• Өнөөдөр 2026-10-19

ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хүндэт дипломат Дагвын Цахилгаан 2026 оны аравдугаар сарын 16-нд таалал төгслөө

             Түүхэн цаг хугацааны уртад үндэстэн бүхэнд өөрийн гэсэн соён гэгээрүүлэгчид төрөн гардаг. Тэд бол өөрийн амьдралыг бусдын ухааныг тэлэхэд, улс үндэстнийхээ оюун сэтгэлгээг дэлхийн хэмжээнд хүргэхэд зориулсан түүчээ хүмүүс байдаг билээ. Тэдгээр эрхэм хүмүүсийн нэг, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор, профессор Дагвын Цахилгаан хэмээх эрхэм эгэл соён гэгээрүүлэгч байлаа.

             Д.Цахилгаан гуай 1941 оны өвлийн эхэн сард Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Банзай хэмээх элс, цас хосолсон эгэл борлог хөдөө нутагт төрсөн юм. Нартай, салхитай Алтайн хөх уулсын дундаас хатуужил хийгээд хүн чанарыг суралцаж, МУИС-ийн Орос хэлний ангиас хэл сурах, соёлыг түгээх амьдралынхаа гарааг эхэлжээ. Хожим нь Москвагийн Нийгмийн ухааны академийг дүүргэж, түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан тэрээр монголын сэхээтнүүдийн алтан үеийн тод төлөөлөл байв.

Энх тайвны элч

             Түүний амьдралын нэгэн том хуудас бол гадаад харилцаа, дипломат алба байлаа. Монголын Энх тайван, найрамдлын хороог олон жил удирдаж, улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд бататгахад хувь нэмрээ оруулсан юм. Нэн ялангуяа 1994-2002 онд Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон, Австрали, Шинэ Зеланд, Пакистан улсуудыг хавсран суухдаа хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, монгол төрийн ноён нуруу, ухаалаг дипломат бодлогыг биеэрээ үлгэрлэсэн билээ. Дагвын Цахилгаан хэмээх хүмүүний хөрөгт соён гэгээрүүлэгчээс гадна "Монгол төрийн чадварлаг дипломатч" гэх тодотгол маш том орон зайг эзэлдэг. Тэр дундаа 1994–2001 онд Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан он жилүүд нь түүний амьдралын хамгийн хариуцлагатай, түүхэн үе байлаа.

             Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоо, зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, гадаад бодлогын шинэ тулгуур үзэл баримтлалаа тодорхойлж байсан эгзэгтэй цаг үед тэрбээр Бээжинг зорьсон юм. Хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах, итгэлцлийг бэхжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг түүнд оногджээ.

дипломат соёлын гүүр

             Д.Цахилгаан сайд Хятад улсад суух хугацаандаа зөвхөн албан ёсны уулзалт, хэлэлцээрээр хязгаарлагдсангүй, "Зөөлөн хүчний дипломат ажиллагаа" буюу соёл, хүмүүнлэгийн харилцааг гол хөзрөө болгосон юм. Тэрбээр хожим дурсахдаа, Хятад улстай харилцахдаа түүх, соёл, уран зохиолынх нь гүн ундарга, сэтгэлгээний онцлогийг нь ойлгож, хүндэтгэх нь дипломат хүний хамгийн том зэвсэг болдог хэмээж байв. Түүний энэхүү философи нь Бээжингийн соёл, урлаг, шинжлэх ухааны элитүүдийн дунд Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Олон улсыг хавсран суусан нөр их зүтгэл тэрээр зөвхөн БНХАУ-аар зогсохгүй Австрали, Шинэ Зеланд, Пакистан улсуудыг хавсран сууж байв. Нэгэн зэрэг ийм олон, өөр өөр соёл, геополитикийн ашиг сонирхолтой улсуудтай харилцаа тогтоож, Монголын шинэ тулгар төр, эдийн засгийг олон улсад сурталчлан таниулна гэдэг асар их ухаан, тэвчээр шаардсан ажил байлаа. Ном зохиолд дуртай, үгийн гүнд нэвтэрдэг зан чанар нь харь орны төрийн зүтгэлтнүүдтэй хэл амаа ололцох, монгол төрийн ноён нурууг харуулахад хамгийн том түлхэц болж байв.

Түүний Хятад улсад долоон жил гаруй сууж, хоёр орны харилцааны түүхэн шинэ хуудсыг нээсэн зүтгэлийг үнэлж, төрөөс Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цол, хожим Монгол Улсын Хүндэт дипломат хэргэмийг хүртээсэн билээ.

Дэлхийн сонгодгуудыг монголчилсон их дуун хөрвүүлэгч

             Д.Цахилгаан сайдыг монголчууд дипломатч гэдгээс гадна "Их орчуулагч" гэдгээр нь илүү гүн хүндэтгэдэг. Тэрээр дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлын оргил болсон бүтээлүүдийг монгол хэлнээ, тэр дундаа эх хэлнээс нь шууд хөрвүүлсэн гавьяатай. Данте Алигьеригийн “Тэнгэрлэг туульс”-ыг хөрвүүлж монгол уншигчдын оюуны мэлмийг нээсэн.

             Дагвын Цахилгаан гуайн хувьд амьдралынх нь сүүлчийн он жилүүд хамгийн нөр их хөдөлмөр, оюуны хамгийн том тулааны талбар байсан юм. Тэрээр насан өндөр болсон хойноо хүн төрөлхтний уран зохиолын гурван мянган жилийн өмнөх эх ундарга руу зоригтойгоор алхан орж, Эртний Грекийн суут яруу найрагч Хомерын “Илиада”, “Одиссей” хөлгөн туульсыг монгол хэл рүү хөрвүүлэх их үйлсэд бие сэтгэлээ зориулсан билээ.

             Дипломат албанд олон жил зүтгэж, улс орнуудын харилцааны нарийн ширийнийг зохицуулж явсан түүний хатуужил, ухаарал энэхүү орчуулгын ажилд нь хамгийн том түлхэц болсон гэлтэй. Хомерын туульсууд бол зүгээр нэг үлгэр, домгийн шинжтэй зохиолууд биш, харин хүн төрөлхтний дайн ба энх, төр улсын тусгаар тогтнол, хүний чанар, хувь тавилангийн тухай агуу том философи юм. Элчин сайд хүн л улс гүрнүүдийн зөрчил, Тройн дайны гүн дэх геополитик, Одиссейн эх нутгаа гэсэн тэмцлийг хамгийн сайн ойлгож, түүнийг монгол хэлний яруу тансаг хэллэгээр амилуулж чадах байв.

 


ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188