• Өнөөдөр 2026-10-20

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргадаг Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалтын гуравдугаар шатны хурал болжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас уг зээлд нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан бөгөөд төсөл хүлээн авах хугацаанд 66 аж ахуйн нэгж бүртгүүлж, үүнээс 41 аж ахуйн нэгж 10.02 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим системээр ирүүлсэн байна.

Төслийн сонгон шалгаруулалтыг журмын дагуу гурван үе шаттай зохион байгуулсан. Ингэснээр 41 ААН-ээс эхний шатанд 15, хоёрдугаар шатанд 7 аж ахуйн нэгж тус тус тэнцсэн. Улмаар шаардлага хангасан долоон аж ахуйн нэгж гуравдугаар шатны Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд төслөө танилцуулснаас таван төсөл шалгарчээ.

Шалгарсан төслүүд нь комбуча ундаа, арьсан хувцас, зөгийн хор агуулсан бүтээгдэхүүн, малын гаралтай тосон саван, эхэс боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн чиглэлтэй байна.

Энэхүү зээл нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж.

 

 


ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188