Ердөө 10-хан жилийн өмнө 20 тэрбум ам.доллар байсан Монгол Улсын гадаад өр нэг нугарч, 40 тэрбум ам.доллар давав. Ингэснээр манай орны гадаад өр дампуурлаа зарласан зарим орныхоос ч илүү өглөгтэй болж байгаа юм. Энэ тоог нэг хүнд ногдохоор хуваавал 40 сая гаруй төгрөг болно. Өөрөөр хэлбэл, дөнгөж төрсөн нярай нэр дээрээ 40 сая төгрөгийн өртэй байгаа гэсэн үг. Монголчууд эрт үеэс “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэдэг. Тэгвэл энэ үгээр ч өртэй Монгол ойрын ирээдүйд дээрдэхээсээ өнгөрч, “Ковид-19” цар тахлын үеэс хойш анхааруулсар ирсэн дампуурал бодит аюул боллоо.
Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улирал 40.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн 11 жилийн I улирлын статистик дунд ийм өндөр дүн байгаагүй. Энэ 11 жилийн хугацаанд манай улсын гадаад өр тасралтгүй хуримтлагдсаар бараг хоёр дахин нэмэгдэв. Бид нэгэн арваны хугацаандаа өр төлөхөөсөө илүүтэй дахин авсан нь их болж байгаа юм.

Тодруулбал, 2015 оны эхэнд 21.6 тэрбум байсан гадаад өр 2020 онд 30.5 тэрбум болж тэлсэн бол одоо дахин 10 тэрбум ам.доллароор нэмэгдчихээд байгаа юм. Энэ нь дотоодын хуримтлал дутмаг, эдийн засаг тэлэхийн хэрээр гадаад зээлээс хамааралтай хэвээр байгааг илтгэж байна гэж шинжээчид анхааруулж буй.
Одоо байгаа нийт өрийн өсөлтийг салбараар нь ангилж үзвэл бүтцийн томоохон өөрчлөлтүүд харагдана.
Компани хоорондын зээллэг (ШХО): Нийт өрийн хамгийн том хэсэг буюу 46.3 хувь нь компани хоорондын зээллэг аж. Энэ ангиллын дүн жилийн өмнөхөөсөө 964 сая ам.доллароор өссөн нь уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалттай холбоотой.
Арилжааны банкнууд: Банкнууд гаднаас эх үүсвэр татах нь идэвхэжсэн тул гадаад өр нь 32 хувиар огцом өсөж, дөрвөн тэрбум ам.долларт хүрэв. Харин бусад салбарын өр 6.8 хувиар өсөж, найман тэрбум ам.доллар болсон байна.
Төв банк: Харин нөгөө тал Монголбанкны гадаад өр 8.6 хувиар буурч 1.1 тэрбум ам.доллар болсон нь цор ганц буурсан үзүүлэлт юм.
Засгийн газрын нийт өр төгрөгөөр илэрхийлбэл 35.8 их наядад хүрчээ. Үүний 94.6 хувийг гадаад өр эзэлж байгаа нь төсөв ханшийн савлагаанаас туйлын хамааралтайг батална. Нөгөөтээгүүр, Засгийн газрын дотоод өр 43.6 хувиар огцом тэлсэн байна.
2026 оны I улиралд өрийн үндсэн төлбөрт хоёр их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 409.8 тэрбум төгрөг төлжээ. Үндсэн төлбөр 4.9 хувь буурсан ч хүүгийн төлбөр 5.5 хувь өссөн нь зээлийн өртөг нэмэгдсэнийг харуулж байгаа юм.


Дампуурлаа зарласан орнуудын араас Монгол Улс нэмэгдэж болзошгүй талаар сүүлийн хэдэн жилийн турш судлаач, шинжээчид анхааруулж байгаа. Харин өдгөө гадаад өрийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрээд байгаа энэ үед гадаад өрийн зайлшгүй шийдэх гол эрсдэлүүдийн талаар ч дурдаж байна. Тухайлбал,
Нүүрс, зэсийн үнэ болон экспортын хэмжээ буурахад гадаад валютын орлого хумигдана. Ингэснээр өр төлөхөд шаардлагатай валютын нийлүүлэлт багасаж, төлбөрийн тэнцэл болон төгрөгийн ханшид дарамт үүсэх эрсдэлтэй. ОУВС 2025 оны үнэлгээнд нүүрсний экспортын бууралт гадаад секторын эмзэг байдлыг нэмэгдүүлснийг онцолсон.

Ам.доллар болон бусад гадаад валютаар төлөх өрийн хувьд төгрөгийн ханш сулрах тусам төгрөгөөр илэрхийлсэн төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. ОУВС-гийн 2025 оны судалгаанд төгрөгийн ханш 10 хувиар сулрах хувилбар нь дунд хугацааны гадаад өр-ДНБ-ий харьцааг суурь хувилбараас 18.3 нэгж хувиар өсгөх эрсдэлтэй гэж тооцсон. Энэ нь бодит үр дүн бус, эрсдэлийн загварчилсан хувилбар юм.

Өрийн нийт дүнгээс гадна аль онд хэдий хэмжээний үндсэн төлбөр, хүү төлөх нь чухал. Хэрэв их хэмжээний төлбөр богино хугацаанд давхацвал Засгийн газар дахин санхүүжилт татах, бонд гаргах эсвэл төсвийн зарлагаа танах шаардлагатай болж болно. Шинэ өрөөр хуучин өрийг төлөх нь хугацаа хожих боломж боловч өрийн дарамтыг өөрөө арилгахгүй.
Төсвийн орлого уул уурхайн салбараас хэт хамааралтай байхад зардал тогтмол өсвөл орлого буурах мөчлөгт алдагдал нэмэгдэж, зээл авах хэрэгцээ өсөх магадлалтай. Өрийн хүүгийн зардал нэмэгдэх нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц болон бусад салбарт зарцуулах боломжтой хөрөнгийг шахах эрсдэлтэй.
.png)
ОУВС-гийн 2026 оны наймдугаар сарын 6-нд нийтэлсэн Монгол Улсын эдийн засгийн үнэлгээгээр Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 45.1 хувь байсан бол 2026 онд 47.0 хувь, 2027 онд 50.5 хувь болж өсөхөөр төсөөлөгджээ. Мөн төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 2026 онд ДНБ-ий 6.6 хувь байхаар тооцсон байна.
“Fitch Ratings” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээсэн. Уул уурхайд түшиглэсэн өсөлт, Засгийн газрын өрийн харьцангуй бага түвшин “B+” үнэлгээг хадгалахад нөлөөлсөн ч гадаад санхүүжилт болон түүхий эдийн экспортын хэт хамааралтай байдал гол эрсдэл хэвээр байна.
Тус агентлаг мөн Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 5.6 хувьд, дунд хугацааны өсөлтийг 5.5 хувь орчимд байхаар тогтоожээ. Харин 2026 оны дундаж инфляц 10 хувь буюу Монголбанкны зорилтот түвшнээс өндөр байна гэж таамагласан бөгөөд хүнс, эрчим хүчний үнэ өрхийн худалдан авах чадварт дарамт учруулсаар байгааг онцолжээ.
Гадаад секторын эмзэг байдал үнэлгээг ахиулахад гол саад болжээ. Монгол Улсын цэвэр гадаад өр 2025 оны эцэст ДНБ-ий 112 хувьтай тэнцсэн нь “B” ангиллын орнуудын голч дүнгээс зургаа дахин өндөр байна.

Төсвийн орон зай мөн хумигдах төлөвтэй. Төсвийн тэнцэл 2025 оны 1.5 хувийн ашгаас 2026 онд ДНБ-ий 2.2 хувьтай тэнцэх алдагдал руу шилжиж, сонгуулийн өмнөх зарлага болон тэтгэврийн шинэчлэлийн нөлөөгөөр 2027 онд алдагдал 3.3 хувь болж тэлнэ гэж “Fitch” тооцжээ.
“Тогтвортой” төлөв нь эрсдэл арилсан гэсэн үг биш, харин одоогийн давуу болон сул талууд тэнцсэнийг илэрхийлэх юм. Түүхий эдийн үнийн огцом уналт, валютын нөөц багасах, төсвийн алдагдал удаан үргэлжлэх, улс төрийн тогтворгүй байдал уул уурхайн төсөл, гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлбөл үнэлгээ буурах эрсдэлтэйг “Fitch Ratings” анхааруулжээ.
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөллөө 0.7 нэгж хувиар нэмэгдүүлж, 5.7 хувь болгов. Гэсэн ч 2027 онд 5.6 хувь, 2028 онд 5.4 хувь болж саарах төлөвтэй байна гэж мэдээлсэн.
Тухайлбал, 2026 оны эхний хагас жилд эдийн засаг 7.8 хувиар өссөн нь уул уурхайн олборлолт нэмэгдэж, экспорт болон хөрөнгө оруулалт тэлсэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн мал аж ахуйн салбар сэргэж байгаа нь уул уурхайн бус салбарын өсөлтийг ч дэмжиж, тус салбарын өсөлт энэ оны эхний хагаст 4.3 хувьтай гарсан байна.
Харин Дэлхийн банкны Монгол Улсын 2026 оны инфляц ес орчим хувьтай буюу бүс нутгийн орнуудтай харьцуулбал хамгийн өндөр түвшинд байх төлөвтэй байна. Үүний том шалтгаануудын нэг нь шатахууны нийлүүлэлтийн хүндрэл бөгөөд ойрын хугацаанд шатахууны хомстол, үнийн дарамт өндөр хэвээр байвал мөнгөний бодлогын чангарал дунд хугацаанд инфляцыг сааруулна гэж үзэж байгаа аж.

| SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА |
|
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
Н.Нандин-Эрдэнэ сүмо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-10-18 15:00:30
Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо
2026-10-18 14:30:53
Өмнөговь аймагт шинээр барьсан 240.3 колиметр авто зам нээлтээ хийлээ
2026-10-18 12:17:40
2026-10-18 08:49:08
Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-18 08:22:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |