• Өнөөдөр 2025-07-12

Ц.БАЯРЧИМЭГ: MISS INTERNATIONAL-2025 ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ БОЛСОН НЬ ӨНДӨР ХАРИУЦЛАГА, БАХАРХАЛ, БОЛОМЖ

21 дэх удаагийн Мисс Монголиа-2025 үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний  тэргүүн мисс, үндэсний ялагч, "Андра" академийн модель Цэгмидийн Баярчимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Miss International-2025” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Мисс Монголиа” наадмын тэргүүн мисс боллоо.Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

          -Тэргүүн Мисс болохдоо баярлаж  бас их хариуцлага ирж байгааг мэдэрсэн. Мисс гэдэг их хариуцлагатай үнэ цэнтэй цол. Гоё сайхан байхаасаа илүү нийгэм дэх нөлөөллөөрөө дамжуулан бусдад сайн сайхныг уриалдаг, өөрөөрөө үлгэрлэдэг хариуцлагатай үүрэг.

-“Мисс монголиа” шоунд яагаад оролцохоор шийдэв. Өмнө нь энэ төрлийн тэмцээнд оролцож байв уу?

        -Би өмнө нь “Мисс Монголиа-2022” тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлөн оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарч байсан. Тэр үеэс хойш өөртөө зорилго тавьж, гурван жилийн турш энэ л тэмцээнийг зорьж, өөрийгөө олон талаас хөгжүүлж, туршлага хуримтлуулж бэлдсэн.

-“Мисс монголиа” наадамд оролцох үедээ ямар туршлага хуримтлуулсан бэ?

        -Миний анхны тэмцээн  “Мисс Монголиа-2022” байсан. Амьдралдаа гайхалтай мартагдашгүй дурсамж бүтээхээр шийдэж оролцсон. Тэр үед оролцож байсан 15 охин бүгд өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай байсан. Анхны тэмцээн маань миний өнөөгийн зорилгын эхлэл болж намайг бүтээхэд их хөшүүрэг болсон. Үүнээс хойш загварын олон тэмцээн уралдаан, загварын шоу, зураг авалтуудад оролцсон. Мөн хувь хүн талаасаа хэлний мэдлэг, харилцааны ур чадвараа хөгжүүлсэн.

-Анх загварын салбарт хөл тавьж байсан мөчөө дурсвал. Юу нөлөөлсөн бэ?

         -Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрж өссөн. Багаасаа загвараар хичээллэхийг хүсэж мөрөөддөг байсан ч  суманд маань өөрийгөө олон талаас хөгжүүлэх боломж байгаагүй юм. 2021 онд  Эрдэнэт хотод оюутан болоод тэр үеэс Эрдэнэт модель агентлагт н.Найрамдал багшийн удирдлага дор анх загварын гараагаа эхэлж байсан. 2023 онд Улаанбаатар луу шилжин суралцаад 2024 оноос эхлэн Андра академид суралцаж эхэлсэн.

-Анхны загварын тайзыг нь асуухгүй өнгөрч боломгүй байх. Тухайн тайзнаас юу мэдэрсэн бэ?

       -“Мисс Монголиа-2022” тэмцээний тайзан дээр анх гарахдаа их айж сандрахын зэрэгцээ догдолж байсан. Одоо тайзан дээр гарахаар алхаад л баймаар санагддаг. Миний  хувьд хамгийн аз жаргалтай мөч бол “Мисс Монголиа-2025” тэмцээний гоёлын даашинзтай гарааны үе байлаа.

-Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө бусад бүсгүйчүүдтэйгээ жиших, харьцуулах үе гардаг. Таны хувьд охид ямар үед өөрийгөө бусадтай харьцуулдаг гэж боддог вэ?

        -Хүн бүрд өөрийгөө дутуугаар мэдрэх үе байдаг. Гэхдээ энэ мэдрэмжийг би хувьдаа өсөлтийн цэг гэж боддог. Мэдээж өөрийгөө бусадтай харьцуулах нь буруу, хүн өөрийгөө өөртэйгөө л харьцуулах нь зүйтэй. Хүн бүрийн хувьд гоё сайхны ойлголт өөр, байгалиас өгөгдсөн өгөгдөл өөр байдаг. Нийгмийн стандартыг дагаад бүх хүн адилхан царайтай болчихвол амьдрал уйтгартай болох байх.

-Загварын салбарт ажиллахыг хүсдэг охид, залуучууд байгаа шүү дээ. Тэдэнд өгөхийг хүсдэг зөвлөгөө бий юү?

           -Өөртөө итгэ. Чиний бодолд чинь багтаж байгаа бол чи чадна л гэсэн үг. Өмнө жил гэхэд л “Монголын мисс” болох миний мөрөөдөл байсан. Харин өнөөдөр тэр мөрөөдлөө атгачихсан байна. Хүний залуу нас, гоо сайхан ховорхон бас богинохон. Тиймээс цаг алдалгүй боломжийг атгаад аваасай гэж хүсэж байна. Алдаж бас онох зоригтой байгаарай.

-Загвар өмсөгч, мисс байхын хамгийн сайхан үе нь хэзээ вэ?

         -Мэдээж тайзан дээр алхах мэдрэмж хамгийн сайхан.  Модель, мисс гэдэг хоёр ойлголт ялгаатай. Модель бол дизайнерын урласан хувцсыг амилуулах үүрэгтэй мэргэжил. Харин мисс бол цол.

-“Miss International-2025” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа шүү дээ. Тэмцээндээ хэрхэн бэлдэх гэж байна. Тэнд очоод юу харуулахыг зорих вэ?

         -Тийм ээ, “Miss International-2025” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон нь надад маш том хариуцлага, бахархал, бас боломж гэж бодож байна. Тэмцээнд бэлтгэхдээ зөвхөн гоо үзэсгэлэнгээр биш, оюун ухаан, соёл, дотоод мөн чанараараа өөрийгөө бүрэн илэрхийлж, эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг зорьж байна. Тэнд очоод би зөвхөн нэг хүний нэрийн өмнөөс биш, монгол бүсгүйн ухаан, гоо үзэсгэлэн, уламжлал, соёлыг дэлхийд харуулахыг хүсэж байна. Миний зорилго бол "Miss International" тэмцээний утга учирт нийцсэн, энх тайван, нийгмийн эерэг өөрчлөлтийг дэмждэг, зүрх сэтгэлтэй мисс байх.

 


Ц.БАЯРЧИМЭГ: MISS INTERNATIONAL-2025 ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ БОЛСОН НЬ ӨНДӨР ХАРИУЦЛАГА, БАХАРХАЛ, БОЛОМЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-07-11 09:18:33
    Зочин: SEXSEER VANXANDI BOOW XXNO ANUSDI80955877
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188