• Өнөөдөр 2026-10-20

ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН

       Өрөм дотроосоо өтдөг гэгчээр төрд үнэмлэхүй олонхоороо, удаан засагласан МАН-ынхан дотроосоо идээ бээрээ нь шахагдаж, Саарал байрандаа багтахаа байгаад удлаа.


       Тогооноосоо хальсан  МАН-ын хэрүүл улсын хэрүүлж болж, хэрэлдэхгүй салбар, “зодолдохгүй” хамгаалагчид байхаа болив. Саяхныг хүртэл намын нөлөө бүхий томчуудынхаа “Сэлэмний ир, жадны үзүүр болно” гэх амлалт хээв нэг өгч зогссон гишүүд ёстой л зангаа таниулж, ана мана үзэлцэж байна. МАН-ынхан хэзээнээс улс төрийн дүрийг дотроосоо тодруулж, мандуулан “хаан” мэт залчихаад хэрэгцээгээ дуусгамагц, хэргээ чихээд, улс төрөөс нэг мөр арчиж орхидог хуучны зангаа гээгүй л байна. Үнэндээ Их жанжин Д.Сүхбаатараас эхлээд, маршил Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, гээд түүхэн улстөрчдөөс тултал нь мандуулж, эцэст нь улс төрийн тавцангаас гаргасан бичигдээгүй хуулиа бүрэн хэрэгжүүлж байна тэд.

МАНДАЖ ЯВААД УНАСАН МАН-ЫН 80-ААД ОНЫХОН

       Саяхныг хүртэл хотын дарга асан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар МАН-ын тулах цэг, гол хүч нь байлаа. Тэд цар тахлын хамгийн хүнд цаг үед “Шинэ сэргэлтийн бодлого”-оороо эдийн засгийг эрсдэл багатай давсан гол автор, улсын эдийн засаг, төрийн бодлогыг тодорхойлогчид байв. Түүгээрч зогсохгүй Хөгжлийн банк, нүүрсний хулгайн тэмцэгч, Боловсролын зээлийн сангийн зээлдэгчдийг ил зарласан МАН-ын урдаа барих улстөрч байлаа. Улмаар Оюунтолгойн гэрээг засаж сайжруулах ажлын хэсгийн гол хүн гэгдэж байсан. Ерөнхий сайдын тамгыг хадаг яндартай, хайр дүүрэн үнсэлттэй авч байхдаа тэр МАН-ын шинэ цагийн урдаа барих улстөрч хэмээн мандаж гарч ирсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр МАН-д Л.Оюун-Эрдэнэ, түүнийг дагаж улс төрд орсон залуу гишүүдээс нь өөр муу хүн байхгүй болтлоо нэр хүнд нь уруудаж байна.

          Тэгвэл хотын дарга асан Х.Нямбаатар нэгэн цагт хууль зүйн салбарын хаан аятай, даналзаж явлаа. УИХ-ын чуулган дээр ч гишүүдийг үг дуугаргахгүй “хуулиа унш” хэмээн амыг таглаж, үг сөрж, асуулт асуусан болгонтой хуулийн мэдлэггүй аятай аашилж явсан нь саяхан. Цаашлаад нийслэлд мээрээр суухдай оролцохгүй ажил, хошуу дүрэхгүй салбар байхгүйгээр ам хуурагүй агсамнаж явсан нь ч бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн гэх давхар дээлтэй даналзаж явсан сайдаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх улс төрийн урдаа барих менежер гэх бялуурсан магтаалаад хотын дарга болгож байсан. Хоёрхон жилийн дотор хотын дарга Х.Нямбаатараас өөр нийслэлийг хөгжүүлсэн дарга байхгүй мэтээр магтаж, мандуулж байлаа. Гэтэл начир дээрээ нийслэлийн төсвийг хамгийг хань хамсаатантайгаа хамж, Улаанбаатар хотыг уруудуулан доройтуулсан “гэмтэн” болоод улсаасаа “дөрвөөд” хэдэн сар болж байна. Цахим орчинд тэр тусмаа сэтгүүл зүйн салбарыг худалдаж авсан, аваагүй гэх хэрүүл алимны гол эзэн нь ч тэр болов. Нэг ёсондоо МАН-ын урдаа барих улс төрийн менжер хэмээн уригдаж, залагдаж явсан хотын мээр асан Х.Нямбаатар өнөөдөр эх орондоо ирвэл хорихын хаалга татахад ойрхон болох хүртлээ уналтанд орчихлоо.

        Эрх баригч МАН-ын сонгуулийг Д.Амарбаясгалангаар төсөөлддөггүй байв. Гурван сонгуульд дараалан ялалт байгуулсан ганц гавьяатан мэтээр өргөмжлөгдөж явсан нь ч саяхан. Харин жил тойрч буй МАН-ын “зодоон” дунд улс төрд удаан зассан замналаа дуусгах дээрээ тулж, уулзах хүмүүсийнхээ тоог хязгаарлуулаад сууж байна. Цагтаа МАН-ын сонгуулийг “атгадаг” улстөрч хэмээн тодорч явсан түүнийг дараагийн нүүрсний хэрэгтэн болгох дээрээ тулж, амыг нь “барьж” тайзнаас буулгав. Ардын намынхан Д.Амарбаясгалангаа сонгуулийн гол тоглогч болгож, гаргаж ирсэн. Гэвч дараагийн сонгуулиар менжер гол тоглогч болох нь битгий хэл өөрөө улс төрд тогтож үлдэх эсэх нь ч эргэлзээтэй болтол нь “матарлаж” орхилоо, тэд.

Яг л ийм технологиор МАН-ынхан цагтаа мандаж явсан улстөрчдөө унагааж байсан удаатай. Ардчилсан засаглалаас хойш хамгийн олон жил засаглаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ялалт байгуулсан Н.Энхбаярыг мандаж байхад нь буулгаж байлаа.

МАН-Д МАНДАЖ, ХААЛААГАА ӨГСӨН ХУУЧЧУУЛ

        Цагтаа Монголын “хаан” мэтээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг МАН-ынхан мандуулж байлаа. Гэтэл ердөө хэдхэн жилийн дараа намынх нь нөхөд Монголын төрд Н.Энхбаяраас эзэнгүй юм шиг дагаж өвсөн ахыгаа, найзыгаа олны өмнө  оймстой нь гозолзуулан ачсан удаатай. Түүнийг улс төрийн давцанд эд мандаж явах цагт нь  "ТВ-9" телевизийн 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон түүхтэй. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухайн цагийн нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн ялыг шүүхээс тогтоогоод байсан. Ингээд түүнийг 600 гаруй гаруй албан хаагч хүч хэрэглэн баривчилж, хуулийн байгууллагад шалгуулж байхдаа хуурай өлсгөлөн зарлаж байлаа. Ийн түүний улс төрийн карьер дууссан ч улс төрд удаан тогтнохыг тулд нам байгуулж, байгуулсан намынхаа гишүүдийг “наймаалцан” хүүгээ давхар дээлтэй сайдын суудалд суулгах тохироо хийж тогтож үлдээд байна.

          УИХ-ын дарга асан М.Энхболд МАН-д мандаж явсан улстөрчдийн нэг. МАН дотроо хотын фракц гэх хамгийн том бүлэглэлийн эзэн нь явлаа. Харин түүнийг 60 тэрбумын гэх хэрэгт буруутгэн улс төрийн давцангаас буулгахдаа хотын фракцынхныг нь хамтад нь унагаасан хар түүхтэй. Өөрөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж, үе үеийн хотын дарга нарыг газрын наймааны хэрэгт буруутгаж байсан нь бий. 

           Ерөнхий сайд асан С.Баяр 2009 онд Оюу-толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, гадаадын компанид давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр баривчлагдаж байсан. Тус гэрээ нь Монголд ашиггүй болсон гэх асуудал одоо ч газар авч, улс төр, эдийн засгийн маргаан дагуулсан хэвээр байгаа. Түүнээс гадна Монголын баялагыг гадаадынханд зарж, үнэгүйдүүлчихээд авлигын мөнгөөрөө АНУ-д байр авсан хэрэгт сэжиглэгддэг байв.

      Ийн МАН-ынхны мандаж яваад, унасан улстөрчдийг тоолвол уртаас урт дараалал хөвөрнө. Хамгийн сүүлийн үеийн хэргүүдийг үзвэл нүүрсний хулгай, Хөгжлийн банз “Ногоон автабус” газрын наймаа, төрийн эрхийг хууль бусаар авах, Боловсролын зээлийн санг тоносон гээд цагтаа мандаж явсан мөн ч олон улстөрчдөөрөө туг тахиж унасан дээр нь дэвсэлсэн дээ.

           Ерөөс эрх баригчид төр барихдаа гишүүдээ өндөрт мандуулж, “хаан” аятай хадаг янадартай урьж, залчихаад  эцэст нь, хууль шүүхээр айлгаж, улс төрийн тавцангаас бүр мөсөн арчиж орхидог нь гэм биш зан болжээ, тэдний...

 

 


ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188