж тайлбарлах нь бас их хэцүү.  Энэ нь ихэвчлэн:

              •            Илрүүлж, оношилогдож чадаагүй

              •            Эмчилгээ, сэтгэл засал аваагүй

              • Ойр дотнын хүмүүсээсээ ямар ч дэмжлэг аваагүй сэтгэцийн болон сэтгэлзүйн ноцтой хямралын үр дагавар байдаг.

-Ээжүүд өөрсдөө юунаас эхэлж анхаарах хэрэгтэй вэ?

         -Сөрөг сэтгэл хөдлөлүүдийг дарж үргэлж сайхан ааштай, төгс ээж, эхнэр байх гэж өөрийгөө хүчлэх биш. Сэтгэл хөдлөлүүдээ таньж, хүлээн зөвшөөрч, зөвөөр гадагшлуулж сурах нь хамгийн эрүүл арга юм шүү.

-Сэтгэл гутралын шинж тэмдэг хүчтэй илэрч эхэлсэн үед ямар эмчилгээ хийгддэг вэ?

              -Хэрэв та байнгын уйтгар гуниг, түгшүүр, өөрийгөө болон хүүхдээ гэмтээх тухай бодолтой байвал яаралтай тусламж хүсэх хэрэгтэй. Хэдий чинээ эрт арга хэмжээ авна илүү сайн үр дүнд хүрнэ. Эмчилгээний сонголтууд нь сэтгэлзүйн эмчилгээгээр амьдралын хэв маягийг өөрчлөх.  Дэргэдэх хүмүүсээсээ анхаарал халамж авах, мэргэжлийн сэтгэл зүйчтэй сэтгэл доторх бүхнээ ярилцах.  Мөн мэргэжлийн эмнэлэгт хандаж сэтгэл зүйн сорил хийлгэх. Эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эс бөгөөс сэтгэл гутрал хүндэрч өөрийгөө болон хүүхдээ асарч чадахгүй болох. Энэ нь цаашлаад хүүхдийн өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ. Мөн таны амьдралын чанарт муугаар нөлөөлж, гэр бүл салалт, амиа хорлолт гэх мэт зүйлд ч хүргэх эрсдэлтэй.

-Манай нийгэмд энэ асуудлыг хэр ойлгодог вэ?

              -Төрсний дараах сэтгэл гутралыг нийгэм ээжийн буруу мэт сэтгэл зүйн хатгүйгээс болж үүссэн мэт боддог. Гэхдээ яг үнэндээ төрсний дараах сэтгэл гутралд орох үгүйгээ хүн өөрөө сонгодоггүй шүү дээ. Үүнд өөрийгөө бүү буруутгаарай бас та ганцаараа биш шүү. Бүр дэлхий дахинаа эрдэмтэд одоог хүртэл шалтгааныг нь олоогүй зөвхөн нөлөөлж болох хүчин зүйлсийг л гаргаж ирсэн зүйлд сэтгэл зүйн талаар ямар ч мэдлэггүй хүмүүсийн үгийг битгий өөртөө тусгаж аваарай.

 


СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188