• Өнөөдөр 2026-10-29

ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын эхээр түймэр дэгдэж, тус байгалийн цогцолборын 80 орчим хувь шатсан. Үүнтэй холбоотойгоор түймэр дэгдэх болсон шатсан тээврийн хэрэгслээр дархан цаазат газарт явж байсан гэх “Мобиком”-ын удирдлагууд уучлалт хүссэн мэдэгдэл хийгээд буй. Харин Японы харилцаа холбооны томоохон компаниудын нэг “KDDI”-ийн охин компани ийн түймрийн хэрэгт холбогдож болзошгүй тухай мэдээлэл хэдийнэ Японы цахим сүлжээнд түгээд байна. Тэгвэл өнгөрсөн даваа гарагаас хойш Япон Улсын ЗГХЭГ-ын дарга, Гадаад хэргийн сайд нар тус тус мэдээлэл хийж, Нөмрөгийн дархан цаазат газрыг сэргээхэд хамтран ажиллах талаараа мэдэгдсэн. Бид энэ талаар болон Нөмрөгийн түймрийн эргэн тойрон дахь мэдээллийг тоймлон хүргэе.

-НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР ТҮЙМЭР ГАРЧ, ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ ТАВ ХОНОГ УЛААН ГАЛД ШАТСАН НЬ-

Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр баг, Бичигтийн Өндөр гэх газар ой хээрийн түймэр гарсан гэх дуудлага аравдугаар сарын 8-ны өдрийн 11:55 цагт онцгой байдлын байгууллагад очсон байдаг. Дуудлагын дагуу онцгой байдлын байгууллага очиход улсын тусгай хамгаалалттай Нөмрөгийн үзэсгэлэнт байгалийн цогцолборт түймэрт автсан байв. Улмаар Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын албаны нийт 109 хүн 18 автомашинтай шуурхайгаар түймрийн талбарт ажилласан. Гэсэн ч түймрийг бүрэн унтрааж чадалгүй Нөмрөгийн байгаль тав хоног улаан галд шатсан байдаг. Тав хоногийн дараа буюу аравдугаар сарын 13-ны 00:55 цагт цурамд оруулсан байдаг бөгөөд энэ сарын 16-ны 07:00 цагт бүрэн унтрааж дууссан.

Түүнчлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр урд хөршийн хил давсан ч БНХАУ-ын талаас 2000 гаруй алба хаагч шуурхай ажиллагаа явуулан түймрийг тогтоон бариад байсан талаар тус улсын төрийн хэвлэл “Синхуа” агентлаг мэдээлээд байв.

-ТҮЙМРИЙН ШАЛТГААН БОЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ “ЭТГЭЭД”-ҮҮД -

Нөмрөгийн дархан цаазат гарсан түймрийн шалтгааныг цахим сүлжээнд тус цогцолбор газар хэсэг бүлэг хүний унаж явсан тээврийн хэрэгсэл шатсантай холбон тайлбарлаж байгаа. Тухайлбал, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи тэргүүтэй тус компанийн удирдлага, бусад төлөөлөл тухайн улсын тусгай хамгаалалттай газарт явж байхад түймэр гарсан аж. Гэсэн ч дээрх мэдээллийг “Мобиком”-ын зүгээс анх эрс эсэргүүцсэн гэмээр  “Мобиком корпораци“ нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон. Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно. Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн “Фэйсбүүк” хуудастаа мэдэгдэл хийсэн.

Шатсан машины хувьд “Nissan Patrol-Y62” загварын автомашин байсан бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр төрийн албаны машин байсан байж болзошгүй тухай мэдээлэл мөн цахим сүлжээнд түгээд байв. Мөн “Мобиком”-ынхонтой хамт явсан гэгдээд буй УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Нөмрөгийн Дархан цаазат газарт түймэр гарч, байгальд их хэмжээний хохирол учирсанд харамсаж байна. Сүүлийн хэд хоног цахим орчинд буруу ташаа мэдээлэл түгж байгаад тайлбар өгөх ёстой. Миний бие өнгөрсөн хугацаанд өөрийн сонгогдсон тойрог Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан нь үнэн. Аравдугаар сарын 7-нд би Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хоёр арга хэмжээнд оролцож дуусаад хот руу явсан. Аравдугаар сарын 8-ны 11:55 цагт гал түймэр гарсан дуудлага ирсэн юм билээ. Энэ өдөр миний бие Улаанбаатар хотод УИХ-ын чуулганд сууж байсан. Үүнийгээ баримтаар харуулъя. Энэ бол хөдөлшгүй үнэн баримт. Нөмрөгийн Дархан цаазат газарт би амьдралдаа очиж үзээгүй. Хил хамгаалах ерөнхий газар, Дорнод аймгийн ЗДТГ-аас Сүмбэрийн боомтод зохион байгуулсан арга хэмжээ, тодруулбал "Мобиком"-ын шилэн кабелийн нээлтэд аравдугаар сарын 6-нд оролцсон нь үнэн. Тэр хүмүүсийг арга хэмжээгээ дуусаад Нөмрөгийн застав руу явах даа гал гаргасан гэж би ойлгосон. Дархан цаазтай газар хэн дуртай нь ороод байдаггүй. Хэрхэн зөвшөөрөл авч нэвтэрснийг нь би мэдэхгүй. Хууль, хяналтын байгууллага ажиллах байх. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэж, гал тавьсан мэтээр харлуулж буй учир би үнэн бодит мэдээлэл өгч байна” гэж мэдэгдсэн.

-ЭРС ЭСЭРГҮҮЦСЭН МЭДЭЭЛЛИЙНХЭЭ АРААС “МОБИКОМ” УУЧЛАЛТ ГУЙВ-

Нөмрөгийн түймрийн мэдээтэй зэрэгцэн эрс эсэргүүцсэн мэдээлэл гаргасан “Мобиком”-ын зүгээс тус тусгай хамгаалалттай газрын 80 орчим хувь шатсаны дараа “Уучлалт хүссэн мэдэгдэл хийсэн. Тодруулбал, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Япон Улсын иргэн Ясүхиро Очи “Юуны өмнө Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарч, байгаль орчинд хохирол учирсанд бид гүнээ харамсаж байна. Ясүхиро Очи миний бие "Мобиком" компанийн нэрийн өмнөөс болон өөрийн чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Бид хариуцлагаас зайлсхийхгүй. "Мобиком корпораци" нь олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа зохих ёсоор биелүүлэх ёстой. Хохирлын бодит тоо хэмжээ холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдоно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллана. Шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохиролтой барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах болно. Олон нийтийн санаа зовниж байгааг бид ойлгож байна. Байгаль орчинд учирсан хохиролд гүнээ харамсаж байна. Монголын ард түмнээс дахин чин сэтгэлээсээ уучлал хүсье. Бид холбогдох эрх бүхий байгууллагуудтай бүрэн хамтран, шалгалтын үр дүнд үндэслэн, тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцох болно. Гал унтраах ажиллагаанд оролцсон онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлага болон иргэд, туслалцаа үзүүлсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье” гэж мэдэгдсэн.

-ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

Монгол Улс 1992 онд Нөмрөгийн байгалийн цогцолборыг улсын тусгай хамгаалалтад авсан. Нөмрөгийн өвөрмөц тогтож бүхий байгальд нэн ховордсон амьтан, ургамал ихтэй байлаа. Тухайлбал, хандгай, буга, зэрлэг гахай, хүрэн баавгай, голын халиу зэрэг амьтан амьдардаг бөгөөд нийт 263 зүйлийн шувуу, 24 зүйлийн загас нутагладгаараа зөвхөн Монголд төдийгүй дэлхийд ховордсон онгон байгаль гэж үзэгдэж байв. Гэсэн ч тэр байгалийн үзэсгэлэнт газар тав хоногийн турш тасралтгүй шатаж, 80 орчим хувь нь буюу 5000 орчим ам км газар шатсан байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цагдаа, хүчний байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Аливаа асуудал үүсэж, дотоод сахилга бат, хяналт алдагдсан тохиолдолд үүнийг зөвхөн анхан шатанд ажиллаж байгаа алба хаагчтай холбоотой асуудал гэж үзэхгүй. Харин тухайн нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн тогтолцооны, бодлогын болон засаглалын ямар алдаа байгааг цогцоор нь авч үзэж, дүн шинжилгээ хийх болно. Одоогоор агентлагийн дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн алба хаагчид хариуцлага тооцсон асуудал бий. Бүх дүн шинжилгээ дууссаны дараа миний бие өөрийн эрх мэдлийн хүрээнд дэд дарга нарын түвшинд хариуцлага тооцох болно. Тиймээс зөвхөн анхан шатны алба хаагчдаар хязгаарлахгүйгээр, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээнүүдийг аваад явна. Хяналт, шалгалтын дүн эцэслэж гараагүй байна” гэсэн юм.

-ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙНА ГЭВ-

Нөмрөгийн түймэр бүрэн унтарч, “Мобиком”-ын удирдлага уучлалт гуйсан мэдэгдэл гаргаснаас хойш 10 хоногийн дараа буюу энэ  сарын 26-ны өдөр Япон Улсын Засгийн газар Монголын дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг онцгойлон анхаарч байгаа талаар тус улсын орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Тодруулбал, Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору өнгөрсөн даваа гарагт “Бид учирсан хохирлын хэмжээнд ихэд санаа зовниж, энэ асуудалд нухацтай хандаж байна. Монголын ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Япон Улсын харилцаа холбооны “KDDI” корпорацийн охин компани болох “Мобиком”-ын удирдах албан тушаалтнууд болон бусад төлөөлөгчийг тээвэрлэж явсан автомашины цуваа Монгол Улсын Дорнод аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дайран өнгөрч байхад түймэр дэгджээ. Одоогоор Монголын эрх бүхий байгууллагууд түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Япон Улсын Засгийн газрын зүгээс түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн өнгөрөгч өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги “Японы Засгийн газар ой, байгаль орчны хамгааллын чиглэлийн мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээнэ. Түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн уршгийг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх зэрэг хамтын ажиллагааны цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллана” гэсэн юм.

Японы Гадаад хэргийн сайд тус мэдэгдлийнхээ дараа Монгол Улс руу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-ын мэргэжилтнүүдийг илгээх талаар дурдсан. JICA нь Монголд байгаль орчны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн туршлагатай аж. Тухайлбал, тус байгууллага Монголын бэлчээрийн уугуул ургамлын нөөцийг ашиглан доройтсон бэлчээрийг сэргээх төсөл хэрэгжүүлж байсан. Мөн Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр судалгаа, экологийн боловсролын ажилд дэмжлэг үзүүлжээ.

 

Мөн 2026 оны нэгдүгээр сард Монголын говь, хээрийн экосистемийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанд тэсвэрлэх чадварыг үнэлэх, цөлжилт, бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэх мэдээллийн платформ хөгжүүлэх хамтарсан судалгааны төслийг эхлүүлэхээр тохиролцсон байдаг.

-ТЭД НӨМРӨГИЙН ТАЛААР ЮУ ХЭЛЭВ-

Халх, Нөмрөгийн дархан цаазат гарсан түймэртэй холбогдоод буй “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь япон төдийгүй, 98.84 хувийг нь Японы харилцаа холбооны “KDDI” компани эзэмшдэг. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “The Japan Times”-ийн нийтлэлч Томоко Отакэ “Японы “KDDI”-ийн охин компани болох Монголын үүрэн холбооны хамгийн том оператор “Мобиком корпораци”-ийн удирдах албан тушаалтнуудыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл шатсаны улмаас Монгол-Хятадын хил дээрх байгалийн нөөц газарт гал гарч, их хэмжээний талбай шатсан. Уг хэрэгтэй холбоотойгоор “KDDI”-ийн охин компанийн удирдлагууд шалгагдаж байгаа бөгөөд улмаар нөхөн төлбөр төлөх шаардлагатай болж болзошгүй байна” гэж бичжээ.

Тэгвэл өөр нэгэн Японы хэвлэл болох “NHK” сайтад гарсан мэдээлэлд “Монголын тусгай хамгаалалттай газар гарсан түймэр “KDDI”-ийн охин компани “Мобиком”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор гарчээ. Одоогийн байдлаар “KDDI” түймрийн гол шалтгаан, нөхцөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд охин компани нь Монгол Улсын байгаль орчинд их хэмжээний хор хохирол учруулсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Улмаар “KDDI” компани нь “Мобиком” болон Монголын эрх бүхий байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ” гэсэн байна.

Мөн Нөмрөгийн түймэртэй холбоотойгоор Монгол орны уур амьсгалыг судалдаг, Нагояа их сургуулийн цаг уур судлалын хүндэт профессор Масато Шинода “Монгол, Өвөр Монгол, Оросын зарим хэсгийг багтаасан Монголын тэгш өндөрлөг нь хээрийн түймэр гарах эрсдэл өндөр бүс нутагт тооцогддог. Хавар цас хайлж, хуурай өвс ил гардаг, мөн намрын улирал хүчтэй салхи салхилж, хуурай өвс ихтэй болдог үеүдэд түймэр гарах нь элбэг байдаг. Гэсэн ч ердөө найман хоногийн дотор 5000 орчим ам км талбай хамарсан энэ удаагийн түймэр маш том хэмжээнд тооцогдоно. Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн хийсэн бидний судалгаагаар, 2001-2021 оны хооронд Монголын тэгш өндөрлөгт жил бүр дунджаар 13 мянган ам км талбай хээрийн түймэрт өртөн шатсан байдаг. Гэсэн хэдий ч сая Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан түймэр 20 жилд нийт шатсан талбайн бараг гуравны нэгийг эзэлж байгаа нь энэ цаг хугацаанд бүртгэгдсэн хамгийн том түймэр болж байна” гэжээ.

 


ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188