• Өнөөдөр 2025-10-01

О.ЭЛБЭГТӨГС: 20 жил зохиол бүтээлд дурлаж, жүжгийн зохиол бичих гэж хичээсэн минь өнөөдрийн амжилтыг авчирлаа

2025-09-30,   604

     Хүн аливаад эхлээд сэтгэл татагдаж, яваандаа түүний гүнд нь орж, эцэстээ бүхнээ зориулдаг болов уу. Яг ийм дарааллаар өртөөлсөн хэн бүхэн амжилтын үзүүрээс атгаж чаддаг гэдгийг бид олон хүний жишээн дээрээс мэдэх билээ. Бидний энэ удаа уншигч тантай уулзуулах гэж буй зочин ч ялгаагүй дурлан хайрласан зүйлдээ амьдралынхаа 20 жилийг зарцуулж, тууштайхан уншиж, бичсээр өнөөдөрт хүрчээ. Тэр бол жүжгийн зохиолын улсын уралдааны хүүхэд, залуучуудын төрөлд “Тэнгисийн хоёр эрэг” жүжгээрээ тэргүүн байр, “Доголон Төмөр: Алтан илдийн гэсгээл” түүхэн жүжгийн зохиолоороо гуравдугаар байр эзлээд буй яруу найрагч, зохиолч О.Элбэгтөгс. Түүнтэй ярилцлаа.

            Тэрбээр "Алтан үе", "Чимээгүй хот", "Хөх мэдрэхүй" антологи, "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Бүслэлт", "Тэнцвэр" зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдадаа хүргэсэн юм.

-Жүжгийн зохиолын улсын уралдааны хоёр ч төрөлд таны бүтээл байр эзэллээ. Баяр хүргэе. Хэдий хэр хугацаанд бичсэн зохиолууд вэ?

      -Баярлалаа. Жүжгийн зохиолын улсын уралдаанд би гурван жүжиг өгсөн. Шинээр хоёр жүжиг бичээд, өмнө нь бичиж байсан нэг жүжгээ мюзикл болгож явуулсан. Тэдгээрээс хоёр жүжиг маань шалгарсанд баяртай байна. Энэ бол миний удаан бодож, боловсруулж байсан санаанууд. 20 жил зохиол бүтээлд дурлаж, жүжгийн зохиол бичих гэж хичээсэн минь өнөөдрийн амжилтыг авчирсан гэж бодож, урам зориг дүүрэн байна.

“Тэнгисийн хоёр эрэг” жүжгээрээ ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ?

           -Энэхүү жүжгээрээ хүүхэд, залуучуудад амьдрал, хүний мөн чанарын тухай өгүүлэхийг зорьсон. Үхэх, төрөх гэж юу юм, төрөхөөс үхэхийн хооронд, гэх хүмүүний амьдрал ямар учир шалтгаантай, үхсэний дараа амьдрал байдаг уу гэсэн оршихуйн тухай асуултад хариулт өгөхийг хичээсэн. Мэдээж зохиолчийн зүгээс гаргаж тавьж буй энэ санааг залуучууд ухаж, ойлгох байх. Харин хүүхдүүд жүжигт байгаа анимейшн маягийн эргэлтийг сонирхон харах байх. Магадгүй Драмын театр болон бусад театрын найруулагчид энэ жүжгийг сонгон тавьбал хүүхэд, залуучуудад сонирхолтой жүжиг байж чадах болов уу гэж бодож байна.

“Доголон Төмөр: Алтан илдийн гэсгээл” түүхэн жүжгийнхээ тухай онцолж ярих байх?

    -Монгол угсааны хаадуудын түүх их сонирхолтой байдаг. Тэр ч утгаар Чингис хаанаас хойш төрсөн Монгол угсааны хамгийн гарамгай жанжин бол Доголон Төмөр. Тиймээс энэ хүний тухай түүхэн жүжиг бичсэн. Түүхэн жүжигт судалгаа их хэрэгтэй. Энэ жүжгийг жил гаруйн хугацаанд бодож, боловсруулсан. Ер нь нэг бичиж төвдөхгүй байсан. Тэгээд уралдаанд зориулж эргэж сэргээгээд, түүхэн эх сурвалжуудтай тулган харж, түүхэн үнэнээс гажихгүйгээр, түүхэнд тодорхой болоогүй байгаа хааны аж амьдрал, байдлыг уран сайханжуулаад, орчин цагийн амьдралтай уяж бичсэн.

-Жүжгийн зохиол бичихэд тулгардаг асуудлуудыг та хэрхэн давж гарч, бичиж дуусгадаг вэ?

        -Миний хувьд тухайн жүжгээр ямар санаа илэрхийлэх вэ, жүжиг төгсөхөд үзэгчид юу олж харах вэ гэх асуултыг өөртөө тавьж, эхлээд төгсгөлөө харахыг хичээдэг. Тэгээд эхлэл, төгсгөлийн хооронд ямар үйл явц өрнөх вэ гэдгийг бодно. У.Шекспир өнөөдрийг хүртэл дэлхийн жүжгийн ноён оргил болж, алдартай байгаагийн учир нь тэр жүжгийнхээ дүрийн тухайн нөхцөл байдалд гаргаж байгаа үйл хөдлөл, байр байдлыг өөрөөр сэтгэж хийх ямар ч боломжгүй болтол бичдэг гэж судлаачид үздэг. Миний хувьд тэр жишгээр хийхийг зорьдог. Нөгөө талаар уран зохиолын төрөл жанр дотроос хамгийн хүнд нь жүжгийн зохиол юм байна гэдгийг бичих явцдаа мэдэрсэн. Хамгийн гол нь сайн бодож, боловсруулсны дараа бичихэд гайгүй. Харин бодохгүйгээр, сэтгэл хөдлөлөөр бичвэл жүжиг цааш бичигддэггүй. Тэгж нэг, хоёр үзэгдэл бичээд л цааш ахиагүй жүжгүүд бий.

-Зохиолч, уран бүтээлчдийг өндөр мөнгөн дүнгээр бүтээлийг нь үнэлэх нь төдийлөн бага байдаг. Энэ жилийн жүжгийн зохиолын улсын уралдаан зохиолчдын авьяас билгийг сайн үнэллээ гэж харж байна?

        -2018 онд УДЭТ-т “Надтай үлдээч” жүжиг маань найруулагч А.Чингүний найруулгаар тавигдаж байсан. Түүнээс хойш Өмнөговь, Дундговь, Хөвсгөл зэрэг орон нутгийн театруудад 10 гаруй жүжгийг маань тоглосон. Орон нутгийн театрууд төсөв, мөнгөнөөсөө болоод зохиолчдын зохиолыг сайн үнэлж чаддаггүй нь үнэн. Жүжгийн зохиолын ханш нуулгүй хэлэхэд таван саяд ч хүрдэггүй. Мэдээж олон жил бичсэн, туршлагатай, ахмад зохиолчид гайгүй үнэлэгдэх тал бий. Харин энэ удаагийн улсын уралдааныг зохион байгуулахдаа жүжгийн зохиолчдыг урамшуулж, үнэлэмжийг нь өсгөх тодорхой зорилго тавьсан байна лээ. Энэ нь их таалагдсан. Цаашид жүжгийн уран бүтээлчид тайзнаа жүжиг нь тавигдахад энэ хэмжээнд үнэлэх юм уу гэсэн жишиг үнийг нь тогтоож өгч байгаа юм байна гэж ойлгосон.

-Д.Урианхай зохиолчтой нэг тайзнаа гарч шагнал гардах мөч сайхан байсан болов уу. Мэдээж танд бас урмын сайхан үг хэлсэн байх?

        -Монголын уран зохиолын нэгэн том ноён оргил Д.Урианхай зохиолчтой нэг тайзнаа шагнал аваад зогсоно гэдэг сайхан байлгүй яах вэ. Эрхэм зохиолчийг мэддэг, мэнд устай явдгийн хувьд олон сайхан яриа хөөрөөнөөс нь сонсож байсан.

-Шүлэг, өгүүллэг бичихээс гадна хамгийн анх жүжиг бичихээр шийдэж, оролдож эхэлсэн үе нь танд үргэлж ойр байдаг болов уу. Хэн танд нөлөөлж, чиглүүлж, дэмжиж байв?

         -Анх дөрөвдүгээр ангиасаа хойш шүлэг бичиж эхлэхдээ жүжигч мөн бичиж эхэлсэн. Жүжиг бичээд ангийнхандаа сонирхуулж, өөрсдөө тоглодог байлаа. Дунд ангид ч мөн оролдсоор байсан. Тухайн үед Дундговь аймгийн Төв халхын дуулалт театрын жүжигчин С.Ариунбямба ах сургуулиа төгсөөд оччихсон, жүжигчнээр ажилладаг, Гэгээн муза шагнал авчихсан байсан. Тэгээд л ах надаар жүжиг бичүүлнэ. Би ч  бичсэнээ үзүүлэхэд, “Арай болохгүй байна” гээд л, би ч сурагч байсан болохоор засвар хийдэггүй байлаа. Энэ мэтчлэн багаас Дундговийн зохиолч, жүжигчин ах, эгч нар намайг “Чи чадна, чи бич” гээд л их дэмждэг байсан. Тэгсээр нэлээд жүжиг бичсэн. Заримыг нь дутуу орхисон нь ч байдаг. Ингэж явсаар 2018 онд анх УДЭТ-аас жүжиг бичих санал ирснээр “Надтай үлдээч” жүжгийг бичсэн. Түүнээс хойш ерөнхийдөө болох юм байна гэж үзээд, жүжгийн зохиол бичиж, жүжгийн зохиолууд редакторлах болсон. Одоо ч гэсэн суралцаж байна. Жүжгийн зохиол бичих тусмаа, “Болчихлоо” гээд жүжиг гараас гарах тусам хэцүү төрөл жанр гэдэг нь мэдрэгддэг.

-Тэгэхээр танд тухайлсан багш байхгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлж бичсээр өнөөдөр хүрсэн гэж ойлголоо?

      -Тийм ээ. Хүүхэд нас маань лааны гэрэлд ном уншиж л өнгөрсөн. Бидний үед гар утас, интернэт гэж байгаагүй. Уншсан номынхоо уран сайхан, дүрийг ургуулан төсөөлж, нэмж фантазжуулж, үргэлжлүүлдэг. Шүлгээр бусад уран зохиолын төрөл рүү орж, оролдож эхэлсэн. Одоо бол тууж, роман, жүжиг гээд бүх төрлөөр өөрийгөө сорих итгэл төрж байгаа. Одоо нэг роман дээр сууж байна. Болж өгвөл хавар дуусгаж, хэвлүүлэх санаатай байгаа.

-Роман бичихэд хэдий хэр цаг хугацаа зарцуулж байна вэ?

 -Бичиж эхлээд хараахан  удаагүй байгаа. Түүхэн биш учир айхтар судалгаа ороогүй. Орчин үеийн сэдэвтэй, залуучуудын тухай роман. Тиймээс гайгүй ирэх хавар гэхэд дуусчих болов уу гэж бодож байна. Мэдээж урт удаан хугацаанд бодож, боловсруулсан учир бичихэд харьцангуй гайгүй байх.

-Зохиолч, бичдэг хүний хувьд орчин үеийн залуусын хандлага, зан чанар, байр байдлыг хэрхэн харж байдаг бол?

         -Залуучууд их хөгжиж байна, боловсрол, соёлтой ч болж байна. Харин манай үеийнхэн болон түүнээс дээших үеийнхэн маань магадгүй өнөөдрийн залуучуудын хөгжлийн хурд болоод соёл, сэтгэлгээнд тэнцэхээ больж байгаа юм болов уу гэж харж байгаа. Бид улам л соёлтой болмоор байгаа юм. Харьцангуй иргэншиж байна л даа. Тэр хэрээр ялангуяа соёл урлаг, нийгмийн салбарынхан өнгөрсөн цаг хугацаагаа эргэн нэг хараад тоймломоор юм шиг санагддаг. Бидэнд юу хэрэгтэй байна, цаашид яаж хөгжиж, дээшлэх үү гэдэг ч юм уу шинжлэх ухааны хөгжил, дэвшил гэх зүйлийг илүү ашиглах нь зүйтэй. Тэгэхээр бид өөрсдөдөө дүгнэлт хийж, залуучуудаа дэмжиж, нийгмээ хэрхэн сайхан болгох вэ гэдэг дээр залуу нь ч , настай нь ч дор бүрнээ бодож, хичээж, нэгнээ хайрлаж, дэмжиж, урам өгч  байж л урагшилна гэж боддог. Энэ  санаагаа ч бүтээлээрээ дамжуулан уншигчдадаа хүргэхийг зорьдог.

-Та аймагтаа ажиллаж, амьдарч байгаа бил үү?

     -Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдарч байгаа. Чөлөөт уран бүтээлч. Гэхдээ сүүлийн гурван жил 20 гаруй хүүхэдтэйгээр "Дотоод инээмсэглэл" нэртэй утга зохиолын дугуйлан хичээллүүлж байна. Тэд нартаа “Чи ингэж шүлэг бич” гэхээс илүүтэй, ёс зүй, гоо зүй, иргэн байх, хүн байхын боловсролыг уран зохиолтой холбож, илүү тайлбарлахыг хичээдэг. Урлагаар дамжуулж 20 хүүхдийг ч болов зөв мэргэжлээ сонгох, ирээдүйд зөв хүн болоход нь туслаж байгаа болов уу гэж боддог.

-Гэр бүлийнхэн нь таны хамгийн сайн дэмжигч байх?

   -Тийм ээ. Гэр бүлийнхэн маань миний хамгийн том дэмжигч. Эхнэр маань миний бичих, туурвих орон зайг өгч, бүх боломжийг хангаж өгдөг. Гурван хүү маань бас ялгаагүй сурчихсан. Намайг өрөөндөө  юмаа бичээд суухад хаалга онгойлгохгүй гэдэг ч юм уу аль болох төвөг удахгүйг хичээдэг. Тэгэхээр энэ амжилт бол намайг дэмжсэн гэр бүлийнхний минь амжилт. Баярлаж явдгаа илэрхийлмээр байна.

-Сүүлийн жилүүдэд театр ч олноор төрж, идэвхтэйгээр жүжгүүд тавьж байна. Гэхдээ гадны уран бүтээлчдийн бүтээлээс ихэнхдээ тавьж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа. Таны хувьд ч тэдгээр жүжгүүдээс үзсэн байх. Энэ тал дээр жүжгийн зохиол бичдэг, уран бүтээлч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

       -Тийм ээ. Манай театрууд сүүлийн жилүүдэд тайзнаа олонд танигдсан романаас сэдэвлэж жүжиг бичих хандлага нэлээд ажиглагдсан. Нөгөө талаар дэлхийн сонгодог зохиолуудаас монгол найруулагч хэрхэн хөрвүүлж, драмын жүжиг болгож байна гэдэг сонирхолтой. Тийм ч болохоор би үүнийг гоё үзэгдэл гэж хардаг. Миний хувьд бас “Гурван сүүдрийн театр” гээд хувийн театртай болж байгаа гэдгээ энэ яриагаараа дуулгамаар байна. Оны өмнө юм уу амжихгүй бол оны дараа хотдоо театраа нээнэ гэж бодож байгаа. Ямар ч байсан жүжгийн зохиол оролдож байна, нэгэнт ингээд зохиол бичихээр шийдсэн юм чинь Монгол жүжгийн зохиолчдынхоо бүтээлийг тавьдаг хувийн театртай болохоор шийдсэн.

 -Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа


О.ЭЛБЭГТӨГС: 20 жил зохиол бүтээлд дурлаж, жүжгийн зохиол бичих гэж хичээсэн минь өнөөдрийн амжилтыг авчирлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188