Түүнд хийгээгүй ажил ч гэж байхгүй. Нялх биетэй байхдаа л таксинд явж хүүхдийнхээ живхний мөнгийг олох гэж зүтгэж, хүүхдүүдээ ганцаараа өсгөхийн тулд чадахаар ажилласан ч олох мөнгө нь амьдралд нь хаанаа ч хүрэлцэхгүй. Тиймдээ ч тэр арай цалин мөнгө нь гайгүй юм гэж нүүрсний тээврийн жолооч гэх хүнд, эрсдэлтэй ажлыг сонгож, тоос шороо, эрсдэл дүүрэн замыг сонгосон. Тэр гэдэг нь найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат киноны гол дүрийн эмэгтэй С.Майхүү.
Олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон тус бүтээл өчигдөр Монголдоо нээлтээ хийж, үзэгчдэдээ хүрлээ. Цагаан хадны нүүрс тээвэрчдийн бодит амьдралыг зургаан жилийн хугацаанд баримтжуулсан тус бүтээл нь С.Майхүүгийн түүхээр өрнөх бөгөөд хүн амьдралынхаа төлөө хэрхэн зүтгэж, юу золиослодгийг харуулснаараа онцлог болжээ. Энэхүү кино нь Францын Petite Maison production болон Монголын iCity films компанийн хамтарсан бүтээл юм. Үндсэндээ 2026 оны зургадугаар сараас олон улсын үзэгчдэд хүрч, хэд хэдэн шагнал хүртжээ. Тэдгээрээс онцолбол, Тухайлбал Нью-Йоркийн Tribeca болон Их Британийн Sheffield DocFest наадмын уралдаант хэсэгт багтсан бөгөөд Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртсэн байна. Мөн Бусаны олон улсын кино наадмын Wide Angle хөтөлбөрт шалгарчээ.
Гол дүрийн эмэгтэй С.Майхүү “Кинонд ганцхан миний ажил, амьдралын тухай гарч байгаа боловч миний цаана нүүрсний тээврийн жолооч хийж, тоос шороо, чимээ шуугиан дүүрэн энэ зам дээр үлгэр жишээ ажиллаж байгаа олон эмэгтэй бий. Би бол тэдний л нэгэн төлөөлөл. Энэхүү киног бүтээхэд найруулагч маань хүйтэнд нь хөрж, халуунд нь халж, заримдаа би муухай загнана. Яагаад гэвэл би сошиалын дайралтад орж байсан хүний хувьд амьдралаа ил гаргана гэдэг амаргүй байсан. Тэгэх бүрд найруулагч маань найз, ах, хань түшиг болж байсанд баярлалаа. Уран сайхны кино үзэж байгаа юм шиг тийм сайхнаар өөрийгөө үзлээ” гэдгийг онцлон ярьж байв.

Найруулагч Ч.Хоролдоржийн анхны баримтат киноны бүтээл байна. Тэрбээр өмнө нь 2010 онд “Зүүд” богино хэмжээний киногоороо Каннын кино наадамд, “Шарга даага” уран сайхны кино нь 2013 онд Бусан болон Фрибургийн кино наадамд оролцож байжээ. Харин “Говийн бүсгүй” бүтээлээрээ 2023 онд Британийн кино наадамд шилдэг богино хэмжээний баримтат кино шагнал хүртжээ. Ингээд кино үзвэрийн дараа найруулагчаас үзэгчид дараах асуултад хариулт авсан юм.
-“Анхны киноныхоо дүрүүдтэй хэрхэн танилцав. Яагаад нүүрс тээврийн жолооч эмэгтэйн түүхийг сонгох болов?
-“Нүүрс тээвэрчдийн явж байгааг машины цонхоор харахад надад нэг тийм гүн сэтгэгдэл үлдээж байсан. Тэр дундаа эмэгтэй жолооч нар. Тэгээд л энэ чиглэлийн кино хийхээр судалж байхдаа дүрүүдтэйгээ танилцсан. Хамгийн гол нь энэхүү бүтээлээрээ нийгэмд хэлэх гэсэн гол санаа бол бид хамгийн гол чухал зүйл болох хүнээ орхиод байна. Хүн рүүгээ анхаарч, хүмүүс амьдралынхаа төлөө хэрхэн зүтгэж, юуг золиосолдгийг харуулахыг зорьсон” гэдгийг онцлон хэлж байв.
-Киног хийж байх үеийн хүндрэл бэрхшээл юу байв?
-Ковидын үед л нүүрс тээвэрчдийн орчин руу ороход бэрхшээлтэй байсан. Бусдаар бол харьцангуй гайгүй. Хэдийгээр бид шинжилгээ өгч, дотогш орж байгаа ч тухайн бүс рүү нэвтрэн орох хүндрэлтэй байсан” гэсэн юм.
-“Зураг авалтад хэчнээн хугацааг зарцуулсан бэ. Дахиад бүлэг гарах уу?
-“500 гаруй цагийн зураг цуглуулсан. Үлдсэн зургаараа юм хийнэ гэвэл одоохондоо биш. Хэсэг хугацааны дараа дахин харах байх” гэж байлаа. Хамгийн гол нь найруулагч Ч.Хоролдорж энэхүү бүтээлийнхээ зургийг 2019 оноос хойш тасралтгүй авсан бөгөөд уйгагүй ажиллаж байсныг нь гол дүрүүд нь онцолсон.

-Найруулагчийн хувьд киногоо бүтээхдээ юуг голчлон барьсан бэ?
-“Цагаан хадны нүүрс тээвэрчдийн бодит нөхцлийг ямар ч гоёж, халхлах зүйлгүйгээр яг байгаагаар нь харуулахыг зорьсон. Тэнд юу өрнөдөг, ямар нөхцөл байдалтай байдаг, жолооч ажилчид нь юуг туулж, мөн юуны төлөө тэр хүнд бүхнийг тэсвэрлэдэг вэ гээд бүгдийг үзүүлэхийг зорьсон.
-Олон улсын үзэгчид ямар сэтгэгдэл хэлсэн бэ?
-Сэтгэгдэл өндөр байсан. Хамгийн гол нь хүн ямар ч нөхцөлд амьдрал, үр хүүхдийнхээ төлөө тэвчээртэй, зоригтой хөдөлмөрлөж чаддаг гэдгийг хүний мөн чанар, бодит амьдрал, тулгарах асуудлыг хүмүүст ойлгуулахыг хүссэн.
“Цагаан хадны өнгө” киноны нэгэн гоё дэвшүүлсэн санаа нь амьдрал хэчнээн бэрхшээлтэй, амьдрахад олон саад тотгор тулгарч, биднээс тэсвэр тэвчээр олон зүйлийг шаардаж, бид заримдаа бүр ядарч туйлддаг ч амьдралд хайртай хэвээр л байдаг. Тийм ч болохоор төгсөхдөө С.Майхүү “Амьдралаа би чамд хайртай” гэж дуулсан биз ээ. Юу ч болж байсан хүний дотор амьдрах хүсэл, амьдралыг хайрлах хайр байна гэдэг л хамгийн сайхан аж.

| Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |