Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө хагас жилийн хугацаа үлдлээ. Дараагийн Ерөнхийлөгчид горилогсдын цуваа Монголын улс төрийг донсолгож, улстөрчдийн үнэн төрхийг хуу татаж байна. Намын гишүүд нь хүртэл хоорондоо муудаж, нэгнээ матарлах улс төрийн улайрал улам бүр өндрөө авлаа. Тэр тусмаа УИХ-д суудалтай таван намаас 50 насны босгыг давсан хэн бүхэн Ерөнхийлөгчид дэвших гээд улайртлаа үзэж байгааг сүүлийн үеийн улс төрийн өрнөл бэлхнээ гэрчилнэ.
Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан хэт олонхоороо засагласны гороо эдэлж, хоёр талцсан бол сөрөг хүчин Ардчилсан намынхан байр сууриа бататгаж чадалгүй хөнжил дотроо хөлөө жийлцэж байна. Тиймдээ ч толгойтой болгон нь Ерөнхийлөгчид горилоод амь баталгаатай ганц ч лидэргүй хөгөө чирч явна.
Улс төрийн рейтэнгээрээ гол хоёр хүчин болох МАН, АН хоёр зуузай холбож байгаа ч хоёул фракцын талцлаа дарж чадахгүй хүчээ хувааж эхэлсэн. Цаашлаад улс төрийн удаа дараагийн судалгаагаар намуудын нэр хүнд унаж, улс төрийн хүчнүүд намаас илүү хүсэмжит Ерөнхийлөгчийг тодруулах гээд хэрэндээ үзэж байна. ХҮН нам Үндэсний эвсэл, ИЗНН-ын төлөөллүүд Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөх мандатаа өвөртөлсөн ч, хоёр том улс төрийн хүчнийхээ “халаасанд” багтчихсныг улс төрийн хүрээнийхээ ил нэг, далд нэг зарлах болсон.
Гэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүчээ авч УИХ-д ч, Засгийн газарт ч, хууль хүчний байгууллагын томилгоонд ч нөлөөтэй болж ирснээрээ сонгуулийн өрсөлдөөнийг хурцатгаж байгаа нь нууц биш. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль улс намуудын дунд, намуудын доторх фаркцуудын хооронд ч хэрүүл алим тариад удлаа.
МАН-ЫНХАН ГОМДОГСДООР ДҮҮРЧ, ЛИДЕР УЛСТӨРЧИЙН ЭРЭЛД ГАРАХ УУ
(4).jpg)
МАН-ынхны хувьд урдаа барих лидергүй болтлоо улс төрд удаан засаглаж, гомдогсдын арми нь хүчээ авсан. 2017 онд 33, 32 бүлэглэлээр талцан, Засгийн газраа унагааж байсан бол энэ удаад 30, 38 бүлэглэлээрээ хуваагдаж, хоёр ч Засгийн нүүрийг үзлээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдэж, учраа олохгүй болтлоо улс төрийн зодоон нь хурцадсан. Тиймдээ ч Ерөнхийлөгчид нэр дэвших улстөрчийг хоёр талаасаа сойж, нам дотроо өрсөлдөөд удаж байна.
Тэр дундаа МАН дахь 38 бүлэглэл дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үндсэн шалгуурт тэнцэх улстөрч олон бий. Харин иргэдийн хүсэмжит улстөрч болж, МАН-ын талцалыг эцэслэх улстөрч бий эсэх нь эргэлзээтэй.
Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хамгийн эхний хүнээр нэрлэсэн. Гэвч Ерөнхий сайдаар томилж, намын дарга болгох гэж улайрсан нь түүний нам доторх рейтингийг унагааж, эрт гэрэл цохиулсан гэгдэж буй. Цаашлаад УИХ-ын сонгуульд тойрогтоо бүдэрсэн гэх шалтгаанаар өрсөлдөгчид нь эсэргүүцэх, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүлэхгүй байх гол шалтгааныг бүрдүүлж байгаа. Улмаар МАН-ын даргын сунгаанаас болж 30 бүлэглэл буюу залуу гишүүдтэйгээ харилцаа хүйтэрсэнээр 90-ээд оных нь сав л хийвэл Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг үгүйсгэх болсон нь нууц биш юм.
УИХ-ын дарга С.Бямбацогтыг Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших ээлжит улстөрчөөр нэрлэгджээ. УИХ-ын даргаар томилогдож, намын гишүүнчлэлээсээ татгалзах хүртлээ албан тушаалд улайрсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр хаяагаа манаж эхэлсний улс төрийн хүрээнийхэн жиг жуг ярилцах болж. Өөрөөр хэлбэл, Увсаас, Ховдоос дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах тухай яриа хүртэл МАН дотор гарч амжсан гэдэг. Түүний дотор УИХ-ын дарга С.Бямбацогтын нэр дурдагдаж эхэлсэн нь түүнийг сонгуульд бэлдэх эхлэлийг тавьсан гэх нь ч бий.
Сангийн сайд асан Б.Жавхлан улс төрд Дархан-Уул аймгийг төлөөлж сонгогдсон ч хоёр Засгийн газарт гол санхүүгийн барьсан зайтай улстөрч. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь яригдаж эхэлсэн ээлжит хүнээр тодорч байна. Дарханы гэх тодотголтой улс төрд тодорсон ч уг гарлаараа Сүхбаатар аймгийнх. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй ээлжит улстөрчөөс нэрлэгдэж байгаа ч нам дотроосоо дэмжлэг сулхан байгаа сурагтай.
Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатартай зуузай холбон крандуулж буй ээлжит дүр. Г.Занданшатарын Засгийн газар унаж, дараагийн Ерөнхий сайдын марафон эхлэхэд боловсноор татгалзаад Засгийн газарт чимээгүйхэн шадарлаж суугаа. Үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд “нуувчиндаа” орчихон гэхэд хэлсдэхээргүй бүгэж байгаа нь нууц биш.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. МАН-д хүчээ авсан 98 бүлэглэлийн эмэгтэйчүүдээс нам рейтинг өндөртэй яваа. Тиймдээ ч ард түмний дунд хүсэмжит Ерөнхийлөгчийг тодруулах шалгуурт эмэгтэй Ерөнхийлөгч гэх шинэ имижээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг дэвшүүлэх магадлал өндөр байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан, МАН дахь 30 бүлэглэлийн гол төлөөлөл. 90-ээд оныхон гэх залуу гишүүдээр имижээ бүрдүүлсэн 30 бүлэглэл дунд Шадар сайд асан С.Амарсайханаас өөр нэр дэвшүүлэх шаардлага хангаж буй, хүлээлтэд хүрэх улстөрч ховор байна. Тиймдээ ч ганц дайчин ганцаардахгүй гэж Шадар сайд С.Амарсайханыг зүтгүүлсээр хоёр ч Засгийн газраас хаалгаа хаагаад “хөөгдөөд” буй. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газраас танхимынхаа эсрэг бодлого явуулсан хэмээн хөөгдсөн бол хожим Н.Учралын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээлэл цацснаар танхимаасаа дахин хөөгдсөн.
УИХ-ын гишүүн асан М.Энхболдын бүлэглэл МАН-ын энэ хагарал дунд дахин сэрж, Ерөнхийлөгчийн сонгуулиар байр сууриа батлахаар бэлтгэлээ базааж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж эхэлсэн гэх бор шувуу МАН-ын саарал байраар нисэх болсон гэнэ. Түүний хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж, бүрдэж байсан түүхтэй.
Ийн эрх баригч Ардын намынхан нэг тогоонд олон тогооч гэгчээр дараагийн Ерөнхийлөгчид санаархагчид намынхаа нэр хүндийг түймэрдэж мэдэхээр байна. Харин МАН-ын энэ хагархал хайнааг одоо Ерөнхийлөгч хагалж, нэр дэвшигчээ зарлаж мэдэх улс төрийн дүр харагдаж буй.
ДАРААЛСАН ЯЛАГДАЛТАЙ АН-Д ОНЦГОЙРОХ УЛСТӨРЧ БИЙ ЮҮ
(1).jpg)
УИХ-ын сонгуульд ч, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намынхан дараалсан ялагдал хүлээж, франкцын зодоондоо хүчээ тарамдсан. Тэд өнөөдрийг МАН-аас дутахгүй дотроо “зодоон”-той байгаа. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намын дотоод сунгаанаар хүчээ тарамдчихдаг сул талтай. Уг нь МАН-ынхан учраа олохгүй зодоонтой байгаа энэ үед улс төрийн зөв тоглолт хийж чадвал АН-аас хар халзан төлөг дэвшсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар том орон зай бий.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэх яриа олон нийтийн дунд гарч байлаа. Гэвч үүнтэй нь зэрэгцээд нам дотроо ч чамгүй дэмжлэгтэй байсан түүнийг Хөгжлийн банкны тэргүүтэй хэргүүдээр нь “барьцаалж”, хөдлөх аргагүй болгосон. Нэмээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр гэдгээр намынх нь бүлэглэлүүд түүнээс зайгаа авах болсон. Тиймдээ ч Ардчилсан намыхан дунд Ерөнхийлөгчийн сонгуульд горилогсдын өрсөлдөөн МАН-ынхнаас дутахааргүй ширүүсч байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөнө гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар хоёр хуваагдсан намаа нэгтгэж, УИХ-д чамгүй олон суудлтай, сөрөг хүчин болсон гэдгээрээ нам дотроо дэмжлэгтэй болсон. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамтарсан нь намынхандаа ч, сонгогчдын дунд ч рейтингийг нь унагасан билээ. Харин өнгөрсөн сонгуулиар дараалан ялагдалл хүлээгээд байсан Ардчилсан намыг УИХ-д чамгүй олон суудалтай болгосон гэдгээрээ намын гишүүд дундаа нэр хүндтэй болсон гэх.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсон хэмээн намаасаа нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн гэх яриа АН-ынхан дунд гараад удаж байна. Бүр “Ардчилсан намын түүхэнд түүхэн амжилт гарах эгзэгтэй цаг мөч бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн хийгээд орон нутгийн сонгууль мөн” гэсэн амбицтайгаар сонгуулийн ажлаа эрчимтэй эхлүүлсэн гэдэг. Түүний хувьд
Ардчилсан намын генсек С.Баярцогт Ардчилсан намын ээлжит горилчоор нэрлэгдээд байна. Түүний хувьд МАН-аас, тэр тусмаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй Ардчилсан нам дотор хүчтэй өрсөлдөгч болоод байгаа гэх. Цаашлаад С.Баярцогтын ард Монголын томоохон бизнесийн бүлэглэлүүдийн дэмжлэг ч бий. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын төлөө биш Ардын намын эрхэнд нэр дэвших магадлал өндөр байгааг улс төрийн хүрээнийхэн сануулж буй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Ардчилсан намд тэр тусмаа УИХ-ын бүлэг дотроо олон суудалтай Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракцынхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн оронд нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа гэх нь бий. Гэвч гол өрсөлдөөнд С.Баярцогт, Л.Гантөмөр нар оролцвол УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хүрд эргүүлэх боломж олдохгүй байж мэдэх нь.
УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-д шинээр бүрэлдсэн Ардчилсан сэргэлт холбооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд намаасаа өрсөлдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Нэг ёсондоо түүнийг өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан сонголтын ард жагссан С.Эрдэнийн жишгээр МАН-аас захилсан улстөрч гэх хүн цөөнгүй байна.
МАН-ЫН “ХАЛААСАН” ДАХЬ ХҮН

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-аас гадна ХҮН, ИЗНН, “Үндэсний эвсэл” гэх гуравдагч хүчний төлөөллүүд өрсөлдөх мандатаа хэдийнээ авсан. Гэвч ирэх сонгуулиар гуравдагч хүчнүүд санал хуваах тохироотой орох сурагтай. Өөрөөр хэлбэл, УИХ дахь ХҮН намаас Шадар сайд Т.Доржханд, Эрчимхүчний сайд Б.Найдлаа нар Ерөнхийлөгчийн сонгуулийн болзлоо хангаж байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газарт хоёр удаа хадаг яндартай уригдсан. Тиймдээ ч эд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаас илүү хамтарсан Засгийн газарт багтаж, дараагийн сонгуулийн мөнгө өө босгох нь юу юунаас илүү чухал байгаа. Тиймдээ ч ХҮН намынхны Ерөнхийлөгчийн сонгуулиар хариугаа барьж, эрх баригч намынхандаа санал хувааж, найр тавих “халаасны”-ны нам нь болох нь тодорхой биз.
Н.НОМТОЙБАЯРААС ӨӨРӨӨР УРДАА БАРИХ УЛСТӨРЧГҮЙ “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”

“Үндэсний эвсэл”-ийнхэн парламентад сөрөг хүчин ч болж чадахгүй, хамтарсан Засагт багтаж толгой хорогдсон нь өнөөдрийн бодит үнэн. Өмнө нь хоёр удаа хамтарсан Засгийн газар байгуулахад Үндэсний эвсэл хаалганы гадна үлдэж байлаа. Н.Учралын Засгийн газарт уригдснаар МАН-тай нэг хөгжилд багтсан. Цаашлаад Үндэсний эвсэлд Н.Номтойбаяраас өөр урдаа барих улстөрч алга. Харин түүний аав Б.Нямтайширыг дэвшүүлэх талаар яригдсан ч ард түмний хүлээлтэд хүрэх эсэх нь эргэлзээтэй.
“ХОЁР ТАМГА, ХОЁР ДАРГАТАЙ” БОЛСОН ИЗНН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨГЧГҮЙ БОЛЖ МЭДНЭ

Улс төрийн намуудын тамга тэмдэгний хэрүүл Иргэний зориг ногоон намд халдварлаад удаж байна. Үнэндээ эрх баригч намынхны дуулианд дарагдчихаад байгаагаас биш ИЗНН-ынхан дотроо мөн ч түнжин муутай байгаа. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын онц их хурлаа өнгөрсөн сард хуралдуулж, намын дарга Батын Батбаатарыг намын даргаас огцруулснаа мэдэгдсэн. Улмаар УИХ-д тус намаас жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгосноо зарласнаар ИЗНН-ынхны тамга тэмдэгний хэрүүл эхэлсэн. Өөрөөр хэлбэл, намынхаа тамга тэмдэгийг хуучин дарга нь тас зуурчихаад өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ийн ИЗНН-ынхан “ах” нарынхаа мэхэнд унаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулж чадахгүй байх нөхцөл рүү орчихоод байгаа нь энэ юм.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ |
|
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
Н.Нандин-Эрдэнэ сүмо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-10-18 15:00:30
Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо
2026-10-18 14:30:53
Өмнөговь аймагт шинээр барьсан 240.3 колиметр авто зам нээлтээ хийлээ
2026-10-18 12:17:40
2026-10-18 08:49:08
Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-18 08:22:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |