• Өнөөдөр 2026-10-20

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ

         Эрх баригч МАН-ынхан эрчим хүчний салбарыг бүхэлд нь ХҮН намд хариуцуулсан. Сайндаа ч биш, сав л хийвэл тэсэрч дэлбэрч, тэг зосчих гээд байдаг эрүү өвдөг нь нийлсэн өвгөн хэдэн станцуудаа өөрсдөөсөө хол байлгаж, хариуцлагаас бултах гэсэндээ л тэр. Нөгөө талаас, эрх баригч МАН-ынхан эрчим хүчний салбарыг ээлжилж тоноод, аль хэдийн авахаа авцгаасан. Эхнээсээ хэргүүд нь илрээд, ЭХЯ-нд зургаан жил даргаар дархлагдсан Б.Насантогтох л гэхэд таван жилийн ял сонсож, “аавынх” руу ачигдчихаад буй. Араас нь ЭХ-ний сайд асан Н.Тавинбэх ачигдах гээд, шүүх хурлаа хүлээж байгаа, гэх мэтээр. Хатуухан хэлэхэд, МАН-ынхан эрчим хүчний салбараас өрөмийг нь авчихаад, хусамыг нь хусвал хус гэж хөөтэй тогоо ХҮН намд хаяж өгсөн л хэрэг. 
 
Хөөрхий, ХҮН намынхан одоо хусам дээрээ ид найрлацгааж байна. Юун түрүүнд өрөө төлж, өнгөрсөн сонгуулиар 1.0 тэрбумын хандив авсан “MCS”-дээ говийн бүсийн уурхайнуудыг, тэр тусмаа “Оюу толгой”-г сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өгчихлөө. Бас, ХҮН намынхаа “ажилгүйчүүд”-ийг баруун, солгойгүй дарга, захирал болгож байна. Архангайн ИТХ-д сумаасаа ч сонгогдож чадаагүй хүн Амгалангийн дулааны станцын захирал болчихсон ч явах шиг. Тэд томилгоог ингэж л хийж байна. 
 
         Гол нь, хүйтэн өвөл хаалга тогшоод, цоожны нүхээр жавар сийгээд эхэлчихлээ. Урьдынхаас хүйтэн өвөл болно, Улаанбаатар даяар тэс хөлдөх ч магадлалтай гэцгээж байна. Атал эрх баригч МАН-ынхан эрчим хүчний салбарыг ХҮН намд хариуцуулчихсан, ХҮН намынхан нь хэдэн тавиулууддаа даатгачихсан байдалтай л өвлийг угтаж авах нь.  
 
Өнгөрсөн зургадугаар сард ЭХЯ-ны харьяа “Эрчим хүчний салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирлаар Х.Болор-Эрдэнийг томилсон. Х.Болор-Эрдэнэ нь Увс аймгийн Завхан сумын уугуул ХҮН намын дарга Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хоёртой нэг сумынх. 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Говь-алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт нэр дэвшээд унасан. Улмаар 2024 оны наймдугаар сараас ХҮН намын дарга Т.Доржхандын зөвлөхөөр ажиллаж байгаад эрчим хүчний салбарын том төслүүдийг хариуцах захирал болж томорсон нь энэ. 
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Тавансахъяаг томилсон. 2024 оны орон нутгийн сонгуулиар ХҮН намаас Архангай аймгийн ИТХ-д нэр дэвшээд унасан. Сумаасаа ч сонгогдож чадаагүй хүнийг Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 13 хувийг хангадаг “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болгосон нь зөв байсан эсэхийг энэ өвөл харах болж байна. 
 
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Гантулгыг томилсон. 2024 оны орон нутгийн сонгуулиар ХҮН намаас Багануур дүүргийн ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Улмаар “Багануур” ХК-д ХҮН намаас Бүтээмж хариуцсан менежер болж байв. 
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр “Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Нямсамбууг томилсон. Өмнө нь Б.Нямсамбуу 2016-2023 онд “Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2023 онд Хотын дарга асан Б.Билэгтийн хүү Б.Дашдаваад суудлаа өгсөн. Харин Б.Найдалаа Эрчим хүчний сайд болмогцоо Б.Нямсамбууг “Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар буцааж томилсон нь энэ. Б.Нямсамбуу нь Увсын уугуул, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан буюу ХҮН намын дарга Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хоёртой нэг нутгийнх. 
Өнгөрсөн есдүгээр сард “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Мөнхпүрэвийг томилсон. Өмнө нь ЭХЯ-д мэргэжилтнээр ажилллаж байсан гэхээс өөр намтаргүй. Увсын уугуул буюу ХҮН намын дарга Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хоёртой нэг нутгийнх. 
 
Өнгөрсөн долдугаар сард “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Чинзоригийг томилсон. 2024 онд ХУД-ийн ИТХ-д ХҮН намаас нэр дэвшээд унасан. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ТӨХК-иудад менежерүүд томилох үед ХҮН намын дарга Т.Доржханд Ч.Чинзоригийг “ДЦС-4” ТӨХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежер болгож байв. 
Өнгөрсөн есдүгээр сард Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томилсон. 2024 оны УИХ-ын сонгуульд Дархан, Сэлэнгэ, Төв аймагт ХҮН намаас нэр дэвшээд унасан. 
 
Өнгөрсөн долдугаар сард “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Мөнх-Амгаланг томилсон. 
 
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ин гүйцэтгэх захирлаар Б.Мөнхчулууныг томилсон. 
 
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр “Ховд дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Бямбатөмөрийг томилсон. 
 
Өнгөрсөн долдугаар сард “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Гантөмөрийг томилсон. 
 
Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-ийн захирлаар Н.Одмөнхийг томилсон. Өмнө нь Н.Одмөнх “МИАТ” ТӨХК-ийн Дэд захирлаар дуулиан шуугиантай ажиллаж байсан нэгэн.
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188