• Өнөөдөр 2026-10-29

Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна

              УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Ид өсөлт явагддаг цаг үедээ хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж чадахгүй байна. Боломжтой зарим нэг айл өрх хүүхдэдээ зориулж шим тэжээлтэй хоол хүнс бэлдэж өгч явуулдаг боловч дийлэнх нь чаддаггүй. Сурагчид сургуулийнхаа ойр орчмоос хагас боловсруулсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн худалдан авч, үдийн хоолондоо хэрэглэдэг. Иймээс бид эх орны ирээдүй болсон ЕБС-ийн бүх сурагчаа тэгш, хүртээмжтэй үдийн хоолонд хамруулдаг байх хэрэгтэй. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн маш том бодлого болох юм. Иймээс 2028 онд ЕБС-ын 8-12 ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулдаг болгоё. Үүний тулд бид хоёр төрлийн төсөв мөнгийг шийдэх ёстой. Нэгдүгээрт, ЕБС-ын хоол үйлдвэрлэл, гал тогооны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай юм билээ. Бүх сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тооцож үзэхэд 140 тэрбум орчим төгрөг, ахлах ангийнхныг оруулж ирэхэд 300 тэрбум орчим төгрөг шаардлагатай болж байна. Тэгэхээр 2028 оны төсөвт 450 тэрбум орчим төгрөгийг нэмэлтээр суулгаж байж ЕБС-ын бүх сурагчаа үдийн хоолоор хангах боломж бүрдэнэ. Өвчлөлөөс урьдчилан сэргийлж байгаа учраас өнөөдөр зарцуулсан энэ хөрөнгө мөнгө ирээдүйд хэдэн мянга дахин хэмнэгдэнэ. Үүний эхлэл болгож 2027 онд ЕБС-ын 6-7 ангийн сурагчдыг үдийн хоолонд оруулдаг болъё, үүний тулд эхний ээлжид 87 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгая гэсэн санал гаргасан. Ажлын хэсэг дээр дэмжигдсэн. Хэрэв Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдээд дэмжигдвэл ирэх онд зургаа долдугаар ангийн сурагчид үдийн хоолонд хамрагддаг болно" гэв.


Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188