• Өнөөдөр 2025-05-28

"ЩЕЛКУНЧИК" ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Б.АНХБААТАР: Бид энэ жил амжилтаа ахиулж, "Гэгээн муза" наадмаас найман шагнал хүртлээ

2025-05-26,   788

    Театрын шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн муза-18" наадам өнгөрсөн бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил “Pro" театрынхан тус наадмын хүүхдийн болон драмын төрөлд хоёр жүжгээ сойж, найман шагнал хүртлээ. Тэр дундаа "Щелкунчик" жүжгээрээ шилдэгийн шилдэг Гранпри шагналын эзэн болсон юм. Ингээд бид энэхүү жүжгийн найруулагч Б.Анхбаатартай ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Түүний хувьд театрынхаа таван жүжгийн найруулагчаар нь ажиллаад буй юм. 

-Танд болон баг хамт олонд "Гэгээн муза" наадамд амжилттай оролцсонд баяр хүргэе. Таны хувьд мөн хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг найруулагчаар шалгарлаа. Баяр, догдлолтой өдрүүд өнгөрч байгаа болов уу?
 
      -Баярлалаа. Их баяртай байна. Өмнөх муза дээр бид зургаан шагнал хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан найман муза авлаа. Хийсэн бүтээлээрээ сэтгэл хангалуун, сэтгэл цадах мэдрэмж аваад сайхан байна. Хоёр жүжгээр оролцсон, хоёулаа амжилттай өрсөлдөн муза атгаж чадлаа.
 
-"Pro" театрын хувьд хүүхдийн жүжгийг төлөвлөгөөндөө оруулж, түүгээрээ бас "Гэгээн муза" наадамд өрсөлдөж байгаа нь нийслэлд байгаа бусад театраасаа онцлог байгаа. Яагаад хүүхдийн бүтээл сонгох болсон бэ?
 
      -Бид ОХУ-д хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр төгссөн. Энэ ч утгаар хүүхэд рүү хандсан бүтээл хийдэг. Энэ удаад "Гэгээн муза" наадмын шилдгийн шилдэг нь хүүхдийн жүжиг болсонд их баярлаж, илүү ихийг хийх урам зориг авсан.
 
 
-"Щелкунчик" жүжгийг яагаад тавих болов. Таны хувьд ямар онцлогтойгоор найруулж хүргэе гэж зорьсон бэ?
      -Зохиолч нь миний дуртай зохиолч. Бид бол энэ зохиолыг П.И.Чайковскийн богиночилсон хувилбараар нь л мэдэж байгаа шүү дээ. Харин жүжгийн хувьд илүү деталь бүр дээр нь ажиллахыг зорьсон. Нэг ёсондоо бид илүү бүтээлч хандахыг хичээсэн. Үүнийг үзэгчид, "Гэгээн муза" наадмын шүүгч нар ч олж харсан болов уу гэж бодож байна. Миний хувьд найруулагчаар ажиллахдаа боддог зүйл бол уран бүтээлчид маань жүжгээ бэлдэж байх явцдаа жаргалтай, халуун дулаан байгаасай гэж хүсдэг. Дуртай ажлаа жаргалтай хийж байж тухайн бүтээл илүү үр дүнтэй болох болов уу.
 
 
-А.Дюмагийн "Шадар гурван цэрэг" жүжгийн уран бүтээлчдээс нь дөрвөн ч муза хүртлээ. Таны хувьд энэ жүжигт ямар дүрд ажиллав. Та бүхний сонголт яагаад "Шадар гурван цэрэг" байв?
 
       -Тийм ээ. Миний хувьд Арамисийн дүрд ажилласан. Энэ бол бидний оюутан байхаас л мөрөөдсөн мөрөөдөл. ОХУ-д сурч байхдаа л энэ зохиолыг жүжиг болгон тавихыг мөрөөддөг байсан. Тэгээд л тайзан дээр шавайгаа ханатал тулалдсандаа. 
 
 
-"Шадар гурван цэрэг" жүжигт урилгаар тоглосон хоёр ч уран бүтээлч нь "Гэгээн муза" наадмаас шүүгчдийн нэрэмжит, залуу уран бүтээлч шагнал хүртлээ.  Гаднаас урьж тоглож буй уран бүтээлчдийн хувьд хэрхэн сонгодог вэ?
 
       -Уран бүтээлчдийн сонголтын хувьд тухайн дүрд хэрхэн тохирч байгааг нь харж сонгодог. Тэр ч үүднээс бидэнтэй нэг баг болж, сэтгэл зүрх, авьяас чадвараа дайчлан ажилласан уран бүтээлчдэдээ баярлалаа гэж хэлье. 
 
-О.Итгэл найруулагч "Шадар гурван цэрэг"-ийг, Б.Даваасүрэн найруулагч "Инээмтгий хүн" жүжигт ажилласан. Таны хувьд харин "Щелкунчик", "Сүүлчийн бороо" гээд найруулсан юм байна. Баг хамт олон нь найруулагчийн хувьд илүү итгэл хүлээлгэдэг болов уу?
 
        -Манай театр байгуулагдаад гурван жилийн хугацаанд долоон жүжиг тавьсан. Миний хувьд үүнээс тавыг нь найруулсан байна. Мэдээж хамт олны маань хувьд итгэл, өөрийн сонирхолт бий. Тэр дундаа хүүхдийн жүжигт голлоод явах болов уу гэж бодож байна.
 
 
-Нэг ангийнхан гэдгээрээ баг болж ажиллахад та бүхний хамгийн том давуу тал болдог болов уу?
 
       -Тийм ээ. Нэг нэгнийхээ арга барилыг мэддэг болохоор найруулагчийн хэлсэн зүйлийг жүжигчид ойлгон хүлээж авахдаа амар байдаг. Илүү тийм хөнгөн байдлаар ойлголцдог нь ялангуяа театрын бүтээлийн хувьд хамгийн том давуу тал болдог. Мөн бүгдээрээ нэг төрөл жанраар харж чаддаг.
Тэгээд ч 2010 оноос хойш 15 жил хамт байгаа болохоор нэгнээ үнэхээр сайн мэддэг. Манай театрын ансамбль их сайн. Хоорондоо ойлголцож байгаа байдал, тайзан дээр нэгнээ мэдэрч байгаа нь биенээ илүү ойр мэддэг учир яах аргагүй ондоо.
 
-Б.Даваасүрэн найруулагч таны гэр бүлийн хүн. Найруулагч, жүжигчин гээд уран бүтээлчийнх нь хувиар та тодотгож хэлбэл юугаараа онцлог вэ?
 
     -Их торгон мэдрэмжтэй. Нарийн нандин зүйлсийг мэдэрч байдаг. Миний хувьд  уран бүтээлд хэт шулуун байдлаар хандах гээд байх шиг санагддаг. Харин Б.Даваасүрэнгийнх хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддагаараа онцлог. Дүр бүтээхдээ хүртэл энэ мэдрэмж, авьяас нь илэрч байдаг.
 
-Хоёулаа уран бүтээл хийгээд, нэг театрт ажиллахаар хүүхэд орхигддог сул талтай байдгийг уран бүтээлчид ярьдаг.  Зарим хүүхэд аав, ээжийгээ дагаад л ажил дээр нь өнждөг шүү дээ?
 
     -Их хэцүү. Байнгын хүүхэд харах хүн хайна. Одоо бол манай охин Эрдэнэт хотод эмээ дээрээ байгаа. Энд байхаараа жүжгийн бэлтгэлийн үеэр хүүхдүүдтэй хамт тоглоод байж байдаг. Б.Даваасүрэнгийн маань ээж театрын хүн. Тэгээд л ээжийгээ дагаж театрт өнжиж өссөн шиг охин маань бас аав, ээжийгээ дагаад театрт л өнжиж байна даа. Хоёулаа уран бүтээл хийхээр хүүхдүүд л харах хүнгүй хэцүүддэг болохоос бусдаар амар байдаг. Хоёулаа хамт ажиллаад, хамт шөнө харьж байгаадаа жаргалтай байдаг.
 
-Хамгийн үнэнч үзэгч хүүхдүүд байдаг болов уу?
 
    -Тийм ээ. Хамгийн гоё зүйл нь "Щелкунчик" үзсэн хүүхдүүд гэртээ очоод, мартсан байсан тоглоомоо гаргаж ирээд, дахин тоглож байгаа нь сайхан санагдсан. Тэдний амьгүй тоглоомыг амьтай болгож тоглодог ертөнц, ургуулан бодож, сэтгэдэг чадварыг уран бүтээлээрээ тэлж байгаадаа баяртай байгаа. Ялангуяа одоо хүүхдүүд тоглоомоор тоглохоо болиод утас их үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүтээлээрээ хүүхдүүдэд эерэг зөв байдлаар нөлөөлж байгаа нь бидний нэгэн зорилго биелж буй хэрэг юм.
 
-Аав, ээж нь янз бүрийн дүрд хувираад тайзнаа гарахаар хүүхдүүдэд их сонин байдаг байх. "Щелкунчик" жүжгийг үзээд охин нь ямар сэтгэгдэл хэлсэн бэ?
 
   -Анхнаасаа мэддэг болохоор гайхахаа больдог. Харин эсэргээрээ их шүүмжлэгч байдаг шиг санагддаг. Гэрт бараг өвлийн өвгөний хувцас нуухад ч бэрх байна. Хүүхдүүд их гярхай, дор нь олоод мэдчихдэг.
 
-Та багадаа хүүхэлдэйн кино үздэг, хүүхдийн зохиол бүтээлд дуртай хүүхэд байв уу?
 
    -Үгүй ээ. Харин зурах дуртай байсан. Зурах дуртай байсан минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх гэж боддог. Одоо ч зарим жүжгийнхээ тайзны зураачаар ажиллаж байна.
 
-"Proтеатрын цаашдын төлөвлөгөө гарсан уу?
 
   -Мэдээж бий. Цаашид бид энэ багаараа театрын бүтээлүүдээсээ гадна кино руу орох бодолтой байгаа. Аль алиныг нь хослуулаад хичээж ажиллана гэж зорьж байгаа.
 
-Ярилцсанд баярлалаа.

"ЩЕЛКУНЧИК" ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Б.АНХБААТАР: Бид энэ жил амжилтаа ахиулж, "Гэгээн муза" наадмаас найман шагнал хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188