• Өнөөдөр 2026-02-02

Хуванцар сав цуглуулах нь иргэний үүргээ гүйцэтгэж байгаа том илрэл

Жил бүр 10 сая ачааны машины тэвштэй тэнцэх хуванцар хаягддаг

      Голдманы нэрэмжит байгаль орчны шагналын эзэн, сувилагч Терри Свиринген “Бид энэ гараг дээр өөр гаригтай юм шиг амьдарч байна” хэмээн хэлсэн байдаг. Байгаль орчны салбарын “Нобель” гэгддэг уг нэр хүндтэй шагналыг хүртсэн тэрбээр индэр дээрээс уг өгүүлбэрийг зүгээр ч нэг сэтгэл хөөрлөөр хэлчхээгүй. Хүрээлэн буй орчин улам бүр бохирдон доройтсоор байвал бидний гэр хэчнээн сайхан цэвэр цэмцгэр байгаад нэмэргүй. Бидний гэр бол зөвхөн оршин сууж буй байшин бус эх дэлхий бүхэлдээ юм гэдгийг дахин сануулахыг хичээсэн үйлдэл байв. Харамсалтай нь хүн төрөлхтний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хүрээлэн буй орчин хог хаягдалд бага багаар живсээр байна.

Үүнд онцгой үүрэг гүйцэтгэдэг нэг хог хаягдал бий. Энэ бол хуванцар лонх юм. Ус, ундааны хуванцар лонх хэрэглээний хувьд хамгийн богино настай. Тэгсэн атал хамгийн их хог хаягдал үүсгэж, бүрэн задрах хүртэл олон зуун жилийг туулах шаардлагатай болдог нь асуудлын гол зангилаа билээ. Таны ердөө таван минут хэрэглэсэн хуванцар сав байгальд 450 жил үлдэнэ.

Олон улсын мэдээллээр дэлхийд жилд дунджаар 350 сая гаруй тонн хуванцар хаягдал бий болдог аж. Үүнийг төсөөлбөл, 10 сая ширхэг ачааны автомашины тэвш дүүрэн хаягдал гэсэн үг. Анхны хуванцрыг 1907 онд зохион бүтээсэн. Улмаар 1950-аад оноос хэрэглээнд эрчимтэй нэвтэрч, 75 жилийн дотор хуванцрын үйлдвэрлэл 200 гаруй дахин өссөн байна. Шанелийн (Chanel) тансаг брэндээс эхлээд энгийн хямдхан оймсонд хүртэл хуванцар оролцож байгаа. Энэ бүхнээс харахад 350 сая гэх дүн цаашид улам бүр өсөх нь гарцаагүй юм. Харин манай улсын хувьд жилд 20 орчим мянган тонн хуванцар сав хэрэглэгдэж, хаягддаг. Үүний 4-5 мянган тонныг цуглуулж, “TML plastic” үйлдвэрт  дахин боловсруулж байна.

Хуванцар хаягдлаас улс орнууд цэрвэж байна

     Хүн төрөлхтний дахин боловсруулж чадаагүй хуванцар хаягдал хаашаа явдаг вэ. “Тэд” үзэсгэлэнт дэлхий, далай тэнгис, Монгол орны гайхамшигт байгаль, нуур, гол мөрнөөр хэрэн тэнүүчилдэг. Хаана ч хүрсэн нар, салхинд гандсан хуванцар лонхнууд заавал таардаг нь үүний нэг нотолгоо юм. Заримыг нь шатааснаар агаарт элдэв хорт нэгдэл тархааж дэгдэнэ. Мөн газарт булшлагдаж, хэдэн зуун жилийн задралын үеийг туулах хувь заяагаа хүлээдэг.

Өмнө нь манай улс хоёр дахь ч түүхий эд авах цэгүүдэд хуванцар сав цуглуулж Хятад руу экспортолдог байв. Гэвч урд хөрш үүнд хязгаарлалт хийсэн. 2017 он гэхэд Хятад улс дэлхийн хамгийн том хуванцар хаягдал импортлогч орон байв. Тэгвэл 2018 онд дахин боловсруулах боломжтой 24 төрлийн хог хаягдлын импортыг хориглосонд хуванцар сав багтсан. Энэ нь нэг талаар хог хаягдал үүсгэсэн улс орон өөрсдөө асуудлаа шийдэх шахалтыг үзүүлж эхэлсний нэг илрэл юм. Ер нь 2019 онд дэлхийн 187 улс аюултай хог хаягдлын хил дамнасан тээвэрлэлттэй холбоотой Базелийн конвенцод хуванцрын хаягдлыг нэмэхээр тохиролцсон байдаг. Ингэснээр Монголд хэрэглэсэн хуванцар сав эндээ л үлдэнэ. Бид л асуудлаа шийдэхээс өөр гарцгүй болсон билээ.

Манайд хамгийн түгээмэл хэрэглэж байгаа арга бол булшлах үйл явц юм. Хууль нь ч тээвэрлээд, булахад мөнгө өгдөг. Тодруулбал, хогийн цэг рүү тээвэрлэхэд нэг тоннд 30 мянган төгрөг тооцож Хог хаягдлын сангаас санхүүжилт олгодог. Мөн булшлахад нэг тоннд 2000 гаруй төгрөгийн зардал гаргаж байна. Харин цуглуулах, дахин боловсруулсан тохиолдолд урамшууллын ямар ч систем үйлчлэхгүй байгаа юм. Иймээс устгаж булшлах нь санхүүжилтийн хувьд баталгаатай тул хөрсөнд асар их хог хаягдал цутгагдсаар байна.

    Цаашид энэ байдал удаан үргэлжлэх тусам асуудал ундарна. Энэ талаар БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх “Нийслэлийн нийт хог хаягдлын 80 орчим хувийг хүлээж авдаг Цагаан даваа, Нарангийн энгэрийн хогийн цэг үндсэндээ дүүрч, газаргүй болсон” хэмээн хэлсэн. Хамгийн гол нь нийслэлийн ихээхэн талбайг эзэлсэн уг хогийн цэгийг дахин ашиглах бараг л боломжгүй аж. Хэдийгээр хогтой талбайг хөрсөөр хучиж, нөхөн сэргээлт хийж ургамал тарьдаг ч энэ нь өнгө үзэмжийг сайжруулж буй хэрэг болохоос биш дахин ашиглах нөхцөлийг хангадаггүй. Тодруулбал, нөхөн сэргээлт хийсэн талбайд хатуу хучилттай зам тавих, бетонон хийцтэй барилга байгууламж барих хориотой. Мөн булшлагдсан асар их хэмжээний хогоос метан хий ялгарч байдаг тул эрүүл ахуй талаас бас л эрсдэлтэй. Иймээс зах замбараагүй хаясан хог хаягдлын хэмжээгээр бид газар нутгаа алдаж байна хэмээн ойлгоход буруудахгүй. Эдгээр хогийн цэг бүрэн эрүүлжиж дахин ашиглахыг хүлээвэл 500, магадгүй түүнээс ч олон жилийг зарцуулж мэднэ. 

     Нөгөөтээгүүр, хуванцар олон зуун жил бичил хуванцар болж задарч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд урт хугацааны аюул занал учруулах эрсдэлтэй. Өнөөгийн байдлаар дэлхийд, тэр дундаа далай тэнгист 21 сая тонн микропластик тархсан гэх судалгааг Их Британийн Үндэсний далай судлалын төвөөс гаргажээ. Энэ нь хүний нүдэнд үл харагдах асар жижиг тул амьсгал, хоол хүнсээр биед нэвтэрсээр байна. “Сүүлийн жилүүдэд далайн гаралтай хүнс хуванцраар бохирдох нь нэмэгдсэн” хэмээн шим тэжээл судлаач, доктор, дэд профессор Ц.Сонинхишиг хэлсэн. Эндээс харвал хүн төрөлхтний идэж буй хүнс, загас аль хэдийн хуванцрын “хачиртай” болжээ. Эдгээр бичил хуванцрууд хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг цаг хугацаа харуулна. Хүн төрөлхтөн хуванцрыг өргөн хэрэглээд 60-70 жил болж байгаа тул эрүүл мэндэд урт хугацаанд үзүүлэх нөлөөллийг бүрэн таньж мэдэх цаг хугацааны боломж бүрдээгүй байна. Энд нэг зүйлийг онцлоход богино долгионы зууханд хуванцар сав, гялгар уутанд хоол хийж халаах нь тухайн хүнсэнд хуванцар хэдэн тэрбумаараа шингэх боломж олгодгийг манайхан онцгой анхаарах учиртай.

Хуванцрыг дахин боловсруулах нь хамгийн чухал шийдлийн нэг

      Английн нэрт зохиолч Роберт Сван “Манай гаригт тулгарч буй хамгийн том аюул бол өөр хэн нэгэн биднийг аврах болно гэсэн итгэл юм” хэмээсэн байдаг. Антарктид тивийг хамгаалахад ухамсарт амьдралаа зориулж ирсэн түүний хувьд энэ үг утга учиртай. Монгол Улсад үүсэж буй асар их хуванцрын хаягдлыг гаднаас хэн нэгэн ирээд ачаад аваад явахгүй. Бид ямар нэг зүйлд найдаж дахин боловсруулах боломжтой хог хаягдал, тэр дундаа хуванцар саваа хаясаар, булшилсаар, салхинд хийсгэсээр байвал үүний хор уршгийг үр хүүхдүүд маань хүртэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, асуудлыг өөрөөсөө зайлуулах ямар ч боломж байхгүй. Иймд бидний хийх хамгийн эхний том алхам бол rPET хуванцар савыг дахин бүрэн боловсруулж сурах явдал билээ. Та ууж буй ус, ундааныхаа савыг эргүүлж тойруулан харвал PET хэмээн бичсэн гурвалжин тэмдэглээ бүхий дүрслэл бий. Энэ бол уг савыг дахин хэдэн ч удаа боловсруулах боломжтой гэсэн үг. “М-Си-Эс Кока-Кола” компанийн зүгээс 2030 он гэхэд борлуулсан бүх ус ундааны саваа дахин боловсруулах зорилт тавьснаар “TML plastic” үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэр манай улсад жилд хаягдаж буй бүх хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах хүчин чадалтай. Гэхдээ уг хүчин чадлынхаа 20 орчим хувийг л ашиглаж байна.

   Тэгвэл энэ боломжийг бүрэн ашиглах эсэх нь та, биднээс шууд хамаарна. Тодруулбал, хуванцар савыг анхдагч эх үүсвэр дээр цуглуулах нь дахин боловсруулалтыг амжилттай болгох амин сүнс юм. Маш энгийнээр ойлговол, та уусан усныхаа хуванцар сав бүрийг дахин боловсруулахад зориулж илгээж сурах нь шийдлийн хамгийн чухал хэсэг билээ. Ингэхдээ үлдэгдэл шингэнийг асгаж, савыг гишгэж хэмжээг нь багасгаж, улмаар оффис, орон сууцны хороололд байрлуулсан дахин боловсруулах хаягдал цуглуулах саванд хийх энгийн үйлдэл юм.

    Магадгүй таны хаясан савыг хэн нэгэн түүж аваад тушаагаад, эсвэл компани өөрөө хүн хүч гаргаад цуглуулж аваад боловсруулж болохгүй гэж үү хэмээх асуулт ургаж болно. Мэдээж ингэж болох ч энэ нь асар өндөр зардалтай. 1000 гаран төгрөгөөр борлуулагдаж буй савлагаатай цэвэр усны хуванцар саванд ногдох өртөг асар бага. Тиймээс үйлдвэр нэг кг хуванцар савыг 400 төгрөгөөс илүү үнээр авах боломжгүй байдаг. Мөн хотоос 150 км-ээс дээш радиуст очиж өөрийн машинаар хуванцар авахад шатахууны зардал нь авч буй ачааныхаа өртгөөсөө хэтэрчих гээд байдаг зовлонтой. Мөн дахин боловсруулалтыг дэмжсэн төрийн санхүүгийн хөшүүрэг байхгүй тул үйлдвэр дангаараа бүх ачаагаа үүрэх ёстой болдог. Энэ бүхнээс үүдэлтэйгээр иргэн бүр уусан ундааныхаа савыг цуглуулж зориулалтын саванд хийхэд үүнийг үйлдвэрээс нэгдсэн байдлаар тээвэрлэн татаж авах нь хамгийн зөв шийдэл аж. Өнөөгийн байдлаар нийт цуглуулж буй хуванцар савны 37 хувийг СӨХ-үүдээс очиж авч байгааг “SESL” компанийн захирал Л.Даваа хэлсэн. Мөн оффис, сургууль зэрэгт хуванцар сав цуглуулах зориулалт бүхий сав тавьж, цуглуулах ажлууд ухамсарт иргэдийн дэмжлэгтэйгээр улам бүр нэмэгдэж байгаа аж.

    Нөгөөтээгүүр, хуванцар савыг анхдагч эх үүсвэр дээр нь цуглуулж авах гээд байгаа бас нэг шалтгаан нь аль болох бохирдуулахгүй байх шаардлагатай холбоотой. rPET төрлийн хуванцар савыг шингэн хүнс савлах зориулалтаар дахин боловсруулахад маш нарийн стандарт, шаардлага дагаж мөрддөг. Хэрэв тухайн сав химийн бодис, шатахуун, тос зэргээр бохирдсон бол дахин боловсруулах үйл явц зардал өндөртэй, мөн шингэн хүнс савлах зориулалтаар дахин ашиглах боломжгүй болох эрсдэлтэй. Иймд ус, ундаагаа ууж дууссан л бол шууд хэмжээг нь багасгаж тагийг нь таглаад цуглуулах цэг рүү илгээх нь хамгийн чухал шийдэл юм. Ерөөс хуванцар савтай ус, ундаа худалдаж авсан бол үүнтэй хамт уг савыг дахин боловсруулах цэг рүү илгээх үүрэг ч давхар ногдож байгаа хэмээн ухамсарлачихвал зүгээр. Ер нь үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгч гээд бүх талын гинжин хэлхээ угсрагдаж байж сая араа шүд бүрэн дүүрэн ажиллаж эхлэх ёстойг анхаарах цаг болжээ. Байгаль дэлхийгээ хайрлаж, хойч үеэ хамгаалах нь үйлдвэрлэгч болон хэрэглэгч бүрийн үүрэг байх ёстой билээ.

Сайн иргэн хуванцар саваа буцааж тушаадаг

      Олон улсын жишгийг харахад өндөр хөгжилтэй улс орнуудад хуванцар савны хэрэглээ өндөр байдаг ч дагаад дахин боловсруулалтад ихээхэн ач холбогдол өгдөг. Үүнд Норвеги улсын жишээг татаж болно. Тус улс rPET хуванцар саваа 97 хувь дахин боловсруулдаг. Ингэхдээ урамшууллын болон олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн маш сонирхолтой, олон төрлийн арга хэрэгслийг ашиглаж иргэддээ дадал суулгажээ. Тухайлбал, та дэлгүүрээс нэг ундаанд 31 крон төлж авахад үүнээс 3 крон нь барьцаа болж үлддэг. Та хэрэглэж дуусаад саваа автомат машинд буцааж хийгээд дээрх 3 кроноо авч болно. Ингэхдээ уг урамшууллын систем нь хоёр сонголттой. Автомат машин дээр та мөнгөө буцааж авах уу, эсвэл Улаан загалмай нийгэмлэгт хандивлаад оронд нь сугалаа авах уу гэсэн сонголт гарч ирнэ. Та бусдад хандив өргөж, нэмээд аз гүйвэл нэг сая хүртэл крон хожим боломжтой. Сугалаанд аз таарах магадлал 467-д нэг байдаг аж. Гэхдээ аз дайраагүй гээд гутрах зүйлгүй. Та хандив өргөх товчлуур дарснаар бусдад буян хийсэн шүү дээ.

    Мөн нэг удаагийн хуванцар сав үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн савтайгаа харьцуулахад хэр хэмжээний савыг буцаан татаж чадсанаар нь татварын хөнгөлөлт эдлүүлдэг. Хэрэв нийт үйлдвэрлэсэн савныхаа 95 хувьтай тэнцэх дахин боловсруулах савыг татан авч чадвал байгаль орчны бохирдуулалттай холбоотой татвараас бүрэн чөлөөлөгддөг. Үүнээс гадна сурагчид анги хамт олноороо, спортын багийнхан орон сууцны хорооллоор явж хуванцар сав цуглуулах нь нийгэмд хувь нэмрээ оруулж буй хамгийн эерэг үзэгдэл хэмээн тооцогддог. Манай улсад хавар, намарт мод тарьж, зургаа сошиалд нийтэлж буян хураалаа гэдэгтэй ижил норвегичууд хуванцар сав цуглуулж түүгээрээ бахархацгаадаг. Түүнчлэн, хуванцар савны хаягдлыг ууттай хогуудын хамгийн дээр тавьдаг бичигдээгүй уламжлалтай. Энэ нь гэр оронгүй хүмүүс сав цуглуулахад амар болгож өгч буй юм. Энэ мэтээр маш олон уялдаатай системийг хэрэгжүүлснээр олон нийтэд дадлыг бий болгож, хойч үедээ эрүүл байгалийг үлдээхээр хичээж байна.

     Манай улсын хувьд олон улсын туршлагаас хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ өнөөгийн түвшинд дахин боловсруулалтын автомат машин байрлуулах, мөнгөн урамшуулал зэргийг хувийн хэвшил дангаар зохион байгуулахад санхүүгийн хувьд хүндрэлтэй. Иймд дахин боловсруулалтын ач холбогдлыг таниулж, үүргээ ухамсарлах сэдлийг төрүүлэхэд илүүтэй анхаарах нь зүйтэй биз ээ. Монголчууд эрт дээр үеэс байгалиа хайрлан шүтэж ирсэн хүмүүс. Гол ус бохирдуулах, газар хөндөх зэргийг ихэд цээрлэдэг. Нэгэнт байгалиа гэх уламжлалт сэтгэхүй, зан заншил, тогтсон итгэл үнэмшил байгаа тул үүн дээр тулгуурлаж байгалиа хайрлах нэг чухал алхам нь хог хаягдлаа ангилан цуглуулж, дахин боловсруулах гэх ойлголтыг үр дүнтэй түгээх боломжтой.  Нөгөө талаас нийслэлээс алхаж буй иргэнд оноо өгөх санаачилагатай адил хуванцар сав цуглуулсан иргэнд ч мөн оноо өгөх, алдаршуулах, нийгмийн тодорхой үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг урамшууллууд байх боломжтой.

    Мөн дахин боловсруулагчдыг дэмжих нэг хөшүүрэг бол хэрэглэгч та өөрөө юм. Та дахин боловсруулсан хуванцар саванд савласан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэснээр уг чиглэлд хүчин чармайлт гаргаж буй үйлдвэрлэгч, үйлдвэрийн хичээл зүтгэлийг урамшуулж буй нэг алхам билээ. Улмаар олон нийтийн энэ хандлагаас үүдэлтэйгээр бусад үйлдвэрлэгчид дахин боловсруулалтыг эрчимтэй хэрэгжүүлэх сэдэл болж өгөх нь гарцаагүй. Та хариуцлагатай бол би таныг хүндэтгэнэ, бас таныг дэмжинэ гэсэн иргэний таны урамшуулал чухал.  

Дахин боловсруулсан PET хуванцар сав бүрэн аюулгүй

       rPET хуванцар савыг хэдэн ч удаа дахин боловсруулж болно. “Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Франк Шеперс “Монголд rPET хуванцар савыг дахин боловсруулснаар хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй гэх буруу ойлголт мэр сэр байна. Үнэндээ Европ, АНУ-ын хүнсний аюулгүй байдал хариуцсан олон улсын байгууллагууд аюулгүй болохыг баталгаажуулж, зөвшөөрсөн байдаг” хэмээн хэлсэн.

Тодруулбал, АНУ-ын Хүнс эмийн хяналтын газар (Food Drug Administration), Европын хүнсний аюулгүй байдлын газар (European Food Safety Association)-аас хийсэн судалгаагаар rPET нь батлагдсан нөхцөлд боловсруулагдсан тохиолдолд хүнсний салбарт ашиглахад бүрэн аюулгүй болохыг батламжилсан байдаг. Эндээс үзвэл зохих ёсоор дахин боловсруулсан байх шаардлагатай аж. Тэгвэл “TML plastic” үйлдвэр энэ шаардлагыг хэрхэн хангадаг вэ. Энэ талаар тус үйлдвэрийн чанарын менежер Ш.Оюундарь “Дахин боловсруулж хүнсний зориулалтын шаардлага хангахад нэгдүгээрт түүхий эдийн чанар чухал. Хэрэглэгч ус, ундаагаа хэрэглэсний дараа саваа эх үүсвэр дээрээс нь ангилж ялгаснаар сайн чанарын түүхий эд болдог. Хоёрдугаарт хүнсний зэрэглэлийн шаардлага хангасан дахин боловсруулалтын шугам чухал. Манай дээр ашиглаж байгаа Sorema, Erema дахин боловсруулалтын шугам маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Дараа нь бид “Кока кола” компанийн маш хатуу шаардлага бүхий стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд л олон улсын хэд хэдэн лаборатори болон дотоодын лабораториудад дээж өгч шинжлүүлсэн. Ийм нарийн хяналтын дагуу үйлдвэрлэгдэж, дахин давхар хянагдаж байгаа тул чанарын хувьд эргэлзэх зүйлгүй” хэмээн хэлсэн. Энд нэмэлтээр тодруулахад, дэлхийн 200 оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг “Кока Кола” компани дэлхийд дахин боловсруулалтын хамгийн чанга стандартын шаардлага тавьдаг.

Өдгөө манай улсад “Bonaqua” усыг 100 хувь дахин боловсруулсан саванд савлаж худалдаанд гаргаад байгааг нийтлэлийн төгсгөлд дурдъя. Хуванцар савыг цуглуулж тушаах нь тус бүтээгдэхүүнд шинэ амьдрал бэлэглээд зогсохгүй ирээдүй үеийнхээ төлөө хийж буй хамгийн эрхэм сайн үйлдэл мөн.

Г.Батзориг


Хуванцар сав цуглуулах нь иргэний үүргээ гүйцэтгэж байгаа том илрэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188