• Өнөөдөр 2024-09-18

МАН-ЫН ЖАГСААЛТАД БАГТАГСДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

2024-05-26,   3270

             УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших нам, эвслүүд тойргоос болон жагсаалтаар нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд тогтоолоо өргөн мэдүүлснээ мэдэгдээд байна.

        Эрх баригч МАН Бага хуралдаанаараа намын жагсаалтад багтах улстөрчдөө зарлалаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд намын жагсаалтад сайд, УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, салбар салбарын төлөөллүүдийг жагсаалтад багтаана гэдгээ мэдэгдсэн. Улмаар жагсаалтын эхэнд инженер, эрдэмтдийн төлөөлийг эрэмбэлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Эрх баригч намаас чухам ямар хүмүүс жагсаалтад эрэмбэлэгдэх вэ гэдэг нь анхаарал татаж байв. МАН-ын жагсаалтаас шинэ залуу, салбарын төлөөлөл болсон улстөрчдийг жагсаалтад багтааж, хууччуулаа тойрогт дэвшүүлж байна. Жагсаалтын халхавчаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд тэргүүтэй иргэдийн хүсээгүй улстөрчид тойрогт сугарч үлдлээ.

       Тэгвэл МАН жагсаалтад багтсан улстөрчийн хэн нь хэн болохыг танилцуулж байна.

ГАНЗОРИГИЙН ЛУВСАНЖАМЦ

       МАН-ын жагсаалтын нэгдүгээрт Токиогийн их сургуулийн хот төлөвлөлтийн доктор, архитектор Ганзоригийн Лувсанжамц эрэмбэлэгдэв. Угтаа бол МАН-ын жагсаалтын эрэмбэ улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн таамгийг эвдсэн улстөрчид орж ирсний нэг нь Г.Лувсанжамц байв.

Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшсэн тэрбээр монголд мэргэжлээрээ таван жил ажилласан. Улмаар Япон Улсын Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан. Их сургуульд суралцах хугацаандаа эх орон руугаа чиглэсэн судалгааг дэлхийн бусад хотуудтай харьцуулан хийж эрдмийн зэрэг хамгаалсан хэмээн ярьж байжээ.

Түүний аав Бат-Очирын Ганзориг Ардчилсан намын гэх тодотголтой. Харин Г.Лувсанжамц МАН-д жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нь Ерөнхий сайдын дэмжлэгтэй гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-аас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "20 минутын хот" төсөлд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байна

ДОКТОР М.ЭНХЦЭЦЭГ 

      Австралийн Зөвлөх үйлчилгээний компанид ажилладаг, доктор М.Энхцэцэгийг намын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлжээ.

       Тэрбээр Архангай аймгийн Тариат сумын уугуул, Орхон аймагт дунд сургуулиа дүүргэж, 2000 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг  цахилгааны системийн автоматжуулалтын инженерийн мэргэжлээр баклавр, 2005 онд магистр хамгаалсан. Ажлын гараагаа ТБЦДС ХК-ийн Эрдэнэт-Хар хорины салбараас эхлүүлсэн бөгөөд "ЦДҮС" ТӨХК-ийн инженерээр ажиллаж байгаад 2015 онд Австралид очиж, 2017 онд RMIT их сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр магистрийн зэргийг  хамгаалсан байна. Улмаар 2022 онд доктор болж, өдгөө Австралийн зөвлөх үйлчилгээний компанид ажиллаж байгаа юм.

  

 “ОНДО” КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР

       МАН-ын жагсаалтад эхний гуравт эрэмбэлэгдсэн Ч.Анар нь Өвөрхангай аймгийн уугуул. 1998 онд МУИС-д элсэн орсон. Улмаар ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, Берлинд Техникийн их сургуульд суралцаж байсан гэх намтартай.

"Нетсофт" компанийн үүсгэн байгуулагчдын нэг. Түүний хувьд үүрэн холбооны Үндэсний гурав дахь операторын нэг болох Жи-Мобайл компанийн үүсгэн байгуулагч

        Мөн “Анд Глобал”, Mlab компанийн ийн үүсгэн байгуулагч бөгөөд Математикийн олимпиадын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдэг. Түүний үүсгэн байгуулсан “Анд Глобал” компаниас салбарласан найман охин компани байгаагийн нэг нь Lend.mn аж.

     Ч.Анандыг олон нийт “Шарк Танк” нэврүүлгийн хөрөнгө оруулагч гэдгээр нь илүүтэй мэднэ. Оюутан ахуй цагаасаа бизнесийн салбарт зүтгэсэн түүнийг өнгөрсөн хугацаанд улс төрд орох гэж байгаа тухай жиг жуг гэлцэх болсон. Өөрөөр хэлбэл, түүний ЦХХХ-ны сайдад яригдаж байгаа гэх дуулиан хүртэл гарч байлаа. МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сойж байсан залуучуудын нэг гэгддэг тэрбээр УИХ-ын гишүүнээр “ногоон гэрэл”-ээр орж ирэх нь тодорхой болж байна.

О.САРАНЧУЛУУН

       “Achilles International Mongolia”  ТББ-ыг үүсгэн байгуулагч О.Саранчулуун жагсаалтын эхний тавд багтаж байна. Түүний хувьд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багшаар ажилладаг. МУИС-ийг нийгмийн ажлын бакалавр болон магистр, Израйль Улсын Хэбрэйн их Сургуулийг нийгмийн эрүүл мэндийн магистраар, АНУ-ын Колумбын их сургуулийн нийгмийн ажлын сургуульд зочин судлаачаар, 2011 оноос АШУҮИС-ын нийгмийн эрүүл мэндийн сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалсан гэх намтартай.

         Тэрбээр олон нийтийн цахим сүлжээ Фэйсбүүк дэх “Let’s Run! Mongolia” бүлгийг үүсгэн байгуулж, бүх нийтийг өглөөний гүйлт, дасгалын цуглаанд уриалан зохион байгуулдаг. 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд залуусыг ангилалтай оролцуулсан “Хамтдаа гүйцгээе” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж байжээ. Түүнийг МАН-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон намын жагсаалтад ийн дэвшүүлж байгаа аж.

ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ

        МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтад эрдэмтийн төлөөллийг оролцуулахаа мэдэгдсэн. Тэгвэл намын жагсаалтад ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг жагсаалтад багтахаар болсноо зарлав.

       Төрийн соёрхолт, академич Д.Рэгдэл 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Тэрбээр 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.

      1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд ШУА-ийн гишүүнээр сонгогдсон байдаг.

        1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА, 1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант, 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч, 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа гэх намтартай.         Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолтон болж байв.

ХАРВАРДЫН БАГШ Д.ГАНМАА

       Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа МАН-ын жагсаалтаар дэвших эхний 25 нэр дэвшигчийн нэгээр нэрлэгдээд байна.

       Түүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосноор нэр дэвшүүлж, улс төрийн дэмжлэг авсан гэх нь бий. Тэрбээр нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг дүүргэж, АУДС-д цэргийн эмчээр элсэн орж, АШУИС-д баклаврын зэрэг, Японы Яманаши АУИС-д доктор, АНУ Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль дэд профессор хамгаалсан. Тэрбээр 2004 oноос  "Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл" (MHI) хэмээх Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгууулж ажиллаж байна.

МҮХАҮТ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН

       Шарк нэрээрээ олонд танигдсан МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтын эхний 10-т багтлаа. Нэг ёсондоо УИХ-д “ногоон гэрлээр” суух гишүүдийн нэгээр тодорч байгаа нь энэ.

      Ингэснээр “MCS” компанийн гэх тодотголтой гишүүдийн тоог нэгээр нэмж байгаа юм. 1997 оноос хойш тус компанид ажилласан тэрбээр дэд дарга хүртэл дэвшиж, 2022 онд ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.

УУХҮ-ИЙН ДЭД САЙД Б.УЯНГА

         Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг Геологийн зураглал мэргэжлээр төгссөн. 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий гараг судлалын тэнхимд геологийн чиглэлээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

      2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд геологи, уул уурхайн чиглэлээр судалгааны ажил хийж байгаад эх орондоо ирж суурьшсан салбарын мэргэжилтэн юм. Доктор Б.Уянга нь АНУ болон Японд суралцаж, геологи, уул уурхайн чиглэлээр судалгаа хийж байх хугацаандаа АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, мэргэжлийн судалгаа хийж байсан туршлагатай гэгддэг. Тэрбээр 2020 оноос хойш Үндэсний Геологийн албанд Дэд дарга, Ерөнхий геологичоор, мөн Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж, сайдын зөвлөхөөр болсон гэх намтартай. Өдгөө УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байгаа юм.

"ШИНЭ МОНГОЛ" ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ГАЛБАДРАХ

“Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах МАН-ын жагсаалтад багтсан байна. Тэрбээр Японы боловсролын системийг Монголд нутагшуулж буй. “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн" “Шинэ Монгол" бүрэн дунд сургууль, Косэн буюу техник

инженерийн коллеж, NMIT буюу технологийн дээд сургууль, Сумогийн их аварга, Харумафүжи Д.Бямбадоржтой хамтран Яармагт “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийг үүсгэн байгуулсан.

        Өнгөрсөн өвөл Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр энгэрээ мялаасан тэрбээр боловсролын салбарт 37 жил ажилласан гэдэг.

МАН-ЫН ГИШҮҮН М.МАНДХАЙ

          Намын жагсаалтад багтсан Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай нь Их британи Улсын Олон улсын их сургуульд бизнес, санхүү менежментээр магистрын зэрэг хамгаалсан, Вэст Лондон коллежид Аялал жуулчлалын менежментээр суралацсан нэгэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрхийн төслийн зөвлөхөөр ажиллаж буй.

         Тэрбээр “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал, “Нүүдэлчин групп” ХХК-ийн дэд захирал, Англи Улсын Шударга худалдааны агентлагт Хэрэглэгчийн зөвшөөрөл, комплаенс хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан гэх туршлагатай нэгэн.

МАН-ЫН НАРИЙН БИЧИГ А.АРИУНЗАЯА

        Үндэсний статистикийн хорооны даргаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн танхимд ХНХ-ын сайдаар очсон А.Ариунзаяа ирэх сонгуулиар намын жагсаалтад багтахаар болжээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр жагсаалтад нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа гэдэг.

       Өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн албыг хашиж буй тэрбээр саяхан “Би тойргоос нэр дэвшихгүй” хэмээн ам алдсан удаатай. Ерөнхий сайд асан Д.Жасрайгийн зээ хэмээн улс төрд өвөөгийнхөө нэрээр гарч ирсэн А.Ариунзаяа танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байхад торойж үлдснээрээ Засагт “том артай” гэдэг нь тодорхой болсон. Сүүлд дуулиан намжсаны дараа сайдын суудлаа хүлээлгэж өгсөн ч намынхаа “гал тогоо”-г хариуцаж байгаа гол хүмүүсийн нэг болоод буй. Тэрбээр өнгөрсөн өвөл хотын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр огцроход “Намынхаа шилдэг гишүүдийг фронтод илгээж байгаа” хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэж байлаа.

МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГА Б.БАЯРБААТАР

        Б.Баярбаатар  1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургуулийг дүүргэж, 2003 онд “Шихихутаг” их сургуульд эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Улмаар 2013 онд “Шихихутаг” их сургуулийн Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

    2003 оноос УИХ-ын Тамгын газарт АБГББ хорооны даргын туслах, УИХ-ын дэд даргын шадар туслах, УИХ-ын даргын шадар туслах,  УИХ дахь Монгол Ардын Намын ахлах референтээр ажиллаж байгаад 2020 онд МАН-ын хяналтын хорооны даргаар томилогдсон. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ойрн хүн гэдэг, Тиймдээ ч намын генсекийн дэмжлэгээр МАН-ын жагсаалтад дээгүүрт эрэмбэлэгдэж байна.

ДОКТОР Б.ХЭРЛЭН 

        Б.Хэрлэн нь төрийн удирдлага, удирдлагын сэтгэлзүйгээр суралцаж төгсөөд Герман Улс, Потсдамын их сургуульд төрийн удирдлагын магистр, Герман Улс, Потсдамын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

      Б.Хэрлэн нь Удирдлагын академийн удирдлагын социологи сэтгэл зүйн тэнхмийн багш, профессороор ажиллаж байв. Тэрбээр 2020 оны сонгуульд УИХ-ын 20 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшиж байв. Тухайн үед тэрбээр МАХН-ы гүйцэтгэх товчооны гишүүнээр ажиллаж байв. Энэ удаад намын жагсаалтад түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зүтгүүлж байгаа аж.

САНГИЙН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ

      С.Мөнгөнчимэг Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж, өссөн. Тиймдээ ч 2008-2015 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярын туслахаар ажилласан. Ингээд 2015 онд “МИАТ” ТӨХЗ-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга, 2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, 2020 онд Сангийн дэд сайд болж дэвшсэн. Товчхондоо, түүнийг туслахаас дэд сайд болтол нь дэвшүүлсэн хүн нь Ж.Энхбаяр. Цаашилбал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Хэнтийн бэр.

      Тодруулбал, С.Мөнгөнчимэгийн нөхөр Д.Бат-Эрдэнийн төрсөн эгч Д.Болортунгалаг нь Монголбанкны Хэнтий аймаг дахь салбарын захирлаар ажилладаг. Харин Д.Болортунгалагийн нөхөр Ж.Ганбаатар нь Хэнтий аймгийн ЗДТГ-ын даргаар ажилладаг. Ж.Ганбаатарын төрсөн дүү нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат. Өөрөөр хэлбэл, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар худууд гэсэн үг.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД С.ЗУЛПХАР

     С.Зулпхар урьд нь ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн захирлаар ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд болж дэвшсэн. Улс төр дахь ураг төрлийн хамаарлын хувьд, УИХ-ын гишүүн асан А.Тлейханы нагац эгчийн хүү гэх “хаягтай”. 

ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД Б.СОЛОНГОО

       Б.Солонгоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз. Тэд 2015 онд Харвардын их сургуулийг хамт төгссөн. Улмаар 2020 онд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Б.Солонгоог ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, дэргэдээ авсан. Харин Ерөнхий сайд болсныхоо дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ч.ЛОДОЙРАВСАЛ

           МҮОНРТ-ийн "Залуу зохион бүтээгч" нэвтрүүлгийн продюсер, шүүгч гэдгээр нь хүмүүсийн сайн мэдэх Ч.Лодойравсал өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөж буй.

     Намын жагсаалтад дээгүүрт эрэмбэлэгдсэн тэрбээр Ерөнхийлөгчийн дэмжлэгээр намын жагсаалтад багтсагсдын нэг болоод байгаа юм. МУИС-ийн Физик электроникийн сургуулийг электроникийн инженерээр төгссөн 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичин, заримыг нь гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж байжээ. Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны докторын зэрэгтэй, Монгол Улсын их сургуулийн дэд профессор цолтой МCS электрониксээс ажлын гараагаа эхлүүлсэн гэгдэх тэрбээр МУИС-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдон ажиллаж буй. Түүний аав Төрийн соёрхолт, ардын багш Ш.Чоймаа асан юм.

МАН-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Х.ДАЛХААСҮРЭН

       УИХ дахь МАН-ын Ажлын албаны дарга Сугаржавын Далхаасүрэн  Их Монгол дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, Удирдлагын академийн төрийн захиргааны магистр, МУИС-ийг эрх зүйч, хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Ажлын туршлагын хувьд МХЕГ-ын Хэлтсийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан. Сонгуульт ажлын хувьд МАН-ын НАМЗХ-ны улс төрийн ажилтан, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

МАН-ЫН ГИШҮҮН А.ЭНХЗУЛ 

      УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга асан А.Энхзул жагсаалтад дэвшигчдэд багтжээ. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын талаас дэвшүүлж байгаа аж. А.Энхзул нь 2010-2018 онд “25 дугаар суваг” телевизийн захирал, 2016-2018 онд Монголын телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, 2021-2023 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан намтартай. Түүнийг 25 дугаар суваг телевизийн захирал З.Алтайгийн охин гэдгээр нь олон нийт илүү мэдэх биз.

ХОТЫН ОРЛОГЧ О.НОМИНЧИМЭГ

        Хотын дарга Х.Нямбаатар хоёрдугаар орлогч О.Номинчимэгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу X тойрогт сойж байгаа аж. Түүний хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулий асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдож, улс төрийн гараагаа эхлүүлсэн ч хотын дарга Х.Нямбаатартай “Оюу толгой”-н төсөл дээр хамтран зүтгэж баг болсон. Ийн Х.Нямбаатар сайдын суудлаас бууж, хотын даргаар очиход өөрийн багтаа авч, хоёрдугаар орлогчоороо томилон ажилуулж байна. 
 
       Говь-Алтайн гаралтай ч хотын дүүрэгт зүтгэж буй. Нэг ёсондоо авлига албан тушаалын хэргээр хуулийн байгууллагын “үүд сахиж” байгаа Ж.Сүхбаатар, Т.Аюурсайхан нарын тойрогт өрсөлдөхөөр горилж эхэлсэн гэсэн үг. Клубын болон Токиогийн их сургуульд мэрэгжил дээшлүүлсэн. Хуульч мэрэгжилтэй тэрбээр хуулийн фирмд багшаар ажиллаж байсан. Сонирхуулахад, Хотын орлогч О.Номинчимэгийн дүү О.Оргилмаа нь Монголбанканд Ахлах хянан шалгагч, нөхөр Д.Амарбаясгалангийнх нь дүү Д.Амармэнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэх мэтээр гэр бүлээрээ төрд ажилладаг аж.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Д.БУМ-ОЧИР 
 
       Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүдээс жагсаалтад Д.Бум-Очир багтжээ.  Хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач Д.Бум-Очирыг "Монгол телевиз"-ийн "Өнөө өглөө" хөтөлбөр, "Хар хайрцаг" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс илүү танина. Тэрбээр "Монгол телевиз"-ийн захирал Ч.Номинг Соёлын сайд болоход нь Ахлах зөвлөхөөр нь томилогдсон бол өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх болж дэвшсэн. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нарын хамаарал бүхий этгээдийн компани Соёлын яамны тендерийг "түүдэг"  баримтыг дэлгэж байлаа. 

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЗӨВЛӨХ Д.БУМДАРЬ

        МУИС-ийн багшаас Ерөнхий сайдын зөвлөхөөр очсон Д.Бумдарь МАН-ын жагсаалтад багтлаа. Тэрбээр Япон Улсын Кокушикан Их Сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны доктор зэрэг хамгаалсан. МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Нийгмийн Ухааны салбарын Улс төр судлалын тэнхимд дэд профессор, профессор, МАН-ын Стратеги академ”-ын захирал      /“Crises and management society Japan”, IAEVG зэрэг олон улсын мэргэжлийн холбоодын гишүүн/-аар ажилласан намтартай.

      Япон Улсын Кокушикан Их Сургуулийн Ахисан түвшний сургуульд туслах багш, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Нийгмийн Ухааны салбарын Улс төр судлалын тэнхимд дэд профессор цолтой. Өдгөө тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж буй.


МАН-ЫН ЖАГСААЛТАД БАГТАГСДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 19
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 15:04:35
    zochin: Knopchid l bolno.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 14:38:23
    зочин : Ч.Анар нь Петровис*-ын Ленд.мн-ийн гүйцэтгэх захирал гэсэн үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 23:48:44
    Зочин: Тэр Рэгдэл бүтэхгүй ээ, эрдэмтэн нэртэй өвгөчүүл бол жинхэнэ хорчингууд байдаг, амьдралаас тасарчихсан хоосон онолдохоос цаашгүй таг соц-оороо гарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 17:11:13
    S: SEXSDI UILCHLEED80955877 XUCHINDUULI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 13:14:02
    ман: инженерүүдээр зүгээр л ажлыг нь хийлгэ.........шал дэмий зэврүүлэх юм сэдэхээ бүлчихөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 12:43:55
    D: SHAALGI UILCHLGEEG80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 20:35:47
    S: SEXSEER XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 20:04:21
    Доржоо: ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ арай амьдралд ойр хүмүүс дэвшүүлж амьдралын ухаантай гэх юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 13:55:14
    S: XALYYXAN SHAALGN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 10:53:20
    Судлаач: Монголын дээд боловсрол, шинжлэх ухааныг суйруулэгчид ( ШУА, МУИС) багаараа оржээ!!! Хэдэн гадаадын дипломууд, МАн бутэхгуй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 16:42:04
    иргэн: Bravo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 13:14:58
    Г: Ганмаа болохгүй, ах нь Наранбаатар солиот
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 12:13:40
    S: DYYDLGN SEREL80955877SEXSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 11:06:59
    Зочин: МАН, АН-н жагсаалт ёстой шог санагдлаа. Дугуйлахгүй ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 10:31:52
    засс: их сайн жагсаалт байна сүүлийн 3 бол үнэхээр татаасных бөгс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 10:21:12
    S: SADARLI SEXSEER AXTAI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 10:19:39
    зочин : Монголын амьдралаас тасарсан дандаа гадаадад төгссөн тэндээ ажилдаг улс байхийн. Ганбямбын Дөлгөөн, Алтайгийн Энхзул гэсэн хунтайж гүнжүүд хэрэггүй л байна. Бас л баахан татаас кранаар гэрлийн хурдаар дээшээ гарсан залуус, ураг садан, гүнж хунтайж нар. урамгүй юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 09:44:35
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 09:29:18
    Гэрэл: Мундаг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188