• Өнөөдөр 2024-05-19

Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА

2023-07-29,   3472

        “Торгоны маань хээ” уран сайхны киноны үйл явдлыг бүтэн эргүүлэх Эрболдын дүрд ажилласан уран нугараач Э.Лхагва-Очиртой ярилцлаа. Найман метрийн өндөр хамгаалалтгүйгээр уран нугаралтын үзүүлбэр үзүүлдгээрээ цор ганц тэрбээр жүжигчин мэргэжилтэй төдийгүй "Монголын мистер", бодибилдинг фитнесийн дэлхийн аварга билээ.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн уран бүтээл болох “Торгоны маань хээ” уран сайхны киноны талаар ярихгүй юу. Таны ажилласан хэд дэх кино уран бүтээл болж байна вэ?

                -Сайн байна уу. "Торгоны маань хээ" миний ажилласан гурав дахь кино уран бүтээл. Тоглож байсан бусад уран бүтээлээс ялгарах онцлог нь эсрэг дүр бүтээсэн явдал байлаа. Өмнө нь эсрэг дүрд ажиллаж байсан туршлагагүй. Жүжигчнийхээ хувиар киноноосоо сурсан зүйл их байлаа. Киноны турш эерэг дүр шиг харагдаж байгаад төгсгөлд нь эсрэг дүр болж байгаа нь хамгийн том цохилт болно. Өөрийнхөө хувьд хамгийн сайнаараа ажилласан. Үзэгчид маань хэр тоглосныг шүүх байх аа.

-Жүжиглэх урлагаар суралцаж байв уу. Эсрэг дүр бүтээхэд танаас юу шаардав?

                -Би 2016 онд “Сити” их сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Гэхдээ 1997 оноос хойш циркээр явж, уран нугаралтаар хичээллэсэн учраас ихэнх тохиолдолд циркийнхээ ажлыг хийдэг байсан. Цирк үзэгч хаана байна, тэнд үзүүлбэрээ үзүүлдэг учраас их нүүдэллэдэг. Жилийн ихэнх хугацаанд нь гадаад байдаг учраас ямар нэгэн кино уран бүтээлд ажиллах боломж байдаггүй байсан. Кинонд тоглох санал ирсэн ч циркийн гэрээтэй ажилтай давхацдаг учраас татгалзахаас өөр аргагүй. Харин 2022 оноос хойш урт хугацаагаар гэрээ хийгээгүй учир кинонд тоглох боломжтой болсон. Энэ салбарт туршлага нимгэн ч хамтарч ажиллах, туслах хүн олон байлаа. Биеийнхээ хөдөлгөөнөөр хүмүүст урлагийг хүргэдэг байсан бол энэ удаа үйл хөдлөл, үгээр хүнд хүргэлээ. Тэр хэрээрээ сайн туршлага хуримтлууллаа гэж бодож байна.

-Анх уран нугаралтаар хичээллэх болсон шалтгаан юу байв. Юу таны сонирхлыг хамгийн их татсан бэ?

                -Анх уран нугараач болно гэж төсөөлөөгүй. Багийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Телевизээр циркийн үзүүлбэр гарахаар дагаж хийх гэж их оролддог байсан. Тэр үед гэрийнхэн маань дэмжиж, циркийн сургуульд акробатын багш н.Жаргалсайханы шавь болгосон. Акробатаар хичээллэж байх үед багш маань “Чиний биеийн байдал чинь илүү уян налархай, авьяастай юм чинь  уран нугаралтаар хичээллэвэл ямар вэ. Би чамайг төв цирк дээр  Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшид хүргэж өгнө” гэсэн. Тухайн үед багшийгаа танихгүй учраас төв цирк дээр очиж хичээллэх гэдэг нь миний сонирхлыг хамгийн их татсан. Төв цирк дээр  20 охины дундах ганц хөвгүүн нь байлаа. Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багш дээрээ долоон жил хичээллээд тусдаа хичээл авдаг болсон. Багшийн минь заасан бүхэн өнөөдрийн намайг бүтээхэд тусалсан.

-Тухайн үед эрэгтэй  уран нугараачийг хүмүүс яаж хүлээж авдаг байв. Одоо хэр өөрчлөгдсөн бол?

                -2000 оны эхэн үед тоглолтод орж эхэлсэн юм. Тухайн үед эрэгтэй хүн нугарна гэхээр шоолдог байлаа. Олон улсад эрэгтэй уран нугараачид байдаг гэдгийг мэдсэнээр эрэгтэй уран нугаралтыг ойлгодог болсон. Сөргөөр биш эергээр хүлээж авах нь нэмэгдсэн. Эрэгтэй хүний хувьд ховор бөгөөд нарийн мэргэжил. Уран нугаралт бол эмэгтэй хүний биед тохирсон мэргэжил. Эрэгтэй хүн булчинлаг болж өсдөг учир уран нугаралтыг биедээ тээж, хадгалж явна гэдэг урт хугацааны бэлтгэл, биеэ хайрлахаас хамаардаг. Тиймээс уран нугаралт бол эрэгтэй хүнээс тэвчээр шаардсан хатуу мэргэжил. 

-Булчингаа хөгжүүлж, бодибилдингээр хичээллэснээр бие нь чангарч хатуурсан уу. Дараа нь уран нугаралт үзүүлэхэд хүндрэл гараагүй юу?

                -Бодибилдинг, фитнесээр хөл хорионы үеэр хичээллэж эхэлсэн. Хөл хорионд байсан учраас өөр чиглэлээр хичээллэх боломж олдсон. Анухай найз маань “Өөрийнхөө биед тохирсон фитнесээр хичээллэж, тэмцээнд оролцож үзэх үү” гэсэн санал тавьсаны үндсэн дээр фитнесээр хичээллэж эхэлсэн. Уран нугаралтаар хичээллэдэг учир булчингийн суурь байсан. Ингээд 14 хоног  фитнесээр хичээллээд “Ирээдүйн мистер” тэмцээнд оролцож, тэргүүлж байлаа. Нэг жил хичээллээд л дэлхийн аварга болсон. Ямар нэгэн спорт, цирк ч тэр хүнээс золиос шаардаж байдаг. Фитнесийн бэлтгэлүүд миний циркийн, уран нугаралтын бэлтгэлүүдтэй харшиж байсан. Уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрүүд хүний хамгийн ухаалаг булчингуудыг ажиллуулж, хөгжүүлдэг. Тэр булчингууд фитнесээр хичээллэхэд том, хатуу булчин болж солигдсон. Ингэсээр хөл хүндэрч, мөр хатуурч уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлэхэд хүндрэлтэй болсон. Тэмцээнд оролцсоныхоо дараа дахин уран нугаралтын бэлтгэл хийсэн.

-Та хамгийн удаан, хүчин чармайлт гаргаж сурсан үзүүлбэрийнхээ талаар ярихгүй юу?

                -Хамгийн удаан хүчин чармайлт  гаргаж сурсан үзүүлбэр маань 2004 онд “Монте Карло” циркчдийн фестивалиас хүрэл цом хүртсэн уран нугаралттай, тэнцвэрийн үзүүлбэр байсан. Тус үзүүлбэр таван минут 30 секунд гар дээрээсээ буулгүй бүх үзүүлбэрээ үзүүлдэг. Хүнээс их тэвчээр шаарддаг үзүүлбэр. Энэ үзүүлбэрийг үзүүлэхийн тулд таван жил бэлдсэн. Тавхан минутын үзүүлбэрийг үзүүлэхийн тулд циркчин таван жил бэлтгэл хийдэг. Циркийн жүжигчин тайзан дээрээ үхэж болох эрсдэлтэй. Хүнээс эр зориг, чадварыг шаарддаг урлаг. Сахилга баттай байж олон бэртэл, гэмтлийг тэсэж, даван туулж байж циркийн жүжигчин болдог.

-Таны сандал давхарлаж хамгаалалтгүйгээр уран нугардаг үзүүлбэр алдартай шүү дээ. Энэхүү үзүүлбэрийн онцлогийн талаар яривал?

                -2017 онд Нарны циркийн мөсний шоунд оролцох урилга ирсэн. Гурван жилийн турш Хойд Америкийн 84 хот, Европын 40 гаруй хотоор аялж, үзүүлбэрээ үзүүлсэн. Сандалтай, уран нугаралтын үзүүлбэр дэлхийд ганц л байдаг. Мөн илүү онцгой болгодог зүйл нь мөсөн дээр үзүүлбэрээ үзүүлдэг явдал юм. Дэлхийд анх удаа мөсөн дээрх сандалтай уран нугаралтын үзүүлбэрийг үзүүлсэн. Цар тахал гарч аялан тоглолтоо дуусгасан. Хөл хорио дууссаны дараа дахин Нарны циркт ирж үзүүлбэрээ үзүүлэх санал ирсэн. Гэхдээ би гэр бүлтэй хүн учир дахин удаан хугацаагаар гэрээсээ хол байхыг хүсээгүй учир гэрээнээсээ татгалзсан. Циркийн багийнхан миний хийдэг байсан үзүүлбэрийг хийж чадах хүн хайж бүтэн жил шалгаруулалт явуулсан байсан. Хамгийн ойролцоо чадвартай байсан залууг бэлдэж, дасгалжуулсан байсан. Одоо миний хийдэг байсан үзүүлбэрийн 70 хувийг хийдэг юм билээ. Тэгэхээр миний хийдэг үзүүлбэрийг хэн ч орлож хийж чадаагүй байгаа.

        Бид хэдий биеийн хүчний үзүүлбэр үзүүлдэг ч тархины ажиллагаа асар их шаардсан үзүүлбэр үзүүлдэг. Учир нь, найман метрийн өндөрт хамгаалалтгүйгээр үзүүлбэр үзүүлж байхдаа өөрийгөө газарт байгаагаар төсөөлж, өөртөө нэг талаараа зориг өгдөг. “Энэ бол бэлтгэл, унах боломжгүй” гэсэн бодлыг өөрийнхөө тархинд суулгадаг. Тэр утгаараа үзүүлбэрийн дараа биеэс гадна тархи маш их ядардаг. Үзэгчдэд ямар ч айдасгүйгээр үзүүлбэрээ үзүүлж байгаа мэтээр харагдахын тулд үзүүлбэрийн дараа алга ташиж байгаа 3000 хүнийг сонсохгүй байх хэмжээний анхаарлаа төвлөрүүлдэг. Боломж гарвал дэлхийд үзүүлж буй гайхамшигт үзүүлбэрүүдийн талаар баримтат  кино хийхийг хүсэж байна. 

-Цирк сэтгэл түгшээсэн, тэр хэрээрээ хүний сэтгэлийг хөдөлгөсөн үзүүлбэрүүдийг үзүүлдэг шүү дээ. Тухайн үзүүлбэрийг үзүүлж буй хүнд ямар мэдрэмж төрдөг вэ?

                -Цирк бол олон давтамж дээр суурилсан хүний сэтгэл зүй болоод биеийн хамгийн өндөр хэмжигдэхүүнийг гаргадаг урлаг. Хүний бие юу хийж чадах, хүний сэтгэл зүй юу тэвчиж чадахыг хамгийн оргилд нь тулгасан үзүүлбэрийг циркт үзүүлдэг.

-Хүүхдүүд, дотнын хүмүүс нь уран нугараач болох талаар ярьж зөвлөлддөг үү. Дотнын хүн нь уран нугараач болно гэвэл дэмжих үү?

                -Хэрэв үнэхээр дуртай бол уран нугаралтаар хичээллэхийг зөвлөнө. Циркийн урлагаар хичээллэснээр олон зүйлийг сурч авах хэдий ч төдий чинээний зүйлийг золиосолж байдаг. Олон жил гэрээсээ хол ажиллана, бэртэж гэмтэнэ. Тиймээс дуртай байж энэ бүхний ард гардаг. Зүгээр нэг удаагийн сэтгэл хөдлөлөөр хандах юм бол ямар ч урагшгүй ажил болох болно. 10 хүн циркийн урлагаар хичээллэхэд тэдний 2-3 нь л энэ урлагаар амьдралаа залгуулж, амжилт гаргах боломж гардаг.

-Монголын уран нугаралтыг бусад улсуудтай харьцуулбал хэр түвшинд явж байгаа бэ?

                -Монголын уран нугаралт циркийн төрөл жанрыг дэлхийд сурталчилж байгаа. Мөн Монгол Улсын маш том өв, эрт дээр үеэс монголчуудын нугардаг байсан баримт байдаг. Одоо уран нугаралтын өлгий нутаг нь Ховд аймгийн Цэцэг сум гэгддэг. Тус сумын айл бүрийн охин уран нугарах сонирхолтой байдаг. Мөн классик монгол уран нугаралтын дэлхийн олон оронд зааж байна. Монголын уран нугаралтаар овоглож, бахархдаг гаднын олон жүжигчин бий. Бид ч мөн бахархах хэрэгтэй.

-Уран нугараач болсноор танд ямар сайхан талуудыг суулгасан гэж боддог вэ?

                -Уран нугаралт, цирк  хүнийг хамгийн сайн хүмүүжүүлдэг. Багаасаа хийж байгаа зүйлдээ шантрахгүй байх, зорьсон зүйлээ хийх, асуудлыг давж гарах чадварыг суулгадаг. Циркчид ямар нэгэн зүйл дээр хаттай хандаж, эргэж алхахгүй тэмцэж байгаа нь харагддаг. Хүнд багш бол хамгийн том эрдэнэ байдаг юм билээ. Т.Цэнд-Аюуш багшийнхаа шавь болсноор зөвхөн уран нугаралт заалгахаас гадна, хувь хүний хүмүүжлийг заалгасан.

-Танд баярлалаа, ажилд нь амжилт хүсье.

                -Баярлалаа.

 


Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-26 20:19:48
    Цэцэгчин ээж Болор: Мундаг залуу бахархаж хүндэлж явдаг. Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-26 18:43:53
    Зочин: Гайхалтай хүн шүү. Хүндэлж бахархаж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188