• Өнөөдөр 2026-10-20

ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД

2026-10-20,   145

            Халх, нөмрөгийг хуйхалж, ан, амьтдыг амьдрах газаргүй болтол нь түймэрдсэн “Мобиком”-ынхон дэндүү “том” байна. Уучлалын хэлтэрхийгүй, хариуцлага хүлээх тухай дурдаагүй хоосон мэдэгдэл гаргаад арав гаруй хонолоо. Араас нь гүйцэтгэх захирал нь бөхийж, хариуцлага хүлээнэ гэсэн ч намжив. Угтаа тэд өдийд Нөмрөгт оччихсон ан амьтдад нь өвс, тэжээл тавиад хэдэн бор байгаль хамгаалагчтай хамтарч ажиллаад явж байх ёстой. Ямар сайхан байгалийг түймэрдэж, үнс болгосноо хараад гэмшиж байх ёстой.  Хэрэв хүн чанартай, хариуцлага хүлээх сэтгэхүйтэй байсан бол... Даанч тэгсэнгүй дулаан гэртээ бүгчихлээ. Гэтэл Халх, нөмрөгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид үнсэн товорго болсон дархан цаазат газраа уруудаж, өгсөөд цэвэрлэж, ан амьтдаа “хайгаад” ажиллаж байна.

“Дархан цаазат газар уу нэвтрүүлэхгүй” гэхэд нь “Б.Гантөгс хурандаагийн зөвшөөрөл байна, холд” гэж байгаль хамгаалагчдыг зандчиж, замаасаа холдуулсан “Мобиком”-ын удирдлагууд Халхголд өмгөөлөгчдөө үлдээгээд, өөрсдөө Улаанбаатар руугаа буцчихсан. Тэгээд тэр өдрөөс хойш үзэгдээгүй, олны өмнө гарч ирсэнгүй. “Хууль хяналтын байгууллагынхан ажиллаж, хэдий хэр хэмжээний хохирол гарна тэрийг нь хөнгөлүүлээд төлнө дөө” гээд гал намжаагаад, гэдийгээд хэвтчихсэн. Дархан цаазат газар руугаа “Мобиком”-ынхныг дураар нь бэлчээж, Монголын байгалийг шатаах “эрх” олгосон Хил хамгаалах албаны дарга нар ч таг. УИХ-ын гишүүнийг өмөөрч, хаацайлсан мэдэгдэл гаргаад сураг тасарсан. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа ч үүрэг авчихсан аятай мэдэгдэл ч гаргасангүй. Амьтад, байгалаа өмөөрсөн өгүүлбэр ч шидсэнгүй. Монголын байгаль шатах нь хэнд ч хамаагүй, хэдэн байгаль хамгаалагч шогшроод үлдэж байх шиг байна.

Эргэлт.мн мэдээллийн сайт Нөмрөгийг шатааж, ан амьтад аюул нүүрлүүлсэн этгээдүүдийг хариуцлага хүлээх хүртэл нь мэдээлэх үүргээ гүйцэтгэсээр байх болно. Бид өмнөх дугаартаа,  

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА- https://ergelt.mn/news/44/single/61283

          -Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр баг, Бичигтийн Өндөр гэх газар ой хээрийн түймэр гарсан гэх дуудлага аравдугаар сарын 8-ны 11:55 цагийн орчимд ирсэн байдаг. Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт 587.744 га буюу ойролцоогоор 5.880 ам км газар хамаарна. Дархан цаазат газрын 80 орчим хувь нь бүрэн шатлаа.Нөмрөг бол газрын гайхамшиг, усны тунгалаг, өвсний сайн сорчлон ургадаг, нэн ховор амьтдын диваажин болсон онгон, дагшин газар. Гэтэл одоо Нөмрөгийн  сав газарт торойх амьтан, торох мод, ургамал бараг л үлдсэнгүй. Дархан цаазат газар руугаа дураараа бэлчих зөвшөөрөл олгож, “шатаах” эрх бэлэглэсэн дарга нарт хэзээ хариуцлага тооцох вэ, Г.Тэмүүлэн сайд аа.

НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА- https://ergelt.mn/news/22/single/61311

      Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтдын амьдрах газрыг хуйхалчихаад “Уучлаарай, бид хариуцлага хүлээх болно” гэж хэлсэнгүй, “Мобиком”-ынхан. Монголчууд 30 жилийн түүхтэй уг компанийн 9911 дугаарыг нь тэргүүндээ залах нь холгүй “тэнгэр”-т гаргаж, дэмжлээ. Харамсалтай нь, уг компанийн удирдлагуудад Халх, нөмрөгийнхөө хувь заяаг “тушаачихлаа”, бид. Эх оронд ирээд, эх байгалийг нь түймэрдчихдэг, түүнийгээ бүтээн байгуулалт, их ажил байсан гэж сайрхдаг. Араас нь, аймаг, сум болгонд сүлжээний антен тавьж, газрыг нь ашиглахаар бус эзэмших эрхээр авчихдаг. Ингээд зогсохгүй ард түмнийг нь өдөр бүр шүүхэд өгч, шүүхийн тогтоолтой “ялтан” болгодог тогтолцоо энэ компанид л байна” гэх нийтлэлийг хүргээд байна.

“НЬЮКОМ” ГРУППЫН ЭЗЭН РАГЧААГИЙН АРВИНЦОГТ ЭЛЧИН САЙД НЯМААГИЙН ЭНХБОЛДЫН ГЭРГИЙ Д.ДАВААМААТАЙ ХАЛААС НЭГТЭЙ, БИЗНЕС ХАМТРАГЧИД

Тэгвэл бид энэ удаад Монголын байгалийг хуйхалсан “Мобиком”-ын толгой компани болох “Ньюком групп”-ын эздийг танилцуулж байна.

             “Мобиком”-ын толгой компани нь “Ньюком” ХХК юм. Хувьцаа эзэмшигчээр нь Болдбаатарын Баатарбат, Болдбаатарын Баатарзаяа, Болдбаатарын Баатармөнх, Рагчаагийн Арвинцогт нар бүртгэлтэй. Харин гүйцэтгэх захирлаар нь Болдбаатарын Баатармөнх, эцсийн өмчлөгчөөр нь Рагчаагийн Арвинцогт бүртгэлтэй байдаг. “Ньюком групп”-ийн харьяанд, “Мобиком корпораци” ХХК, “Ньюком проперти” ХХК, “Дэвко” ХХК, “Ньюком майнинг сервис” ХХК, “Харти” ХХК, “Цэгц” ХХК, “Ньюфонд” ББСБ, “Фифт комбайнд хийт энд пауэр плант” ХХК, “Гоби грийн энержи” ХХК, “Цэгц” ХХК, “Ассетко” ХХК, “Монгол судалгаа” ХХК, “Монгол системз” ХХК, “Цэнгэг хүрээ” ХХК, “Нью гоби суприм” ХХК, “Ньюком солар энержи” ХХК, “Найм” ХХК, “Клин энержи” ХХК, “Хар сувд говь ренталс” ХХК зэрэг салбар бүрийн олон компани бүртгэлтэй байна.

            Үүнээс онцолбол, “Ньюком” группын эзэн Рагчаагийн Арвинцогт Элчин сайд Нямаагийн Энхболдын гэргий Д.Даваамаатай халаас нэгтэй, бизнес хамтрагчид.  Тухайлбал, Н.Энхболдын эхнэр Д.Даваамаа “Ньюком групп”-ийн “Ньюком проперти” ХХК, “Харти” ХХК, “Цэнгэг хүрээ” ХХК зэрэг охин компаниыг нь удирддаг. Зөвхөн “Ньюком проперти” ХХК нь л гэхэд үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 340 гаруй ажилтантай том компани.

            Д.Даваамаагийн удирддаг “Ньюком проперти” ХХК гэхэд Монгол банкны цэвэрлэгээ үйлчилгээний хэд хэдэн тендерт шалгарч байсан баримт байна. Тодруулбал,

            -Цэвэрлэгээ үйлчилгээ- 643,000,000 төгрөг (2023 он)

            - Цэвэрлэгээ, үйлчилгээ- 180,000,000 төгрөг (2024 он)

            - Цэвэрлэгээ, үйлчилгээ- 200,000,000 төгрөг (2025 он) тендерт тус тус шалгарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол банкны цэвэрлэгээ үйлчилгээг баздаг гэсэн үг.

“МОБИКОМ”-ЫНХНЫ ХАМСААТНУУДЫН “ТАВЬСАН” ТҮЙМЭР

            Ташрамд сонирхуулахад, Р.Арвинцогтын “хүмүүс” Монголын байгалийг түймэрдэж, үнсэн товорго болсон анхны удаагийнх биш. “Мобиком”-ын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи нь загас агнахаар яваад Нөмрөгийг шатаасан гэх хэрэгт унаад байгаа бол халаас нэгтэй, бизнес хамтрагч Д.Даваамаагийн нөхөр, Элчин сайд Н.Энхболд нь гахай агнаж яваад түймэр тавьж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан хэрэгт холбогдсож байсныг 10 гаруй жилийн өмнө хэвлэлүүд мэдээлж байв. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэрт гахай агнаж яваад, 5680 га талбайг шатаасан гэжээ. Өөрөөр хэлбэл, “Мобиком”-ын гэх хүмүүс Монголын баялгийг шатаасан хэрэгт холбогдсон жирийн нэг давхцал биш байлтай. Тэр тусмаа ан агнахаар явсан нь анхаарал татаж байгаа юм. “Мобиком”-ын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи тэргүүтнийг загас агнахаар явсан эсэхийг хууль хяналтынхан шалгаад, тогтооно биз ээ. 

 

“НЬЮКОМ” ГРУПП ӨМНӨГОВЬ, ТӨВ АЙМГИЙН ГАЗАРТ ЭЗЭН СУУЖЭЭ

       “Ньюком групп”-ийн “Клин энержи” компани нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 170 гаруй тэрбум төгрөгөөр анхны хувийн “Салхит” салхин цахилгаан станцыг барьсан. Мөн Сингапурынхантай хамтарч байгуулсан “Клин энержи ази” компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цэций” салхин цахилгаан станцыг барьсан байдаг.

Р.Арвинцогтын өмчлөлийн “Ньюком” групп гэхэд Өмнөговь, Төв, Улаанбаатар хотын 33 байршилд 949-559,179,672м2 газар эзэмшдэг.

Тухайлбал,

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 2-р баг, Тулга- 559,179,672м2

Өмнөговь аймгийн Булган сумын 1-р баг, Дэн- 458,000,000м2

Өмнөговь аймгийн Булган сумын 2-р баг, Дал-370,000,000м2

Төв аймгийнм Сэргэлэн сум- 67,752,034м2

Төв аймгийн Сэргэлэн сум- 45,495,860м2

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р баг, Сийрс- 34,911,092м2 зэрэг газрыг ШУ, технологийн сорилт туршилт болон байгаль орчин, цаг уурын талбай, Өвөл-хаврын бэлчээр, Холбоо, мэдээлэл дамжуулах шугам, Эрчим хүч дамжуулах шугам, Зуслан,гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас бусад, Амины орон сууц, Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмших эрхээр ашиглаж байна. Гэхдээ нь энэ зөвхөн толгой компанийнх нь эзэмшдэг газруудыг гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй болов уу.

Тухайлбал, “Ньюком групп”-ийн  “Дэвко” ХХК нь гэхэд л Монголд хамгийн олон талбай, газар эзэмшдэг билээ. Нэгтгэж харвал, “Ньюком групп”-ийн Монгол Улсын Өмнөговь, Төв аймгийг тэр чигт нь хашаалчихсан гэхэд ч хилсдэхгүй.

 


ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188