
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын уурхайн нүүрсийг Хятад руу зөөхийн тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн боомт хүрэх 295 км замыг говийн тусгай хамгаалалттай нутгаар тавьж эхэлсэн. Энэхүү зам нь Тост тосонбумбын тусгай хамгаалалттай газар, Говьгурван сайхан байгалийн нөөц газрыг таслан хувааж, зэрлэг амьтдын нүүдлэн шилжилтын бүс нутгийг тусгаарлах хана хэрэм болоод байгаа. Тусгай зориулалтын хатуу хучилттай зам ашиглалтад орвол, өдөр, шөнөгүй нүүрс тээвэрлэлтийн том оврын машинуудын тасралтгүй цуваа үүсэж, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн зогсох нь тодорхой.

Анх Виржинийн арлын офшорт бүртгэлтэй "Гоби Коул Энд Энержи" ХХК 2020 онд Баянхонгороос, Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт хүртэл хатуу хучилттай зам тавьж эхэлсэн боловч замын зөвшөөрөл нь хууль бус гэдгээр зогсож байж. Мөн зам тавьж буй газар нь тираннозавр, батаар үлэг гүрвэлийн олдворын өлгий нутаг, дэлхийн шинжлэх ухааны ач холбогдолтой газар байсан гэдэг үндэслэлээр зогсоож байжээ. Тус компани нэрээ өөрчилж "Сэкер Ресурсус Монголиа" ХХК болсон байх юм. Одоо тус компанийн хувьцааг нь Сингапурын "Saker Resources Pte. Ltd." компани эзэмшдэг гэнэ.

Энэхүү “Сэкер ресорсус Монголио” ХХК нь шороон замаар 2025 онд тээвэрлэлт эхлүүлж, гурван хүний амь насанд хүрээд байна. Гурвантэс болон Шинэжинст сумын иргэд “Сэкер ресорсус Монголио” ХХК-ийг үхэл дагуулсан байгаль орчинд сөрөг нөлөөтэй шороон замын тээвэрлэлтийг хийлгэхгүй. Тусгай зориулалтын хатуу хучилттай замаа тавиад нүүрсээ зөөх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж, эсэргүүцэл, тэмцэл хийж эхэлсэн билээ. “Сэкер ресорсус” ХХК Засгийн газар шороон далан дээгүүр тээвэр хийхийг зөвшөөрсөн гээд 2026 оны долдугаар сараас хойш нүүрс тээвэр хийх гэж удаа дараа зүтгээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад түр зогсолт хийгээд байгаа юм.

Гэтэл үүнтэй зэрэгцэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын хилийн заагт орших Хуурай талын нүүрсний уурхай “XV-015099” тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Алтаргана хайрхан” ХХК, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хуурай талын нүүрсний уурхайгаас Тольт булагаар дайруулан Өмнөговь аймгийн “Шивээхүрэн боомт хүртэл 244 км тусгай зориулалтын хатуу хучилттай зам тавих төслийн ажлыг эхлүүлсэн нь мөн л асуудал дагуулах болов. "Алтаргана Хайрхан" хэмээн Хятад эзэнтэй компани нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын хилийн заагт орших Хуурай тал нүүрсний ордод 2021 онд ашиглалтын лиценз авсан байдаг. Тус компани Баянхонгор аймгийн Хуурай талын уурхайгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомт хүртэл улсын тусгай хамгаалалттай газар нутаг дээгүүр 244 км хатуу хучилттай зам барихаар төлөвлөж далангийн ажлаа эхлүүлсэн. Ийнхүү улсын тусгай хамгаалалтай Тост тосонбумын баруун талаар 244 км замыг “Алтаргана хайрхан” ХХК, зүүн талаар нь 295 км замыг “Секэр ресорсус Монголио” ХХК зам тавихаар, замын далангийн ажлаа эхлүүлсэн билээ.

Улсын тусгай хамгаалалттай Тост тосонбумбын бүс нутгийн баруун талаар нүүрсээ тээвэрлэх 244 км замыг тавих Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Алтаргана хайрхан” ХХК-ийн цаад эзэн нь Зан Гуа Шин гэх Хятадын иргэн бий. Хамтран эзэмшигч нь Тогоомаашийн Болд, Лхагвадоржийн Бахдал, Гансүхийн Асралт нар юм. Дэлхийд ховордсон цоохор ирвэс, мазаалай, хар сүүлт, аргалийн өлгий нутаг, улсын тусгай хамгаалалттай Тост тосонбумбын нурууны баруун, зүүн талаар хоёр чиглэлээр нүүрсний зам тавих ажил эхэлсэн нь говийн баянбүрд, тоорой, заган ойг устгаад эхэлжээ. Нутгийн иргэд, малчид баруун чиглэлийн “Алтаргана хайрхан ресурс” ХХК-ийн 244 км замыг тавихыг эсэргүүцэх байгаа. Харин Тост тосон бумбын зүүн талаар тавьж буй “Сэкер ресорсус Монголио” ХХК-ийн хатуу хучилттай замыг тавьж дууссаны дараа тус хоёр компанийг нүүрс тээврээ явуул хэмээн шаардаж байгаа юм.

Монгол Улс маань байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалж чаддаггүй БОУАӨЯ-тай байх хэрэг байгаа юм уу даа. Уул уурхайд шахагдан амьдрах орчингүй, малын бэлчээргүй болж буй нутгийн иргэд тус яамны хийх ёстой ажлыг гүйцэтгэж, байгаль орчноо хамгаалан уул уурхайн компаниудтай тэмцэж байх юм. Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сум, Өмнөговь аймгийн Гурвантас сумын иргэд тусгай хамгаалалтай ховор ургамлын эмзэг тачир бүрхэвчтэй газрын дархан цаазат зэрлэг амьтдын бүс нутгийг хувааж хоёр чиглэл бүхий зам тавиулахгүй. Эхний батлагдсан “Сэкер ресорсус Монголиа” ХХК-ийн тусгай зориулалтын замаар “Алтаргана хайрхан” ХХК нүүрс тээврээ явуулах хэрэгтэй гэдгийг удаа дараа хэлж, мэдэгдээд байгаа юм л даа.

Говийн иргэдийн эрүүл мэнд, зэрлэг онгон байгаль, ан амьтан, говийн бүс нутгийн эко системд нөлөөлж буй "Сэкер ресорсус Монголиа", "Алтаргана хайрхан" компаниудын 244 км болон 295 км хоёр чиглэлээр зам тавих, шороон далангаар тээвэрлэлт хийх гэж зүтгэж буй үйлдэлд Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Дээрх хоёр уурхайн тусгай зориулалттай, хатуу хучилттай авто зам Тост тосонбумбын нурууны тусгай хамгаалалтын газар болон "Говь гурвансайхан" байгалийн цогцолборт газрыг дайран өнгөрч байгаа юм. "Сэкер ресорсус Монголиа" компани тусгай зориулалтын хатуу хучилттай 295 км замын хучилтаа хийж дуусаагүй байж, шороон далан дээгүүр нүүрс тээвэрлэлт хийхээр удаа дараа зүтгэж, Өмнөговь аймгийн Гурвантэс, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч түр зогсолт хийжээ.

"Секэр ресорсус Монголиа" компани шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчин, хууль бусаар нүүрс тээвэрлэлт хийхийг завдсан бол "Алтаргана хайрхан" компани 244 км замын суурь тавих нэрийдлээр их хэмжээний заг модыг үндсээр нь булгалсны улмаас говийн баян бүрд ширгэж, зэрлэг амьтад уух усгүй болох эрсдэл нүүрлэж, тусгай хамгаалалтын газрын эмзэг эко систем, ховор ургамал, дархан цаазат зэрлэг амьтдын нүүдлэн шилжилт, амьдрах орчинг хумиж, таслан хуваах аюулын харанга дэлдлээ.

Тост тосонбумбын нурууны байгалийн тусгай хамгаалалтын газар, "Говь гурван сайхан" байгалийн цогцолборт газрыг “ЮНЕСКО”-гийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан байдаг. Тост тосонбумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт оршдог. Хойд талаараа Говьгурван сайхан байгалийн цогцолборт газар, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай хиллэн оршдог тул эдгээр газруудын хоорондох зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн чухал бүс нутаг болдог аж. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2012 онд Тост тосонбумбын байгалийн цогцолборт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, улмаар УИХ-ын 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ий өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байжээ.

Тусгай хамгаалалтай газрын бүс нутгаар "Секэр ресорсус Монголиа", “Алтаргана хайрхан” компаниудыг зэрэгцүүлэн хоёр чиглэлийн зам тавихыг Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам зөвшөөрч, дэмжиж байгаа гэнэ. Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгийн иргэд малчид хоёр замаар биш зөвхөн "Секэр ресорсус Монголиа" ХХК-ийн нэгэнт суурь далан нь баригдсан, хучилт хийгээд дуусах замаар тээвэрлэлт хийхийг шаардаж байгаа. Гэвч төр засаг иргэдийн дуу хоолойг ёстой “Нохой хуцсан” дайны чинээг сонсохгүй, хүлээж авахгүй байгаа нь хачирхалтай. Арай манай Засгийн газар, эрх мэдэл бүхий яам тамгын газрынхан авлигал, хахуулийн мөнгөнд амаа үдүүлсэн баймааргүй юм даа. Малчид малын бэлчээр, аюулгүй бүс, онгон дагшин байгаль орчин, ховор ан амьтадтай амгалан тайван амьдрахыг л хүсэж байна.
| АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ |
|
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
Н.Нандин-Эрдэнэ сүмо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-10-18 15:00:30
Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо
2026-10-18 14:30:53
Өмнөговь аймагт шинээр барьсан 240.3 колиметр авто зам нээлтээ хийлээ
2026-10-18 12:17:40
2026-10-18 08:49:08
Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-18 08:22:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |