• Өнөөдөр 2024-04-26

ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС-III

2023-01-03,   2616

     Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс нүүрстэй холбоотой улстөрчдийн нэрсийг цувралаар танилцуулж байгаа. Өмнөх хоёр дугаартаа бид хэн хэний нэрийг зарласныг дараах дараах линкээр орж уншаарай. 
 
НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС-I
НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС-II
 
Харин энэ удаад бид УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан нар нүүрстэй ямар холбоо, хамааралтай явж ирснийг танилцуулж байна. 
 
ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
 
    Нүүрсний бизнестэй нөхдийн хань, хамсаатан, хамтрагчдын жагсаалтад УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ орж ирж байна. Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ 2010 оны дөрөвдүгээр сараас хойш Содномын Жаргалсайхантай хамтран “Атар чандгана сүү” ХХК-ийг эзэмшиж байгаа. Б.Бат-Эрдэнэ АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Атар чандгана сүү” ХХК-ийн 14 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж ирсэн. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд сүүний чиглэлийн үхрийн ферм ажиллуулж, сүүгээ С.Жаргалсайхан өөрийнхөө “Витафит” ХХК-д авдаг. “Витафит” ХХК нь “Өглөө”, “Өлзий” нэрийн савлагаатай сүүг зах зээлд нийлүүлдэг. 
    Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтарч 12 жил сүүний бизнес хийсэн С.Жаргалсайхан 2021 онд нүүрсний бизнест хөл тавьсан. Тодруулбал, С.Жаргалсайхан 2021 оны хоёрдугаар сарын 7-нд “Харгуйн тал транс” ХХК-ийг эзэмшигч болсон. Улмаар ганцхан сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байдаг. Товчхондоо, 10 гаруй жил халаас нэгтэй хамтрагч нь байж ирсэн С.Жаргалсайхан нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэгч болчихсон байхад Б.Бат-Эрдэнэ “мэдэхгүй, хамааралгүй” гэж мэлзэхгүй биз ээ. 
 
    Түүнчлэн, “Витафит”-ийн С.Жаргалсайхан зөвхөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн алтан хамтрагч биш. Бид өмнөх дугаартаа С.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын хамаарлыг дэлгэсэн. Тухайлбал, тэд  “Жи Эн майнинг” ХХК, “Билэгт хязгаар майнинг” ХХК, “Жиэн бевережис” ХХК, “Жем газ” ХХК, “Шинэ уул вэтс” ХХК-иудыг эзэмшдэг. 
 
Магад, УИХ-ын гишүүн хоёр ч гишүүнтэй бизнесийн хамтрагч хүн ганцхан сарын түүхтэй компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ хийхэд хялбар байсан биз. 
 
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР
 
     УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын  төрсөн дүү Ж.Нарантуяа нь Хаянхярваагийн Азбаяр гэгчтэй “Оргил үүдэн зам” ХХК-ийг саяхныг болтол хамтран эзэмшсэн ирсэн. Гэтэл Хаянхярваагийн Азбаяр нь мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшиж иржээ. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын “Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газартай 400 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж, өнгөрөгч арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Чухамдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар бизнесийн “нууц” хамтрагчид байж болзошгүй сэжүүр үүгээр гарч ирж байгаа юм. 
 
      Цаашилбал, УИХ-ын Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” ХХК-ийг түүний төрсөн дүү Б.Ганхуяг, түүний хүү Г.Гантулга нар хамтран эзэмшдэг. Тэгвэл Ганхуягийн Гантулга гэгч нь өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр хоригдож буй “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигтэй хамтран “Сора интернэшнл” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Харин “Сора интернэшнл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт 2018 оноос хойш Сор говь нэртэй нүүрсний уурхай ажиллуулж буй аж. Энэ тухайд бид дараагийн дугаартаа илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно. 
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
 
     Засгийн газрын “Нүүрсний хулгай”-тай тэмцэх тэмцлийн “гол дүр” нь харьяаллаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болоод буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Х.Нямбаатарт хулгайч нарыг илрүүлэх, хариуцлага тооцох “даалгавар” өгснөө ил тод зарласан. Чухамдаа Саарал ордны өмнө болон сошиал орчинд өрнөж буй “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх жагсаалд Х.Нямбаатар Засгийн газрын ганц “бамбай” болж буй гэхэд болно. 

Гэтэл Х.Нямбаатар өөрөө “Нүүрсний хулгай”-н мөнгийг хотхон, хороолол болгож угаасан хэргээр хоригдож буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж нарын хэрэгт холбоотой байж болзошгүй ноцтой сэжүүр байна. 

Тодруулбал, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн бэр Б.Мандчирмаа нь Отгоны Дагвадорж гэгчтэй хамтран “МД трейвэл” ХХК-ийг эзэмшдэг болсон. Улмаар тэд “МД трейвэл” ХХК-иараа Богдхан уулын Нүхтийн аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж эхэлсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь, Б.Мандчирмаа, О.Дагвадорж нар Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын “Нүүрсний хулгай”-н мөнгөөр тус хотхоныг барьж, мөнгө угааж байж болзошгүй баримтууд хууль хяналтынхны гарт орсон. Улмаар “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Отгоны Дагвадоржийг нэг сарын хугацаатай цагдан хориод буй. 
 
      Отгоны Дагвадорж гэгчийг судлаад үзэхээр дээр дурдсан “МД трейвэл” ХХК-иас гадна “Саран инж девелопмент” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Бямбарагчаагийн Батзориг гэх залуу бий. Бямбарагчаагийн Батзориг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн “Нүүрсний мөнгө”-өөр санхүүжүүлж, төрсөн эгч Б.Нарантуяагаараа бариулсан тансаг зэрэглэлийн “Жаргалант вилла” хотхоноос хаус худалдаж авсан зэргээр хамтарсан гэх. Өөрөөр бол, Отгоны Дагвадорж, Бямбарагчаагийн Батзориг нар хувь, хувьсгалын хамтрагчид, тэр тусмаа Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын “Нүүрсний хулгай”-н хэрэгт хамтрагчаар оролцсон болохыг нь хууль хяналтынхан тогтоочихсон мэдээлэл бий. 
 
Цааш нь хөөхөөр, Бямбарагчаагийн Батзориг нь “Бадрах өргөө девелопмент” ХХК-ийг эзэмшдэг. “Бадрах өргөө девелопмент” ХХК өмнө нь “Өгөөдэй ази” ХХК нэртэй байсан ч нэрээ солиулсан. Харин нэрээ солиулах болсон шалтгааныг нь судлаад үзэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбогдож байгаа юм. Тодруулбал, 2018 онд буюу “Өгөөдэй ази” ХХК нэртэй байх үед нь Х.Нямбаатар ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх дуулиан дэгдэж байсан. Тухайн үед Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК-д буюу Бямбарагчаагийн Батзоригт ЖДҮХС-аас зээл авахад нь зориулж өөрийнхөө болон төрсөн дүү Х.Нямаа, эхнэрийнхээ төрсөн дүү И.Баярбат нарынхаа орон сууцны ордерыг барьцаанд тавьж өгсөн гэх баримтууд олон нийтэд ил болж байсан юм. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН Б.ЭНХ-АМГАЛАН
 
      УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Мандал хүдэр” ХХК, “Говь-алтайн мааньт” ХХК-иудыг дурдаж ирсэн. Тэгвэл “Мандал хүдэр” ХХК нь 2005 оноос Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт байрлах “Мааньт” гэх нүүрсний уурхайг ухаж ирсэн. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах “Хөв булаг”-ийн нүүрсний уурхайг ажиллуулдаг. 
 
Мөн “Мандал хүдэр” ХХК-ийн толгой компани буюу “Мандал алтай групп” ХХК нь уул уурхайн хайгуул, ашиглалтын 10 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэх мэдээлэл бий. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-04 00:23:15
    зочин: ПЭЭХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-04 00:23:14
    зочин: ПЭЭХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-04 00:23:12
    зочин: ПЭЭХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 22:15:43
    oilgomjtoi l zuilshd: baterdene avarga holbootoi gehed yaagaad ch ergelzehgui bna gadnaa burhan dotroo ******** hun nyambaatriin huvid oilgomjtoishdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 16:27:21
    бөх аваргууд: энэ бөхчүүд их өлөн хүмүүс байх юм багдаа их лөлсгөлөн байсан байх том болоод гэдэс нь биш ухамсар нь өлсдөг юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 12:34:43
    Zochin: Хамгийн томууд нь зарлагдахгүй л байна даа. Нүүрс тээврийн компанитай Амарбаясгалан, Сумъяабазарынхаа нэрийг яагаад зарлахгүй байгаа юм бэ. Сайн яривал Хүк, Оюук 2 ч гэсэн дам нүүрсчид шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 11:25:50
    Япон Улс, Токио хот: Эднийг бичсэн гээд та нарыг одоо тайван байлгахгүй дээ. Маш болгоомжтой байхыг хүсье. Баримтуудаа олон газар хадгалах, илүү дутуу хүнтэй гадуур хоолонд орохгүй, уулзахгүй байх гээд надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй, хэцүү үед амьдарч байгаа шүү та нар. Зоригтой байгаад нь баярлаж байна аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 10:51:10
    Зочин: За одоо бүр солиороод явчихлаа. Цөөхөн Монголчууд бие биенээ тарьдаг байж болохгүй нь л дээ. Ингэж л туйлширдаг улаан сухайнууд даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 09:53:52
    Hen ch bish: НҮҮРСНИЙ ЭНЭ БИЧИГДСЭН ХУЛГАЙЧДАА АЛБАН ЁСООР ЗАРЛААЧ ЭЭ. ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАР БАЙНА. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙГАА ЮМ БАЙНА. ЗАСГАА ОГЧОРУУЛААЧЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 09:53:51
    Hen ch bish: НҮҮРСНИЙ ЭНЭ БИЧИГДСЭН ХУЛГАЙЧДАА АЛБАН ЁСООР ЗАРЛААЧ ЭЭ. ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАР БАЙНА. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙГАА ЮМ БАЙНА. ЗАСГАА ОГЧОРУУЛААЧЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 09:53:49
    Hen ch bish: НҮҮРСНИЙ ЭНЭ БИЧИГДСЭН ХУЛГАЙЧДАА АЛБАН ЁСООР ЗАРЛААЧ ЭЭ. ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАР БАЙНА. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙГАА ЮМ БАЙНА. ЗАСГАА ОГЧОРУУЛААЧЭЭ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188