• Өнөөдөр 2026-10-19

ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ

    Ногоон нуурын “Дэвжих” хүнсний дэлгүүрт орж ирсэн 40 орчим насны эмэгтэй ургамлын тосны үнэ асуулаа. Том жижгээсээ хамааран үнэ нь янз бүр байх бөгөөд Олейна нэг литр нь 12800 төгрөгийн үнэтэй байгааг худалдагч хэлэв. Өнөөх эмэгтэй “Ургамлын тос, элсэн чихэр, будаа гээд бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ. Хүнсний бөөний төвөөс нэг дор авахгүй бол увуу цувуу авахаар мөнгө бүр талийж өгөх юм. Долоо хоног өнгөрөхөд л үнэ нь өөрчлөгдөх юм” гээд ургамлын тос аваад гарлаа. Худалдагч “Шатахууны үнэ өсөхөөр барааны үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна. Бид чинь бас бараагаа татна” гэх товчхон хариултыг өгч байв.


      Үнэхээр ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ. Тухайлбал, хар талх  есдүгээр сард л гэхэд хүнсний дэлгүүрт 2780 төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 2829 төгрөг болсон байна. Харин “Миний сүлжээ”, “Номин” гэхчлэн худалдааны төвүүдээр 3050 төгрөгөөр борлуулж байгаа аж. Нийслэлийн статистикийн газраас хүнсний өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийг долоо хоногоор харьцуулан гаргасан байх бол өнгөрсөн долоо хоног буюу 2026 оны аравдугаар сарын 12-ны байдлаар ийм байна.

     Дараа нь бид явсаар “Миний сүлжээ” орлоо. Улаанбаатар нэгдүгээр гурил 4430, хоёрдугаар зэргийн гурил 3500 төгрөгийн үнэтэй байв. Харин элсэн чихэр кг нь 4500 болсон байв. Иргэдийн зүгээс өндөг, талх, сүүний худалдан авалт хийх нь түгээмэл байна. Энэ ч үүднээс тус дэлгүүрт атар талх 2830, өндөг ширхэг нь 620 төгрөг, сүү литр нь 5500 гэж байв. Үндсэндээ сүлжээ хүнсний дэлгүүр, захуудаар  барааны үнэ нэмэгдсэн ч харьцангуй тогтвортой байх бол хүнсний дэлгүүрээр юмны үнэ илүүтэй өсөж байгааг хүмүүс онцолж байв. Тэр дундаа хороо, гудамжин дундаа хамгийн ойрхон байдаг дэлгүүрүүд иргэдийн өргөн хэрэглээний барааны үнийг илт нэмжээ. Ихэнхдээ иргэд гэртэйгээ ойрхон танил болсон дэлгүүртээ өр тавьж, барааны үнэ нэмснээс үүдэн өрийн дэвтэр ч зузаан байгааг худалдагч онцолж байлаа.
 
     Цаашлаад мах, хүнсний ногооны үнэ нь ч мөн асуулаа. Хонины цул мах кг нь 26500, ястай нь 25500 байх бол үхрийн цул мах кг нь 35000, ястай нь 31000 төгрөгийн үнэтэй байх аж. Харин төмс кг нь 2500, лууван кг нь 3500 төгрөгийн үнээр худалдаалж байна. Түүнчлэн сонгино кг нь 4000 төгрөгийн үнэтэй байв. Шатахуун хомстож, үнэ ч нэмэгдэж байгаагийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж, зарим хүнсний дэлгүүр түүнээс ч өндөр үнээр бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн байгааг иргэдийн зүгээс ярьж байлаа. 
 
     Бид дэлгүүрээр үнийн судалгаа хийж байх зууртаа үүдэнд нь тааралдах иргэдээс мөн байр суурийг нь тодруулсан. Тэдгээрийн дотроос 20 орчим насны охин төмс, өндөг аваад гарч байхтай таарав. Тэрбээр “Оюутан бидэнд өндөг, хүнсний ногоо, элсэн чихэр, давс, будааны үнэ нэмэгдсэн нь илтэд мэдэгддэг. Хөдөөнөөс мах ирчихдэг болохоор мах авахгүй. Хамт байр түрээсэлдэг найзтайгаа хоёул 100000 төгрөгт овоо юм авчихдаг байсан бол одоо хаанаа ч хүрэхээ больсон” гэж байв. Ийнхүү юмны үнэ өссөнөөр иргэд цалингаасаа зээлээ төлж, үлдэх хэдэн төгрөгийг нь хүнсэндээ хүргэчихдэг байсан бол одоо хүрэхгүй хоёр хувааж авч байгааг ч онцолж байсан юм.


ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188