• Өнөөдөр 2026-10-20

ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

2026-10-20,   81

          Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн хүнд жингийн ирээдүй болсон Э.Одзаяа, Т.Түвшинжаргал, Н.Нархажид, Б.Ганцэцэг нарын охид бий. Эдгээр итгэл хүлээлгэж буй охидын нэг нь Төв аймгийн “Төв-Арж” клубийн дасгалжуулагч, ОУХМ Лувсандамбын Энхбаяр багшийн шавь, Эрдэнэ-Очирын Одгэрэл юм. Тэрбээр АНУ-ын Лас Вегас хотноо 2026 оны аравдугаар сарын 12–18-ны өдрүүдэд болсон чөлөөт бөхийн “U23” ангиллын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Э.Одгэрэл залуучуудын дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд амжилттай барилдаж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд боллоо.

  Энэ 2026 оны чөлөөт бөхийн залуучуудын “U23” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 14 тамирчин өрсөлдсөн байна. Тус жинд Монгол Улсаас Э.Одгэрэл барилджээ. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Мексикийн Мартинес Арментаг 10:0-ээр ялаад, дараагийн тойрогт Украины Завлоцкид 2:1-ээр нэг онооны зөрүүтэйгээр харамсалтайгаар ялагдсан байна.

  Дагах тойрогт хүрэл медалийн төлөөх барилдааныг ОХУ бөх Безугловаг 11:2-оор ялж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Залуучуудын дэлхийн аваргын 72 кг-ын жинд Э.Одгэрэлийг 2:1-ээр ялсан Укрианы Ирина Завлоцко алтан медаль хүрэв. Харин Энэтхэгийн Амрита Шасшикант Пужари мөнгөн медаль, Казахстаны Жибекжан Савиржанова, манай Э.Одгэрэлийн хамт хүрэл медалийн эзэн болсон юм.

   Залуучуудын “U23” ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Эрдэнэ-Очирын Одгэрэл Увс аймгийн Малчин суманд 2005 онд төржээ. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр суманд амьдардаг. Тэднийх ам бүл наймуулаа. Аав, ээж нь  зургаан охины хамт аз жаргалтай амьдарч байгаа. Э.Одгэрэл дээрээ хоёр эгч, доороо гурван эмэгтэй дүүтэй. Тэрбээр Төв аймгийн ерөнхий боловсролын 4-р дунд сургуулийг төгссөн.

   Одоо “Мон-Алтиус” Биеийн тамирын их сургуулийн оюутан юм билээ. Э.Одгэрэл багаасаа эршүүд охин байж. Багадаа морь унах хоббитой хүүхэд байсан гэдэг. Батсүмбэр сумын чөлөөт бөхийн багш анх түүнийг дуудаж уулзаад “Чи барилдах хэр сонирхолтой хүүхэд вэ. Бөхийн спортыг сонирхож байгаа бол үдээш хойш 15:00 цагт спорт зааланд заавал  ирнэ шүү” гэжээ. Ингээд л Э.Одгэрэл багшийнхаа заасан цагт очиж,  2017 оноос эхлэн чөлөөт бөхөөр өнөөг хүртэл, тасралтгүй хичээллэж эхэлжээ.

   Түүнийг чөлөөт бөхийн спортод анх урьж оруулсан тэр хүн бол  Ц.Бат-Эрдэнэ багш байлаа. Э.Одгэрэл чөлөөт бөхийг спортын суурь, гарааг нь зөв тавьж өгсөн  Ц.Бат-Эрдэнэ багшдаа баярлаж явдаг гэсэн. Э.Одгэрэлийг Ц.Бат-Эрдэнэ багш нь 2018 онд  Төв аймгийн төв Зуунмод хот рүү ОУХМ Лувсандамбын Энхбаяр багшийн шавь болгож явуулсан юм билээ. Тэр л цаг үеэс хойш Э.Одгэрэл, ОУХМ Л.Энхбаяр багшийнхаа удирдлага доор чөлөөт бөхийн мэх техникийг илүү шамдан сурч, ур чадвар нь ахиж, амжилтынх нь эхлэл тавигджээ.

   Тэр үеэс хойш чөлөөт бөхийн “U17” насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа түрүүлж байсан. “U20” ангиллын УАШТ-ээс хошой мөнгөн медальтай. “U23” ангиллын УАШТ-ээс алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль, Азийн аваргаас хүрэл медаль, 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.

    Э.Одгэрэл 2024 онд “U23” насны УАШТ-ий алтан медалийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин, цэргийн дэлхийн аварга, 2024 оны насанд хүрэгчдийн  УАШТ-ий хүрэл медальт, “U23” ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Н.Нархажидтай тэнцүүхэн, ширүүн өрсөлдөөн өрнүүлж байлаа. Тэрбээр “U23” ангиллын УАШТ-ий хэсгийн эхний барилдаанд Н.Нархажидад хожигдсон. Харин хэсгийн барилдаанаас гарч, аваргын төлөө дахин барилдахдаа алдаагаа засан оноогоор хожигдож яваад цаг дуусахын өмнө оноогоо 5:5 болгон тэнцүүлж, сүүлд авсан оноогоор ялж байсан билээ. Чөлөөтийн охидууд Э.Одгэрэлийг хоёр шуундаа их бяртай  гээд л байдаг. Ер нь Э.Одгэрэл 65 кг-ын жингийнхэн дотроо давгүй бяртайд нь тооцогддог. Э.Одгэрэлийн бяр, тэнхээ тэгширч, барилдааны арга барил нь дээшилж, дэлхийн дэвжээ рүү тэмүүлж яваа.


ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188