• Өнөөдөр 2025-12-04

ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ

2025-12-04,   105

      Эргэлт.мн мэдээллийн сайтаас оны онцлох 10 залуу уран бүтээлчийг онцолж байна.

МУГЖ, УРАН НУГАРААЧ Э.ЛХАГВА-ОЧИР
 
       Хурд, хүч, авхаалж самбаа, ухаан, сэтгэлийн хат шаардсан “Phisical Asia” шоуны Монголын багийн гишүүдийн нэг бол МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир. Авьяас билиг төгөлдөр, эзэмшсэн мэргэжилдээ эзэн шиг нь эзэн байж, сонгосон замдаа эцсээ хүртэл бахархалтайгаар тууштай явж, олон залууст үлгэр дуурайлал болж буй түүнийг бид энэ оны онцлох уран бүтээлчийн нэгээр онцолж байна. Үзэгчид санаж буй бол “Phisical Asia” шоунд олсноос зүүгдэх тэмцээнд хэчнээн бардам, чанга, тэсвэр тэвчээртэй, өөртөө итгэлтэй өрсөлдөж, түрүүллээ. Түүний гал цог, эцсээ хүртэл чадна гэсэн итгэлийг санах тусам монгол хүн гэдэг хэчнээн омог бардам, дуусаж дундрашгүй хүч чадалтай улс вэ гэдгийг бахдан харсан. Э.Лхагва-Очир есөн настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэсэн байдаг. Түүнчлэн уран нугаралтаас гадна бодибилдинг, фитнессийн спортоор ч хичээллэдэг байна. Циркийн урлагт тод гэрэлтсэн, чадварлаг тамирчин түүнд уран бүтээлийн амжилт хүсье. Энэ онд үнэхээр  монголчуудын бахархал, омогшлыг багийн нөхдийн хамт сэргээж, монгол хүний мөн чанар, ур ухаан, хүч чадал, тэсвэр тэвчээрийг дархалж чадсан билээ. Түүний ярилцлагыг энд дарж уншаарай.
 
    “СҮҮЛЧИЙН БОРОО”, “ЩЕЛКУНЧИК-ЦӨМӨГЧ ЦЭРЭГ БА ХУЛГАНЫН ХААН”  ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Б.АНХБААТАР
       “Про” театрын залуус энэ цаг үед театрын хөгжилд үнэхээр том хөрөнгө оруулалт хийж, олон сайхан амттай уран бүтээлээр үзэгчдээ “дайлж” байгаа билээ. Үүний дотроос Б.Анхбаатар найруулагчийн найруулсан “Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганын хаан” болон “Сүүлчийн бороо” жүжгийг онцлохгүй байхын аргагүй юм. Шинэ жил дөхөхөөр санаанд ордог зүйлийн нэг бол цөмөөхэй. Бүгдийн дурсамжид амьдарч, амилдаг энэ хүүхэлдэй шинэ жилийн баярын нэгэн бэлгэдэл болтлоо хоногшсон. Тийм болохоор “Щелкунчик” үзэж, дурсамжаа нэгээр нэмэх боломжийг “Про” театрынхан, Б.Анхбаатар найруулагч бидэнд олгож буй нь үзэгчдийн хувьд том баяр юм. Түүний тавилт, шийдлүүд шинэ сэргэг, сэтгэж, эрэлхийлсэн нь цаанаа анги ондоо байдаг нь энэ жүжгээс ч тэр “Сүүлчийн бороо”-гоос ч тэр илэрхий байдаг. "Сүүлчийн бороо" бол эрх чөлөө, хүсэл, мөн чанар, хүний оршихуйн төлөөлөл болсон сэтгэл зүйн бүтээл. Хүний сэтгэл, ахуй руу өнгийн харж, шархалж, өвчилсөн сэтгэлийг нь эдгээн, эмчилж, бусниулж, сандаачсан ахуйг нь эмхлэн цэгцэлнэ гэдэг амаргүй. Үүнийг бид ихэвчлэн номын хуудас, тайзны бүтээлээс л олж авах боломжтой. Энэ ч үүднээс бид Б.Анхбаатар найруулагчийг оны онцлох уран бүтээлчийн нэгээр онцолж байна. Түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Түүний ярилцлагыг https://ergelt.mn/news/119/single/52175 холбоосоор орж уншаарай.
 
             ЖҮЖИГЧИН Х.СУМЪЯАДОРЖ
 
      Сүүлийн жилүүдэд түүний хувьд тайз, дэлгэцийн олон ч бүтээлийн дүрд амжилттай тоглож байна даа. Хамгийн сүүлд гэхэд “Орфей” театрын дахин тайзнаа амилуулсан “Гэм зэм” жүжигт тоглосон. Үзэгчид санаж буй бол “Монгол” театрын “Клеопатра” жүжигт ч дүр бүтээж байсан. Харин киноны тухайд бол дурлалт залуу, ноёны агь гээд хөвөрнө. Энэ жилийн тухайд түүний хувьд ийн олон уран бүтээлийн ажилтайгаас гадна “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн онцгой нэгэн оролцогч байсан нь олон хүний хайрыг татсан. Мөн нэг хэсэг “Маск” продакшнд харьяалагдан, хошин урлагийн тайзнаас ч үзэгчидтэйгээ уулзсан. Ингээд харахаар залуу уран бүтээлчийнхээ хувьд тэр өөрийгөө олон зүйлд сорьж, бүх зүйлд чадварлаг оролцож буй нь анхаарал татдаг. Иймдээ ч тэр оны онцлох залуу уран бүтээлчээр яах аргагүй нэрлэгдэхээр байна. Ирэх он жилүүдэд улам ч олон сайхан дүрийн эзэн болно гэдэгт итгэлтэй байна. 
 
             ЖҮЖИГЧИН Н.НАРХАЖИД
 
      Жүжигчин Н.Нархажидын бүтээсэн “Надад ирээгүй хайр” киноны Бүжингийн дүрийн тухай үзэгчид одоо л ярих нь багасаж байна. Хорь ч хүрээгүй хонгор охин хайр сэтгэлтэйгээ учирч, хадмын босго алхсан ч хатуу сэтгэлтэй хадам ээжтэй учирч, амьдрал нь хэрхэн орвонгоороо эргэж байгааг 20 ангит киногоор үзүүлсэн энэ бүтээлийн гол дүр Бүжинг залуу жүжигчин Н.Нархажид сайхан бүтээсэн. Амьдралд алдаж, яахаа мэдэхгүй бүдэрч явахдаа архинд орж, гашуун уух юмаар л өдөр хоногийг арай ядан барж байгаа эмэгтэй олон. Тэд ерөөсөө л Бүжин гэсэн үг. Цагтаа цөм залуу, гоо, гэнэн явсан. Гэхдээ хувь тавилан их сониноор өрнөж, санаанд оромгүйгээр амьдарч яваа. Гомдол, цөхрөл нь туйлдаа хүрсэн Бүжин хамгийн сүүлд хадам ээжтэйгээ уулзахдаа бүгдийг хайр найргүй гаргаж, ёстой сэтгэлээ онгойтол хэлж орхидог. Тэр хэсгийн жүжиглэлт бол үнэхээр үзэгчдийг байлдан дагуулж байсан. Үзсэн хэн бүхэн өмнөөс нь зүрх шархирч, өрөвдөн хайрлаж байлаа.  Хүнд дүрийг ингэж хүний сэтгэлд үлдтэл бүтээж чадсан түүнд том баяр хүргэе. Түүний ярилцлагыг энд дарж уншаарай.
 
            ДУУЧИН И.МИШЭЭЛ
 
      Олон улсын “Silk Way Star” шоуны ялагчаар тодорсон дуучин И.Мишээлд баяр хүргэе. Монгол дуу хоолойн гайхамшиг дэлхийн тайзнаа эгшиглэж л байвал, тэд монгол хүний зах хязгааргүй их авьяас билгээс мэдэрч л байвал сайхан. Ингэхийн тулд мэдээж уран бүтээлчид өөрсдийгөө сорьж, илүү их дайчилж, тэмцээн, уралдаанд оролцож байх нь чухал. Үүнийг И.Мишээл харуулж чадлаа. Хэчнээн чадварлаг, үзэсгэлэнтэй, гэрэлтсэн охин юм бэ. Тэгээд бүр өөрийн зохиосон “Монгол” хэмээх дууг дуулж арван орны шүүгчдийн хамгийн өндөр оноог авна гэдэг бахархахгүй байхын аргагүй. Дахин баяр хүргэе. Мөн баярлалаа. Монгол дуу хоолой, монгол үзэсгэлэн гоог олон улсын тайзнаа гаргаж, шат шатны уралдаанд нь амжилт үзүүлж, түрүүлсэнд. Улам ч олон тэмцээн, уралдаан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүний талаарх нийтлэлийг https://ergelt.mn/news/23/single/56600  линкээр орж, сонирхон уншаарай.
     
          ДБЭТ-ЫН ЕРӨНХИЙ УДИРДААЧ Ц.ТЭЛМҮҮН-ОЧИР
 
      Дэлхийн болон Монголын дуурь, балетын сонгодгуудыг удирдаж буй Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаачдын нэг бол Ц.Тэлмүүн-Очир. Тэрбээр ДБЭТ-т 2012 онд ороод, 2019 он хүртэл  хийл хөгжимчнөөр ажиллаад, 2023 оноос хойш театрын ерөнхий удирдаачаар ажиллаж буй. Энэ хугацаанд Ж.Вердигийн  “Магбет”, “Атилла”, “Риголетто”, “Травиата”, “Турбадур”, “Аида”, Ж.Пуччинигийн “Чио Чио Сан”, “Богем”, Монгол дууриудаас Д.Нацагдоржийн “Ламбагуйн нулимс”, “Учиртай гурван толгой”, “Гүн гэрийн гүнж” зэрэг дуурь дээр ажилласан байдаг. Тэрбээр “Ерөнхий удирдаач театрт бүгдийг холбож, уран бүтээлийг манлайлж байдаг гол хөдөлгүүр, уураг тархи болж ажиллах ёстой байдаг. Тэр ч үүднээсээ хариуцлага дагаад ирнэ. Мөн цэвэр уран бүтээлдээ анхаарал хандуулахаас гадна театрын урын сангийн бодлого, бусад найруулагч, зураач, балейтместртэй илүү уялдаж ажилладаг” гэж ярьсан байдаг. Түүний бидэнд өгсөн "САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД" ярилцлагыг уншаарай.
 
          УРАН БАРИМАЛЧ Н.СҮХБҮРЭН
 
      Уран барималч гэхээр хамгийн түрүүнд л Н.Сүхбүрэн барималч санаанд ордог. Баримлын шавраар хүссэнээ урлаж, урласан бүхнээрээ өөрийгөө илэрхийлэгч энэ нууцлаг мөртлөө нээлттэй уран бүтээлчийг энэ оны нэгэн онцлог хүнээр сонгох нь зүйтэй болов уу. Учир нь энэ онд тэрбээр “Нэгэн цул” гэх нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн бөгөөд түүний бүтээл бүр гүн утга агуулга, хэлэх санаа гүнзгий байдаг. Нэг ёсондоо өөрийнхөө дотоод хүнийг тухайн бүтээлээрээ дамжуулан бүтээдгээрээ түүний онцлог оршино.  Н.Сүхбүрэн барималчийн мөн нэгэн дурлалт төрөл бол крамек урлаг. Энэ төрөлийг түүнгүйгээр төсөөлшгүй. Дурлаж, хайрлаж, сонирхсон бүхэндээ амжилт гаргаж, ажлаа хамгийн жаргалтайгаар жаргаж, гүнд нь орж хийдэг түүнд их бүтээлийн онгод ерөөе. Түүний манай сайтад өгсөн ярилцлагад энд дарж саатаарай.
 
               ЯРУУ НАЙРАГЧ О.ЭЛБЭГТӨГС
 
      Жүжгийн улсын уралдааны хүүхдийн жүжгийн төрөлд нэгдүгээр байр, түүхэн жүжигт гуравдугаар байр эзэлсэн, “Гурван сүүдрийн театр” гэх шинэхэн театраа нээж, “Хөх тойрог” анхны жүжгээ амжилттай нээсэн гээд яруу найрагч, жүжгийн зохиолч О.Элбэгтөгс энэ жил яах аргагүй оны онцлох хүн болж байна. Тэрбээр "Алтан үе", "Чимээгүй хот", "Хөх мэдрэхүй" антологи, "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Бүслэлт", "Тэнцвэр" зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдадаа хүргэсэн байдаг. Жүжгийн зохиолын уралдаанд амжилттай оролцсоных нь дараа бид ярилцлага авсан юм. Энэ үеэр хэзээ анх жүжгийн зохиол бичиж эхэлсэн тухай нь асуухад “Анх дөрөвдүгээр ангиасаа хойш шүлэг бичиж эхлэхдээ жүжигч мөн бичиж эхэлсэн. Жүжиг бичээд ангийнхандаа сонирхуулж, өөрсдөө тоглодог байлаа. Дунд ангид ч мөн оролдсоор байсан. Тухайн үед Дундговь аймгийн Төв халхын дуулалт театрын жүжигчин С.Ариунбямба ах сургуулиа төгсөөд оччихсон, жүжигчнээр ажилладаг, Гэгээн муза шагнал авчихсан байсан. Тэгээд л ах надаар жүжиг бичүүлнэ. Би ч  бичсэнээ үзүүлэхэд, “Арай болохгүй байна” гээд л, би ч сурагч байсан болохоор засвар хийдэггүй байлаа. Энэ мэтчлэн багаас Дундговийн зохиолч, жүжигчин ах, эгч нар намайг “Чи чадна, чи бич” гээд л их дэмждэг байсан. Тэгсээр нэлээд жүжиг бичсэн. Заримыг нь дутуу орхисон нь ч байдаг. Ингэж явсаар 2018 онд анх УДЭТ-аас жүжиг бичих санал ирснээр “Надтай үлдээч” жүжгийг бичсэн. Түүнээс хойш ерөнхийдөө болох юм байна гэж үзээд, жүжгийн зохиол бичиж, жүжгийн зохиолууд редакторлах болсон. Одоо ч гэсэн суралцаж байна. Жүжгийн зохиол бичих тусмаа, “Болчихлоо” гээд жүжиг гараас гарах тусам хэцүү төрөл жанр гэдэг нь мэдрэгддэг” гэсэн юм. Ярилцлагыг бүрэн эхээр нь энэ холбоосоос хүлээн аваарай.
 
             МИСС Ц.БАЯРЧИМЭГ
 
     21 дэх удаагийн "Мисс Монголиа-2025" үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний  тэргүүн мисс, үндэсний ялагч, "Андра" академийн модель Ц.Баярчимэг бол энэ оны онцлох уран бүтээлчдийн нэг мөн билээ. Тэрбээр өмнө нь “Мисс Монголиа-2022” тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлөн оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарч байжээ. Энэ тухай “Миний анхны тэмцээн  “Мисс Монголиа-2022” байсан. Амьдралдаа гайхалтай мартагдашгүй дурсамж бүтээхээр шийдэж оролцсон. Тэр үед оролцож байсан 15 охин бүгд өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай байсан. Анхны тэмцээн маань миний өнөөгийн зорилгын эхлэл болж намайг бүтээхэд их хөшүүрэг болсон. Үүнээс хойш загварын олон тэмцээн уралдаан, загварын шоу, зураг авалтуудад оролцсон. Мөн хувь хүн талаасаа хэлний мэдлэг, харилцааны ур чадвараа хөгжүүлсэн” гэж ярьсан байдаг. Манай сайтад өгсөн ярилцлагыг нь https://ergelt.mn/news_full/2/single/53333 амтархан уншаарай.
 
                ШОГ ЗУРААЧ Ц.ОРГИЛ
 
       Ц.Оргил зураачийг бид ихэвчлэн даварч, томорсон дарга нар, ихэмсэг ямбат эрх мэдэлтнүүдийн байр байдлыг егөөдсөн шог зураач гэж мэддэг бол түүнд оюун санаа, сэтгэл зүрхээ нэрсэн, бодож санадагаа хүргэхийг зорьсон цөөнгүй сайхан бүтээл бийг өнгөрсөн есдүгээр сард дэлгэсэн үзэсгэлэнгээс нь мэдсэн билээ. Мэдээж өнөөх том гүзээт тонтгор дарга нар ч дэлгэгдсэн байсан. Сэдэв нь ганц улс төр, нийгмээр дуусахгүй. Хүмүүсийн ааш араншин болоод амьдралын хэв маягийн тухай ч шүүмжилж. Тухайлбал, турна гэсэн уриатай мөртлөө түргэн хоол, гаазтай ундаанаас салдаггүй эмэгтэйчүүд ч түүний зурагт буйдан дээрээ юм идэнгээ хэвтэн, зурагт үзэж суугаа харагдана лээ. Үүгээрээ тэр нийгэмд болохгүй байгаа бүхний голыг нь олж илэрхийлэгч, мөнхүү шударга шүүмжлэгч, бүр тэрслэгч юм. "Та нар ийм байхаасаа ичээч ээ" гэдгийг  уран бүтээлээрээ дамжуулан чанга дуугарч, тод буулгагч юм.

ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188